Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 112/ШШ2023/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.А, гуравдагч этгээд С А ХХК-ийн  захирал М.Ч нарын хоорондын эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймгийн прокурорын газрын ******* Б.Г тус аймгийн Онцгой байдлын газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн ...........дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.А нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн ...........дугаартай шийтгэлийн хуудсаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ж  багийн ..... дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг С А ХХК-ийн 8-н нэрийн хүнсний бөөний төв нь галын анхан шатны багаж хэрэгсэл бүрдүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14  дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасны дагуу  1 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Говь-Алтай аймгийн Прокурорын  газар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч бүртгэсэн бөгөөд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын байцаагчийн ...........дугаартай шийтгэлийн хуудсыг хянасан байна.

2.3. Прокуророос дээрх материалыг хянан үзээд ...Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын хяналтын байцаагч Ц.Агийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...........дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 38 дүгээр прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ:  Тус аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын хяналтын байцаагч Ц.А С А ХХК-ийн 8 нэрийн хүнсний бөөний төвийн барилга нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17 дахь хэсгийн 2.1 заасныг зөрчсөн гэх 03 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч М.Ч-т 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...........дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны  явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч М.Ч, С А ХХК-ний бичиг баримтын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн М.Ч-аас холбогдогчоор авсан мэдүүлэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хянахад С А ХХК-ийн 8 нэрийн хүнсний бөөний төвийн барилга нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17 дахь хэсгийн 2.1 заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Гэвч эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байх боловч уг хуулийн заалтад тусгагдсан хохирол, нөхөн төлбөрийг хэрхэн тооцож, гаргуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0...........дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа холбогдогчоор С А ХХК, М.Ч нарыг давхар бичиж, шийтгэл оногдуулсан нь эцсийн холбогдогч хүн, хуулийн этгээд аль нь болохыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан гэх зэрэг зөрчил гаргаж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, хууль буруу хэрэглэж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын хяналтын байцаагч Ц.А-гийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...........дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

3.2 Харин ******* Б.Гийг ээлжийн амралттай байх хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/349 дугаар албан бичгээр томилогдсон хяналтын прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээлэл хүлээн авсан цагаасаа шийдвэрлэх хүртэл зөрчлийн талаар нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй. Гэвч шалгалт хийх хугацаандаа эрх бүхий албан тушаалтан Ц.А нь зөрчлийн талаар гомдол мэдээллийн хүрээнд үйлдсэн зөрчилтэй нь холбогдуулан бүрэн гүйцэт шалгаж цуглуулж, бэхжүүлээгүй байдлаас болж ийм байдал үүссэн байна. Хоёрдугаарт прокурорын дүгнэлтэд дурдсанчлан хохирол нөхөн төлбөрийг тооцож авсан, гаргуулсан талаар тэмдэглэл хэргийн материалд авагдаагүй. Хуулийн этгээд байгаа бол тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг тогтоож шийдвэр гаргасны үндсэн дээр цаашид үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг зөрчсөн байна. Эрх бүхий албан тушаалтан урьдчилан сэргийлэх зорилготойгоор шийтгэл оногдуулсан гэж байна. Хэрвээ бид урьдчилан сэргийлэх зорилготойгоор шийтгэл оногдуулаад байвал хүний эрх ашиг хөндөгдөх юм. Гал түймэр гарахад зайлшгүй хохирол нөхөн төлбөр гаргуулах нь зүйтэй. Эрх бүхий албан тушаалтны шаардлага биелүүлэхгүй бол шаардлага биелүүлээгүй гээд арга хэмжээ тооцох хуулийн зохицуулалттай. Эрх бүхий албан тушаалтны зүгээс Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.1-ийг зөрчсөн гэж байгаа. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.1-т холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол гэсэн үндэслэл байгаа. Иймд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2023 оны 38 дугаар прокурорын дүгнэлтээр С А ХХК-д ноогдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:  Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж “С-А” ХХК-д 2023 оны 040/01 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн ба гүйцэтгэлийн шалгалтыг хийж, албан шаардлага болон хууль тогтоомжийн хэрэгжилт хангаагүй зөрчлийг илрүүлэн С А ХХК-д шийтгэл ноогдуулсан. Тус хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь зөрчлөө хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудаст гарын үсэг зурж, шийтгэлийг хэрэгжүүлэн шийтгэлийг төлж барагдуулсан. Шийтгэл ноогдуулсан зөрчлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй болно. 

 3ахиргааны ерөнхий хуулийн 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж  үзнэ” гэж, 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан байх ба шийтгэлийн хуудас нь захиргаан акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.

 Шийтгэлийг аж ахуйн нэгж дээр ноогдуулсан бөгөөд Компанийн тухай хуульд компанийг гүйцэтгэх захирал төлөөлж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр заасан байх тул С А ХХК-ийн гүйцэтгэх захирал болох М.Чаар компанийг төлөөлж шийтгэлийн хуудаст гарын үсэг зуруулсан. М.Ч-ыг тухайн компанийн гүйцэтгэх захирал мөн болохыг улсын бүртгэлийн гэрчилгээнээс харж болно. Шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт М.Ч гэж бичсэн нь захиргааны актын бичилгийн илэрхий алдаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан боловч миний бие Ц.А нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллах болсон тул илэрхий  алдааг засах боломжгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дурдсан. Иргэн, аж ахуй нэгжийг салгаж бичээгүй гэсэн байсан. Үүнийг илэрхий алдаа гэж засаж бичих боломжгүй болсон. Гал түймрийн улсын хяналтын байцаагч байх хугацаандаа энэхүү шийтгэлийг оногдуулсан байгаа. Тэгэхээр шийтгэлийн хуудсыг сольж захиргааны илэрхий алдааг засах боломжгүй байна. Миний ажлыг гал түймрийн улсын хяналтын байцаагч н.А хүлээж авсан гэв. Иймд прокурорын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.

3.3.Гуравдагч этгээд М.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ц.А 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ...........дугаартай шийтгэлийн хуудсаар М.Чт 1,000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

3. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т “холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох” гэж заасныг зөрчсөн нь хяналт шалтгалтын явцад тогтоогдсон тул  Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар торгууль оногдуулсан байна.

4. Хавтаст хэргийн материалд “2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, “С-А”  ХХК-ийн гаргасан зөрчилд холбогдох фото зураг, М.Чын иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ...........дугаар шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримт, эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас” гэсэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал нотлох баримтаар авагдсан байна.

5.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн С А ХХК-ийн захирал М.Ч-т зөрчил арилгуулах тухай 040/01 дугаартай Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 6 хэсэг бүхий албан шаардлагыг хүргүүлж байсан бөгөөд С А ХХК-ийн 8 нэрийн хүнсний бөөний төвийн барилга нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т “холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх...” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.

6. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулахдаа хуулийн заалтын санкцыг дутуу хэрэглэж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг хэрхэн тооцож, гаргуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шийтгэл оногдуулахдаа холбогдогчоор С А ХХК, М.Ч нарыг давхар бичиж, шийтгэл оногдуулсан нь эцсийн холбогдогч хүн, хуулийн этгээд аль нь болохыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж маргасан байна.

7. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол...” гэж заасан байгаа хэдий ч бодит нөхцөл байдалд хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар Галын аюулгүй байдлыг тухай хууль болон стандартыг мөрдөөгүй, анхан шатны багаж хэрэгсэл болох хүрз, галын дэгээ, хөрөө, сүх, гал унтраах бодис зэргийг стандартын дагуу бүрдүүлээгүй, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлага хангаагүй гэх зөрчил илэрсэн байхаас дээрх зөрчлөөс шалтгаалж хохирол, нөхөн төлбөр учраагүй байхад энэ байдлыг тооцож гаргуулсан талаар холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж үзэж шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэж заасан бөгөөд улсын байцаагч Ц.А нь С А ХХК-ийг холбогдогчоор тооцож, С А ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа холбогдогч компанийн гүйцэтгэх захирал М.Ч шийтгэлийн хуудас бичсэнийг  М.Ч шийтгэл оногдуулсан гэж үзэх боломжгүй.

9. Учир нь хэрэгт авагдсан С А ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээгээр М.Чыг 2019 оны 12 дугаар сарын 17-нд  гүйцэтгэх захирлаар томилсоныг бүртгэсэн, холбогдогчоос авсан мэдүүлэг болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл танилцуулсан баримтанд С А ХХК-ийн төлөөлж захирал М.Ч гарын үсэг зурсан байна.

10. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 18-ны ...........дугаар шийтгэлийн хуудсаар 1 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1000000 төгрөгний шийтгэлийн хэмжээ нь хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээ байна.

11. Шийтгэлийн хуудсаар “...холбогдогч С А ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.14 зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ: гээд 1-т холбогдогч М.Ч...” гэж бичигдсэн шийтгэлийн хуудасны техник, бичвэрийн алдааг залруулахаар прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авч, энэ үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

12. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа тул хуулийн 7.2 дахь хэсгийн 8-т заасны дагуу автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ...........дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай прокрорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар Захиргааны хэргийн шүүхэд прокурор дүгнэлт гаргах журмын тухайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль бус, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлахаар байна.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор зөрчлийн материалыг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянасан талаарх дардас дарагдсан байх тул энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.Агийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ...........дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Э.ЗОЛБАДРАХ