Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2023/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Дүгнэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г

           Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* татварын улсын байцаагч О.С, гуравдагч этгээд Я.Г нарын хооронд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч О.С /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

           1.1. Дүгнэлт гаргагч Б.Г аймгийн ******* татварын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

           2.1. Говь-Алтай аймгийн ******* татварын улсын байцаагч О.С нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсаар Я.Гийг  Төлбөрийн баримт олгоогүй, баталгаажуулаагүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7-д  заасны дагуу  150000  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

           2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Говь-Алтай аймгийн Прокурорын  газар  2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч бүртгэсэн бөгөөд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хянасан байна.

           2.3. Прокуророос дээрх материалыг хянан үзээд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.Сын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 37 дугаар прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.С нь Төлбөрийн баримт баталгаажуулаагүй гэх 17/021 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Я.Гт 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ........ дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,  2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Я.Гийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Д.Сийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Сээс Татварын удирдлагын нэгдсэн санд ирүүлсэн гомдол, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудас болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хянахад хохирогч Д.С 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр холбогдогч Я.Гийн шатахуун түгээх станцаас 228.000 төгрөгийн худалдан авалт хийгээд баримт баталгаажуулаагүй болохоор нь шууд гомдол гаргасан гэх мэдүүлэг, холбогдогч Я.Гийн 2023 оны 02 дугаар сарын 24-ий өдөр 228000 төгрөгийн худалдан авалт хийсэн хүн байгаа. Поссоор төлбөрийн баримт олгосон. Би тухайн үед хөдөө явсан тул ирээд баталгаажуулсан. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш баталгаажуулсан байх гэх мэдүүлгүүдээс үзэхэд холбогдогч төлбөрийн баримтыг 3 хоногийн дотор татварын нэгдсэн системд илгээсэн эсэх нь тодорхойгүй байна. ХХ-ийн 10 дугаар хуудсанд Я овогтой Г баталгаажуулсан гэх ТУНС-ын баримт байх боловч цаг хугацааны хувьд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэж бүртгэгдсэн байгаа нь дээрх зөрчлийн хувьд нотлох баримт болох боломжгүй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан 2023 оны 03 дугар сарын 14-ний өдөр ........ дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсэгт 11.19 дүгээр зүйлд гэж Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн зэрэг зөрчлүүд нь эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.Сын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

             3.2 Харин ******* Б.Гийг ээлжийн амралттай байх хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/349 дугаар албан бичгээр томилогдсон хяналтын прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

            Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хохирогч болон холбогдогч нараас мэдүүлэг авахдаа цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлаар мэдүүлэг авсан байна. Энэ байдал нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн хэргийн материалд авагдсан байна. Мөн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас бол тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эцсийн шийдвэр байдаг. Гэтэл хуульд байхгүй зүйл, заалт буюу 11-19 гэдэг байдлаар хуулийн зүйл, заалтыг бичсэн нөхцөл байдал харагдаж байна. Иймд прокурорын дүгнэлтийн дагуу эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтээ дэмжиж байна гэв.

            3.3. Хариуцагч О.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би татварын нэгдсэн системийн программаа шүүгээд үзэхэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цаг 33 минут 43 секундэд Я.Г нь 228.000 төгрөгийн түлшний баримт өгсөн байдаг. Энэ баримт нь болохоор 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр программдаа шивсэн. Шивээд болохгүй болохоор нь маргааш нь шууд гомдол гаргасан байдаг. Тэгэхээр энэ баримт нь 01 дүгээр сарын 31-ний өдрийн баримт бөгөөд 02 дугаар сарын 23-ны өдөр шивэх гэхэд болохгүй байхаар нь гомдол гаргасан байдаг. Я.Г нь тухайн өдөр нь баталгаажуулсан байсан. Д.С нь өөрөө худлаа мэдүүлэг өгсөн байсан. 01 дүгээр сарын 31-ний өдөр Я.Гаас 228.000 төгрөгийн баримт аваад тухайн өдрөө Е-баримтад бүртгэсэн болох нь тогтоогдож байгаа. Мэдүүлэг өгөхдөө он, сар, өдрөө зөрүүтэй хэлсэн байсан. Баталгаажуулах үйл явдал 2023 оны 02 дугаар сарын 23-нд болсон байгаа. Программаас шүүгээд үзэхэд л ийм юм болсон байсан. Манай программд хэзээ шивсэн нь харагддаггүй. Зөвхөн баталгаажуулаагүй эсэх нь харагддаг. 1 сарын баримтыг 2 сард баталгаажуулсан гэхээр 72 цагийн хугацаа нь аль эрт дуусчихсан байгаа. Гомдол ирсэн талаар Татвараас 02 дугаар сарын 23-нд ярихаар л 02 дугаар сарын 24-нд баталгаажуулчихсан байсан.  Баримт нь бол 01 дүгээр сарын 31-ний өдөр баримт мөн бөгөөд хэзээ баталгаажуулсан талаарх баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Манай системд хэвлэж байгаа баримтууд манайд харагддаг бөгөөд иргэн Я.Гийн гаргасан баримтуудыг шүүж үзэхэд 228.000 төгрөгийг ганцхан баримт гарсан нь энэ баримт байсан. Миний ойлгож байгаагаар баримт шивсэн, баталгаажуулсан гэдэг дээр л хугацаагаа буруу мэдүүлсэн. Яг хэвлэхийн тухайд 01-03 дугаар сарыг хүртэл бүх хэвлэсэн баримтуудыг шүүхэд ганцхан 228.000 төгрөгийн баримт байгаа юм. Тэгээд хэн гэдэг хүн баталгаажуулсан байна вэ гээд харахаар Д.С гэдэг хүн дээр шивсэн байна гэдэг нь харагддаг. Я.Гийн хэвлэж өгсөн баримтыг Д.С өөр дээрээ шивсэн байна гэдэг нь манай систем дээр харагддаг.

          Шивсэн баримт нь баталгаажихгүй, төлөв өөрчлөгдөхгүй удаад байхаар нь 02 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Тэгээд 02 дугаар сарын 23-ны өдөр Я.Г руу Татварын хэлтсээс яриад баримт баталгаажуулаагүй талаар хэлэхэд 02 дугаар сарын 24-ний өдөр баталгаажуулалт хийсэн байдаг. Манай программд нэг алдаа байдаг. Энэ нь тухайн баримтыг 01 дүгээр сарын 31-ний өдөр шивээд баталгаажуулаагүй байж байгаад хэдэн сарын дараа ч баталгаажуулсан тухайн бүртгүүлсэн өдрөөрөө баталгаажсан төлөвтэй болдог. Хэдний өдөр баталгаажсан бэ? гэдэг нь харагдах боломжгүй гэсэн үг. Е-баримтад хэвлэгдсэн өдрөө л баталгаажсан мэт харагдана. Энэ баримт дээр гомдол ирээд шалгах үед баталгаажуулаагүй төлөвтэй л байсан. Тэгээд гомдлыг шалгаад холбогдох ажиллагааг хийсний дараа баталгаажсан төлөвтэй болж төлөв нь солигдсон. Гэхдээ хэдний өдөр баталгаажсан бэ гэдгийг харах боломжгүй болчихдог ийм нэг алдаа манай системд байдаг. Өмнө нь энэ талаар асуудал яригдаад манай байцаагч нарын зүгээс холбогдох газарт нь удаа дараа хүсэлт өгсөн боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа.  Хугацааны хувьд 01 дүгээр сарын 31-ний өдөр баримтаа гаргаад 72 цагийн хугацаа нь өнгөрчихсөн байгаа. Харин би хуулийн зүйл, заалт дээр алдаа гаргасан юм байна. Бид нарын ганц баримт болох Татварын нэгдсэн систем дээр 01 дүгээр сарын 31-ний өдөр баримтыг 20 гаруй хоногийн дараа баталгаажуулаагүй байсан гэдэг нь нотлогдож байгаа. Гэхдээ зүйл, заалтаа бичихдээ л бичиглэлийн алдаа гаргасан байгаа болохоос биш санкци нь тухайн баримтыг 72 цагийн дотор баталгаажуулаагүй бол иргэнийг 150.000 төгрөгөөр торгох зохицуулалттай учраас миний шийтгэлийн хуудас зөв гэж бодож байна гэв.

           3.4. Гуравдагч этгээд Я.Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие цаашид тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй. Иймд тус хэргийг шийдвэрлэхдээ намайг Цээл сумаас дуудахгүй байна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Говь-Алтай аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.Сын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

2. Говь-Алтай аймгийн ******* татварын улсын байцаагч О.С 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Я.Гт 150000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

3. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох төлбөрийн баримт олгоогүй баталгаажуулаагүй гэх гомдол ирснийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

4. Хавтаст хэргийн материалд “2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаар шийтгэлийн хуудас, шийтгэлийн хувийг гардуулсан тухай тэмдэглэл, татварын удирдлагын нэгдсэн системээс авсан 2 хуудас хуулбар мэдээлэл, торгууль төлсөн талаарх интернет банкны хуулбар” гэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал авагдсан байна.

5. Хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны холбогдогч Я.Гаас авсан “Асуулт: Таниас 228000 төгрөгний худалдан авалт хийсэн иргэн байгаа юу гэхэд Хариулт: байгаа надаас 228000 төгрөгөөр худалдан авалт хийсэн хүн байгаа ...дизель түлш зарсан. Асуулт: 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 228000 төгрөгөөр дизель түлш авсан иргэнд төлбөрийн баримт олгосон уу? Хариулт: Тиймээ би поссоороо баримт олгосон. Асуулт: та 72 цагийн дотор олгосон баримтаа баталгаажуулдаг гэдгээ мэддэг үү? Хариулт: мэднэ би тухайн үед хөдөө явсан байсан ирээд баталгаажуулсан 2023 оны 02 дугаар сарын 25-наас хойш л баталгаажуулсан байх сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.С “хариулт: би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Я.Гийн ШТС-аас 228000 төгрөгөөр хөдөө явах гээд манай нөхөр бид 2 түлш худалдан авсан ...төлбөрөө бэлэн өгсөн ...баталгаажуулаагүй болохоор нь шууд гомдол гаргасан. Асуулт: та тухайн худалдан авалт хийх үедээ баримтаа авсан уу? Хариулт: авсан поссоос нь баримт авсан ...гаргасан гомдлоо хүлээн зөвшөөрч байна ...миний ярьсан зүйлд бүгд үнэн зөв” гэсэн мэдүүлэг тэмдэглэлд тусгагдсан, Татварын удирдлагын нэгдсэн системээс хэвлэж гаргасан баримтын мэдээлэл хэсэгт “............... сугалааны дугаартай ................... Я Г 2023-01-31 өдөр 14:33:43 цагт баримт баталгаажуулсан” байгаа талаарх баримт байна.

6 .Тодруулбал: Хэргийн материалд авагдсан холбогдогч, хохирогч нарын мэдүүлгээр 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баримт олгосон түүнээс хойш баталгаажуулаагүй гэсэн мэдүүлэг өгсөн, татварын удирдлагын нэгдсэн системээс 2023 оны 01 дүгээр сарын 31-нд тухайн баримт олгодсон, баталгаажсан төлөвтэй байгаа, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай программын хүн төөрөгдүүлээд байгаа ганц алдаа нь 01 дүгээр сарын 31-ний өдрийн баримтыг 02 дугаар сарын 23-ны өдөр үзэхэд баталгаажаагүй байгаа нь харагдаж байгаа боловч баримтыг хэвлэсэн аж ахуйн нэгж, иргэн баталгаажуулсаны дараа тухайн өдрөөр биш 01 дүгээр сарын 31-ний өдрөө баталгаажсан юм шиг харгадддаг ийм алдаа байдаг...” гэсэн тайлбарыг гаргасан.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахаар заасан.

8. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд тухайн баримтыг хэзээ олгосон, түүнээс хойш хэдий хугацаанд баталгаажуулаагүй, сар, өдөр зөрүүтэй зэрэг зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нотлох баримтыг бүрдүүлээгүй байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байгаа талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-т зааснаар Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  37 дугаартай дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

9. Иймд Говь-Алтай аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.Сын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.12 ...дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтаар зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэлээ.

10.  Мөн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсэгт 11-19 дүгээр зүйл гэж Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байгааг  дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.Сын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 37 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ