Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун, шүүгдэгч Ж.Дугарзундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Жалсангийн Дугарзундуйд холбогдох эрүүгийн 201711000250 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1956 оны 10 сарын 24-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн 3 дугаар хороонд  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖК92012216/, Харгана овогт Жалсангийн Дугарзундуй,

Шүүгдэгч Ж.Дугарзундуй нь согтуугаар 2017 оны 5 сарын 10-ны орой 18 цагийн орчим улаан өнгийн “Хүлэг-150” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зорчигч С.Жамсрангийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Чандмань цагаан нуур” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.1.б-д заасан “тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, мөн дүрмийн 2.3.в-д заасан “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй  зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2.2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.2-д заасан “жолоооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч С.Жамсран нь унаж биедээ хүзүүний 7, сээрний 1 дүгээр нугалмын хугарал, мултарснаас нугас гэмтэн саа үүсэн уушги хавагнаж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Дугарзундуй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн төлөөлөгч Д.Оюун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 5 сарын дунд үеэр манай охин Алтанчимэг аав руугаа залгаад “Жамсран ах мотоциклоос унаад бие нь муу сумын эмнэлэгт хүргэгдэж ирээд байж байна” гэж хэлсэн байсан. Тэгээд би Жамсранг аймаг руу эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэдгийг мэдээд нөхөр Доржийн хамтаар хэрэг болсон гэх өдрөөс 2-3 хоногийн дараа аймгийн төв рүү очиж Жамсрантай уулзахад Жамсрангийн бие нь муу, хэвтрийн дэглэмтэй, хүзүү нь хавдсан, хоол унд идэж чадахгүй байдалтай “хүзүү маань өвдөөд байна” гэж хэлж байсан. Тэгээд Дорж бид хоёр хэд хоногийн дараа Жамсранг аваад Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд Жамсрангийн хүзүү нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд Жамсрангийн хүүхдүүд нь аавыгаа хагалгаанд оруулсан удаагүй Жамсран нас барсан. Жамсран ах хэлэхдээ “ах нь архи уугаад найз Дугарзундуйгийн мотоциклоор аймаг руу хүргүүлэх гэж байгаад онхолдчихсон, ахынх нь буруу, Дугарзундуй миний багын найз байгаа юм” гэж хэлж байсан, өөр зүйл яриагүй. Жамсран ах гэмтэж бэртээд ухаан санаа нь эрүүл саруул зүгээр ярьдаг байсан. Жамсран ах нэг хүү, нэг охинтой, эхнэр нь архи уугаад байхаар нь салсан гэж ярьдаг. Жамсран ахын төрсөн хүү Ж.Болдбаатар нь Дугарзундуйд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн, мөн надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 1106 тоот дүгнэлтэд: 1.Талийгаачид хүзүүний 7, сээрний 1 дүгээр нугалмын их биений хугарал, мултрал, нугас тасралт гэмтэл тогтоогдлоо. 2. Энэ гэмтэл нь унах үед үүснэ. 3.Хүзүү, сээрний нугалмын хугарал, мултрал, нугас тасралт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач нь хүзүүний 7, сээрний 1 дүгээр нугалмын хугарал, мултарснаас нугас гэмтэн саа үүсэн уушиг хавагнаж нас баржээ. 5.Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. 6.Цус нь 1-р бүлгийн цустай байна.” гэжээ. /хх-ийн 62-63/

            Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 8 сарын 02-ны өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлтэд: “1.Мотоцикл эзэмшигч Ж.Дугарзундуй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.1.а-д “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 2.1.б-д зааснаар “тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, мөн дүрмийн 2.3.в-д зааснаар  “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2.2.7.а-д зааснаар “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Хавтаст хэргийн материалд авагдсанаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Алтангэрэлийн “Хүлэг-150” маркийн улсын дугааргүй мотоциклд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмлэглэлд гэрэл, дохио байхгүйг тусгасан байх тул уг мотоциклийн техникийн хувьд бүрэн бус гэж үзэх үндэслэлтэй байна. 3.Мотоцикл эзэмшигч Ж.Дугарзундуйн хавтаст хэргийн материалд авагдсанаар 2017.06.25-ны өдрийн 19 цаг 37 минутанд Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Алтангэрэлийн асууж авсан тайлбар дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улаан өнгийн “Хүлэг-150” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан болох нь Харгана овгийн Жалсангийн Дугарзундуйгийн өөрийнх нь өгсөн тайлбарт тусгагдсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй үедээ мотоцикл жолоодож, замын хөдөлгөөнд мотоцикл жолоодсоны улмаас осол гарах шалтгаан гэж үзэх үндэслэлтэй байна. 4.Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн бүртгэлийн ТPS сан болон Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас холбогдогч ЖЛ56102417 регистрийн дугаартай, Харгана овогт Жалсангийн Дугарзундуйгийн жолоочийн лавлагаа авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь тогтоогдож байна.” гэжээ. /хх-ийн 66/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/

-Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Хүлэг-150” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32/

-Гэрч Г.Туулын мэдүүлэг /хх-ийн 45-46/

-Гэрч Д.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 47-48/

-Гэрч Д.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-ийн 49-50/

-Гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-ийн 51-52/

-Гэрч Б.Доржийн мэдүүлэг /хх-ийн 55-56/

-Гэрч Б.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 57-58/

-Гэрч И.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 59/

-Шүүгдэгч Ж.Дугарзундуйгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-76/

-Цагаан-Овоо сумын Засаг даргын захирамж /хх-ийн 98/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай, ач холбогдолтой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ж.Дугарзундуй нь согтуугаар 2017 оны 5 сарын 10-ны орой 18 цагийн орчим улаан өнгийн “Хүлэг-150” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Чандмань цагаан нуур” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн 2.1.б-д заасан “тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, мөн дүрмийн 2.3.в-д заасан “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй  зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2.2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.2-д заасан “жолоооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож улмаар хохирогч С.Жамсран нь унаж биедээ хүзүүний 7, сээрний 1 дүгээр нугаламын их биений хугарал, мултарснаас нугас гэмтэн саа үүсэн уушги хавагнаж нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ж.Дугарзундуйгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид хоёр Цагаан-Овоо сумаас урагш гараад 20 гаран км зайд “Чандмань цагаан нуур” гэх газрын урд талд явж байтал Жамсран зогсоорой замын юм өргөнө гэхээр нь зогссон чинь Жамсран цүнхнээсээ 1 шил 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи гаргаж ирэхээр нь тэр архийг бид хоёр хувааж ууж дуусгаад цааш явах гэсэн боловч бид хоёр нэлээн согтоод явж чадахааргүй болохоор нь бид ярилцаж байгаад буцаад Цагаан-Овоо сум руу явахаар болоод тэндээсээ хойшоо хөдлөөд 2-3 орчим км зайд явж байтал мотоцикл маань муригнаад бид хоёр унасан. Би унасан даруйдаа босоод харсан чинь С.Жамсрангийн бие нь муудаад босч чадахгүй, юм ярихгүй хэвтээд байсан. Тухайн үед би Жамсранг архиндаа согтоод байна гэж бодсон. Ингээд би Жамсранг арай гэж өргөөд мотоцикл дээрээ суулгаж, ар талаасаа сайн тэврүүлж явсаар байгаад орой 19 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадаа ирэхэд манай охин Батцэцэг эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76/, түүнийг давхар нотолсон  хохирогчийн төлөөлөгч Б.Оюуны өгсөн “...Жамсран ах мотоциклоос унаад бие нь муу сумын эмнэлэгт хүргэгдэж ирээд байж байна” гэж хэлсэн байсан. Тэгээд би Жамсранг аймаг руу эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэдгийг мэдээд нөхөр Доржийн хамтаар хэрэг болсон гэх өдрөөс 2-3 хоногийн дараа аймгийн төв рүү очиж Жамсрантай уулзахад Жамсрангийн бие нь муу, хэвтрийн дэглэмтэй, хүзүү нь хавдсан, хоол унд идэж чадахгүй байдалтай “хүзүү маань өвдөөд байна” гэж хэлж байсан. Тэгээд Дорж бид хоёр хэд хоногийн дараа Жамсранг аваад Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд Жамсрангийн хүзүү нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд Жамсрангийн хүүхдүүд нь аавыгаа хагалгаанд оруулсан удаагүй Жамсран нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, гэрч Г.Туул, Д.Алтанчимэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 8 сарын 02-ны өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 1106 тоот дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Хүлэг-150” маркийн улсын  дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Дугарзундуйгийн үйлдсэн хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 5 сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Иймд шүүгдэгч Ж.Дугарзундуйд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, үйлдсэн хэрэг нь бүрэн нотлогдсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Ж.Дугарзундуйн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Б.Оюун, гэрч Г.Туул, Д.Алтанчимэг, Б.Пүрэвдорж нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 1106 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 8 сарын 02-ны өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Дугарзундуй нь хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Шүүгдэгч Ж.Дугарзундуй нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчийн санал зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн эзэмшлээс улаан өнгийн Хүлэг -150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, 5х6 хэмжээтэй байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 28, 2017 оны 7 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Дугарзундуйгийн ЖК92012216 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хүлэг -150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, 5х6 хэмжээтэй байшин зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Дугарзундуйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Харгана овогт Жалсангийн Дугарзундуйг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Жалсангийн Дугарзундуйн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасч,  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Дугарзундуйд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.Дугарзундуйд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс улаан өнгийн Хүлэг -150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, 5х6 хэмжээтэй байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 20017 оны 6 сарын 28, 2017 оны 7 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Дугарзундуйгийн ЖК92012216 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хүлэг -150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, 5х6 хэмжээтэй байшин зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Дугарзундуйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгч нар нь тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР