Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 2026          03          09                                         2026/ШЦТ/118

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бүрэнжаргал

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2439006170034 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч 3.**** нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар **** улсын дугаартай "Lexus GS300" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч 3.****: “...мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2439006170034 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч 3.**** нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар **** улсын дугаартай "Lexus GS300" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11),

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 30, 35, 73),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 34),

 

Гэрч ****ын “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагаас 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн хооронд ахлагч ****, дэд ахлагч ****, олон нийтийн цагдаа **** нарын хамт **** сумын 5 дугаар багт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ****н гэрлэн дохиотой уулзварын баруун талд тээврийн хэрэгсэл шалгаж байхад ертөнцийн зүгээр тус уулзварын хойд талаас чиглэн явж буй цагаан өнгийн “Crown” маркийн тээврийн хэрэгсэл баруун гар тийш буюу бидний зогсож байсан чиглэлд буюу өөдөөс ирж байгаад албаны машины гэрэлт дохиог хараад явж байсан чиглэлээ өөрчлөн замын урд талд байх айл руу эргэсэн. Тэр үед бид нар тухайн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шалгахаар өөдөөс нь очиход жолооч нь машинаа унтраагаад жолооны хүрднийхээ араас бууж ирсэн ба хажууд нь ямар нэгэн зорчигч байгаагүй **** овогтой **** гэх залуу ганцаараа гарч ирсэн. Тэр үед нь У.**** гэгчийг согтуурал хэмжигч тандагч багажаар үлээлгэн шалгана гэхэд үлээхгүй гэж цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй. Цагдаагийн газарт очиж шалгуулъя гэсний дагуу албаны тээврийн хэрэгсэлд суулгаж, цагдаагийн газарт авчирч согтуурал хэмжигч драгep багажаар шалгахад 0.84% хувийн согтолттой гарсан... Тэр үед нь бид нар шууд ардаас нь очиж зогсоод л шалгасан. Тухайн үед цаг яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Ойролцоогоор шөнийн 02 цаг л болж байсан байх... Замдаа явж байхдаа тэр машины жолооч “Би найз охинтойгоо 0,5 литрийн пиво 1 бүтэн, 1 талыг уусан. Та хэдийг хараад замаас буучихлаа. Би 800 орчим метр тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж хэлсэн. Цагдаагийн газар дээр ирээд жижүүрийн алба хаагчдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар жолоо барьсан гэмт хэрэг илрүүлсэн талаар танилцуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 54-55, 80-81),

 

Гэрч ****гийн “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагаас 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн хооронд дэд ахлагч ****, дэд ахлагч ****, олон нийтийн цагдаа **** нарын хамт **** сумын 5 дугаар багт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус багт байх нэгдсэн эмнэлгийн хойд талаар явдаг зам дагуу албаны автомашинтайгаар тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чигт бидний өөдөөс чиглэн ирж байсан суудлын автомашин гэнэт чиглэлээ өөрчлөн урд зүгт эргэж замын урд талд байрлах айлын хашааны дэргэд очиж зогссон тэр үед бид нар уг тээврийн хэрэгслийн араас нь очиж шалгахад жолооч бололтой нэг залуу ганцаараа машинаас бууж ирсэн ба ганцаараа явж байсан. Учир нь ойр хавьд нь болон тээврийн хэрэгсэл дотор ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед би жолооч У.**** гэх жолоочийг тандагч багаж үлээлгэх гэсэн боловч үлээхээс татгалзсан тул цагдаагийн газарт авчирч согтуурал хэмжигч драгер багажаар шалгахад 0.84% хувийн согтолттой гарсан тул би цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд оруулсан. Ийм л асуудал болсон... У.**** гэгч нь найзыгаа хүргэж өгөөд буцаж явна гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20, 58-59),

 

Гэрч ****ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны орой 23 цаг 30 минутын орчимд өвөөгөө **** сумын 5 дугаар багт таксигаар айлд хүргэж өгөөд буцаад гэр лүүгээ хүргүүлэхээр ****ийг дуудсан. Тухайн үед **** өөрийнхөө цагаан өнгийн автомашинтай ирж намайг аваад бид хоёр хамтдаа түүний машинтай өвөөг буулгаж өгсөн газраас хөдлөөд бид хоёр **** сумын 5 дугаар багт байдаг Хаусны хойд талд айлын хашааны дэргэд машинаа зогсоогоод тус газартаа цаг гаран машиндаа сууж юм ярьж байгаад машинд нь байсан 1 лааз пивыг хоёулаа хувааж уусан. Тэгээд 1 цагийн орчимд л байх манай ах, эгч “Хөдөөгөөс орж ирж байна. Түлхүүр авъя” гэж хэлэхээр нь би ах, эгч хоёрын замд нь байгаа юм чинь гэж бодоод тэр хоёрыг ирэх үед нь хамт гэр лүүгээ явсан. Харин **** тухайн зогсож байсан газартаа ганцаараа машиндаа үлдсэн. Тухайн үедээ ээжийгээ дуудна л гэж утсаараа чат бичсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24, 50-51),

 

Гэрч Д.****ын “...2024 оны 11 дүгээр сарын 02-03-ны шилжих шөнө **** сумын 5 дугаар багт эргүүлийн цагдаа ****, ****, олон нийтийн цагдаа ****ийн хамт явж тээврийн хэрэгсэл шалгаж байхад **** сумын 5 дугаар багт байдаг гэрлэн дохиотой уулзварын баруун талд ертөнцийн зүгээр баруун тийш явж байсан цагаан өнгийн автомашин биднийг чиглэн ирж яваад гэнэт урд зүгт замын урд тал руу гараад замын урд талын айлын хашааны хойд талд зогссон. Тэр үед нь бид нар араас нь удалгүй очоод шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь **** улсын дугаартай “Lexus GS300” маркийн цагаан өнгийн автомашин байсан ба жолооч нь ганцаараа машинаасаа бууж ирсэн. Тухайн үед жолооч ярихдаа би машин бариагүй л гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Гэхдээ тус жолооч ганцаараа явж байсан машинд нь өөр хүн байгаагүй. Бид нар тус машиныг хараад 20-30 секундын дотор л очиж "яагаад гэвэл бид ойрхон, машин шалгаж дуусаад хөдлөх гэж байсан" шалгасан. Ер нь бол **** улсын дугаартай “Lexus GS300” машины жолооч биднийг хараад л чиглэлээ өөрчлөөд зогссон...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63),

 

Шүүгдэгч ****ийн сэжигтнээр өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 03-04-ныг шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэрээсээ найз охинтойгоо уулзахаар ББСБ-ын нэр дээр байдаг өөрийнхөө эзэмшлийн **** улсын дугаартай цагаан өнгийн “Lexus GS300” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ганцаараа **** сумын 5 дугаар баг руу явсан. Тэгээд би найз охиноо гэрийнх нь ойролцоо буюу “****” колонкийн зүүн талаас найз охиноо аваад тус багийн нутагт байдаг хауснуудын гадаа машиндаа сууж байгаад бид хоёр 1 ширхэг лаазтай пивыг хоёулаа хувааж уусан. Харин миний найз охиныг ах нь “Приус” маркийн автомашинтай ирээд аваад явсан. Харин би ганцаараа үлдээд ээж рүү утсаар яриад “Уучихсан байна. Ирээд авчих уу?” гэж яриад миний ээж ирж авахаар болсон. Харин би тухайн үед нь машиндаа суугаад хүлээж байснаа бие засахаар машинаас буух үед цагдаагийн алба хаагч ирсэн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-29),

 

Шүүгдэгч ****ийн яллагдагчаар өгсөн “...хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 99) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “...Шүүгдэгч 3.**** нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар **** улсын дугаартай "Lexus GS300" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шийдвэрлэх байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь шалгах үүрэгтэй. Шалгаж тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Жишээ нь **** дандаа камертай газраар явсан. ****, 4 замын уулзвар, Содон дэлгүүр гэх мэт газруудад камер байгаа. Эдгээрийг ерөөсөө шалгаагүй. 3 цагдаагаас мэдүүлэг авсан. Тэр 3 цагдаа тийм дугаартай цагаан өнгийн Кровн маркийн тээврийн хэрэгсэл тийшээ эргэсэн гэж мэдүүлэг өгсөн. ****гийн өгсөн “эмнэлгийн хойд талын зам дээр үүрэг гүйцэтгэж байсан” гэсэн мэдүүлэг байдаг. ****ын мэдүүлэг бол яг уулзвар дээр байсан гэсэн байдаг. Уулзвар дээр байсан юм бол тэнд нь яагаад зогсоодоггүй юм. Баянсувдын “**** бид 2 уулзахад эрүүл байсан. Хауснуудын хойно зогсоод пиво уусан” гэсэн мэдүүлэг байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдохгүй байна. **** бол тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрдөг. Найз охиноо **** колонкоос аваад хауснуудын хойно очоод пиво уусан гэж мэдүүлдэг. Гэхдээ согтууруулах ундаа зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодоогүй. ****ийн хувьд машин дотор пиво уусан болохоос биш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Иймд ****т эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “... хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь маргадаг, хүлээн зөвшөөрөхгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч **** нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч **** нар маргаж оролцсон хэдий ч хэрэгт цугларсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл уг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч **** нь уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ****ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч **** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “...Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдон, тогтоогдсон тул шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой. ****ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч ****: “...Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УРАНЗАЯА