| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0117/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/122 |
| Огноо | 2026-03-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Д |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/122
2026 03 11 2026/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0117/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж,
Шүүгдэгч Д.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *********** ********д холбогдох эрүүгийн 2539009340042 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******** нь 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хэрлэн сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 дугаар цэцэрлэгийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.********тай маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараар цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “цээжний зүүн талын 8,9,10,11,12-р хавирганы хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн чамархайн хуйханд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******** нь 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хэрлэн сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 дугаар цэцэрлэгийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.********тай маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараар цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “цээжний зүүн талын 8,9,10,11,12-р хавирганы хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн чамархайн хуйханд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
2.Хохирогч Б.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах 10 дугаар цэцэрлэгт жижүүрт гарч байсан тэгээд ******** ажил дээр ирсэн би 20 цагт ажлаасаа бууна ажлын гадаа миний машинд Хараа 0,5 гр архи уусан...,бид 2 бүжиглээд соёлын төвөөс 22 цагаас 23 хооронд хоёулаа гараад ******** дахиад нэг Хараа нэртэй 0,5 гр архи дэлгүүрээс аваад ажил дээр ирээд ажил дээр уугаад тэгээд ********ын хүү манай цэцэрлэг буюу Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн дунд бүлэгт явдаг тэгээд би багш нь ********ын хүүг нь загинасан юм байна лээ тэгээд ******** багшаас нь өмөөрсөн юм, би ахын хувьд ********ыг юунд нь хүүгээ багшаас нь өмөөрдөг юм бэ гэхэд ******** намайг барьж аваад хавирга руу өшиглөөд байхаар нь болио ахыгаа чи аллаа гэж хэлээд ******** явсан байсан би ажил дээрээ унтаад үүрийн 04 цагийн үед гэр рүүгээ явсан... Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
3.Гэрч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав ширээний хажууд сандал дээр сууж байсан бөгөөд нүд нь хөхөрсөн нүүр нь хавганасан байдалтай байж байсан...хүнтэй маргаад нүдээ цохиулсан гэж л хэлж байсан..., Эмнэлэгт үзүүлэхэд аавын 2 хавирга хугарсан,...******** гэдэг хүнд зодуулсан гэдгээ надад болон ээжид хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,
4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********* 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай “...Б.********ын биед цээжний зүүн талын 8,9,10,11,12-р хавирганы хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн чамархайн хуйханд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 83-87-р хуудас/,
5.Иргэний нэхэмжлэгч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Б.******** нь 1,369,872 /нэг сая гурван зуун жаран есөн мянга найман зуун далан хоёр/ төгрөгний эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн ********* дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
6.Шинжээч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эдгээр гэмтлүүдийг Мет Травма эмнэлгийн цээжний компьютер томографикийн шинжилыгээнд үндэслэж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчих буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг хэмээн хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Д.******** нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.********ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.******** хохирогч Б.********ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр цээжний зүүн талын 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн чамархайн хуйханд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Д.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.********ын гэмт хэрэг үйлдсэн байдлыг дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********д оногдуулсан 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч “...сэтгэцэд учирсан хохиролын зэргээ тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн ба ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх нотариатаар батлуулсан хүсэлт ирүүлсэн байна.
Мөн шүүгдэгч Д.******** Эрүүл мэндийн даатгалын санд 1,369,872 (нэг сая гурван зуун жаран есөн мянга найман зуун далан хоёр) төгрөг төлсөн баримт хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.********ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.******** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.******** Эрүүл мэндийн даатгалын санд 1,369,872 (нэг сая гурван зуун жаран есөн мянга найман зуун далан хоёр) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** овгийн ********** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********ыг 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********д оногдуулсан 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.********д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.********д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.******** цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.******** Эрүүл мэндийн даатгалын санд 1,369,872 (нэг сая гурван зуун жаран есөн мянга найман зуун далан хоёр) төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР