Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2024/00156

 

2024 оны 04 сарын 10 өдөр Дугаар 149/ШШ2024/00156 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, ******* 24 тоотод оршин суух,******* овогт ******* *******/рд:******* утас:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 7648800 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, иргэдийн төлөөлөгч П.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.*******ын өмч болох хоёр үхэр нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Арцат 24 тоотод 09 цагт цахилгаанд цохиулж үхсэн. Иймд хоёр үнээний 7200000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. Нэг өдрийн сааль нь 24л х1100₮=26000₮, 17 хоногийн 448800 төгрөгийн хохирлыг давах барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: ... : Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 24 тоотод 2023 онБы 07 дугаар сарын 08-ны өдөр болсон юм үүний дараа цахилгааны улсуудыг дуудаад хэмжээд хэмжээ нь гараад эд нар өөрсдөө байж байгаад шийдвэрлэсэн. Би халуунд нь асуухад намайг шүүхэд өг л гэсэн. Би үхрийн нэг бүрийн үнийг 2 үхрийг 7200,000 төгрөг, сүүний үнийг 1100 төгрөгөөр бодож 448800 төгрөг нэхэмжилсэн юм. Өдөрт 24 хоногийн сүүний мөнгө байгаа юм гэжээ.

Хариуцагч ******* ******* ОНӨААТҮ газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн мандал сумын сум дундын шүүхээс ирүүлсэн иргэн Дорж овогтой *******ын ирүүлсэн нэхэмжлэлийг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус үйл явдал болохоос хоёр хоногийн өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагын цахилгаанчин *******, Ц.Мөнхжаргал нар тухайн гэрэлтүүлгийн шон дээр үзлэг хийж байхдаа шугам сүлжээний шонг шөргөөж байсан үхэр татганан унахад тог дамжиж байхыг мэдэн шугам сүлжээний ажилтан болох 99741112 дугаарт холбогдон тус шонд тог байгааг анх мэдэгдсэн. Иргэн Д.*******ын үхэр нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өглөөний 10 цагт тогонд цохиулж үхэр үхлээ гэх дуудлагыг шугам сүлжээний ажилтан манайд анх мэдэгдсэн. Манай байгууллагын гэрэлтүүлэг нь шөнийн 03 цагт автоматаар тэжээлээс салдаг бөгөөд шонгоос тогонд цохиулах боломжгүй юм. Манай байгууллага нь иргэн Д.*******ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай байгууллагын хувьд уг хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мандал сум нь чент бритийн цагны механизмын тохиргоог Мандал сумын бүх гудамж талбайн гэрэлтүүлэг, замын гэрэлтүүлэгт ашигладаг. Энэхүү гэрэлтүүлгийн тохиргоо нь тогийг автоматаар салгаж асаах үүрэгтэйгээр ажилладаг. Энэ нь Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүх томоохон суурин газарт ашиглагдаж байгаа төхөөрөмж. Тухайн төхөөрөмжийг очиж шалгахад бол ямар нэгэн гэмтэл гараагүй байсан. Цагны механизмын тохиргоо нь хэвийн ажиллаж байсан. Тэгэхээр манай шонгоос ямар нэгэн байдлаар тог гарсан байх үндэслэл байхгүй. Тухайн үед нь манай цахилгааны техникч болон цахилгаанчин 2023 оны 7 сарын 6-ны өдөр гудамж талбайн гэрэлтүүлгүүдээр үзлэг хийж явах үедээ тухайн 9 дүгээр багийн ******* 24 тоот дээр шугам сүлжээний шон 0 бааз нь газардуулга нь тогтой байгаад шугам сүлжээний 9 дүгээр баг хариуцсан байцаагчид нь утсаар танай энэ шонгоос 0 баазаас тогтой байна шүү гэдгийг 6-ны өдөр мэдэгдсэн байгаа юм. Уг хүний нэхэмжлэл дээр дурдаж байгаа 9 цагт манай шонгоос ямар нэгэн тог дамжсан байх боломж байхгүй. Цагийн механизмын тохиргоогоор автоматаар тогийг салгасан байх үүрэгтэй тийм механизм ажиллаж байсан. Шугам сүлжээ бид нарыг очиход оччихсон байсан. Тэгээд тухайн үедээ өөрсдийнхөө газардуулгыг бас салгачихсан байсан. Тэгээд ямар үндэслэлээр ******* ******* орон нутгийн өмчид үйлдвэрийн газар дээр нэхэмжлэл гаргасныг би өөрөө сайн мэдэхгүй байна. Тэгээд манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Тухайн хэрэг гардаг өдөр 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэж байхад ХАБ-ын инженер ******* гудамжинд үхэр тогонд цохиулаад үхсэн байна, ир гэсэн дуудлагаар 10 цаг 30 минутад тухайн ажлыг гүйцэтгэж явсан цахилгаанчин Мөнхжаргал бид 2 очсон. Тэгэхэд газар дээр нь *******ын 2 үхэр дараалан тогонд цохиулаад ойччихсон үхсэн байдалтай байсан. Тухайн үед газар дээр нь цахилгаан түгээх сүлжээний монтёр дарга, байцаагч нар ирчихсэн байсан. Тухайн үед гэрэлтүүлгийн шон нь хүчдэлтэй байх нөхцөл нь шөнийн гэрэлтүүлэг, гудамжийг гэрэлтүүлэх үүрэгтэй. Энэ үед гэрэлтүүлгийн тохируулгыг 6 сарын 30-ны үед дарга байгалийн гэрлээс хамааруулаад цагийн механизмыг өөрчлөх үүрэг өгөөд орой 21 цаг 30 минутаас өглөөний 03 цаг хүртэл асах тийм тохиргоог хийлгэсэн байгаа. Тухайн хэрэг гардаг өдөр тохиргоо бол хэвийн байсан. Өөрөөр хэлбэл 21 цаг 30 минутад асаад шөнийн 03 цагт унтарсан. Тэгээд энэ цагийн механизм ажиллаж байгаа тохиолдолд хүчдэлтэй байх нөхцөл байх үндэс байхгүй. Яагаад гэвэл тогийг нь автоматаар салгадаг учраас. Энэ үхэр үхсэн шалтгаан нь шугам сүлжээ энэ асуудлыг өөрсдөө бас шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Миний хувьд манай шон тог нь тасарчихсан байхад тог нь хаанаасаа орж ирээд байгаа юм бэ гэдгийг бид нар ойлгохгүй байгаа юм. Тэгээд манай дээр энэ нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь  хариуцагч ******* ******* ОНӨААТҮ газарт холбогдуулан Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 7648800 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч ******* ******* ОНӨААТҮ газраас өөрийн эд хөрөнгөд учирсан гэмт хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэн Д.*******ын хоёр тооны үхэр манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж үхээгүй, харин Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХК-ний эзэмшлийн цахилгааны шонд цахилгаанд цохиулж үхсэн учраас манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцэнэ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. ...гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* нь өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг. ...гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.3-т техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх, ...гэж, 30.1.8.-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах. ...гэж тус тус зааснаар хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ нь Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХК-иас цахилгаан эрчим хүчийг авч гудамж талбайн гэрэлтүүлгийн үйл ажиллагааг явуулдаг хэрэглэгч бөгөөд өөрийн эзэмшлийн гэрлийн шон түүний ашиглалтын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй хуулийн этгээд байна.

3.Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч Д.*******ын хоёр тооны үхэр/үнээ/ 2023 оны 07 дугаар сарын 08-ны өглөөний 8-9 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, ******* 24 тоот хашааны орчим цахилгааны хүчилд цохиулан үхсэн үйл баримт тогтоогдож байна./хх-10-12 дугаар хуудас/

3.2. Нэхэмжлэгч Д.*******ын хоёр тооны үхэр үхэх болсон шалтгаан нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, ******* гудамж, 24 тоотын орчимд байрлах, ******* ******* ОНӨААТҮГ-ын эзэмшлийн гэрэлтүүлгийн шонгийн цахилгааны хүчдэлд цохиулж үхсэн ба мэргэжлийн байгууллагын нэхэмжлэгч, хариуцагч нарыг байцуулан хийсэн гэрэлтүүлгийн шонгийн цахилгааны хэмжилтээр 41.9 вольтын хүчдэлтэй байсан байна./хх-ийн 6-9 дүгээр хуудас, ослын талаар дүрс бичлэг CD/

Гэрч мэдүүлэхдээ: ...гэрэлтүүлгийн тулгуур/шон/ хүчдэлтэй байсан. Гэрэлийн төмөр шон хүчдэлтэй байсан. Гэрэлтүүлгийн шонгийн тогийг таслаад хэмжилт хийгээд үзэхэд 50-аас дээш зааж байсан. 24 вольтоос дээш байвал хүний биед осолтой гэж үздэг. Зураг хөрөг байгаа. Эхлээд би өөрөө очиж үзээд дараа нь дарга ирж хэмжиж үзсэн. ...гэрэлтүүлгийн шонгоос л тог цохисон байх. ...Тэрийг сайн санахгүй байна. Хот тохижуулахын хүмүүс бол миний дараа ирсэн. Намайг анх дуудлагад очиход хоёр үхэр үхсэн нэг эмэгтэй хажууд нь байсан. Эхлээд би ирээд дараа нь дарга ирээд, цагдаа үхрийн эзэн хот тохижуулахын гээд хүмүүс ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч мэдүүлэхдээ: ...Газар дээр нь очиход манай тулгуур, гэрэлтүүлгийн тулгуур мод байсан. Манай тулгуур/шонгийн мод/ бол хүчдэлээс аль эрт таслагдсан чөлөөлөгдсөн байсан. Хажуу талд нь гэрэлтүүлгийн шон байдаг манай шон гэрэлтүүлгийн шон хоёрын дунд хоёр үхэр газар унасан үхсэн байдалтай байсан. АТП-160 гэсэн дэд станцаас гудамжны гэрэлтүүлэг тэжээлтэй байдаг. Гудамжны гэрэлтүүлэг нь манай станцаас тог авч байгаа. Гудамжны гэрэлтүүлгийн шонгоос тогонд цохиулсан гэсэн дүгнэлттэй байна. Газар дээр нь хэмжилт хийгээд зураг авч баталгаажуулсан байгаа. ...Гэмтлийг сайн мэдэхгүй байна. Нүдэнд харагдах утас ил гэмтэл бол байгаагүй. Харин далд гэмтэлтэй байсан эсэхийг гэрэлтүүлгийн шон хариуцаж ажилладаг ажилчид өөрсдөө шалгаж үзсэн байх гэж бодож байна. ...Намайг очих үед үхрийн эзэн өмнөх өдрүүдэд гэрэлтүүлгийн шон дээр хүмүүс ажил хийж байсан гэж надад хэлсэн. Би бол ажиллаж байхыг нь нүдээрээ *******гүй. Хэргийн газарт би манай ажилтан хот тохижуулах газраас бас хоёр хүн цагдаа гээд хүмүүс байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр хуудас/

4.Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт манай гэрлийн шон шөнийн 03 цаг цахилгаангүй болдог ухаалаг системтэй, манай гэрлийн шонд байрлах шит рүү орсон цахилгаан манайд хамаардаггүй, Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ ХК-д хамаардаг, харин манай шитээс гарсан цахилгаан манайд хамаардаг. Хэрвээ уг шон гэмтлийн улмаас цахилгаан хүчдэлтэй байсан бол цахилгаан түгээх сүлжээ ХК-ний цахилгааны утас гэмтсэн байх магадлалтай гэж тайлбарлаж байгаа, мөн нэхэмжлэгч Д.******* нь би хоёр үнээгээ хүнээс нэгийг нь 3600000 төгрөгөөр нийт 7200000 төгрөгөөр худалдан авч байсан. Өдөрт хоёр үнээгээ сагаад 24 литр сүү авдаг ба 24 литр сүүгээ нэг литрийг нь 1100 төгрөгөөр зараад өдөрт 26400 төгрөг олдог. 17 хоногийн хугацаанд сүүгээ зараад 448800 төгрөг олох байсан орлогоо алдсан. Тиймээс олох байсан орлого 448800 төгрөгийг ******* ******* ОНӨААТҮ газраас нэхэмжилж байна гэж байгаа боловч мэргэжлийн байгууллагаар үхрийн /үнээ/ үнэлгээг тогтоолгож ирүүлээгүй, өдөрт 24 литр сүүг хэнд хэдэн төгрөгөөр зардаг байсан талаар нотлох баримтыг гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.үүрэгтэй. ...гэж, 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. ...гэж, 107.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. ...гэж зааснаар өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар татгалзтал, түүнийг нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй болно.

5.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. ...гэж зааснаар нэхэмжлэгч Д.*******ын өөрийн хайхрамж болгоомжгүй байдлын улмаас хоёр тооны үхэр/үнээ/ нь хариуцагч ******* ******* ОНӨААТҮ газрын эзэмшлийн гэрлийн шонгийн гэмтлээс үүссэн цахилгааны хүчдэлд цохиулж үхүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох гэм хорын хохиролд 7648800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 3824400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3824400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч нь хариуцагчийг дутуу оролцуулж байна. ДСЦТС давхар хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137331 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 74134 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч ******* ******* ОНӨААТҮ газраас 3824800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3824800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137331 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ОНӨААТҮ газраас улсын тэмдэгтийн хураамжид 74134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ

 

ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН

 

Ж.ЭРДЭНЭБАТ