| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0121/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/141 |
| Огноо | 2026-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/141
2026 03 24 2026/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бүрэнжаргал
Улсын яллагч Э.Азжаргал
Гэрч ****, **** (цахимаар)
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****д холбогдох эрүүгийн 2539000000315 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай “Nissan Sunny” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /2.36%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ****: “...мэдүүлэг өгөхгүй...” гэж,
Гэрч **** “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Би өөрийн тээврийн хэрэгслээ унадаг. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би машинаа жолоодоод явж байсан. **** зүүн гар талд суугаад явж байсан. Миний машин хар теньтэй. Гаднаасаа харагдахгүй. Дотроосоо харагддаг. **** дэлгүүрийн хойд талын гудамжаар ороод л зогссон. Гудамжинд зогсоод наашаа алхаж байхад цагдаа өөдөөс булан тойроод гарч ирж байсан...” гэж,
Гэрч **** “...**** бид хоёр хоорондоо 4 метрийн зайтай зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийг ирж байхыг нь харсан. Эрэгтэй, эмэгтэй хүн гэдэг нь ялгагдаж байсан. Махлагдуу эрэгтэй хүн байсан л даа. Дохио өгөлгүй эргэсэн. **** дохиход зогсоогүй. Тухайн үед араас нь 1-2 минутын дотор л гүйгээд очсон. ...” гэж тус тус мэдүүлэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2539000000315 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай “Nissan Sunny” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /2.36%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22, 26),
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 27),
Гэрч ****ын “...Тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 27-ны ажил үүргийнхээ дагуу явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт байрлах соёлын төвийн уулзвар дээрээс **** улсын дугаартай “Nissan Sunny” маркийн тээврийн хэрэгслийг дохиж зогсоох гэтэл зохицуулагчийн дохиог зөрчиж зугтааж ****ийн 12 дугаар эгнээгээр орж зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд жолоочийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт авчран согтуурлын зэргийг шалгахад 2.36 хувь гарч байсан. Өөрт нь хэд гарсныг нь харуулаад машиныг нь ачлагын машин дуудаж ачиж явуулаад жолоочийг өөрийг явуулсан. Ийм л зүйл болсон. Жолоочийн эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11),
Гэрч ****гийн “...2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгоот цагийн хуваарийн дагуу **** сумын 5 дугаар багт дэд ахлагч ****, олон нийтийн цагдаа **** нарын хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед бид гурав **** сумын 5 дугаар багт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “****” дэлгүүрийн 3 уулзвартай зам үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 15 цагийн орчимд зүүн чиглэлээс баруун чиглэлд цагаан өнгийн “Sunny” тээврийн хэрэгслийг **** нь зогсоох гээд дохиураар дохитол зохицуулагчийн дүрэм зөрчиж зогсохгүй яваад өгсөн. Ингээд тухайн үед “Sunny” маркийн тээврийн хэрэгслийн эрэгтэй жолооч зогсохгүй ****ийн 12 дугаар эгнээ рүү ороод явчихсан. Бид нар араас нь алхаад очиход **** нь тээврийн хэрэгслийн жолооны араас бууж ирээд бид нарын өөдөөс алхаж байсан. Тухайн зорчигч эхнэр нь зорчигчийн суудлаас бууж ирж байсан. **** гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учраас цагдаагийн байгууллага руу согтолтын зэрэг шалгахаар авч явсан. Тэгээд ачилтын машин дуудан тээврийн хэрэгслийг ачуулж, ****г цагдаагийн байгууллага руу **** нь авч явсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 14-16),
Гэрч ****ийн “...Би нөхөр ****гийн хамтаар **** сумын 8 дугаар багаас тухайн өдөр аймгийн төвд үдийн үед орж ирээд “****” колонкийн урдуур зүүн чиглэлд “Хангай” дэлгүүрийн уулзвараар хойшоо эргэх гэтэл зам дээр 3 цагдаа зогсож байсан. Тэгээд цагдаа дохихоор нь зогсоогүй “****” дэлгүүрийн хойд талын эгнээгээр ороод зогсчихсон юм. **** бид хоёр машинаас буугаад тээврийн хэрэгслээ орхиод цагдаа нар луу очъё гэтэл урдаас нөгөө 3 цагдаа ирж байсан. Тэгээд ****г тээврийн хэрэгсэл барьсан гээд байсан. Би тухайн үед ****г цагдаагийн алба хаагч нар аваад явахаар нь би хүүгээ дуудаад яваад өгсөн. Тухайн үед би өөрийнхөө тээврийн хэрэгслийг өөрөө бариад явж байсан юм. Тэгээд манай нөхрийг аваад явчихсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21),
Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...Би Хэнтий аймгийн **** сумын 8 дугаар баг **** тосгоноос эхнэр ****ийн хамтаар тухайн өдөр хэдэн цагийн орчим гэдгээ санахгүй байна. Аймагт орж ирээд “****” колонкоос бензин аваад өөрийн гэр болох **** 19-01 тоот руу явж байтал “****” дэлгүүрийн уулзварын тэнд цагдаа зогсож байсан. Ингэхдээ тухайн үед манай эхнэр **** нь өөрийнхөө **** улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгслийг өөрөө барьчихсан явж байсан. Цагдаа тухайн уулзвар дохиж зогсоох гэтэл манай эхнэр зогсоогүй өнгөрөөд явчихсан. Би тухайн үед яагаад зогсохгүй байгаа юм гэсэн оношилгоо дууссан байгаа гээд “Тунсаг” дэлгүүрийн эсрэг талын “****” билүү “****” дэлгүүрийн цаана эгнээ рүү зогсоод тээврийн хэрэгслээ үлдээгээд эхнэр бид хоёр буугаад нөгөө 2 цагдаа өөдөөс яг ирж явж байсан тэгээд уулзсан. Тэгтэл намайг “Та тээврийн хэрэгсэл барьж замын хөдөлгөөнд оролцсон” гэхээр нь “Би тухайн үед бариагүй ээ. Манай эхнэр барьсан” гэдгээ хэлсэн. Тэгтэл намайг цагдаагийн байгууллага дээр ирж согтолтын зэргийг шалгаж үзнэ гэж хэлсэн. Согтолтын зэргийг шалгахад хэд гарсныг би хараагүй ээ. Тэгээд тухайн өдрөө “Би бариагүй ээ. Камер шүүмээр байна” гээд шалгаж байгаа мөрдөгч ****д хэлсэн. Тэгтэл намайг барьж ирсэн цагдаа гадаанаас “Приүс-11” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. Би ****д хүртэл хэлэхэд ч ****той учраа ол гэж хэлсэн. Энэнээс хойш цагдаагийн байгууллагад ирээгүй ээ....” гэх мэдүүлэг (хх-ийн 45-47) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг ****ттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Азжаргал: “...Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай “Nissan Sunny” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /2.36%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Миний үйлчлүүлэг **** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт ****ттай тогтоогдохгүй байна. Цагдаагийн алба хаагч машинаас эрэгтэй хүн бууж ирсэн гэж хэлж байна. Гэхдээ энэ бол харагдах боломжгүй. Би тухайн үед тэнд байгаагүй ч гэсэн тэрүүгээр нааш цаашаа явдаг учраас мэдэж байна. Хоёрдугаарт замын 2 талд зогсож байсан гэж байгаа. Тээврийн хэрэгслийн 4 цонх дөрвүүлээ хар теньтэй хажуу талаасаа харагдахгүй. Машин явж байхад урд талын цонхоор замын хоёр талаас харагдахгүй. Машинаас **** бууж ирсэн гээд байгаа. Тэр бас харагдах боломжгүй. 400-аад метрийн цаана, гудамжны завсарт байгаа машинаас ямар хүн бууж байгааг харах боломжгүй. ****гийн мэдүүлэгт байгаа. Цагдаа дээр очоод “Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Дэлгүүрийн камерын бичлэг шүүлгэе” гэхэд ****тойгоо учраа ол оо гэж хэлсэн. Гэтэл **** “Байцаагчдаа хэл” гээд Приус-10 машинд суугаад явчихсан гэдэг. Энэ байдлыг шалгаж тогтоогоогүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар **** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь ****ттай тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж шүүгдэгч ****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “... хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь маргадаг, хүлээн зөвшөөрөхгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.
Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Тодруулбал, шүүгдэгч **** нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч уг тээврийн хэрэгслийн бариагүй, жолоодож яваагүй, эхнэр маань жолоодсон гэж маргах боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон, түүний үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ****г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Иймд шүүгдэгч **** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Азжаргал: “...Шүүхээс шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Хуульд заасан хамгийн доод хэмжээгээр буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3600 (гурван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА