| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0138/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/156 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ШЦТ/156
2026 03 31 2026/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бүрэнжаргал
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****н ****т холбогдох эрүүгийн 2639000000026 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч **** нь 2025 оны 11 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах ****ийн орчим ****тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ****: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2639000000026 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 11 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах ****ийн орчим ****тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3),
****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 4),
Хохирогч ****ын “...2025 оны 11 дүгээр сарын 18-ний шөнө Улаанбаатар хотоос таксинд суугаад ганцаараа Хэнтий аймгийн **** суманд ирээд тэгээд найз Оюунчимэгтэй яриад “Найз нь чиний төрсөн өдрөөр буюу 12 дугаар сарын 12-ний өдөр ажилтай. Цуг тэмдэглэж амжихгүй юм байна хоёулаа өнөөдөр төрсөн өдрийг чинь тэмдэглэе гээд найз ****г гэрээс нь аваад өөрийн гэр ****ы 12-03 тоотод очсон. Тэгээд бид 2 **** сумын 5 дугаар багт байрлах “****” баар ороод 1 ширхэг дарс аваад ширээн дээрээ юм ярьж суугаад баар хаахад буюу 03 цагийн үед гарахад “****” баарны зөөгч залуу “Орой болсон байна. Та хоёрыг гэрт чинь хүргээд өгье” гээд найз Оюунчимэгт хэлсэн. Тэгээд бид 2 “Prius 20” маркийн машинд суухад машин дотор зөөгч залуу арын суудал дээр, би голд, найз **** зүүн талд, урд талд намайг цохидог залуу, жолоочийн хамт явсан. Тэгээд шууд баруун тийшээ буюу эмнэлгийн хойд талын замаар явахаар нь би “Машинаас бууя аа” гэхэд жолооч яваад л байсан. Тэгээд урд талд сууж байсан согтуу залуу “Гичий, писда минь буугаач” гээд нүүр лүү маань машины агааржуулагч аваад шидсэн. Тэгэхээр нь машин зогсоод найз **** бид 2 буусан чинь нөгөө согтуу залуу цуг машинаас буугаад миний нүүр лүү буюу нүд хэсэг рүү цохисон. Дахиад цохих гэж дайрахаар нь манай найз **** “Чи эмэгтэй хүн цохихоо болиоч ээ” гэхэд согтуу залуу машиндаа суугаад яваад өгсөн. Найз **** бид 2 шууд цагдаагийн байгууллага дуудаад, эмнэлгийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10),
Гэрч ****ийн “...2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэр эгч **** утсаар яриад “Би хотоос очиж байна. Чиний төрсөн өдрөөр Хэнтийд байхгүй байх юм байна. Хоёулаа чиний төрсөн өдрийг өнөөдөр тэмдэглэе” гээд хэлэхээр нь “Би унтаж байна” гээд **** нь “Би танайд очъё. Тэгээд цуг гаръя” гээд шөнийн 02 цагийн үед **** ирээд тэгээд бид 2 Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт байрлах “****” баар руу орсон. 1 шил дарс, 1 ширхэг лааз пиво уугаад ярьж суугаад тэгээд гарах гэж байхад **** нь “Таньдаг хүн байна. Байж байгаарай” гээд **** **** 2 юм ярьж байгаад машинд суух болоод нэг машинд суусан. Тэгэхэд **** **** 2 тэврэлдээд жолоочийн хажуу талын суудалд суусан. Тэгээд би гэр лүү маань хүргэж өгөх гэж байна гэж бодоод арын суудалд суусан. Тэгэхэд миний хажууд “****” баарны зөөгч залуу суусан. Тэгэхэд **** эгч намайг “Чи энд суухгүй” гээд түлхээд унагаасан. Тэгээд өөрөө голд суусан. Би захад суусан, тэгээд **** баарнаас хөдлөөд явж байсан би утсаараа оролдоод явж байхад **** эгч **** 2 муудаад байсан. Тэгээд **** уурлаад “Наад хоёроо машинаас буулга” гэхэд **** эгч уурлаад ****ыг цохисон. Тэгсэн **** **** эгч рүү нэг зүйл шидсэн. Би юу шидсэн гэдгийг нь хараагүй. Тэгээд **** эгч машины хаалга хаагаад машиныг 4, 5 удаа хаалга руу тас тас гээд хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд **** машинаас бууж ирээд **** эгчийг 1 удаа л цохисон. Би тэгээд дахиад цохих юм болов уу гээд ****ыг “Чи эмэгтэй хүнийг болиоч” гээд тэгээд тэр 2 салсан. **** машиндаа суугаад явсан. Бид 2 манай гэр лүү явсан. Тэгээд манай гэр лүү явж байхдаа цагдаагийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),
Шүүгдэгч ****ын сэжигтнээр өгсөн “...2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би ажлаа тараад зүс таних ахтайгаа **** сумын 5 дугаар багт байрлах “****” баар ороод дотор жоохон сууж байгаад сөжү 4 шил, лаазтай пиво 5 ширхэг, 1 ширхэг 0,75 ногоон ех гурвуулаа хувааж уусан. Хажуу ширээнд найзууд байсан. Тэгээд бид хэд нийлж уугаад тэгээд бүжиглээд **** болон нэг эмэгтэйтэй хамт дөрвүүлээ бүжиглэсэн. Тэгээд “****” баарны гадаа **** бид 2 юм яриад зогсож байсан гэсэн би бол тухайн үеийн явдлыг санахгүй байгаа. **** **** болон дүү хоёрыг нь машинд суучих хүргээд өгье гээд миний машинд суулгасан. Тэгэхэд машиныг **** ах барьж явсан. Би жолоочийн хажуу талд суусан **** 2 эмэгтэйтэй ард талд сууж байсан **** бид 2 үл ойлголцоод муудалцаж, маргалдаж эхэлсэн юм байна лээ. Би бол тухайн үеийн явдлыг юу ч санахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-16),
Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...**** надаас хохирлын мөнгө нэхэмжилсэн. Хамраа янзлуулах мөнгө хэрэгтэй байна гээд **** бид 2 ярилцаад би 2025 оны 12 дугаар сарын 16 юм уу 17-нд ****ийн **** банкны дансаар ****ын **** банкны данс руу 600,000 төгрөг хйисэн. 2025 оны 11 сарын сүүлээр эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмийг эмийн сангаас 43000 төгрөгийн эм тариа авч өгсөн. Тэгээд удалгүй **** эхлээд өөрийнхөө утсаар над руу яриад “1 сая төгрөг өг” гэсэн. Дараа нь ****ын эгч нь ****ын утсаар яриад “1 сая төгрөг өгчих юм бол Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өгсөн өргөдлөө аваад тохиролцоод салъя” гээд надаас 1 сая төгрөг нэхэмжилсэн. Ямар нэгэн бичиг баримт харуулаагүй. Утасны цаанаас амаараа нэхэмжилсэн. Надаас ч ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-50),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭН0725/038 дугаартай “...1. ****ын биед хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 25-27) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Азжаргал: “Шүүгдэгч **** нь 2025 оны 11 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах ****ийн орчим ****тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч **** нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч **** нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч ****ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч **** нь хохирогч ****ыг цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч ****ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****ын биед хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч **** нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч **** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч **** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Азжаргал: “...Шүүгдэгч ****т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч ****т хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв..
Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****н ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****н ****т 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****т Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаас энэ шийтгэл тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.
5. Хохирогч **** нь эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд ****аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА