Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2026/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 2026          03          17                                         2026/ШЦТ/130

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бүрэнжаргал

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн **** холбогдох эрүүгийн 2639000000046 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар нь 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын төвд **** улсын дугаартай" Estima" маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч ****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2639000000046 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар нь 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын төвд **** улсын дугаартай "Estima" маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5, 4),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 23),

 

Шүүгдэгч ****ийн сэжигтнээр өгсөн “...2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** сумын 6 дугаар багт 18, 19 цагийн орчимд найзуудын хамтаар “Хараа” нэртэй 0,5 литрийн архийг хувааж уусан. Ингээд тухайн архиа ууж дуусгаад өөрийн эзэмшлийн “Estima” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус сумын төвд жолоодож явах үед буюу 20, 21 цагийн орчимд цагдаагийн алба хаагч зогсоож шалгасан. Ингээд согтуурал шалгах драгер багаж үлээхэд миний согтолтын хэмжээ 1.11 хувийн согтолттой гарсан. Миний бие 2025 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, жолоодох эрхээ хасуулсан байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Би буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10),

 

Шүүгдэгч ****ийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар нь 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын төвд **** улсын дугаартай" Estima" маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “... хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч **** маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч **** нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч ****ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч **** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүхээс шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч ****ийн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УРАНЗАЯА