Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/94

 

Г.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

хохирогч З.Б-ийн хууль ёсны төлөөлөгч А.З,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Очирваань, Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/1253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Д.Очирваанийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Т-д холбогдох 2006 02353 2444 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Г-ын Т, 1995 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Т нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн З.Б-ийн Япон улсаас импортоор оруулж ирсэн автомашинуудыг “Да хүрээ” автомашины зах дээр худалдан борлуулахаар тохиролцож, итгэмжлэн хариуцуулсан боловч 8 ширхэг автомашиныг бусдад худалдан борлуулсан төлбөрөөс нийт 73.900.000 төгрөгийг хохирогчид өгөхгүйгээр завшиж, их хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Б-д “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Г-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т-ээс 67.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.З-т, 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б-д тус тус олгохоор,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... 1. Хэргийг зөв зүйлчлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Г.Т, З.Б нар нь хамтран ажиллахаар тохирч, 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 44 ширхэг тээврийн хэрэгслийг Япон улсаас импортлон оруулж ирснээс 40 ширхгийг Г.Т нь худалдан борлуулсан байдаг бөгөөд сүүлийн 22 ширхэг тээврийн хэрэгсэл нь гаалийн мэдүүлгээр Г.Т-ийн нэр дээр орж ирсэн ба тухайн тээврийн хэрэгслийг Г.Т нь худалдан борлуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, Г.Т нь өөрийн өмчлөлд бүртгэгдэж, Монгол Улсын хилээр орж ирсэн 22 ширхэг тээврийн хэрэгслийг бусдад худалдсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй. Нэгэнт өөрийн өмчлөлийн зүйлийг захиран зарцуулах эрх нь өмчлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. Түүнчлэн, Г.Т нь арилжааны банкнаас шугаман зээл авах нөхцөл бүрдүүлэх зорилгоор 22 ширхэг тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг өөрийн нэр дээр бүрдүүлж, хилээр оруулж ирэх болсон шалтгаан, үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох нь ач холбогдолтой. Г.Т нь Н.Б-д анх 15.500.000 төгрөгөөр худалдсан цагаан өнгийн “Приус 30” загварын тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг авсан эсхүл асфалтан саарал өнгийн “Приус 30”  тээврийн хэрэгслийг худалдахаар урьдчилгаанд 5.000.000 төгрөг авсан эсэх нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд бүрэн тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн 10.200.000 төгрөгөөр худалдан авсан гэх “Приус 30” загварын тээврийн хэрэгсэл нь ашиг нэмээгүй үнэ 15.500.000 төгрөг болох нь тогтоогдсон. Тодруулбал, тухайн гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэргийн шинжгүй.

2. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.

2020 оны 4 дүгээр сард Д.Ц-аас олгосон “Харьер” загварын тээврийн хэрэгслийг 26.500.000 төгрөгөөр итгэмжлэлийн үндсэн дээр Г.Т нь Н.Б-д худалдсан. Уг тээврийн хэрэгслийн үлдэгдэл 8.500.000 төгрөгийг хэсэг хугацааны дараа өгөхөөр болсон тул “Харьер” загварын тээврийн хэрэгслийн нэрийг Н.Б-д шилжүүлж өгөөгүй. Д.Ц-д “Харьер” загварын тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 8.500.000 төгрөгийг Г.Т төлсөн. Н.Б нь “Харьер” загварын тээврийн хэрэгсэл худалдан авахдаа Г.Т-г залилж, улмаар тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 8.500.000 төгрөгийг төлөхгүй байгаа асуудлыг шалгуулах зайлшгүй шаардлагатай.

Н.Б-д “Асфалтан саарал өнгийн “Приус 30” загварын тээврийн хэрэгсэл худалдана” гэж итгүүлж, урьдчилгаа төлбөрт 5 сая төгрөгийг аваагүй, урьд худалдсан “Приус 30” загварын тээврийн хэрэгслийн үлдэгдлийг авсан болохыг мэдэх гэрч Мөнхзул байгаа. Г.Т нь “Приус 30” загварын тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр зарахаар Н.Б-тэй тохиролцсон, урьдчилгаа хэдэн төгрөг авсан болохыг мэдэх Мөнхзулаас гэрчийн мэдүүлэг авахаар прокурорт хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Тухайн гэрчийг энэхүү хэрэгт зайлшгүй асуух шаардлагатай талаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан. Тухайн гэрч мэдүүлэг өгснөөр Г.Т нь Н.Б-ээс 5 сая төгрөгийг залилж авсан эсэх, гэм буруутай эсэх нь тодорхой болох ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг заасан. Хохирогч З.Б нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, түүнийг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд Япон улсад байгаа шалтгаанаар түүний эцэг А.З-ыг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирогч биш этгээдийг хохирогчоор тогтоосон нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Эцэст нь хэлэхэд шүүгдэгч Г.Т нь хохирогч Н.Б-ийг залилсан, хохирогч З.Б-ийн эд хөрөнгийг завшсан гэх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийг шүүх анхаарч үзэх байх. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.З-ын өмгөөлөгч Б.Батцэнгэл бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...А.З-ын хүү З.Б нь Япон улсад ажиллаж амьдардаг бөгөөд Монгол Улсад түр хугацаагаар ирж, Г.Т-ээс 8 машины хохирлоо олж авахаар хөөцөлдсөн боловч чадаагүйн улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр, 2020 оны 5 дугаар сарын 09, 9 дүгээр сарын 09, 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд тус тус хохирогчоор мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаад 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хамгийн сүүлд мэдүүлгээ өгсөн боловч хэрэг шийдвэрлэгдээгүй бөгөөд энэ хугацаанд Г.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийж, ар гэрийнхэн нь түүнийг нуун дарагдуулж байсан байдаг. Ингээд хохирогч З.Б-ийн хувьд Япон улс руу буцах болж, өөрийн төрсөн эцэг А.З-т итгэмжлэл өгч, үүний дагуу цагдаагийн байгууллагаас А.З-ыг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Хохирогчийг төлөөлөх ...итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасан байх тул З.Б-ийн хууль ёсны эрх ашгийг төлөөлөх итгэмжлэлтэй, төрсөн эцэг А.З-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Г.Т нь хохирогч З.Б-ийн Япон улсаас оруулж ирсэн тээврийн хэрэгслийг Монгол Улсад худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу З.Б нь эхний ээлжийн 23 автомашиныг Япон улсаас худалдан авч Монгол Улс руу явуулсан бөгөөд Г.Т тэдгээр автомашинуудыг хүлээн авч, худалдан борлуулж өгсөн байна. Энэ хугацаанд Г.Т нь “Дараагийн оруулж ирэх 22 автомашинаа миний нэр дээр оруулаад ирээч. Дараа банкнаас зээл авахад хэрэгтэй” гэсэн санал тавьсны дагуу З.Б нь Г.Т-ийн нэр дээр оруулсан байдаг. Гэтэл эдгээр автомашинуудаас 8 автомашины мөнгийг өгөөгүй бөгөөд бусад автомашинуудын мөнгийг шилжүүлж байсан гэдэг. Энэ 8 автомашиныг нь хохирогч судалж үзэхэд бүгд зарагдсан, мөнгийг нь Г.Т авсан гэдгийг олж мэдсэн талаараа өөрөө мэдүүлсэн. Үүнээс үзэхэд, Япон улсад амьдардаг найз З.Б-ийн өөрт нь итгэмжлэн хариуцуулж явуулсан автомашинуудыг хүлээн авч борлуулан, мөнгийг нь буцаан шилжүүлэх үүргээ биелүүлж байсан атлаа 8 автомашины мөнгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон төдийгүй өөрөө ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлаас харагддаг. Иймээс хэргийн зүйлчлэлтэй маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Харин шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо давж заалдах шатны шүүхэд илэрхийлэх боломжтой. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн 1 сая төгрөгийн хохирлыг төлсөн. Хоёр хохирогчдоо 1 сая, 1 сая төгрөг өгсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хохирлыг төлөх гэсэн боловч хил хаагдсанаас болж машин нь гацсан байгаа. Уг хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Хохирлыг боломжоороо төлж байгаа. Иймд торгох ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн үед ковид-19 цар тахлын улмаас Н.Б, З.Б нарын хохирлыг барагдуулж чадаагүй. Хоёр хохирогчийнхоо хохирлыг нэн даруй төлөхийг хичээж байна. Надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...5 сая төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 1 сая төгрөгийг төлсөн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг бүрэн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Энэ нөхцөл байдлаас харахад хохирол төлөгдөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч З.Б-ийн хууль ёсны төлөөлөгч А.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн ар гэрийнхэн хохирлыг барагдуулна гэсэн боловч хохирлыг төлж чадаагүй. Өчигдөр 1 сая төгрөг өгсөн. Ямар учиртай болохыг мэдээгүй. Машинууд Тяньжин боомт дээр ирээд гацсан гэж байгаад итгэхгүй байна. Хууль ёсны төлөөлөгчийг хууль зөрчиж томилсон гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хохирол төлбөр төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч З.Б нь Япон улсад оршин суудаг. Иймд түүний эцгийг нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, оролцогч нарын эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон. Анхан шатны шүүх бодит байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулсан учраас чанарын ялгаа байхгүй. Шүүгдэгчид ашигтай зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зохимжгүй юм. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, яллагдагч, түүний өмгөөлөгч нар хохирлын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Ийм учраас 67.500.000 төгрөгийг хохирогч нарт төлөх төлбөртэй, хохирогч Н.Б-д 5.000.000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Г.Т-д оногдуулсан хорих ял шударга ёсны зарчимд нийцсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Г.Т нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн З.Б-ийн Япон улсаас импортоор оруулж ирсэн автомашинуудыг “Да хүрээ” автомашины зах дээр худалдан борлуулахаар тохиролцож, итгэмжлэн хариуцсан боловч 8 ширхэг автомашины нийт 73.900.000 төгрөгийг хохирогчид өгөхгүйгээр завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч З.Б-ийн: “...2019 оны 11 дүгээр сарын үед манай найз Г.Т нь надад "Чи Япон улсаас машин оруулж ирж зар. Ашиг ихтэй байдаг. Би машиныг яаж зарж борлуулах талаар аргыг нь олчихсон. Чи оруулаад ирвэл би зараад өгье" гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын эхээр Япон улсаас машин оруулж ирэхээр шийдээд “Никкёо” ХХК-тай очиж гэрээ хийсэн. ... 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаар Япон улс руу яваад тухайн улсын консулын газарт очиж Г.Т-д 1 жилийн хугацаанд миний нэр дээр орж ирж байгаа авто машинуудыг зарж борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Миний захиалгын эхний машинууд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд орж ирсэн ба би тэр үед Япон улсад байсан. Би дуудлага худалдаанд оролцохдоо ихэнхдээ жижиг суудлын автомашинуудыг захиалж авч ирдэг байсан. ..иний дуудлага худалдаагаар оруулж ирсэн автомашинуудыг манай найз Г.Т “Да хүрээ” зах дээр аваачиж зарж борлуулж, өөрөө ашиг авч ажилладаг байсан. ...2020 оны 02 дугаар сарын үед Г.Т надтай уулзаад “Одоо орж ирэх 23 машинаа миний нэр дээр оруулаад ирээч. Тэгэх юм бол би банкнаас шугаман зээл авах гээд байна гэж хэлэхээр нь би “Тэгье гэсэн. Тэгээд 2020 оны 3 дугаар сараас хойш орж ирсэн автомашинууд нь манай найз Г.Т-ийн нэр дээр орж ирсэн. Сүүлд 2020 оны 3 дугаар сараас хойш Г.Т-ийн нэр дээр орж ирсэн машинуудаас саарал өнгийн Акуа автомашиныг Г.Т нь “Банк бусаар 10.300.000 төгрөгөөр зарчихсан. Мөнгө нь удахгүй орж ирнэ гэж хэлээд өгөөгүй. Хар өнгийн Приус-41 машиныг Г.Т нь “Би өөрийн танил Цогтоо ахад 17.500.000 төгрөгөөр зарчихлаа. Мөнгө нь удахгүй орж ирнэ” гээд өгөөгүй. Цагаан өнгийн Приус-30 машиныг “Хайлаастад байдаг нэг найздаа 16.000.000 төгрөгөөр банк бусаар зарчихлаа. Мөнгө нь удахгүй орж ирнэ” гэж хэлээд өгөөгүй. Асфалтан саарал Приус-20 машиныг “12.000.000 төгрөгөөр банк бусаар танихгүй хүнд зарчихсан. Мөнгө нь удахгүй орж ирнэ” гээд өгөөгүй. Асфалтан саарал Приус-30 автомашиныг “Нэг хорих ангийн харгалзагчид 15.500.000 төгрөгөөр зарсан. Зээл нь гарахаар мөнгө нь орж ирнэ” гээд өгөөгүй. “Хар өнгийн Приус-30, цагаан өнгийн Приус-30 гээд хоёр ширхэг машиныг зуурмагийн бартерт 32.000.000 төгрөгөөр өгчихлөө. Удахгүй орж ирнэ” гээд өгөөгүй. Мөн улаан өнгийн Приус-30 машинд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дугаар авчихсан байсан. Тэгээд би уг зарсан машинуудын мөнгийг нь өгөхгүй болохоор нь хүмүүсээс асуугаад сургийг нь гаргаад үзтэл саарал өнгийн Акуа машиныг Лхагва гэх “Да хүрээ” дээр зогсдог ченжид зарж, мөнгийг нь бэлэн авсан гэсэн. Приус-41 машиныг Цогтоо гэх хүнд зарж, мөнгийг нь мөн бэлэн авсан гэсэн. Асфалтан Приус-20, цагаан Приус машинуудыг мөн “Да хүрээ” зах дээр зогсдог Баттулга ченжид зараад мөнгийг нь бэлнээр авсан гэсэн. Зуурмагийн бартерт өгсөн гэсэн 2 машиныг Баагий, Ганаа гэх хоёр ченжид 22.000.000 төгрөгөөр зарсан байсныг мэдсэн. Улаан өнгийн Приус-30 машиныг би Авто тээврийн Үндэсний төвөөс арлын дугаараар шүүлгэхэд 2020 оны 4 дүгээр сарын 22-нд улсын дугаар авчихсан байсан. Тэгээд Г.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр над руу 99694797 дугаарын утаснаасаа залгаад “Гааль дээр уулзъя” гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш ямар ч сураггүй алга болсон. ...Япон улсаас нийт 45 машин оруулж ирсэн. Надаас ойролцоогоор 330.000.000 төгрөг гарсан. Энэ мөнгөнд Г.Т-ийн мөнгө байхгүй. Надад машин зарсан мөнгөө бүтэн өгч байсан. ...” /1хх 10-12, 16-17/,

гэрч Ж.Г-ын: “...Манай хүү Г.Т 2017 оноос хойш Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Да хүрээ” зах дээр зогсож, хүний автомашинуудыг худалдаж өгч хэдэн төгрөг олдог. Би 2020 он гарснаас хойш Г.Т-г ангийн найз З.Б-ийн хамт Япон улсаас оруулж ирсэн автомашинуудыг худалдаж байгаа талаар сонсож байсан. Тэгээд ажил нь аятайхан хэвийн явж байсан. ...” /1хх 19-20/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.З-ын: “...Манай хүү Японоос суудлын авто машин оруулж, манай хүүгийн арван жилийн найз нь болох Г.Т нь Да хүрээ зах дээр зардаг байсан. Миний мэдэж байгаагаар манай хүү анх 2019 оны 11 дүгээр сард 25 авто машин оруулж ирээд Г.Т энд зарж, бүх тооцоог манай хүүгийн данс руу шилжүүлж, дахин машин оруулахаар тохиролцоод 2020 оны 3 дугаар сараас хойш 20 авто машин оруулж ирсэн. Тэр 20 авто машиныг Г.Т-ийн нэр дээр оруулж ирсэн. Харин гаалийн татвар төлөхдөө З.Б өөрөө төлж байсан. Г.Т-ийн хувьд сүүлд оруулж ирсэн 20 автомашины 8 авто машины мөнгө болох 85.000.000 төгрөгийг өгөөгүй, өөрөө авсан. Энэ хоёрын дунд ямар нэгэн бичгээр хийсэн гэрээ байхгүй. Зүгээр манай хүү багын найз болохоор Г.Т-тэй амаар тохиролцоод, өөрөө Япон улсад сурч байхдаа Монгол руу машин оруулж, энд найз Г.Т л зардаг байсан. ...” /2хх 134/,

гэрч Д.М-ын: “...Манай хүү Г.Т нь 2018 оноос хойш Баянзурх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” зах дээр хүний автомашинуудыг худалдаж цалинждаг байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын дунд үеэс 10 жилийн ангийн хүүхэд З.Б-тэй хамтарч Япон Улсаас автомашин оруулж худалддаг байсныг мэдэж байсан. ...” /1хх 21-22/,

шүүгдэгч Г.Т-ийн: “...З.Б бид хоёр аман тохиролцоогоор хамтарч ажиллаж байсан. ...Би мөнгөлөг саарал өнгийн Тоёото Акуа загварын авто машиныг Да хүрээ зах дээр зогсдог Лхагва гээд ахад 10.300.000 төгрөгөөр зарсан. Хар өнгийн Приус 41 загварын машиныг 17.100.000 төгрөгөөр танил Уранцогт гэх хүнд зарсан. Бусдыг нь хэнд зарснаа санахгүй байна. Ихэнхийг нь танихгүй хүмүүст зарсан. Би нэг танихгүй хүнээс хүүтэй мөнгө зээлчихсэн байсан. Тэрэндээ өгч заруулсан. Уг байдлыг би найз З.Б-д хэлсэн. Би буцаагаад банкнаас шугаман зээл авахаараа буцаагаад өгнө гэж бодож байсан. ...Бид хоёр нийт 62 автомашин захиалж оруулж ирсэн. Япон улсаас дуудлага худалдаа, Япон улс доторх тээвэр, Монгол Улсын татвар, хоёр улсын тээвэр гээд хар өнгийн Приус-41 нийт дүн 15.820.000 төгрөг, мөнгөлөг саарал өнгөтэй 2012 оны Акуа машин 9.000.000 төгрөг, 2012 оны сувдан цагаан өнгийн Приус-30 16.500.000, 2012 оны улаан өнгийн Приус-30 16.500.000 төгрөг, 2010 оны хар өнгийн Приус-30 14.000.000 төгрөг, 2011 оны цайвар цэнхэр өнгийн Приус-30 14.500.000 төгрөг, 2011 оны асфалтан саарал өнгийн Приус-30 14.500.000 төгрөг, 2012 оны сүүн цагаан өнгийн Приус-30 14.500.000 төгрөг гэсэн нийт найман машины мөнгийг З.Б надаас нэхэмжилж байгаа. Эдгээрээс саарал өнгийг Акуа, цайвар цэнхэр Приус-30, сүүн цагаан приус-30 загварын машины мөнгийг бол 2020 оны 4 дүгээр сарын эхээр З.Б-ийн данс руу шилжүүлсэн. ...”  /1хх 141-142, 2хх 179-180/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч З.Б-ийн Япон улсаас Монгол Улсад оруулж ирсэн 8 ширхэг авто машины үнэлгээг нийт 118.900.000 төгрөгөөр тогтоосон Дамно ХХК-ийн дүгнэлт /1хх 162-169/, Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 173-180/, хохирогч З.Б-ээс шүүгдэгч Г.Т-д олгосон итгэмжлэл /1хх 181-186/, татвар төлсөн баримт /1хх 93-112/, хохирогч З.Б-ийн дансны хуулга /1хх 113-117/, хохирогч З.Б-ийн Л ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /1хх 118-121/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар,

  1. Мөн Г.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Б-д “Саарал өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг зарна. Урьдчилгаа өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Н.Б-ээс 5.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-ийн: “...Г.Т надаас “Ахаа та надаас дахиад нэг машин худалдаж аваач” гэж гуйсан. “Ямар машин бэ” гэж асуухад “Гурван салаа асфалтан Приус-30 байна. Та авчих юм бол танд дараа дахиад машин заръя” гэж хэлсэн. Тэгээд тухайн машины зургийг харахад гоё машин байсан. Тэгэхээр нь би “Хэдээр зарах юм. Авъя, үзье” гэж хэлэхэд надад “Зах хаасан байна. Гаалийн бичиг нь байна. Та маргааш өглөө машинаа авчих. Та надад 5.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би тухайн машиныг 12.500.000 төгрөгөөр бодож авахаар тохироод өөрөө тухайн машиныг унах болно гэж хэлж байсан. Г.Т гуйгаад байхаар нь өөрийн Хаан банкны 50хххххххх тоот данснаас Г.Т-ийн 56хххххххх тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Маргааш уулзаад нэрээ шилжүүлэхээр тохироод гаалийн бичгийг авч үлдээд салсан. Маргааш нь ярихад “Ахаа би ажилтай байна. Машиныг чинь гаргаад өгнө. Санаа зовох хэрэггүй. Миний өмнө өгсөн Приус 30 машинуудаас байна уу” гэж асуусан. Би “Яах гэж байгаа юм” гэж асуухад “Бартер хийх гэж байгаа Приус 30 хэрэгтэй байна. Миний 30 маргааш өглөө бууна. Тэр хүнд цайвар цэнхэр Приус-30 байгаа. Та надад өмнө өгсөн цайвар цэнхэр өнгийн Приус-30 өгчих. Та бас ашиг харах байх. Би ашгийг нь өгье. Та нэг үнэ бодчих. Би өөрөө цаашаа нэмээд зараад ашгийг чинь өгье” гэхээр нь би зөвшөөрөөд тухайн машинаа 12.000.000 төгрөгөөр бодож өгсөн. ... 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн хооронд би залгаад “Харьерийн нэр шилжүүлье. Мөн 5 сая төгрөг өгсөн асфалтан Приус-30 машинаа авъя” гэж хэлэхэд “Шилжүүлж өгнө” гээд яриад л утас нь холбогдохгүй. Надаас зугтаад алга болоод өнөөдрийг хүрсэн. Г.Т надад олдохгүй болохоор ар гэрээс нь мөнгөө нэхэх үед Г.Т-ийн эгч Мөнхзул нь дүү Г.Халиуны хамт ирж уулзаад Г.Халиун нь надад “5 сая төгрөгийг буцааж өгнө” гэж нотариат орж гэрээ байгуулсан. Гэрээ нь надад байгаа. ...” /1хх 219-224/

гэрч Ц.Г-ын: “...Н.Б бол зөрүү хийж өгч явуулсан цайвар цэнхэр өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 12.500.000 төгрөгөөр бодож өгсөн. Асфалтан саарал Приус-30 загварын тээврийн хэрэгслийг авна гэж 5.000.000 төгрөг өгсөн. ...” /1хх 231-234/,

хохирогч З.Б-ийн гэрчээр өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст Г.Т-д холбогдуулан 8 машины мөнгө аваагүй гомдол гэсэн гаргасан. Тухайн 8 машины нэг машин нь энэ асфалтан саарал өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгсэл юм. Тухайн машин нь одоо хаана байгааг мэдэхгүй. Тухайн машиныг Лхагваа гээд “Да хүрээ”-ийн ченжид зарсан. Гаалийн бичиг нь Лхагваа гээд хүнд байгаа гэж сүүлд мэдсэн. Г.Т нь тухайн машиныг зарна гэж Н.Б гэх хүнээс урьдчилгаа 5 сая төгрөг авсан байна. Г.Т нь миний машинуудыг зарсан мөнгийг хүнээс хүүтэй мөнгө зээлчихээд тэрнийхээ өрөнд өгөөд байсан юм шиг байна лээ. Яг хэнд, хэрхэн өгсөн талаар мэдэхгүй байна. ...” /1хх 233-234/,

шүүгдэгч Г.Т-ийн хохирогч Н.Б-д олгосон итгэмжлэл /1хх 207/, шүүгдэгч Г.Т-ийн дүү гэх Г.Х-ы хохирогч Н.Б-тэй хийсэн машины урьдчилгаанд авсан 5.000.000 төгрөгийг буцаан төлөх тухай хэлцэл /1хх 208/, хохирогч Н.Б-ийн Хаан банкны дансны хуулга /1хх 195, 206/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Т-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, дансны хуулга, хохирогчийн шүүгдэгчид олгосон итгэмжлэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь З.Б-тэй харилцан тохиролцсоны дагуу түүний Япон улсаас оруулж ирсэн автомашинуудыг зарж борлуулахаар итгэмжлэн хариуцсан боловч 8 ширхэг автомашины бусдад худалдан борлуулсан төлбөрийг хохирогч З.Б-д өгөхгүйгээр, хувийн шунахайн сэдэлтээр өөртөө авч ашиглан шамшигдуулсан, түүнчлэн хохирогч Н.Б-д “Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг зарна, зах хаасан тул маргааш машиныг өгнө, одоо урьдчилгаа 5 сая төгрөг өгчих” гэж хуурч 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан атлаа тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу худалдан авагч буюу хохирогч Н.Б-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгөхгүйгээр уг мөнгийг залилан авч, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүгдэгч Г.Т-ийн хохирогч З.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, хохирогч Н.Б-ийг машины урьдчилгаа мөнгө өгчих, маргааш шилжүүлж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Т-ийн хохирогч З.Б-ийн эд хөрөнгийг завшиж,  73.900.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохиролд хамаарч байгаа болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тус хуулийн үйлчлэлд хамаарахаар, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор заасан.

Шүүгдэгч Г.Т-ийн хохирогч Н.Б-ээс 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь дээр дурдсан хугацаанд хамаарч байгаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө тус шүүхэд бичгээр илэрхийлснээс гадна анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч З.Б-д 1.000.000 төгрөг, хохирогч Н.Б-д 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн зэргийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамааруулж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан бөгөөд Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял болон 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал болон тэрээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй зэргийг харгалзан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирсон этгээд нь хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болохоор заасан бөгөөд хохирогч З.Б нь Япон улсад оршин суугааг харгалзан түүний төрсөн эцэг А.З-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш бөгөөд А.З-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахгүйгээр ч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой байснаас гадна өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, мэтгэлцэх зарчимд сөргөөр нөлөөлөхүйц үр дагаврыг үүсгээгүй байна.

Иймд, шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Д.Очирваанийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/1253 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/1253 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...4 жил 6 сарын...” гэсэн хэсгийг “...3 жил 6 сарын...” гэж өөрчилсүгэй.
  2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/1253 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Д.Очирваанийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ