| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0115/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/125 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/125
2026 03 16 2026/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0115/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Э.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*********,
Шүүгдэгч Л.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ******** ********т холбогдох эрүүгийн 2639000240041 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 22-13 тоотод Ш.********тай "хүүхэд рүү хоол шидсэн" гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж түүний биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 22-13 тоотод Ш.********тай "хүүхэд рүү хоол шидсэн" гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж түүний биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
2.Хохирогч Ш.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөдөө гэрээсээ Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 22-13 тоотод нөхрийн хамт ирээд айлд байсан хүмүүс бүгдээрээ архи ууж байхаар нь бид 2 нийлж уугаад манай нөхөр тэгээд унтаад өгсө. Би архи ууж үзээгүй болохоор архи уусныхаа дараа ухаан алдаад унасан. Нүдээ нээхэд дээрээс нэг юм балбаад байсан. Миний нүд юу ч харахгүй би айгаад гэрээс гарсан чинь хүүхдүүд эмээ, ээжээ яасан юм бэ гээд хашгиралдаад л байсан удалгүй цагдаагийн байгууллага ирээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
3.Гэрч Э.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд эхнэр, 3 хүүхдийн хамт ирээд Хийдийн сууринд байрлах айлд очоод гэр рүү ороход бүгд согтуу буюу архи ууж байсан. Би ээж, аавтайгаа уулзаад хөдөө гэр рүүгээ ээж, аавыгаа авч явах гэж байхад ээж, аав хоёрын машин явж болохгүй байсан. Аав нөгөө гэрт ороод унтаж байсан. Харин ээж нөгөө гэрт нь байсан. Би машиндаа ороод бага хүүгийнхээ пампарсыг солиод байж байтал ээж “намайг цохичихлоо” гээд гүйгээд гараад ирсэн. Би зөрөөд нөгөө гэр рүү ороход ээжийг цохисон залуу юу ч болоогүй юм шиг сууж байсан. Нөгөө гэрээс айлын хүү орж ирээд нөгөө залууг унагаагаад "чи эгчийг яаж байгаа юм бэ?" гээд байж байтал эхнэр гаднаас орж ирээд намайг гаръя гэсэн. Би цагдаагийн машин явж байхаар нь 2 цагдаад учир байдлаа хэлээд нөгөө айлын хашаанд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
4.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөр ******** бид хоёр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт айлд очиход хүмүүс байсан. Бид нар бүгдээрээ архи уусан. Орой нь ******** гэх хүн хүүхэд ********* алгадаад гараад явцан тэгээд эргэж орж ирээд бид нараас түрийвчтэй 60,000 төгрөг байхгүй байна гээд хүүхэд рүү гал дээр байсан шөлийг шидсэн тэгээд ******** хүүхэд рүү халуун юм шидлээ гээд ********тай маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
5.Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 22-23-р хуудас/,
6.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.******** 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай “...Ш.********ын биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 31-33-р хуудас/,
7.Иргэний нэхэмжлэгч С.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Ш.*********** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 56,700 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна... Төрийн сангийн данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Л.******** хохирогч Ш.********ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Л.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.********ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.********т оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.********аас 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Ш.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Л.******** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овгийн ******* ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Л.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.********т 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.********т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Л.********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.********аас 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Ш.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.******** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР