Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 149/ШШ2024/00115

 

2024 оны 03 сарын 21 өдөр Дугаар 149/ШШ2024/00115 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг, Шар шувуут гэх газарт оршин суух, ******* овогт ******* /рд:/-д холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 14260000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, хариуцагч Д., иргэдийн төлөөлөгч , шинжээч , нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр багийн нутагт миний өөрийн эзэмшлийн тоёото акуа маркийн ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед иргэн Д. нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а, б 3.4-а, б 3.7-а, в дугаар заалтуудыг зөрсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон юм. Уг ослоос шалтгаалан миний тоёото акуа маркийн ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээгээр эвдэрсэн бөгөөд надад 12310000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Миний бие энэ хугацаанд Орхон аймгаас Сэлэнгэ аймгийн ******* сум руу 3 удаа ирж очих мөн үнэлгээ хийлгэсэнтэй холбоотойгоор багагүй зардал гарсан. Осол гарснаас хойш Д.эс тээврийн хэрэгсэл болон бусад хохирлыг барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байх тул иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би шүүхэд гол нь нэхэмжлэл гаргах үндэслэл нь 2023 оны 10 сарын 13-нд Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит үйлдвэрийн газрын эмнэлэг сувилал цогцолборын албан томилолтоор Улаанбаатар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, мэргэжлийн өвчин судлалын төвөөс зохион байгуулж байгаа чадавхжуулах сургалтад эмч Баярсайхан, эмч Ж.Эрдэнэчимэг нартай хамт нөхөр Булганы эзэмшлийн тоёота акуа загварын ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэтээс Улаанбаатар чиглэлд явж байсан. Би өөрөө жолоо барьж явсан. Ингээд Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Шарын гол гэдэг яг уулзвар орчим явж байтал гэнэтхэн харанхуй бид нар гэрлээ асаасан эсрэг талд бол олон машинуудын гэрлийн гялбаатай байсан. Ингээд явж байтал гэнэтхэн тэр төмөр ийм сараалжин юман дотор л ерөөсөө орчих шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд би машин дотроо бүсэндээ зүүгдчихсэн доошоо харчихсан. Тэгээд намайг хамт явж байсан хүмүүс маань амьд уу байна уу гээд гээд дуудсан. Тэгэхэд би сэргэсэн. Ингээд сэргэсний дараагаар намайг тэндээс хүмүүсээ суудлын маань бүсийг тайлж өгч тэр доороос бол чирч татаж бол гаргаж өгсөн. Гарсны дараагаар бид яг тухайн орчинд ер нь юу болов гэдгээ хүн шокт ороод мэддэггүй юм байна лээ. Би юу болчхов, ямар ч гэсэн тийм осол юм шиг байна гээд гараад иртэл гадаа бол харанхуй, тэгээд манай эмч нар яг машины маань тэр хойд талд хоёулаа гарчихсан гэмтэлтэй нэг эмч нь тархи толгой өвдөөд байна гэсэн байдалтай байгаад л би юу болчхов, ямар ч байсан осол юм байна, ямар осол болчхов гээд хартал машины маань дугуйг тойрсон арзгар төмрүүдтэй, тэгээд эргээд тойроод харах гэтэл харанхуй байсан учраас бид нар гэрэл тусгаад утасныхаа гэрлээр хартал ямар ч байсан тармуур, тракторын тийм зүйлд л би осолд орчихсон юм байна гэдгээ бол мэдэрсэн. Ингээд бид нар тухайн үед хүмүүс бол дуудлага дуудчихсан шүү гэдгийг бол би хальт мулт сонссон. Ингээд хэсэг хугацааны дараа байж байтал цагдаагийн машинтай тэр дотор түргэний, эмнэлгийн ногоон хувцастай нэг эмэгтэй осолдогчид нь хаа байна гээд ингээд асуусан. Тэгээд бид хэд байна гээд ингээд машинтай бид нарыг авчраад тэр цагдаагийн хэлтэс дээр бол авчирсан тэгээд ийм л асуудал болсон юм байгаа юм. Тэгээд цагдаагийн тухайн хэлтэс дээр очиход бол бид нарыг хамгийн түрүүнд бол согтолтын зэргийг бол тодорхойлсон үзсэн. Бид нар үзүүлээд тэгээд дараагаар нь би өөрөө эмнэлэгт очсон. Эмнэлэгт яагаад гэхээр тухайн үед миний пульс 40-өөс 36 руу хүртэл орсон нэлээн доошилчихсон артерийн даралт 100% тухайн үед үзээд 160-тай тэгээд жоохон бөөлжилттэй байсан. Ингээд эмнэлэг дээр надад эмчилгээ эм тариа, дусал эд нар хийж өгөөд жоохон биеийн байдал гайгүй болоод бид нар маргааш өглөө 8 цагт сургалт эхлэх учраас эмч нараа би өөрөө бас ахалж яваагүй юм. Ингээд бид хэд Улаанбаатар луу гарсан. Улаанбаатарт очоод бид нар шууд шөнөдөө гэмтлийн эмнэлгээр явсан ийм байдаг. Тэгээд ийм учраас ийм байдалтай болсон. Тэгээд ер нь тухайн зам бол нэг эгнээтэй 2 урсгалтай орчин мэдээж гэрэлтүүлэггүй, тийм зам дээр миний хувьд гэхээрээ ямар ч тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь гялтайх гэрэл байхгүй, тухайн тээврийн пад трактор дээрээ ядаж нэг цацруулагч ч байхгүй, тэр арзгар тармуур төмрүүдийнхээ ар тал дээр ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй ийм газар бас ингэж байгаа гэнэтийн айхтар ийм хүнд осолд орсондоо би өөрөө маш их харамсаж байна. Тэгээд цаашид хамгийн гол нь яг ийм нөхцөл байдлыг үүсгэх шалтгааныг бий болгоод шинжээчийн дүгнэлт гарсаар байтал энийгээ ойлгохгүй. Тэрнээс цааш гарах үр дагаврууд бол зөндөө л юм байдаг юм байна л даа. Өнөөдрийн хувьд миний өөрийн эрүүл мэндийн байдал байна. Сэтгэл санаа гэдэг бол үнэхээрийн маш том хохиролтой байдаг юм байна. Ингээд ер нь байдлыг ерөөсөө тухайн нөхцөл байдлын хохирлын асуудал шийдэгдэхгүй. Бид нар хоорондоо бас ингээд үл ойлголцол бий байгаа учраас би энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тухайн үед хохирлын үнэлгээг бид нар хийлгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн яг осол болсон үед тэр осолдсон тэр машиныг чирээд цагдаагийн газар аваачихад 250000 төгрөг эргээд тэндээсээ бид нар шинжээчээ аваачиж дүгнэлтийг хохирлын үнэлгээ гаргахын тулд тэр компаниа аваачдаг юм байна лээ. Тэр компани нь очиход бас тэр зам тээврийн зардал, дээрээс нь тийшээ гээ эргээгээд бид нар тээврийн хэрэгслийнхээ үнэлгээг хийлгэхийн тулд чирч явсан. Энэ дээр 650000 гарсан. Тэрний дараагаар тухайн тээврийн хэрэгсэл ямар ч хэрэглэх боломжгүй. Ийм учраас бид нар эргээгээд бас Эрдэнэт рүү чирч явж байгаа. Яагаад гэхээр хаана хаях вэ дээ өөрийнхөө унаж явсан тээврийн хэрэгслийг тэгээд Эрдэнэт рүү аваачаад тэгээд тэрний дараагаар энэ хууль дүрэм журмын дагуу цагдаагийн байцаагч маань дууддаг юм байна лээ. Тухайн үед бид нар дуудах хугацаанд нь очдог. Эрдэнэтээс Баруунхараа руу бид нар таксигаар явах уу гэж бас бид нар ярилцсан. Тэр үед нэг талдаа дүүргэлттэй 250,000, ирж очихын 500000, тэгээд хүлээлгийн мөнгө авдаг юм байна лээ. Тэгэхээр бид хэд өөрсдийнхөө би бол зүгээр гэр бүлийнхээ хүнийг гуйгаад л бид хэд бол 3 удаа ирж очсон байдаг юм. Зүүнхараа руу сая ингээд ирэхдээ бид нарын миний хувьд бол 2 дахь нь болчхов уу даа. Энэ хохирлыг бол төлүүлэхийн тулд нэхэмжлэл гаргасан юм байгаа юм. Нийт үнийн дүн нь 14260000 төгрөгийг эс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д. би Ж.*******гаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эв зөвшөөрч байгаа бөгөөд доор хариу тайлбарыг гаргаж байна.

1.АСБЦД ХХК-ний захирал шинжээч нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт гаргахдаа 3.1, 3.2 заалтдаа тоёото акуа Р-10 маркийн машины жолооч Ж.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтыг зөрчсөн, мөн 3.3, м3.4 заалтдаа улсын дугаар загвар тодорхойгүй жижиг тракторын жолооч Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-а, б, 3.4-а, 3.7-а, б заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл талууд осол гарахад адилхан буруутай гэсэн боловч дүгнэлт хэсгийн 3.5 заалтад осол Д.Ган-Эрдэний буруугаас гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд би нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хүн бол араас мөргөсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлттэй нь санал нийлэхгүй байгаа. Энэ хүн араас мөргөсөн байна. Ямар ч хооронд зогсоох арга хэмжээ авалгүй шууд араас нь мөргөсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.эс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 14260000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 14260000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

Хариуцагч Д. болон түүний өмгөөлөгч нар нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан, нэхэмжлэгч Ж.******* нь миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас ирж мөргөсөн, шинжээчийн дүгнэлтээр биднийг тавь тавин хувийн буруутай гэсэн учир өөрт учирсан хохирлоо өөрсдөө хариуцах ёстой учраас 14260000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж оролцов.

Нэхэмжлэгч Ж.******* нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотын чимгэлд тоёото акуа маркийн ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад оройн 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг, ******* гүүр гэх газрын орчимд хариуцагч Д.Ган-Эрдэний жолоодож явсан улсын дугаар, тээврийн хэрэгслийн нэр тодорхойгүй, бага оврын трактор/механикжсан тээврийн хэрэгсэл/-ын араас мөргөж зам тээврийн осолд орсон байна.

Хариуцагч Д. нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр багт байрлах өөрийн хадлангийн талбайгаас Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг, *******ын гүүр буюу У хөтлийн ард байрлах өөрийн гэр рүүгээ механикжсан тээврийн хэрэгсэл буюу бага оврын трактор/пад/-ыг жолоодож замын хөдөлгөөн оролцсон ба замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож олон улсын чанартай, Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн ачаалал ихтэй замд замын хөдөлгөөнд оролцжээ.

АСБЦД ХХК-ний захирал 2332000312 дугаартай зөрчлийн хэрэгт зам тээврийн ослын талаар гаргасан дүгнэлтэд:

3.1 Тоуота акуа-Р10 маркийн ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жамсранжав овогтой ******* /рд:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалт зөрчсөн.

3.2.Тоуота акуа-Р10 маркийн ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жамсранжав овогтой ******* /рд:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох хурдыг сонгож явна./өөрийн мэдүүлгийг үндэслэн -Надад юу ч харагдаагүй. Гэнэтхэн л арзгар төмөр тулж ирээд осол болсон.Тэр пад трактор ямар ч гэрэлгүй байсан. Машины гэрэлд саад байна гэж надад харагдаагүй/, 12.3. жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг асаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна /хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоормосны мөр байгаагүй/ заалтуудыг зөрчсөн байна.

3.3. Улсын дугаар, загвар тодорхойгүй жижиг тракторыг жолоодож явсан овогтой /рд:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нь 3.1 а,б, 3.4 а, 3.7 а,в гэсэн заалтуудыг зөрчсөн.

3.4 Улсын дугаар, загвар тодорхойгүй жижиг тракторыг жолоодож явсан овогтой /рд:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна:

-а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/,

-б/тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ:, 3.4 Жолоочид дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, -техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талыг харах оврын гэрэл болон асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно:, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:,в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэсэн заалтуудыг зөрчсөн.

3.5. Улсын дугаар, загвар тодорхойгүй жижиг тракторыг жолоодож явсан овогтой /рд:/ нь Монгол улсын замын хөдөлгөөний зүрмийн 3.1 а,6,3.4 а,3.7 а,в заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна. ...гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Д. нь осол болох үед үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагүй, юм тодорхой харагдахуйц байсан, бид хоёрын хэн хэн нь буруутай гэж маргаж байгаа боловч хариуцагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч мэдүүлэхдээ: ...хэдийгээр Ж.******* нь аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг асаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.,...гэж заасныг зөрчсөн боловч зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нөхцөл нь хариуцагч Д.Ган-Эрдэний бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоноос болсон. ...гэжээ.

Мөн хариуцагч Д.Ган-Эрдэнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм:

-Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт:-ын

-Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. ...,Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл-Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан,гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур бохирдсон буюу байхгүй болсон, гэрэлтүүлэг, дохиоллын системийн ажиллах горим алдагдсан, унтраалга, шилжүүлүүр гэмтсэн, үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон. ...зэрэг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг, *******ын гүүрний төв замд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минутын зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж дүгнэж. ...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийн №00277708 дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахмад Г.Амарсанаа торгосныг Д. нь хүлээн зөвшөөрсөн, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон, зөрчлийн материалтай танилцаад санал хүсэлт байхгүй гэжээ./хх-ийн 62-63 дугаар хуудас, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-13 дугаар хуудас/, хариуцагч Д.Ган-Эрдэний жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэл буюу бага оврын трактор үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 14-15 дугаар хуудас/

Уг ослын улмаас нэхэмжлэгч Ж.*******гийн жолоодож явсан ОРБ улсын дугаартай тоёото акуа загварын суудлын автомашинд болон уг зөрчлийн улмаас нэхэмжлэгчид шууд болон шууд бусаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтаар 14630819 төгрөгийн хохирол учирсан байна.

Нэхэмжлэгч Ж.*******гийн шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 19 ширхэг нотлох баримтыг тооцож үзэхэд 14630819 төгрөг болж байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 142600000 төгрөг гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй, түүнээс нэхэмжлэгчийн баримтаар тогтоогдож байгаа хэмжээгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээний 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1302 дугаартай тайланд нэхэмжлэгчийн ОРБ улсын дугаартай тоёото акуа маркийн автомашинд учирсан хохирлыг 12310000 төгрөг гэж тооцжээ. Энэ хохирол нь уг тээврийн хэрэгслийг засварлахад гарах шууд зардал буюу хохирол болно./хх-ийн 66-67, 69-71 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч Ж.*******гийн гаргаж шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 19 ширхэг нотлох баримтаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Modern-nomads ресторанаар үйлчлүүлсэн 176200 төгрөг,

- 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5094140838 тоот хаан банкны -дансанд 250000 төгрөг шилжүүлсэн нь юунд ямар зардалд төлсөн тодорхойгүй,

-2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн торгууль 20000 төгрөг төлсөн,

-Зам тээврийн осолд орсон ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бус/ченж/-д задалж зарж олсон орлого 2800000 төгрөг, нийт 3246000 төгрөг /176200+250000+20000+2800000=3246000/-ийг нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн 14260000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. ...гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. ...гэж тус тус зааснаар хариуцагч хариуцагч Д. нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Ж.*******гийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах, нэхэмжлэгч Ж.******* нь бусдын хууль бус үйлдэл эс үлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Харин хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэд

-Шинжээчийн гаргасан дүгнэлт эргэлзээтэй

-Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь эрх бүхий албан тушаалтан шинжээчийг томилж, шинжээчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарласны дараа АСБЦД ХХК-ний захирал 2332000312 дугаартай зөрчлийн хэрэгт зам тээврийн ослын талаар гаргасан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №001/61 дугаартай дүгнэлтдээ осол гарах болсон шалтгаан нөхцөл, осол хэний буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс гарсан талаар тодорхой дүгнэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан дүгнэлтийн талаар хариуцагчийн өмгөөлөгчийн асуусан асуултад хариуцагч Д.Ган-Эрдэний буруутай үйлдлээс осол болсон гэж тодорхой тайлбар хийж, ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлсон болно.

Мөн нэхэмжлэгч Ж.*******гийн жолоодож явсан ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Булган гэх хүний нэр дээр бүртгэлтэй байгаа боловч нэхэмжлэгч Ж.******* иргэн Д.Булган нар нь нэг гэр бүл, эхнэр нөхөр бөгөөд 37 жил нэг гэрт хамт амьдарч байгаа, нөхөр Д.Булганы зүгээс эхнэр Ж.*******г өндөр насны тэтгэвэрт гарахад нь бэлэг болгон авч өгсөн ба Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө. ...нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж зааснаар хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч эхнэр нөхрийн хэн байхаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмлөх дундын эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшил өмчлөл, эд хөрөнгөд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.эс 11013800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3246000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон дүгнэлтдээ:

...Д. нэхэмжлэлийг барагдуулах нь зөв гэж би үзэж байна. Осол хийх нөхцөл бүрдүүлсэн гэж би үзэж байна. ...гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* //-ээс бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 11013800/арван нэгэн сая арван гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* ******* //-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3246200/гурван сая хоёр зуун дөчин зургаан мянга хоёр зуу/төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229250 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.эс улсын тэмдэгтийн хураамж 195504 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ

 

ШҮҮГЧИД Б.АЛТАНЦЭЦЭГ

 

Ж.ЭРДЭНЭБАТ