| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0116/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/126 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/126
2026 03 16 2026/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0116/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Э.А,
Хохирогчийн өмгөөлөгч Д.****** /онлайнаар/,
Хохирогч Б.******** /онлайнаар/,
Шүүгдэгч Т.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ********** ********т холбогдох эрүүгийн 2539007730343 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт баригдаж буй 16 давхар барилгын гадна 2025 оны 08 дугаар сарын 24-ний шөнө хохирогч Б.********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохих, газарт унагаасны улмаас түүний эрүүл мэндэд зүүн 3-7 дугаар баруун 5, 6 дугаар хавирганы зөрүүгүй, зөрүүтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог авчилт, дух, баруун хөмсөг, зүүн чамархай хуйх, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт баригдаж буй 16 давхар барилгын гадна 2025 оны 08 дугаар сарын 24-ний шөнө хохирогч Б.********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохих, газарт унагаасны улмаас түүний эрүүл мэндэд зүүн 3-7 дугаар баруун 5, 6 дугаар хавирганы зөрүүгүй, зөрүүтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог авчилт, дух, баруун хөмсөг, зүүн чамархай хуйх, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1.Хохирогч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн төв дээр 2025 оны 08 дугаар сарын 24-ний орой ажил дээрээ байж байгаад ******** гэх найз хамт дэлгүүр ороё гээд бид хэд хамт явсан. Бид хэд дэлгүүр ороод "Хараа" шилтэй 0,75 л архи, 2.5 л кола аваад гарсан. Бид "*******" дэлгүүрийн ойролцоо авсан юмаа хувааж уусан. Уусан юм маань дуусаад ******** ********** 2 дэлгүүр явсан. Би явахгүй гээд ********тай үлдсэн. ******** над руу дайрч эхэлсэн юунаас болсон гэдгийн мэдэхгүй намайг хөгийн зантай гээд машинаасаа бууж ирээд хөмсөг хэсэг рүү цохьсон. Дэлгүүр явсан 2 дүү ирээд бид 2-г салгасан. Удалгүй ******** дахиад над руу дайраад намайг мөргөөд дарж унасан. Хамт явж байсан 2 салгасан. Би босоод явах гэтэл цээжээ даахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
2.Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн 16 давхарын арын барилга дээр ажиллаж байгаа. Тухайн өдөр ********, ********, Төгөлдөр бид дэлгүүрээс 2 шил архи аваад ажлынхаа гадна машиндаа суугаад архи уусан. Хоорондоо юм ярьж сууж байгаад ********, ******** хоёр ажлын цалин, хоногийн талаар ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Тэр хоёр машинаас буугаад барьцалдаж аваад хоорондоо хэрэлдэж байгаад нэг харахад ********ийн зүүн талын дух хэсэг халцарсан, шалбарсан байдалтай байсан. Би тэр хоёрыг салгаад байхад хоорондоо барьцалдаж авах гээд байсан. Дахиад хоорондою ноцолдоод эхлэхээр нь зодолдохоо боль хоорондоо эвлэр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,
3.Гэрч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********, ******** хоёр ах хоорондоо муудалцаад машинаас буугаад удалгүй эвлэрээд машинд буцаж суухад ******** ахын зүүн хөмсөг нь шалбарсан байсан тэгэхэд ******** найзынхаа ганц цохилт даахгүй гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо эвлэрээд ууж байсан архиа дуусгаад байрлаж байсан гэр лүүгээ орцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
4.Шүүх шинжилгээний ерөнхий газрийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11045 дугаартай “...Б.********ийн биед зүүн 3-7 дугаар баруун 5, 6 дугаар хавирганы зөрүүгүй, зөрүүтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог авчилт, дух, баруун хөмсөг, зүүн чамархай хуйх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
5.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0526/74 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын "...Урьд гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЕГ0725/11045 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Б.********ийн биед баруун 5, 6-р хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7-p хавирганы зөрүүгүй далд хугарал, дух, баруун хөмсөг, зүүн чамархайн хуйх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 91-93-р хуудас/,
6.Дорнод аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дор0826/043 дугаартай “...иргэн Н.******** нь 2025 оны 08 дугаар сарын 24-ний орой ажил дээрээ бусдад зодуулсан гэх хэргээс шалтгаалан хохирогч Баттулгын ********ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн Тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 107-109-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчих буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг хэмээн хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Т.******** нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Т.******** хохирогч Б.********ийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр зүүн 3-7 дугаар баруун 5, 6 дугаар хавирганы зөрүүгүй, зөрүүтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог авчилт, дух, баруун хөмсөг, зүүн чамархай хуйх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Т.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.********ын гэмт хэрэг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.********т оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Т.********т оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Дорнод аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дор0826/043 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлийн 10 (арав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,920,000 (долоон сая есөн зуун хорин мянга) төгрөгөөр тогтоов.
Хохирогч Б.********, түүний өмгөөлөгч Д.******** нараас шүүхэд гаргасан и-баримт, кассын зарлагын ордер, тооцооны хуудас, дансны хуулга зэргээс 907,000 (есөн зуун долоон мянга) төгрөгийн баримтыг нотлох баримтаар тооцож шүүгдэгч Т.********аар төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт 7,920,000 (долоон сая есөн зуун хорин мянга) төгрөг, эмчилгээний зардалд 907,000 (есөн зуун долоон мянга) төгрөг нийт 8,827,000 (найман сая найман зуун хорин долоон мянга) төгрөгийг шүүгдэгч Т.********аас гаргуулж, хохирогч Б.********т төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.******** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** овгийн ********** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********т 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********т оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******** нь түүнд оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Т.********т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговор болон эмчилгээний зардалд нийт 8,827,000 (найман сая найман зуун хорин долоон мянга) төгрөгийг шүүгдэгч Т.********аас гаргуулж, хохирогч Б.********т төлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР