Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2023/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Л.Б, гуравдагч этгээд А.Т нарын хоорондын эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага: 1.1. Дүгнэлт гаргагч Б.Г нь тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд: 2.1. Говь-Алтай аймгийн Автотээврийн  хяналтын улсын байцаагч Л.Б нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны  өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсаар А.Тд  Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу  50000  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2.Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Говь-Алтай аймгийн Прокурорын  газар  2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч бүртгэж,   2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хянасан байна.

2.3. Прокуророос дээрх материалыг хянан үзээд  Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Автотээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Л.Бийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 43 дугаар прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Тус аймгийн Автотээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Л.Б нь “...А.Т нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Автотээврийн төвийн хяналтын үзлэгийн грашийн хаалга таглаж, зогсоод байцаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй...” гэх 008 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч А.Тд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ......... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А.Тын холбогдогчоор өгсөн мэдүүлэг, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон бусад нотлох баримтууд материалд цугларчээ.

Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд А.Т нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Автотээврийн төвийн хяналтын үзлэгийн грашийн хаалга машинаараа таглаж зогссон үйл баримт тогтоогдож байна. Харин улсын байцаагчийн тавьсан шаардлага эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба А.Тын дээрх үйлдэлд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 50.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг хуулийн зохицуулалт нь Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан зөрчил үйлдсэн тохиолдолд оногдуулах хуулийн зохицуулалт юм. Материалд цугларсан баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шаардлага тавьсан, холбогдогч А.Т тавьсан шаардлагыг нь хэрхэн эсэргүүцсэн зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй ба Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Харин А.Тын үйлдлийг хуулиар биш байгууллагын дотоод дүрэм, журмаараа зохицуулалт боломжтой гэж дүгнэж байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үндэслэлгүй оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Автотээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Л.Бийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

3.2 Харин ******* Б.Гийг ээлжийн амралттай байх хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/349 дугаар албан бичгээр томилогдсон хяналтын прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

        Хариуцагч Л.Б сая бас тайлбарлаж байх шиг байна. Байгууллагын хашаанд техникийн үзлэгт орж байгаа тээврийн хэрэгслүүд нь байж байгаа. Тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулаад явдаг гэдгийг сая тайлбартаа дурдсан. Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсаны дагуу тухайн тээврийн хэрэгслүүдийг нааш цааш нь болгох асуудал бол зохицуулагдсан байна гэдэг нь харагдаж байгаа.

Үйлдсэн зөрчил нь бол зөрчлийн шинжийг агуулахгүй байна. Энэ бол зөвхөн иргэд хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудал байсан учраас зохицуулах боломж нь тухайн байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу зохицуулах боломжтой байсан гэв.    

  3.3. Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр техникийн хяналтын үзлэг орж байсан. Тухайн өдөр үзлэгт орж буй тээврийн хэрэгсэл их, очер дараалал үүссэн байсан.

Өөрийн чиг үүргийн хүрээнд хяналт тавьж зохицуулж байсан боловч ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хяналтын үзлэгийн гражийн хаалга таглаж зогсоод машин орж гарч болохгүй үзлэгт орж байсан жолооч нь очер дайрлаа гэсэн бухимдалтай байсан учир тухайн тээврийн хэрэгслийн жолооч А.Т дээр очиж ажлын үнэмлэхээ үзүүлж өөрийгөө танилцуулж машинаа холдуул оочерлож байгаад үзлэгтэй ор гэхэд өөдөөс хэрэлдэж уурлаад машинаа холдуулахгүй байхаар нь бичиг баримтаа шалгуул гэхэд гаргаж өгөхгүй би яахаараа бичиг баримтаа шалгуулах юм гээд өөдөөс хэрэлдээд байсан.

Зөрчлийн тухай хуулиар байцаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй гэж арга хэмжээ авна гээд хуулийн зүйл заалт танилцуулахад торго торго гэсэн. Тэнд очерлож байсан жолооч нар бухимдалтай байсан учир шийтгэл ноогдуулсан.  Би холбогдогчоос мэдүүлэг авахдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрч байна гэсэн болохоор нь мэдүүлгээ дуусгасан.

Тухайн мэдүүлэг дээрээ сайн асууж хэрэлдэснийг нь хүртэл бичих байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ бид нарын эрх хэмжээнд олгоод хуульчлаад өгсөн хуулийн заалтаар шийтгэл ногдуулсан байгаа.  Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оноос дагаж мөрдөгддсөнөөс хойш тухайн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэл оногдуулж шийдвэрлээд прокурорт хянуулаад явдаг байсан. Гэхдээ Прокурор Б.Гийн дүгнэлтэд дурдсаны дагуу цаашид байцаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй гэдгээ өшөө сайн нотолж мэдүүлгээ сайн авч шийтгэл оногдуулмаар юм байна.

Мөн прокурорын дүгнэлтэд дотоод дүрэм, журамаараа зохицуулах боломжтой гэсэн байх боловч байгууллагын дотоод дүрэм, журамд энэ талаар зохицуулах ямарч зохицуулалт байхгүй. Тухайн өдөр очерлож байсан жолооч нар гаражийн хаалга таглаж тавиад очер дайрч байна, зохицуулалт хий гэж бухимдсан. Би тухайн өдөр мөн мэргэшсэн жолоочийн шалгалт авч байсан юм. Тэгээд А.Тд машинаа холдуулаарай гэж хэлээд шалгалт авч байсан тул ажилруугаа орсон. Гэтэл манай инженер орж ирээд энэ машины эзэн нь байна уу? машинаа авахгүй алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад хартал А.Т нь машинаа орхиод “Таван богд” супер маркет ороод ирлээ гээд хүрээд ирсэн. Тэгээд маргалдсан.

 Чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг. Үүнд автотээврийн үйлчилгээнд мөрдөж буй хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг гаргуулах гэж ажлын байрны ерөнхий зорилго дээрээ байж байдаг. Үндсэн зорилт дээр Автотээврийн салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн акт, стандарт, дүрэм, журмын шийдвэрлэлтэд хяналт тавих гэсэн чиг үүргүүд байдаг. Мөн улс, хот хооронд ачаа тээвэр, зорчигч тээвэрлэх, жуулчин тээврийн үйлчилгээ болон техникийн хяналтын үзлэг, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаанд төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх гэсэн чиг үүрэгтэй гэв.   

3.3. Гуравдагч этгээд А.Т шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие А овогтой Т нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотруу явах гэтэл үзлэгийн хугацаа дууссан байсан. ........... улсын дугаартай машинаа үзлэгт оруулах гээд Автотээвэр дээр очсон. Тухай үед очер ихтэй машин тавих зай муу байсан тул гялс даатгал хийлгээд удахгүй байх гээд шууд үзлэгийн грашийн хаалга хааж машинаа тавьсан. Гэтэл байцаагч нь ирж машинаа холдуул үзлэгт орох машин хааж тавьлаа гэхэд нь би жаахан бухимдалтай яаарч явсан учир удахгүй гарчина сүртэйн гээд жаахан ууралцан.  Намайг бичиг баримтаа гэхэд нь би өгөөгүй, учир нь  миний машин жил гаран үзлэгт оруулаагүй байсан тул бичиг баримтаа гэхэд нь шалгуулаагүй. Тэгээд намайг байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлага биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно гээд хууль уншиж танилцуулсан. Би үзлэгт 1 жил ороогүй өнжсөн байсан учир хааштаа торгуулах байх гэж бодоод тэг тэг гэцэн.  Тэр өдөр ийм л зүйл болсон. Гэхдээ би торгуулийг нь хүлээн зөвшөөрөөд дор нь төлсөн. Би Улаанбаатар хотод ажилтай байдаг надаас шалтгаалах юм байхгүй бол шүүхэд дахин дахин хэрэг хийцэн хүн шиг дуудагдах хэцүү байна.  Би энэ маргаанд оролцохгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдээс ирүүлсэн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 43 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн  А.Тд  50000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

3.  Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

4. Хавтаст хэргийн материалд “2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, торгуулийн 50000 төгрөгийг төрийн санд тушаасан баримт,  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .........  дугаар шийтгэлийн хуудас, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, ........... автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, фото зураг” гэсэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал нотлох баримтаар авагдсан байна.

5. Автотээврийн тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 22 дугаар зүйлийн 22.1.1-т “энэ хуулийн 21-д заасан чиглэлийн дагуу хяналт, шалгалт хийж захиргааны хяналтыг хэрэгжүүлэх”, 22.1.3-т “хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ автотээврийн хэрэгслийг түр зогсоож шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн автотээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, талон, тээвэрлэлтийн баримт бичгийг уг зөрчлийг шийдвэрлэж дуустал түр хураах” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах”, 21.1.2-т “автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах” зэрэг чиг үүргийг автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлж ажиллахаар заасан.

6. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Автотээврийн төвд  автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийгдэж байсан байх бөгөөд техникийн хяналтын үзлэгт оруулахаар автотээврийн хэрэгсэл очер дараалал ихтэй байхад ........... улсын дугаартай автотээврийн хэрэгсэл тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийн хаалга хааж таглаж зогссон, тээврийн хэрэгсэл орж гарах хөдөлгөөнийг хааж, үзлэгт оруулах гэж дараалал үүсгэсэн тээврийн хэрэгслийн жолооч нар бухимдал үүссэн зэрэг нөхцөл байдал байсан байна. Автотээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан тухайн нөхцөл байдлыг зохицуулах үүднээс уг тээврийн хэрэгслийн жолооч А.Тд машинаа холдуулах талаар шаардлага тавихад өөдөөс нь уурлаж маргаан үүсгэсэн бөгөөд бичиг баримтыг нь шалгах гэхэд бичиг баримтаа өгөхгүй тавьсан шаардлагыг эсэргүүцсэн талаар хариуцагч болон холбогдогч А.Т “...би жаахан яараад гялс орох санаатай жоохон гүрийсэн юм ...зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,  шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...тухай үед очер ихтэй машин тавих зай муу байсан тул гялс даатгал хийлгээд удахгүй байх гээд шууд үзлэгийн грашийн хаалга хааж машинаа тавьсан. Гэтэл байцаагч нь ирж машинаа холдуул үзлэгт орох машин хааж тавьлаа гэхэд нь би жаахан бухимдалтай яаарч явсан учир удахгүй гарчина сүртэйн гээд жаахан ууралцан. Намайг бичиг баримтаа гэхэд нь би өгөөгүй, учир нь  миний машин жил гаран үзлэгт оруулаагүй байсан тул бичиг баримтаа гэхэд нь шалгуулаагүй...” гэсэн тайлбар мэдүүлгийг гаргасан байна.

7. Тухайн нөхцөл байдалд автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн гарах замыг таглаж тээврийн хэрэгслээ байршуулсан үйлдэл нь зөрчил гэж шууд тодорхойлох боломжгүй, харин тухайн нөхцөл байдалд зохицуулалт хийж байсан эрх бүхий албан тушаалтны тээврийн хэрэгслээ холдуулах талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэрүүл маргаан үүсгэсэн нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу  Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Зүй нь холбогдогч А.Т техникийн хяналтын үзлэгийн гарцыг хааж тавьсан, холдуулах талаар шаардлага тавихад маргаан үүсгэхийн оронд тавьсан шаардлагыг биелүүлж автотээврийн хэрэгслийг даруй холдуулсан бол тухайн зөрчил үйлдэгдэх нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой юм.

8. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 7.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь хэсгийн 8-т заасны дагуу автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .........  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ЗОЛБАДРАХ