Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/114

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А , хохирогч Б.О /цахимаар/, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2539009160005 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн ................ сумын Онон 1 дүгээр багт байх гэртээ Б.О-той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь биед доод зүүн 2-р шүд буюу 32-р шүдний булгарал, хамар ясны хугарал, хамрын муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хоншоор, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539009160005 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.А : “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.Б : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэжээ.

 

1.Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

-Хохирогч Б.О-гийн “...Би 2025 оны 6 дугаар сарын 30-ны шөнөөс 2025 оны 7 дугаар сарын 01-нийг шилжих шөнө сумын иргэн Б гэх хүнд зодуулсан юм. Тухайн үед 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байсан 16 цагийн үед би Б ах руу яриад ганц пиво уух уу гэхэд тэгье ахыгаа гэрээс ирээд авчих гээд бид хоёр голын эрэг дээр нэг том Сэнгүр нэртэй пиво хувааж ууж дуусаад дараа нь дэлгүүр орж дахин 1 том Сэнгүр нэртэй пиво аваад Б ахынд очиж ууж дуусаад 17 цагийн үед би гэр рүүгээ яваад Б ах гэртээ ганцаараа үлдсэн юм. Тэгээд орой 20 цагийн үед Б ах намайг гэрт хүрээд ирээ ирэхдээ пиво аваад ирээрэй гэсэн. Тэгээд би замаараа 2 том 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад Б ахынд ирээд бид хоёр юм ярингаа уусан. Тухайн үед Б ах бол нээх их уугаагүй. Бид хоёр гэрт нь байж байхад Б ахын ангийн хүүхэд гээд хоёр эмэгтэй хүн ирсэн. Тэгээд мөн манай найз Ж  ирсэн. Тэгээд бид 5 нийлээд гадагшаа гарж хоол идэхээр яваад замдаа М ахтай таараад мөн цуг яваад хоол идэж дуусаад манай найз Ж , Б ахад 1 шил архи авч өгье гээд ногоон өнгөтэй 750 граммын 1 шил архи аваад Б ахынд очоод бид нар юм ярингаа архи хундагалаад нэг, нэг татаад Б ахтай гэрээс нь гарч тамхилахаар гараад гадаа юм яриад байж байхад Б ах нээх их согтуу биш байсан. Тэгээд би Б ахад дүү нь одоо ингээд харилаа гэхэд Б ах миний нүүрэн тус газарт 2-3 удаа баруун гараараа цохиход нь би газарт унаад босож ирэхэд дахин миний нүүрэн тус газарт 1 удаа цохиход нь миний хамар халуун оргиод хамраас цус гараад нүүр маань хавдсан. Та яаж байгаа юм бэ? ахаа гэхэд юм дуугарахгүй гэр рүүгээ яваад орсон. Би араас нь ороод өмсөж явсан хувцсаа аваад цагдаа дээр ирээд дараа нь эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай гэж надад хэлсэн. Ийм зүйл болсон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... Тухайн үед би согтолттой байсан. Б ах гайгүй байсан тухайн үед Б ах юуны улмаас миний нүүрэн тус газарт цохисон талаар би мэдэхгүй. Гэнэт гадаа тамхи татаад байж байхад миний нүүрэн тус газарт 2-3 удаа баруун гараараа цохиход хамраас цус гарч дараа нь нүүр маань хөхөрч хавдсан байсан... Тухайн үед би Б ахын биед халдаж цохисон асуудал огт байхгүй. Бид хоёр хэрэлдэж маргалдах асуудал огт гараагүй байсан юм... Бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй бид хоёр л байсан. ...Миний биед хамар мурийсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн, нүүр хавдаж хөхөрсөн, баруун нүд маань хавдаж хөхөрсөн байсан. Тухайн үед би сумын төвийн эрүүл мэндийн төв болон Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед үзүүлсэн эмчийн бичиг баримтыг цагдаад өгсөн байгаа... Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Харин эмчилгээний зардлаа төлүүлмээр байна, надад ямар нэгэн санал гомдол байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-09 дүгээр тал),

-Гэрч Б.Ж ын “...2025 оны 6 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед байхаа манай найз О   над руу залгаад Б ахын гэрт ууж байна согтчихлоо намайг ирээд аваа гэж хэлэхээр нь манай гэр ойрхон 500-600 метр болохоор удалгүй яваад орсон. Намайг ороход Б ах, М  ах, миний танихгүй 2 эгч байсан. Би ороод удаагүй байсан чинь бөөндөө явж хоол авч иднэ гээд 2 машинтай хөдөлсөн. ...Б ахын гэрт очсон. Гэрийнх нь гадаа О  , Б ах, М  ах бид 4 тамхилаад М  ах бид 2 түрүүлээд гэр рүү орсон. Удалгүй О   гадаа орилоод байгаа нь сонсогдохоор нь яг гарах гэтэл Б ах ороод ирэхээр нь юу болов гэсэн чинь нээх сүртэй юм болоогүй ээ, ганц л цохисон гэж хэлэхээр нь тайвшраад байж байтал О   араас нь орж ирэхдээ зүүн нүд, хамар хоёр нь хавдчихсан хамраас нь цус гарчихсан орж ирээд О   “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд буцаж гараад ах руугаа залгаад “энэ Б чинь намайг аллаа ш дээ” гэж байгаа нь сонсогдож байсан. ...Намайг очиход Б ах жоохон томроод байна гэхдээ гайгүй байхаа гэж О   хэлж байсан... О   явсны дараа Б ахаас яагаад муудсан талаар асуухад О   муу бацаан өдөөд барна гэж бодсон юм байхдаа гэж хэлсэн өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

-Иргэний нэхэмжлэгч С.Х-ийн “...Хохирогч Б.Онь 52500 төгрөгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-ийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 611 дугаартай “1.Б.О-гийн биед доод зүүн 2-р шүд буюу 32-р шүдний булгарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хоншоор, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

-Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн болохоор нэмж ярих зүйл бол байхгүй байна. Хохирогчоо гомдол саналгүй болгоно. Хийсэн хэрэгтээ бол маш их гэмшиж байна. Ахин ийм хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн ................ сумын 1 дүгээр багт байх гэртээ Б.О-той маргалдаж, нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж биед доод зүүн 2-р шүд буюу 32-р шүдний булгарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хоншоор, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.О-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед доод зүүн 2-р шүд буюу 32-р шүдний булгарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хоншоор, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийг цохих зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд доод зүүн 2-р шүд буюу 32-р шүдний булгарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хоншоор, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий  хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Онь “Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-09 дүгээр тал), мөн шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нь гэмт хэргийн улмаас шууд хохирсон хохиролтой холбоотой 3,406,000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт (хавтаст хэргийн 30-41 дүгээр тал) тусгуулсан байх бөгөөд дээрх баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байна.

Шүүгдэгч дээрх хохиролтой холбоотой шууд зардлаас мөрдөн байцаалтын шатанд 1,550,000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ.

Тиймээс шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлоос үлдэх 1,856,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байсан болох нь хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Х-ийн мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 18 дугаар тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байх энэхүү зардлыг шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болно.

Хохирогч Б.О нь цаашид хийгдэх эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэснийг дурдаж, шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,550,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1,856,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О  т олгосугай.

 

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН