Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 112/ШШ2022/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Дүгнэлт гаргагч: Говь-Алтай аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Б.Г

           Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч В.Н, гуравдагч этгээд А Т ХХК-ийн захирал Х.Ц нарын хооронд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч В.Н, гуравдагч этгээд Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

           1.1. Дүгнэлт гаргагч Б.Г аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

           2.1. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч В.Н нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсаар А Т ХХК-д Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтыг зөрчиж “Төлбөрийн баримт олгоогүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д  заасны дагуу  997,214.67 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

           2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Говь-Алтай аймгийн Прокурорын  газар  2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч бүртгэсэн бөгөөд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хянасан байна.

           2.3. Прокуророос дээрх материалыг хянан үзээд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл

 оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Н-ын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 36 дугаар прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Тус аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Н нь “...Төлбөрийн баримт олгоогүй...” гэх 16/020 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч А Т ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ........... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар 997,214.67 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Х.Цын холбогдогчоор өгсөн мэдүүлэг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б.Бгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн гүйлгээ хийсэн баримтын хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А Т ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэлийн хуудасны хувийг холбогдогч Х.Цт гардуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хянахад холбогдогч Х.Ц манайд 4 худалдагч ажилладаг. Төлбөрийн баримт байнга олгодог. Яагаад өгөөгүйг сайн мэдэхгүй байна. Ер нь төлбөрийн баримтыг байнга олгохыг шаарддаг, манайд хяналт камер байдаг. Шүүж үзэхэд татгалзах зүйл байхгүй гэж мэдүүлэг өгсөн байхад эрх бүхий албан тушаалтан мэдүүлэгт дурдагдсан 4 худалдагчаас мэдүүлэг, тайлбар аваагүй, камерын бичлэг шүүж үзэх боломжтой байхад шүүгээгүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн явуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мэдүүлэгт дурдагдсан 4 худалдагчаас мэдүүлэг авч тал бүрээс нь зөрчлийг нотолсны үндсэн дээр эцсийн холбогдогч хэн болохыг тогтоож, шийтгэл оногдуулах байтал эрх бүхий албан тушаалтан дутуу ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан.

           Мөн эрх бүхий албан тушаалтан 2023 оны 03 дугар сарын 14-ний өдөр ........... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа торгуулийн мөнгөн дүн болох 997,214.67 төгрөгийг хэрхэн тооцож, торгууль оногдуулсан нь тодорхойгүй, шийтгэлийн төрөл, хэмжээг бичээгүй, шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн зэрэг нь эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Нын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            3.2 Харин Хяналтын прокурор Б.Гийг ээлжийн амралттай байх хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/349 дугаар албан бичгээр томилогдсон хяналтын прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

            Гуравдагч этгээд хэлэхдээ камерын бичлэг шүүж үзэх боломжтой байсан. Би өөрөө шүүж үзсэн гэж байна. Хуульд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг бүртгэлтийн нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулахаар байгаа. Зөрчлийн хэргийн холбогдогчоос гаргаж өгсөн баримтыг хүлээн авч, тэмдэглэл үйлдэж хэргийн материалд хавсаргадаг.

            Прокуророос шалгалт хийхэд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.  “А т”  ХХК-ийн тайлан мөн эсэхийг нарийн тогтоогоогүй байж энэ мөнгөн дүнг тусгасан байна. Хуульд өмнөх сарын тайлангийн орлогоос 2 хувиар тооцож олгоно гэсэн байгаа. Гэтэл тайлан нь хэргийн материалд шалгалт хийх хугацаанд байгаагүй гэжээ.

            3.3. Хариуцагч В.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 22-нд татварын албанд илгээсэн иргэн Б.Бгийн гомдол, мэдээллийг хүлээн авч шалган А Т ХХК-ийн захирал Х.Цыг холбогдогчоор татан мэдүүлэг авахад би тухайн өдөр ажилласан эмийн санчтайгаа өөрөө уулзаад мөн камерынхаа бичлэгийг шүүгээд буцаад ирнэ гээд явсан. Х.Ц нь тухайн өдөр гарч байсан эмийн санч болон камерын бичлэг дансны хуулгаа шалгаад эргэн ирж эмийн санч нь төлбөрийн баримт олгоогүй байна. Тухайн өдөр гомдол гаргасан иргэн нь худалдан авалт хийсэн болохыг хүлээн зөвшөөрсөн учраас бусад ажилчдаас мэдүүлэг авах шаардлаггүй гэж үзсэн. А Т ХХК дээрээ төлбөрийн баримт олгодог учраас А Т ХХК-д хариуцлага тооцсон болно. Тус аж ахуйн нэгжийн өмнөх сарын НӨАТ-ын тайлан нь 49860733.35 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлагнаснаас 2% буюу 997,214.67 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. НӨАТ-ын 01 дүгээр сарын тайланг зөрчлийн хэрэгт мөн хавсарган өгсөн. Татварын хууль зөрчих 8-д Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд 8.1-д төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь гэж заасан заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тохирсон, шийтгэлийн хуудас нь илтэд хууль бус бичигдээгүй гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан нь тодорхой зөрчлийн ажиллагаан дээр шийтгэл оногдуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           3.4. Гуравдагч этгээд А Т ХХК-ийн захирал Х.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх баримтаа байнга олгодог. Дараа нь НӨАТ-аараа тооцоо хийдэг. Бичигдээгүй байвал нэмж бичиж төлдөг. Тухайн өдөр цагаан сарын шинийн нэгний өдөр байсан. Бусад эмийн сан ажиллаагүй. Ганцхан манайх ажиллаж байсан учраас НӨАТ бичихээр хүмүүс НӨАТ авахгүй, хурдан эмээ аваад явъя гэсэн байсан. НӨАТ өгөөгүй нь манай ажилтаны буруу. Тэр үед ажилтантайгаа хариуцлага тооцно гэж байгаад тооцоогүй. Татварын албанаас акт тавьсан нь буруу биш. Миний бодлоор НӨАТ-ыг шударга төлөх ёстой. Татвар нь улсын төсөв бүрдэлтийн гол агуулга байгаа. Дараа нь худалдагчаа өөрөө очиж татварын байцаагчтай уулзаж, өөрөө хариуц гэж хэлсэн. Тэгэхэд В.Н байхгүй, нөгөө байцаагч байсан. Зардлаа хүчрэхгүй жижиг байгууллагад ийм хохирол учруулж байна. Тэр гомдол гаргасан Б.Б гэдэг хүн өөрөө худалдаа эрхэлж, НӨАТ-ын баримтаа өгдөггүй. Улс орны төлөө, хөгжлийн төлөө, төсөв бүрдүүлэхийн төлөө, төр байлгахын төлөө татвараа төлж ажиллах учиртай. Алдаа гаргасан нь манай ажилтны буруу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар дүгнэлтийг хангаж, аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Нын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          2. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч В.Н 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсаар А Т ХХК-ийн захирал Х.Цт 997,214.67 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

3. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”,  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь” гэж заасан.

4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй бөгөөд хэрэв баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байна.

5. Хавтаст хэргийн материалд “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаар шийтгэлийн хуудас, шийтгэлийн хувийг гардуулсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хохирогчийн гүйлгээ хийсэн баримтын хуулбар, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн системээс авсан хуулбар, гомдлын жагсаалт” гэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал авагдсан байна.

6. Хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны А Т ХХК-ны захирал Х.Ц холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд: “асуулт: Та худалдан авагчид яагаад баримт олгоогүй вэ? хариулт: Ажилчдаасаа асуусан. 4 худалдагч ажилладаг. Төлбөрийн баримтыг байнга олгодог яагаад өгөөгүйг сайн мэдэхгүй байна. Ер нь төлбөрийн баримтыг байнга олгохыг шаарддаг ...асуулт: Төлбөрийн баримт олгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу гэхэд хариулт: Өөрөө ажилладагүй болохоор сайн мэдэхгүй байна. Нэг худалдагч маань л олгоогүй юм болов уу. Тэр хүнийг нь олж байж л мэднэ” гэснээр мэдүүлэг авах ажиллагааг дуусгасан. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “...холбогдогч Х.Ц нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэснийг зөрчсөн нь гомдол мэдээллийг шалгах явцад ТУНС-д ирүүлсэн мэдээллээр баталгаажиж тогтоогдсон байна. Иймд холбогдогч Х овогтой Ц-т холбогдох зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, галгаж тодруулах шаардлагагүй, зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой...” гэсэн тэмдэглэлээс өөрөөр нотлох баримт байхгүй байна.  

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахаар заасан.

8. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд холбогдогч этгээд нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нөхцөл байдал нотлох баримтаар бүрэн тогтоохгүй байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байгаа талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8-т зааснаар Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  36 дугаартай дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

9. Мөн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа торгуулийн мөнгөн дүнг 997,214.67 төгрөгөөр тогтоож торгууль оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д хэсэгт зааснаар төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байгаа хэдий ч дээрх торгуулийн 997,214.67 төгрөгийг хэрхэн тооцож торгууль оногдуулсан, торгуулийн хэмжээ зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээний талаар танилцуулсан эсэх, өмнөх тайлант сарын хугацаанд хэдэн төгрөгний орлого олсон талаарх нотлох баримт байхгүй байна.

10.Тодруулбал: “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал”-д тухайн сарын борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо, татвар төлөгчийн мэдээлэл гэсэн 2 хуудас цахим системээс хуулбарласан материал байх бөгөөд тухайн материалаас дээр нөхцөл байдыг тогтоох боломжгүй байна.

11. Иймд Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч В.Нын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.12 ...дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэлээ.

12. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтад А Т ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын буюу өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүн болон тайланг Татварын удирдлагын нэгдсэн системээс хуулбарлан ирүүлсэн, шүүх хуралдаанаар хэргийн хянан хэлэлцэх явцад холбогдогч А Т ХХК-ний захирал Х.Ц зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байгаа боловч “зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал”-д энэ талаарх нотлох баримт авагдаагүй байхад шүүх зөвтгөх байдлаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, 7 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай  аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч В.Нын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,  аймгийн Прокурорын газрын 36 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛБАДРАХ