| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0264/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/145 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.А , шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч П.З, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э , Н.Б нарт холбогдох эрүүгийн 2539003150269 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Х сумын ... дугаар баг Т ........... Тамгын газрын байрны гадна Б.Э тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Х сумын ... дугаар баг Т ........... Тамгын газрын байрны дотор Н.Б ыг "манай эхнэрийг дээрэлхлээ гэх" шалтгаанаар түүний биед халдаж, чихийг нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539003150269 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт
Улсын яллагч Э.А аас “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч П.З аас “Б.Э ийн эрх ашиг сонирхлыг хамгаалж түүний өмгөөлөгч оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай. Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ огт маргадаггүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцож байгаа. Хохирол төлбөртэй холбоотойгоор хууль зүйн дүгнэлтийг хэлж оролцоно.” гэж,
Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Л.Н-гээс “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаангүй оролцож байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Иймээс тухайн гэмт хэрэгт хэрхэн яаж хохирсон, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаараа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт өгч нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хэлж оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
1.Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Э ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Б ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Х сумын ... дугаар баг Т ........... Тамгын газрын байрны дотор Н.Б ыг "манай эхнэрийг дээрэлхлээ гэх" шалтгаанаар түүний биед халдаж, чихийг нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Х сумын ... дугаар баг Т ........... Тамгын газрын байрны гадна Б.Э тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дугаар тал),
-Хохирогч Н.Б ы “...2025 оны 3 дугаар сарын 10-ны орой намайг хоол унд юу болж байгаа талаар асуухаар эмнэлэг рүү орчхоод буцаад хуралд суухаар эрүүл мэндийн төвөөс гарах гэж явахад Б.Э нь нэлээд их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба намайг тэвэрч аваад ноцолдоод явуулахгүй байхаар нь би түлхэж орхиж холдуулаад захиргааны байр руу хуралд оролцохоор очсон. Гэтэл Б.Э нь миний араас ирээд надтай дахин зууралдаж чи намайг дүүгээ гэлээ намайг өдлөө гэж дайраад байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулж нэг удаа гараараа цохисон. Түүний дараа би хуралд орох гэсэн чинь миний гар цус болчихсон байхаар нь усны савтай өрөөнд орж гараа угаахаар орсон чинь Б.Э дахин миний араас орж ирээд намайг тэвэрч ноцолдож байгаад миний баруун чихийг хазаж тасалсан. Тэр үед нь би чихнийхээ тасархайг хайж олоод шууд эмчид очиж үзүүлээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Ийм л асуудал болсон... Би өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ... Б.Э нь урьд нь намайг согтуу унтаж байхад өшиглөж байсан гэж нутгийн хүмүүс хэлж байсан. Өөрөөр миний биед халдаж байгаагүй... Б.Э нь надтай ноцолдож байхдаа миний нүүр хэсэгт 1 удаа толгойгоороо мөргөхдөө урд дээд шүдийг минь хөндүүр болгосон. Мөн баруун чихийг минь сэтэлж хазсан... Би өөрт учирсан хохирлын төлбөр, зардал зэргийг нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дугаар тал),
-Хохирогч Б.Э ийн “...Тухайн өдөр миний бие Н.Б гэгчтэй маргалдаж, ноцолдох үедээ түүний чихийг хазсан нь үнэн. Мөн Н.Б гэгч нь миний хамар хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөсөн. Ийм л асуудал болсон... Тухайн өдөр Н.Б нь намайг заамдаад зогсож байхад нүүр хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөж, миний хамарт гэмтэл учруулсан... Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй... Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний эхнэр бид хоёрыг дарамтлаад байсан учраас л би түүнтэй маргалдаж ноцолдсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
-Б.Э ийн сэжигтнээр “...Би 2025 оны 3 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд эхнэрийнхээ ажлаар орсон чинь миний эхнэр ууртай байсан ба юу болсон талаар нь асуухад хоолоо хурдал гэж байна гэж хэлсэн. Тэр үед нь би хэн тэгж хэлж байгаа талаар асуусан чинь нягтлан гэхээр нь би эхнэрийн ажлаас гарч явсан чинь Н.Б гэгчтэй захиргааны үүдэнд таараад "та одоо дандаа яагаад эхнэр дээрэлхэж байдаг юм бэ? гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ" гэхээр нь би Н.Б тай маргалдаад ноцолдсон. Тэгсэн чинь Н.Б нь миний хамар хэсэг рүү мөргөчхөөд захиргааны байр руу орсон. Тэр үед нь би уурлаад түүний араас нь өрөөнд ороод Н.Б ыг татаж чангаагаад өрөөнөөс нь гаргаж ирээд та яахаараа намайг дээрэлхэж байдаг юм бэ гэж хэлээд бид хоёр зууралдаж, ноцолдсон. Гэтэл Н.Б нь намайг боогоод тавихгүй болохоор нь би түүний чихийг нь хазчихсан юм. Ийм л асуудал болсон... Миний хамар хавагнаж, цус ихээр гарсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй... Би тухайн үед эхнэрийн ажлаар орохынхоо өмнө тавуулаа 1 том пиво хувааж уусан байсан. Өөрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Н.Б нь намайг ахаа гэж хэлсэнгүй гэж дээрэлхдэг. Мөн урьд нь миний эхнэрийг зүй бус үгээр хэлж, дээрэлхэж байсан. Мөн намайг заамдаад авахаар нь би түүнтэй ноцолдож байгаад энэ удаа түүний биед халдсан. Би урьд нь түүний биед халдаж байгаагүй... Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Н.Б ы сэжигтнээр “...Би энэ удаа мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Яагаад гэвэл би хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
-Гэрч Б.С-ын “...Би 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай тосгонд Улсын Их хурлын 2 гишүүн ирж иргэдтэй хурал хийсэн тэр үед би хуралд сууж байсан. Тэгсэн чинь Э ахын эхнэр над руу залгасан юм. Төрөө ах чинь хүнтэй муудаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хурлаас гараад ирсэн чинь өөдөөс Э ах хамар ам нь нэл цус гарчихсан айхтар л болчихсон байсан. Тэгээд би яасан юм гэхэд Б-тай муудалцаад гэж хэлэхээр нь би Э ахтай зөрөөд гарчихсан. Н.Б ыг гадаа байгаа юм байна гэж бодоод гарсан чинь гадаа байгаагүй. Буцаад захиргааны байр руу орсон. Тэгсэн чинь Б , Э хоёр барьцалдаж аваад зодолдож байсан. Тэгээд очоод салгах гэж очсон чинь тэр хоёр зууралдчихаад тавихгүй байсан. Тэгээд би болон тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Тэгээд би Э ахыг аваад гэрт нь аваачаад унтуулсан. Э ахыг ........... дарга “ахын дүү аваачаад унтуулчих” гэж хэлсэн. Тэгээд буцаад ирсэн чинь Б ахын чихийг нь хазаад хаячихсан байна. Ийм л асуудал болсон... Тэнд байсан хүмүүсийн яриагаар Төрөө ахыг хазчихсан л гэж хэлж байсан. Учир нь Төрөө ах Б ах хоёр л хоорондоо зодолдсон. Өөрөөр тэнд зодолдсон хүн байгаагүй... Тэгэхдээ яг намайг яг хурлаас гарахад Э ах өөдөөс орж ирэхдээ хамраас нь их цус гарчихсан байхаар нь яасан юм гэж асуухад Б мөргөцгөөгөөд л гэж хэлж байсан... Зөндөө хүн байсан юм чинь тэр чинь хурал юм чинь гадаа ч зөндөө л хүн байсан байлгүй. Дотор ч зөндөө л хүн байсан. Яг тэр байсан юм гэж хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2... -30 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-ын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “1.Н.Б ы биед баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. 4.Дээрх гэмтлээс баруун чихний дэлбэнд шарх нь ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтыг тогтоох хүснэгтийн 26.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтыг тогтоох хүснэгтийн 26.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал)
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-ын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “1.Б.Э ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтлээс хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн ... 4-... 5 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2043 дугаартай “1.Н.Б /РД:СД... 6042... 13/-ны сэтгэцэд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй.” гэх дүгнэлт (хавтас хэргийн 92-94 дүгээр тал),
-Шүүгдэгч Н.Б ы яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн тухайн мэдүүлэг нь дээрээ нэмж ярина. Тухайн хэрэг болсон өдөр Улсын Хурлын гишүүд ирээд бид оройн хоолыг бэлэн болсон эсэхийг харах гээд Т ........... Эрүүл мэндийн төв рүү орсон юм. Тэгээд хоол болсон үгүйг харчхаад би гараад явсан юм. Намайг гараад явах гэж байтал хамт ажилладаг байсан хүн болох Э Эрүүл мэндийн төвийн гадаа тараад тухайн үед Э согтуу байсан ба миний цамцны захаар хоолойг боогоод тавихгүй байхаар нь би салгах гээд л ноцолдсон. Би тухайн үед боолтод орчихсон амьсгал боогдох гээд байхаар нь гарыг нь тавиулах гээд л ноцолдсон яг ямар байдлаар Энхтөрийн биед халдсанаа санахгүй байна. Би ямар ч байсан Энхтөрөөс салаад л зугтаагаад захиргаа руу орсон. Тэгтэл Э араас орж ирээд намайг ална гээд дайраад миний баруун талын чихний дээд хэсгийг тас хазсан. Тэгээд л цагдаа, эмнэлэг ирээд салцгаасан. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Э ийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид ахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-11... дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...Хохирогч Б.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас 25,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Харин Н.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 567,126 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 0900901009000200... 0 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-165 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 039 дугаартай “1.Хэнтий аймгийн Х сумын иргэн Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-нд бусдад зодуулсан гэх хэргээс шалтгаалан хохирогч Б.Э-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн зөвлөгөө, заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 235-236 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Б 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Х сумын ... дугаар баг Т ........... Тамгын газрын байрны гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Э ийг нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Х сумын ... дугаар баг Т ........... Тамгын газрын байрны дотор Н.Б ыг "манай эхнэрийг дээрэлхлээ гэж" тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас чихийг нь хазсаны улмаас хохирогчийн биед баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч Н.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Э ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон зөв байна гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж,
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Э ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Б ы эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд 2-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Н.Б , Б.Э нар нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Н.Б , Б.Э нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б нь тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүр хэсэгт цохих, толгойгоороо мөргөх зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Б.Э нь тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн чихийг хазах идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд 2-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Б ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр,
Шүүгдэгч Б.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр тус тус зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг тус тус харилцан бие биедээ хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2043 дугаартай “1.Н.Б /РД:СД... 6042... 13/-ны сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй.” гэх дүгнэлт (хавтас хэргийн 92-94 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 039 дугаартай “1.Хэнтий аймгийн Х сумын иргэн Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-нд бусдад зодуулсан гэх хэргээс шалтгаалан хохирогч Б.Э-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн зөвлөгөө, заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 235-236 дугаар тал) тус тус гарчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолд заасны дагуу хохирогч Н.Б , Б.Э нарын сэтгэцэд Нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирчээ.
Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б, Б.Э нарт учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо тус жишиг аргачлалын 4-т нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд Нэгдүгээр зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (=660,000*4.99) тооцож 3,293,400 төгрөгийг шүүгдэгч Н.Б аас гаргуулж хохирогч Б.Э д, шүүгдэгч Б.Э өөс гаргуулж хохирогч Н.Б нарт тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Н.Б нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нийт 5,0... 0,246 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх бөгөөд уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байна.
Тиймээс хохирогч Н.Б ы сэтгэцэд учирсан хор уршигт тооцож 3,293,400 төгрөг, эмчилгээний зардал 5,0... 0,246 төгрөг нийт ... ,373,646 төгрөгийг шүүгдэгч Б.Э өөс гаргуулж хохирогч Н.Б д,
-хохирогч Б.Э ийн сэтгэцэд учирсан хор уршигт тооцож 3,293,400 төгрөг, Дорнод аймагт шинжилгээ хийлгэхээр явсан зардалд 65,... 1... төгрөгийг зарцуулсан гэж баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул нийт 3,359,21... төгрөгийг шүүгдэгч Н.Б аас гаргуулж хохирогч Б.Э д олгуулахаар тус тус шийдвэрлэв.
Мөн түүнчлэн, шүүгдэгч Н.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 25,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 567,126 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байх тул уг мөнгийг шүүгдэгч нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар
шүүгдэгч Н.Б аас 3,3... 4,21... төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д, Эрүүл мэндийн даатгалын санд 25,000 төгрөгийг,
шүүгдэгч Б.Э өөс ... ,373,646 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д, Эрүүл мэндийн даатгалын санд 567,126 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... 00,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Н.Б ы өмгөөлөгч Л.Н-гээс “Шүүгдэгч Н.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан миний үйлчлүүлэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Б.Э ийн өмгөөлөгч П.З аас: “...Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул миний үйлчлүүлэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... 00,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нарыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Н.Б , Б.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ориг ургийн овогт Нэргүйн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Шүүгдэгч Боржигон ургийн овогт Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б , Б.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтнуудын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б аас 3,359,218 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д, 25,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч Б.Э өөс 8,373,646 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б д, 567,126 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулсугай.
6.Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б , Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН