Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/96

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч Б.Л,

иргэний хариуцагч Т.Б-ийн өмгөөлөгч Х.Гантулга,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Д-д холбогдох 1806 08830 0532 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Г-ын Д, 1967 оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ЗЗГ” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 3, нөхөр, охины хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг эдэлж байгаа;

Г.Д нь:                                                                             

1. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... хотхоны ...тоот орон сууцыг иргэн В.Э-д өөрийн байр мэтээр ойлгуулж, байрны урьдчилгаа өг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 503ххххххх дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2. Хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан иргэн Ж.Ц-д “ПГС” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлэх “Зуунмод хотхон” төсөлд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 24.000.000 төгрөгийн,

3. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажууд байрлах Хаан банкны салбар дотор иргэн Ж.А-д Монгол Улсын Их Сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 10.700.000 төгрөгийн,

4. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 96 дугаар байрны 1 давхарт хуурамч гэрээ ашиглан хамтран ажиллана, хөрөнгө оруулалтын шимтгэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.О-оос 30.000.000 төгрөгийг,

5. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан Сондор хотхонд “П” ХХК-ийн захирал Б.Л-тэй 340 тонн арматур нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан улмаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Манайх арматураа БНХАУ-аас таталт хийдэг тул танайх мөнгөө хийсний дараа манайх бараагаа нийлүүлнэ” гэж хуурч, урьдчилгаа төлбөр гэж өөрийн Хаан банкны 503ххххххх тоот дансаар 162.500.000 төгрөгийг,

6. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн авто зогсоол дээр М.Н-д өөрийнхөө нэр дээр банкнаас зээл гаргуулж өгнө гэж хуурч 5.080.000 төгрөгийг,

7. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Э.А-д Олимп хотхонд байр авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Э.А нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 10.000.000 төгрөгийг Г.Д-ийн Хаан банкны 503ххххххх дугаарын дансанд шилжүүлж залилсан буюу бусдад нийт 260.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогтой Г-ын Д-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Г.Д-ийн цагдан хоригдсон 584 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Д-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт түүний биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-ээс нийт 229.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-д 4.200.000 төгрөг, хохирогч В.Э-ад 18.480.000 төгрөг, хохирогч Ц.А-од 24.000.000 төгрөг, хохирогч Т.О-д 30.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 137.500.000 төгрөг, хохирогч М.Н-ад 5.080.000 төгрөг, хохирогч Э.А-д 10.000.000 төгрөгийг тус тус олгохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Т.Б-оос 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Л-д олгохоор,

иргэний хариуцагч Т.Б- нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч Т.Б- давж заалдах гомдолдоо: “...Би Г.Д-ээс нийт 42.500.000 төгрөгийн авлагатай. Г.Д нь 2017 оны 3 дугаар сараас 7 дугаар сарын хооронд бэлэн мөнгө болон дансаар Пан гэдэг хөрөнгө оруулагч хятаддаа өгнө гэж 5 сая төгрөг, гаалийн мөнгө гэж 5 сая төгрөг, “Надад хэрэгтэй байна” гэж бэлнээр 1 сая төгрөг, бензиний мөнгө гэж 300.000 төгрөг, 3 удаа нийт 900.000 төгрөг, хөрөнгө оруулагч хятадууд ирсэн гээд машин хөлслүүлж 3 хоног 900.000 төгрөг, энэ мэтчилэнгээр 16.500.000 төгрөг бэлэн болон бэлэн бусаар авсан. Мөн “Нийслэлийн дахин төлөвлөлтийн ажил хөөцөлд. Өөрөөсөө зардлаа гаргаад хөөцөлдөж бай. Ажлын зардал 50 сая төгрөг гарна. Тэрийг нь би удахгүй өгнө. Хөрөнгө оруулагч нар ирсэн” гээд энэ ажлыг 26 сая төгрөгийн зардал гарган хөөцөлдүүлсэн. Тухайн дахин төлөвлөлтийн ажил 100 хувь бүтсэн ч Г.Д нь хуурамч хөрөнгө оруулалтын бичиг баримт бүрдүүлж өгснөөс болж ажил зогссон. Энэ залилан мэхэлсэн үйлдлээс болж би өөрөө нэр хүнд, мөнгө, цаг хугацаагаар хохирсон. Миний багын найз О.Б- 162 сая төгрөгөөр хохироод байна. Г.Д 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр миний Хаан банкны 509ххххххх тоот дансанд 25 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгийг 42.500.000 төгрөгөөсөө хасаж тооцоод, үлдэгдэл 17.500.000 төгрөгийн авлага үлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б- бид хоёрын дунд өглөг, авлага байхгүй. Т.Б- хохирогч Б.Л-гийн шилжүүлсэн мөнгөнөөс “Би зүгээр зуучилж өгч байгаа юм. Намайг зуучлалын мөнгө аваарай гэсэн” гээд 25.000.000 төгрөг авсан. Би Б.Л-гээс мөнгө орж ирсэн өдөр нь 25.000.000 төгрөгийг Т.Б-ийн данс руу шилжүүлсэн. Т.Б-оор ажил хөөцөлдүүлчихээд мөнгийг нь өгөөгүй гэсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Нэгэнт ял авсан учраас ялаа эдэлж дуусаад хохирогч нарын хохирол мөнгийг өөрөө төлнө гэж бодож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хоригдож байгаа учраас биеийн эрүүл мэндийн байдал муудсан, хурдан ялаа эдэлж дуусаад хохирлыг барагдуулна...” гэв.

Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Б-т 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогддог. Шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэ хэрэг өмнө шийдвэрлэгдсэн хэрэгтэй хамт шалгагдах ёстой байсан боловч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанаас болж сүүлд нэмж шалгагдсанаас болж ялын байдал хүндэрсэн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн ялын хэмжээ эдлээгүй үлдсэн ялын хэмжээнээс их буюу эдлээгүй үлдсэн 5 жил 6 сарын ялыг нэмж нэгтгэхдээ ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялаар шийтгэж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Энхбуйртай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Иргэний хариуцагч Т.Б-ийн өмгөөлөгч Х.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай тогтоолоор иргэний хариуцагч нь ямар этгээд байх ёстой вэ гэдгийг тайлбарласан. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч хуулийн этгээд, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн эзэмшигч, Иргэний хуулийн 500, 501, 502, 512 дугаар зүйлүүдэд зааснаар иргэн, хуулийн этгээд байхаар хуульчилж өгсөн. Т.Б- нь Г.Д-тэй урьд нь хамтран ажиллах гэрээтэй, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан баримтууд нь хэрэгт авагдсан. Гагцхүү Хятад хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэхэд Т.Б-ийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө гаргасан. Уг хөрөнгийг гаргахдаа Г.Д-ийн зааврын дагуу тэдгээр хүмүүсийг хоолонд оруулах, Монгол Улсад байх орон байраар хангах гэх мэт зохион байгуулалтыг Т.Б- хариуцсан. Энэ гаргасан зардлууд нь 25.000.000 төгрөгөөр зогсохгүй 42.500.000 төгрөг болсон. Уг мөнгийг Г.Д-ээс гаргах үндэслэлтэй байдаг. Энэ мөнгөндөө тооцож 25.000.000 төгрөгийг авсан гэх тайлбарыг хэлдэг. Мөн Б.Л- хохирогчоос нийтдээ 162.500.000 төгрөгийг авснаас 25.000.000 төгрөгийг Т.Б- өгсөн. Мөн адил Хятад улсын иргэн С гэх хүнд 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Т.Б-ийг иргэний хариуцагч мөн гэж үзэж байгаа бол мөн адил С гэх этгээдийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Шүүх, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй учраас Т.Б-ийг иргэний хариуцагчаар татсан асуудлыг давж заалдах шатны шүүх хянаж үзээд чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Д миний өгсөн мөнгөнөөс Т.Б- гэх хүнд шагнал, урамшууллын мөнгө өгсөн нь тодорхой байна. Т.Б-, Г.Д нар нь ажил нь бүтэхгүй болохыг мэдсээр байж миний мөнгийг үрсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Г.Д-ээс “Т.Б- надаас шагнал мэтээр авчихсан” гэж мэдүүлээд байхад Т.Б- нь өөр зүйл ярьдаг. Т.Б- өөрийнхөө хэлсэн зүйлийг нотолж чаддаггүй. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хавтас хэрэгт авагдсан Т.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч О.Б-гийн мэдүүлэг, шүүгдэгч Г.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч Б.Л-гээс авсан 162.500.000 төгрөгөөс шүүгдэгч Г.Д нь Т.Б-т 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан. Гэтэл Т.Б-т очсон 25.000.000 төгрөгийн эх сурвалж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Л-гийнх болох нь нотлогдож, тогтоогдсон тул Т.Б- нь 25.000.000 төгрөгийн хохирлын асуудлыг хариуцах нь зөв. Т.Б-оос 25.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны ... тоот орон сууцыг иргэн В.Э-ад өөрийн байр мэтээр ойлгуулж, “Байрны урьдчилгаа өг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 503ххххххх дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч В.Э-ын: “...2017 оны 10 дугаар сард эхний долоо хоногт манай эгчийн найз Содбаатар над руу залгаад “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны “Консул товер” гээд хотхонд хямдхан 2 өрөө байр зарна. Миний таньдаг, 10 жилийн нэг ангийн эмэгтэй байгаа” гэсэн. Тэгээд намайг “Г.Д гэдэг хүүхэнтэй холбогд” гээд 9986хххх гэсэн дугаар өгөхөөр нь би тэр даруйд нь залгасан чинь “Байр байгаа очоод үз” гэсэн. ...Тэгээд үзээд Г.Д гэх хүүхэн рүү залгаад “Урьдчилгаа хэдэн төгрөг өгөх вэ. Байраа хэдэн төгрөгөөр зарах вэ” гэсэн чинь “Би байраа 97 саяар зарна. Одоо 20 хувь болох 18.480.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих” гэсэн. Тэгэхээр нь би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.Д гэх хүүхэнтэй уулзаад Хаан банкны 503ххххххх дансыг аваад 18.480.000 төгрөгөө “Жоби 72” Хаан банк гэсэн газраас өөрийн 507ххххххх данснаас шилжүүлсэн. Тэгсэн чинь Г.Д “2017 оны 10 дугаар сарын 25 гэхэд чиний зээлийг бүтээгээд байранд чинь шууд оруулна” гэсэн. Тэрнээс хойш залгаж асуухаар “2018 оны 3 сар хүртэл чиний банкны зээл бүтэхгүй байна” гэж хариу хэлдэг байсан. “Мөнгөө авъя” гэхээр “Мөнгө чинь банкны дансанд байршсан байгаа болохоор болохгүй байна” гээд байдаг байсан. ...” /1хх 25-27/,

гэрч В.Т-ийн: “...В.Э-ыг Солонгос руу эмчилгээнд явсан хойно нь худалдан авах гэж байгаа байранд очиход өөр айл орсон байсан. ...Г.Д-тэй цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзахад “Мөнгийг чинь эргүүлэн өгнө” гэж хэлж байсан. ...” /1хх 29-30/,

гэрч Н.Б-ийн: “...Манай компани Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ... дүгээр байрны “Консул товер” гэх орон сууцыг бариулсан. Тус орон сууцны 2 дугаар орц ... тоот 49,51 м.кв 2 өрөө байрыг худалдан авахаар Г-ын Д гэх эмэгтэй 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай компанитай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 11.532.500 төгрөгөө огт төлөөгүй. Тэгээд төлөхгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн шаардлагын улмаас өөрийн дүү Б.М-ийн нэр дээр гэрээгээ шилжүүлэх хэрэгтэй байна” гээд хүсэлт гаргасан учир гэрээг цуцалж, Б.М гэх хүнтэй шинэчлэн гэрээг байгуулсан боловч сураггүй алга болсон. Иймд манай компани уг хүмүүстэй байгуулсан гэрээгээ цуцалсан гэж үзээд тус оныхоо 11 сард уг байрыг дараагийн худалдан авагчдаа борлуулсан. ...” /1хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

В.Э-ын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18.480.000 төгрөгийг В.Д-ийн 503ххххххх дугаартай дансанд шилжүүлсэн баримтын хуулбар /1хх 28/,

Хаан банкнаас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн Г.Д-ийн 503ххххххх дугаартай дансны хуулга /1хх 92-95/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан иргэн Ж.Ц-д “ПГС” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлэх “Зуунмод хотхон” төсөлд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Ц-ийн: “...“Хөрөнгө оруулалт хийнэ” гэх зарын дагуу манай хүү Ц.А- 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г.Д-тэй уулзаж Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжих 360.000 айлын орон сууцны төсөл дээр хамтран ажиллах хүн хайж байгаа талаараа хэлтэл Г.Д “Хөрөнгө оруулъя” гэж хэлсэн байсан. Г.Д “Хөрөнгө оруулалт бэлэн байна, гол нь 200-300 сая төгрөгийн хооронд барьцаа гаргаж өг.” гэж хэлсэн талаар Ц.А- надад хэлсэн. Би дээрх нөхцөл байдлыг сонсоод Ц.А-ын хамт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Г.Д-ийн оффис дээр нь очиж уулзаад “20-30 сая төгрөгийн барьцаа гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр гарын үсэг зурцгаасан. Гэрээний төслийн баталгаа болгож 20.000.000 төгрөгийг Г.Д-д өгөхөөр болсон. Тухайн өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгачдын талбайн автомашины зогсоол дээр хүү Ц.А- бэлнээр 20.000.000 төгрөг авч ирээд бид хоёр Г.Д-д өгсөн. Түүний дараа “Орчуулга хийх хэрэгтэй байна” гээд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дахин Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, барилгачдын талбай дээр байрлах ресторанд бэлнээр 3.000.000 төгрөг хүү Ц.А- Г.Д-д өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Чингис хаан банкнаас Г.Д-ийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” / 1хх 226-230/,

хохирогч Ц.А-ын: “...Г.Д нь анхнаасаа намайг хуурахад С гэх хүнийг оролцуулсан байж магадгүй. С гэх хүнтэй 3 удаа уулзаж байсан бөгөөд 2018 оны 5 сараас хойш түүнтэй уулзаагүй. ...Пан гэдэг хүнийг ерөөсөө хараагүй. Г.Д түүний бичиг баримтын хуулбарыг үзүүлж байсан. ...” /4хх 238-239/,

гэрч Н.Т-ын: “...Би тухайн үед “ЗЗГ” ХХК-ийн дэд захирлын тушаалтай ажиллаж байсан. 2018 оны 3 дугаар сарын сүүлээр “Сувдан сондор” хотхоны ... байрны 1 давхарт байрлах “ЗЗГ”-ийн оффис дээр настай эмэгтэй, залуу эрэгтэй хоёр ирээд Г.Д-тэй уулзаж байсан. Тухайн үед би хажуу талын өрөөнд байж байсан. Тухайн өдрийн орой 20 цагийн үед Г.Д намайг өрөөндөө дуудаад “Төрийн банкны данс байна уу, хүмүүсээс мөнгө авах гэсэн юм, хамт яваад өгөөч” гэхээр нь би хамт барилгачдын талбайн урд талын Төрийн банк орсон. Гэтэл Г.Д-ийн өрөөнд байсан Ц.А- гэх залуу боодолтой мөнгө Г.Д-д бэлнээр өгсөн. Ж.Ц гэх хүн Ц.А-той хамт явж байсан. ...Пан гэх Хятад улсын иргэн байсан. Г.Д-тэй хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийнэ гэж гэрээ хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Пан гэх Хятад иргэн “ЗЗГ”-т барилгын ажил эхлүүлж хөрөнгө оруулсан асуудал байхгүй. ...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Г.Д-тэй уулзахад “Хууль зүйн яамны 1500 айлын орон сууц барих барилга барилга угсралтын ажил хийх компани хайж байгаа” гэж хэлж байсан. Би Г.Д-д өөрийн ажил болох “340 айлын орон сууцны төсөл дээр хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байгаа” гэж хэлтэл Г.Д “Би хүн олж өгье” гээд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг “ПГС” ХХК болон “ЗЗГ”-ийн хооронд 20 тэрбум төгрөгийн өртөгтэй байгуулсан. Тэгээд 20 тэрбум төгрөгийн баталгаа болгож 20.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Чиний өгсөн төслийг орчуулах хэрэгтэй байна” гээд 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Г.Д нь “Хятад хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн боловч хөрөнгө оруулалт байхгүй болж, сүүлдээ “Махны үйлдвэр Архангайд барьж байгаа” гэх зэргээр худлаа хэлээд сүүлдээ “Баталгаа болгож өгсөн мөнгөө авъя” гэхээр худлаа яриад алга болсон. ...” /1хх 231-232/ гэсэн мэдүүлгүүд,

ЗЗГ ХХК-ийг төлөөлж Г.Д, ПГС ХХК-ийг төлөөлж Ц.А- нарын хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18/01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” /2хх-6-13/ зэрэг зэрэг баримтуудаар,

  1. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажууд байрлах Хаан банкны салбар дотор иргэн Ж.А-д “Монгол Улсын их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 10.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч Ж.А-ийн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хаан банктай байрны 1 давхарт Г.Д нь надтай уулзаад “Хүүхдийн чинь ромбо дипломыг гаргуулаад сургуулийг нь төгсгөөд өгье” гэж хэлсэн. Би өөрийн нөхөр Ш.А-ийн Хаан банкны 531ххххххх дугаарын данснаас 10.000.000 төгрөг бэлнээр авч Г.Д-д өгсөн. Г.Д нь “6 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө гаргаж өгнө” гэсэн. ...Дараа нь “Яг одоо диплом бичүүлэх гэж байна” гэж хэлээд 500.000 төгрөг нэхсэн. Нөхөр бид 2 хамаатан болох А-ийн дансаар Г.Д-ийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 7 дугаар сарын 21-ний өдөр “Диплом бичихэд 200.000 төгрөг дутлаа” гээд бэлнээр авсан. ...Би “Мөнгөө авъя” гэхэд Г.Д миний нөхөр Ш.А-ийн данс руу 5.500.000 төгрөгийг шилжүүлээд “Удахгүй үлдсэн мөнгийг өгнө” гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. ...” /2хх 228-229/,

гэрч Ш.А-ийн: “...Цагдаад гомдол гаргасны дараа Г.Д нь 1.000.000 төгрөг өгсөн. Одоо 4.200.000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа. ...” /2хх 235/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Д-ээс хохирогч Ж.А-ийн нөхөр Ш.А-ийн данс руу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5.500.000 төгрөг, мөн сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх 16-17/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 96 дугаар байрны 1 давхарт хуурамч гэрээ ашиглан, хамтран ажиллана, хөрөнгө оруулалтын шимтгэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.О-гоос 30.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч Т.О-н: “...Би 2018 оны 3 сарын 01-ний өдөр өөрийн ажил дээрээ байж байтал миний танил Ц ах Г.Д гэх эмэгтэйг дагуулж ирсэн юм. “Энэ эмэгтэйд тус болооч Г.Д нь 100 айлын хуучин байшингуудыг буулгаад шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн бичиг баримтыг би хөөцөлдөөд авч чадахгүй байна. Чи уг асуудал дээр тус болооч” гэсэн. ...Тэгээд 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Г.Д нь манай өрөөнд хөрөнгө оруулалтын 2 төрлийн гэрээтэй ирсэн. Нэг нь барилгад 20 сая долларын хөрөнгө оруулна, нөгөөх нь уурхайд хөрөнгө оруулна гэсэн гэрээ байсан. ...Тухайн үед би гэрээнд нь итгэсэн юм. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Г.Д над руу утсаар яриад “Хөрөнгө оруулалтын мөнгө шилжүүлэх гадаад гуйвуулгын мөнгө хэрэгтэй байна. 40 сая төгрөг зээлээч” гэхээр нь би “Үгүй” гэж хэлчихээд орой нь залгаад “Би барьцаатай мөнгө зээлнэ” гэж хэлэхэд Г.Д нь “Болно. Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард 3 өрөө байр барьцаанд тавина” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Г.Д ирээд “Уг байр нь өөрөө барьцаанд байгаа юм байна. Надад өөр барьцаалах эд зүйлс байхгүй байна” гэж уйлаад, гуйгаад сууж байгаад гараад явсан. Тэгээд би шимтгэлийн мөнгийг нь орой тооцож үзээд, дээр нь зургийн мөнгө нэмээд “30 сая төгрөг зээлүүлье” гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 30 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлүүлсэн. ...Би хөрөнгө оруулагч талын төлөөлөл С-тэй уулзахад С нь манай байгууллагад 20 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээг огт хийгээгүй гэж хэлсэн. ...” /3хх 129-133/,

гэрч О.М-ийн: “...Г.Д-ийн “ЗЗГ”-ийн нэр дээр “Зуун айл” төвийн орчим орон сууц барих төсөл танилцуулсан ба хөрөнгө оруулалт Хятад улсын компаниас авна гэж хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлж, манай компанийг төслийн барилгын ажлыг гүйцэтгэж өгөх санал тавьсан. Манай компани хөрөнгө оруулалт хийгдэх юм бол хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Г.Д нь хөрөнгө оруулалт банкинд байршуулсан байгаа гэдэг агуулгатай хятад бичиг гар утас дээрээсээ үзүүлсэн. Манай захирал Т.О-той хувиараа уулзаж “Хөрөнгө оруулалтаа авах гэхээр бага зэргийн банкны шимтгэл төлөх шаардлагатай байна. Надад мөнгө зээлээч шимтгэлээ төлөх юм бол өнөөдөр маргаашгүй хөрөнгө оруулалт орох гээд байна” гээд захирлаас бэлнээр 42 сая төгрөг авсан. ...” /3хх 138-139/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Д хохирогч Т.О- нарын хооронд байгуулсан 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар /3хх 121-122/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Сондор” хотхонд “П” ХХК-ийн захирал Б.Л-тэй 340 тонн арматур нийлүүлэхээр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулан улмаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Манайх арматураа БНХАУ-аас таталт хийдэг тул танайх мөнгөө хийсний дараа манайх бараагаа нийлүүлнэ” гэж хуурч, урьдчилгаа төлбөр гэж өөрийн Хаан банкны 503ххххххх тоот дансаар 162.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Б.Л-гийн: “...Манай хүргэн ахын найз Т.Б- гэх хүнээр дамжуулан Г.Д гэх хүнтэй танилцаж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Сондор” хотхоны 1 давхарт “ЗЗГ” ХХК-ийн оффист 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж уулзахад Т.Б- болон Хятад талын төлөөлөгч С гэх Өвөрмонгол эрэгтэй, захирал Г.Д нар байсан. Би уулзаж барилгын арматурын төмөр буюу нийт 340 тонн арматурын төмөр авахаар тохирч, 50 хувьд нь 4 ширхэг байр, үлдсэн 50 хувьд нь бэлэн мөнгө өгөхөөр тохирч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “ЗЗГ” ХХК-ийн оффист гэрээгээ хийж тухайн өдрөө Г.Д захирлын Хаан банкны дансанд урьдчилгаа 162.500.000 төгрөгийг хийсэн. ...Үүнээс хойш манай компанид ямар ч арматурын төмөр буугаагүй байна...Ингээд би С гэх хүний талаар судалж үзэхэд Г.Д захиралтай огт хамаагүй хүн болж таарсан. ...” /4хх 35-42/,

иргэний хариуцагч Т.Б-ийн гэрчээр өгсөн: “...Би Б.Л-тэй 2018 оны 6 дугаар сард барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 1 орцтой, 12 давхар, 60 айлын орон сууц барихаар гэрээ хийсэн байсан. Тэр барилгын ажил гүйцэтгэх явцад барилгын арматур авах шаардлага гарсан. О.Б- надад “Өөрсдийн материал аваад байгаа хүнээ танилцуулаад өгөөч” гэсний дагуу би Г.Д-тэй О.Б-гийн дүү Б.Л-г танилцуулсан. Би дээрх хоёр хүнийг уулзуулсан болохоос хоорондоо ямар гэрээ хэлцэл хийж, ямар нөхцөлтэй тохирсон талаар мэдээгүй. ...” /4хх 53-55/,

гэрч О.Б-гийн өгсөн: “...2018 оны 4 сард би дүү Б.Л-тэй хамтарч орон сууц барихаар тохиролцсон байсан. 2018 оны 4 сарын сүүлээр багын найз Т.Б-той уулзаад “Найз нь барилга барих гэж байгаа” гэж ярьтал “Найзад нь арматурын төмөр нийлүүлдэг найдвартай хүн байгаа. Би чамд хөнгөлөлттэй үнээр арматурын төмөр олж өгье, би Дундговь, Зуун айлын төсөл дээр энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаа” гэсэн. ...Манай дүү Б.Л- “162.500.000 төгрөгийг шилжүүлсэн” гэж сүүлд ярьж байсан. Мөнгийг нь авахдаа Г.Д “7 хоногийн дараа арматур төмөр чинь ирнэ” гэж хэлсэн. ...”Удахгүй ирнэ” гэж худлаа яриад өнөөдрийг хүрсэн гэсэн. ...” /4хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Л-гээс шүүгдэгч Г.Д-ийн 503ххххххх дугаарын данс руу 162.500.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /3хх 238/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн авто зогсоол дээр М.Н-ад өөрийнхөө нэр дээр банкнаас зээл гаргуулж өгнө гэж хуурч 5.080.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч М.Н-ын:  “...Г.Д надад “Миний нэр дээр зээл ав. Би чамайг хамтран зээлдэгчээр оруулж мөнгө авч өгч тусалъя” гэсэн. Би тэр үгэнд нь итгээд тохиролцсон. Удалгүй над руу залгаад “Банкнаас зээл авч болох юм байна. Тэгэхдээ урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй байна. Чи урьдчилгаа гээд 5.000.000 төгрөг өгчих. Би зээлийг чинь аваад өгье” гэсэн. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн урд байрлах авто зогсоол дээр Г.Д-ийн машинд сууж 4.500.000 төгрөг бэлнээр, мөн 500.000 төгрөг 503ххххххх дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд Г.Д “Би бичиг баримтаа бүрдүүлээд чамайг дуудъя” гээд яваад өгсөн. ...Тэгээд хүлээж байгаад 4 хоногийн хугацаа нь болоод залгатал “Би Төрийн банкнаас зээлийн гэрээгээ батлуулах гэж байна. Тэгээд нотариат орох хэрэгтэй байна. Чи 250.000 төгрөг өгөх шаардлагатай байна” гэсэн. Надад тэр үед 80.000 төгрөг байсан болохоор би өмнө нь шилжүүлсэн данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд тэр өдрөөс хойш залгахаар “хуралтай байна” гээд надаас зугтаагаад байсан. ...” /4хх 155-156/,

Хаан банкны  560ххххххх дугаартай дансны хуулга /4хх 176/,

хохирогч М.Н, шүүгдэгч Г.Д нарын хооронд хийгдсэн хэлцэл /5хх 44/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Э.А-д Олимп хотхонд байр авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан болох нь:

хохирогч Э.А-ын: “...Г.Д “Олимп хотхоноос надад бартераар авсан байр байгаа. Та хоёр урьдчилгаа 10 сая төгрөг өгөөд манай компанийн нэр дээр хувь лизинг хийгээд, 10 жилийн хугацаанд сар бүр 700.000 төгрөг өгөөд авч болно. Их боломжийн байр байгаа юм” гэсэн. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эхнэр бид хоёр багшийн дээд дээр Г.Д-г дуудахад очиж уулзсан. Тэр үед Г.Д “нөгөө байр бүтчих юм шиг байна. Та хоёр өнөөдөр 10 сая төгрөгөө хийчих” гэж хэлсэн. Тэр өдрөө Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын “Оргил” худалдааны төвийн баруун талын “Хаан” банкнаас хугацаатай хадгаламжаа цуцлаад, тэр банкнаас 10 сая төгрөгийг Г.Д-ийн Хаан банкны 503ххххххх дугаарын данс руу шилжүүлсэн. ...Тэрнээс хойш Г.Д-тэй огт холбоогүй, сураггүй алга болсон. ...” /5хх 97-98/,

            гэрч Б.Э-ийн: “...2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.Д над руу залгаад “Би хотод ирчихсэн байна. Манай компани Олимп хотхонд 2 байр бартераар авчихлаа. Тэр байрыг танай 2 хүүхэд авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “Хоёр хүүхдэдээ үзүүлсэн нь дээр байх” гэж хэлээд хүү Э.А-д Г.Д-ийн утасны дугаарыг өгсөн. Манай хүү Э.А- эхнэртэйгээ хамт гэрт нь очиж уулзсан байсан. ...2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай бэр “Загварын байрыг нь очиж үзлээ. Их зүгээр байр байна. Сая мөнгийг нь шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Г.Д-тэй утсаар холбогдоход “Удахгүй байрны түлхүүрийг өгнө. Манай компани нөгөө компанитай гэрээгээ байгуулж гарын үсэг зурах гэж байна. Гэрээгээ байгуулж байрны түлхүүрийг аваад шууд танай хүүхдэд өгнө” гэж хэлсэн. ...” /5хх 104/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Э.А-ын шүүгдэгч Г.Д-ийн 503ххххххх дугаарын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /5хх 127/,

анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байна. ...” гэсэн мэдүүлэг /7хх 50/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Д-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, банкны дансны лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Г.Д нь шунахайн сэдэлтээр бусдыг “байр зарна, төсөлд хөрөнгө оруулалт хийнэ, их сургуулийн диплом гаргаж өгнө, хамтран ажиллана, бараа нийлүүлнэ, зээл өгнө, байр авч өгнө” гэх мэтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчдоос бэлнээр болон дансаар мөнгө авч, нийт 260.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилсан ба Г.Д нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг эдэлж байгаа бөгөөд эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, түүний нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 8 жил 6 сарын 27 хоногийн хугацаагаар тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Иргэний хариуцагч Т.Б- нь “Г.Д-ээс 42.500.000 төгрөгийн авлагатай, түүний шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг хасаж тооцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Б.Л- нь шүүгдэгч Г.Д-тэй байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 350 тонн арматур худалдах худалдан авах гэрээ /3хх 240-244/-ний дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 162.500.000 төгрөгийг Г.Д-ийн 503ххххххх дугаарын данс руу шилжүүлсэн /3хх 238/ байх бөгөөд шүүгдэгч Г.Д нь мөн өдөр 25.000.000 төгрөгийг иргэний хариуцагч Т.Б-ийн данс руу шилжүүлсэн /7хх 43/ болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан хохирогч Б.Л-гийн: “...Миний Г.Д-д өгсөн 162.500.000 төгрөгөөс манай хүргэн ах О.Б-гийн найз Т.Б- 25.000.000 төгрөг авсан байсан. Мөн Т.Б-ийн авсан барилгын хар хавтангийн үнэ 16.000.000 төгрөгийг Г.Д миний авсан мөнгөнөөс төлсөн байсан. Үүнийг Г.Д надад хэлсэн бөгөөд “Т.Б-т өгсөн 41 сая төгрөгийг буцаан авч өгнө” гэж хэлсэн. Т.Б- нь Г.Д-ээс авсан 41 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Одоо болохоор Т.Б- нь Г.Д-ээс авсан мөнгийг түүнээс авах ёстой авлага мэтээр ярьж байгаа. Г.Д нь “Т.Б-т ямар нэгэн өр төлбөр байхгүй” гэж хэлсэн. ...” /4хх 42/,

шүүгдэгч Г.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Б.Л- 162.500.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Б.Л- дансанд хийсний дараа Т.Б- болон С нар над руу утасдаж “Б.Л- данс руу мөнгө хийчихлээ. 25.000.000 төгрөг Т.Б-ийн данс руу нь хийгээд өгчих. Б.Л-г танилцуулж, Ажил олж өгсөн юм. ...” гэсэн. ...” /4хх 213/,

иргэний хариуцагч Т.Б-ийн гэрчээр өгсөн: “...Г.Д манай “ГГЧ” ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрлийг ашиглаж 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дээр дахин төлөвлөлтийн тендерт орсон. Г.Д амаар тохиролцсон ажлын хөлсөнд 50 сая төгрөг өгөх ёстой байснаас бэлэн 25 сая төгрөг өгсөн. ...” /4хх 242-243/ гэсэн нотлох баримтуудаар Т.Б- нь Г.Д-ээс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 25.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр Т.Б- нь Г.Д-ээс авах 42.500.000 төгрөгийн авлагаасаа хасаж тооцсон гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн, давж заалдах гомдолдоо дурдсанаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажил хөөцөлдөхөд ашигласан гэх бензин, хоол худалдаж авсан 19 ширхэг баримтыг гаргаж өгсөн байх боловч эдгээрийг Г.Д-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг шүүгчийн захирамжаар иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор заасны дагуу анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/2609 дугаартай захирамжаар Т.Б-ийг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүх Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 510 дуугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Т.Б-оос 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Л-д олгохоор, иргэний хариуцагч Т.Б- нь гэм буруутай этгээд /шүүгдэгч Г.Д/-ээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь хуульд нийцсэн байх бөгөөд иргэний хариуцагч нь уг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт гаргахгүй болно.

Шүүгдэгч Г.Д нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Шүүхий шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байхдаа Улсын Ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандаж “...гурван тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж эрх зүйн байдлыг дордуулсан тул хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий хүсэлтүүдийг тус тус гаргасан нь хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянахад Г.Д-г эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх баримт, материал хэрэгт авагдаагүй, энэ талаарх шүүгдэгчийн хүсэлт үндэслэлгүй болохыг дурдаж байна.

Иймд, давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ