Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Н.М , шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б , шүүгдэгч М.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2539001550030 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч М.М  нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Х  сумын 5 дугаар баг ........................ тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Г-ийг хоол хийсэнгүй, гэрээс гарах гэхэд гаргасангүй хэрүүл хийлээ гэх шалтгаанаар түүний толгой, нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун дагз, духны баруун дээд хэсгийн хуйх, дээд уруулын гадна баруун тал, дотор салстад шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, баруун дал, цээжний зүүн хэсэг, зүүн хөх, баруун гуяны урд доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, нүүр, баруун шанаа, баруун шууны гадна дунд хэсэг, доод хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, зүүн тохой, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М  нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Х  сумын 5 дугаар баг ........................ тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Г-ийг хоол хийсэнгүй, гэрээс гарах гэхэд гаргасангүй хэрүүл хийлээ гэх шалтгаанаар түүний толгой, нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун дагз, духны баруун дээд хэсгийн хуйх, дээд уруулын гадна баруун тал, дотор салстад шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, баруун дал, цээжний зүүн хэсэг, зүүн хөх, баруун гуяны урд доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, нүүр, баруун шанаа, баруун шууны гадна дунд хэсэг, доод хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, зүүн тохой, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.М-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-32 дугаар тал), хохирогч Б.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20-21 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т-ын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 79-82 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.М  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Г-ээс “...санал гомдол байхгүй мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй....надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх хүсэлт (хавтаст хэргийн 138 дүгээр тал), мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 170,540 төгрөгийг төлж барагдуулсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 137 дугаар тал) тус тус байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2539001550030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн таваг, хөнгөн цагаан данх зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч М.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн таваг, хөнгөн цагаан данх зэргийг устгахыг шүүхийн эд баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              А.МӨНХСАЙХАН