| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0114/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/140 |
| Огноо | 2026-03-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/140
2026 03 23 2026/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0114/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, Ерөнхий шүүгч Мөнхсайхан, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.С,
Иргэдийн төлөөлөгч Ш.Э,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч У.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ******* ********д холбогдох эрүүгийн 2539000000439 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.******** согтуурсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Сарлаг толгой гэх газарт Д.********тэй малын бэлчээр, газраас болж маргалдан улмаар түүнийг ТОЗ-8 маркийн буугаар буудаж алахыг завдсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.******** согтуурсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Сарлаг толгой гэх газарт Д.********тэй малын бэлчээр, газраас болж маргалдан улмаар түүнийг ТОЗ-8 маркийн буугаар буудаж алахыг завдсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
2.Хохирогч Д.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Зүүн ар булаг гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 цаг өнгөрөөгөөд хаварждаг хашаан дээрээ жорлон барих гээд ********** хамт явж байтал манай нутгийн ******** гэх залуу замд мотоциклтой таараад надаас аль орж байгаа юм юунд явж байгаа юм ирэх хавар наад Сарлаг толгойд байдаг саравч дээрээ буух юм бол чамтай алалцана гэхээр нь би ********ыг согтуу байсан болохоор нь юм хэлэлгүй машинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд хашаан дээрээ очоод жорлонгийн нүхээ ухах гээд зогсож байтал ******** буу үүрчихсэн мотоциклтой давхиж ирээд мотоциклоосоо буугаад надад хандан чамайг ална гэж хэлээд буугаа сумгүй хий цэнэглэхээр нь би чамаас айхгүй байна гэж хэлээд цааш алхаж байгаад эргээд хартал өмднийхөө зүүн халааснаас дайзтай сум гаргаж ирээд эхлээд чамайг ална тэгээд ******** алчхаад өөрийгөө буудна гээд дайзнаасаа сум сугалаад бууныхаа гол төмөр рүү хийгээд замгаа түлхэхээр нь би шууд урдаас нь тулж очоод бууных нь гол төмрөөс барьж авах гэтэл шууд буудсан. Буудсан сум нь миний зүүн чихний дээгүүр үсэнд мэдрэгдээд өнгөрсөн. Тэгээд би шууд ********ыг тэвэрч аваад газарт унагаахад ******** гүйж ирээд бууг нь булааж аваад машины тэвш дээр тавихаар нь би ********ыг тавьтал газраас босож ирээд эндээ хоёулаа учраа олъё гэхээр нь би “үгүй тийм юм байхгүй цагдаагийн байгууллагад хандана” гэтэл “цагдаа, шүүх надад үйлчилдэггүй” гэж хэлээд дахиад гэрт буу байгаа авч яваад гэрт очиж буудна гэж хэлээд яваад өгөхөөр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөр гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/,
3.Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жорлонгийн нүх ухахаар машинтай замдаа явж байтал өөдөөс ******** мотоциклтой давхиж ирэхээр нь ******** машинаа зогсоогоод уулзтал “манай хонь харагдана уу” гэхээр нь ******** баруунтай байсан гэж хэлтэл ******** ********т хандан “та ер нь яагаад манай хаваржаатай ойрхон хаваржаад малаараа шахаад байгаа юм” гэтэл ******** “чи юу яриад байгаа юм, би аавынхаа дүү нарынхаа хаваржаан дээр хаваржиж болохгүй юу би энэ нутагт угаасаа багаасаа өссөн” гэж хэлтэл ******** нэлээн согтуу байсан ба ********ийг ирэх хавар наад саравч дээрээ буух юм бол алалцана шүү гэхэд ******** ах чи согтуу байна эрүүл болоод эр хүн шиг яриарай гэж хэлээд би 2 хаваржаа руу хөдөлсөн. Тэгээд хаваржаан дээр очоод машинаасаа буугаад багаж хэрэгсэл болох лоом, хүрз, хөрөөгөө буулгаад жорлонгийн нүх ухах газраа уллах гээд зогсож байтал ******** баруун талаасаа мотоциклтой буу үүрчихсэн давхиж ирээд мотоциклоосоо буугаад үүрч байсан буугаа тайлаад буугаа хий цэнэглээд ******** лүү буугаа чиглүүлээд чамайг би ална гэж хэлэхээр нь ******** би чамаас айдаг нь биш гэж хэлтэл ******** би та хоёрыг алчхаад өөрийгөө алахаар 3 сумтай ирлээ гэж хэлээд өмднийхөө халаасыг ухаад дайзтай сум гаргаж ирээд нэгийг нь буундаа хийгээд шууд цэнэглэсэн. Тэгээд ********ийн өөдөөс алхтал ******** бас өөдөөс нь чи намайг алах гэж байгаа юм уу гэж хэлээд бууных нь үзүүр хэсэгт гараараа доороос нь хальт хүртэл ******** шууд буудсан. Тэгээд ******** ********ыг тэвэрч аваад газар унагаахаар нь би бууг нь очиж аваад машиныхаа тэвш дээр тавьсан. Тэгээд ********т хандан гар хөлийг нь хүлээд цагдаа дуудъя гэж хэлтэл ******** гэртээ очоод эхнэрээр дуудлага өгүүлнэ гэж хэлсэн. Тэгээд ******** босож ирээд Дэлгэр ахаа хэдүүлээ эндээ тохиролцъё гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм хүн буудчихаад цагдаа дуудалгүй яах юм гэж хэлтэл чамд бол ямар хамаа байхгүй шүү надад хууль үйлчилдэггүй юм гэж хэлж байсан. Тэгээд машины ачаан дээр байсан буугаа аваад мөрөндөө үүрээд ********т хандан гэрт дахиад буу байгаа чамайг гэрт чинь очиж ална гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
4.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17-21-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтуурсан үедээ малын бэлчээр, газраас болж маргалдсанаар шалтаглан тодорхой шалтгаангүйгээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Сарлаг толгой гэх газарт буу авч очин бууны дайзнаасаа сум авч гол төмөр рүү хийгээд замгаа түлхэхэд нь хохирогч Б.******** буудлага үйлдэхийг нь болиулахаар буунаас барьж авах гэхэд буудлага хийж сум нь хохирогчийн зүүн чихний дээгүүр үсэнд мэдрэгдэж өнгөрсөн бөгөөд шүүгдэгч Б.******** өөрийн энэхүү үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүний амьд явах эрхэд зориудаар халдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заасан.
Хүнийг алах хүсэл зоригийн дагуу шүүгдэгч Б.******** буудлага үйлдсэн боловч хохирогч Б.********ийн үйлдлээр түүний хүсэл зориг биелэгдээгүй, хүнийг алах гэмт хэрэг төгсөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хүнийг алах санаа зорилготой энэхүү үйлдлийг хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон буюу хүнийг алахыг завдсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг мөн бөгөөд эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч У.********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтуурсан байдал нөлөөлж, ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хүний амь насыг хохироохыг завдсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ш.********** нь:“...У.******** нь хохирогчийг маргалдлаа гэж буу зэвсэг хэрэглэсэн нь гэм буруутай үйлдэл гэж үзэж байна. яагаад гэвэл гэр рүүгээ буцаж очиж сум буу авчирч ирсэн нь гэм буруутай хэрэг гэж үзлээ...” гэх дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдалтай нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.********* шүүх хуралдаанд: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн хэргийн газар байсан хохирогч ********, ********, ******** гэсэн 3 хүн мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлэгт буу гохон дээр дарагдахгүй ч гэсэн түлхсэний улмаас буу буудагдах боломжтой юм байна гэж үзсэн. Тэгэхээр заавал гохон дээр дарж байж буу буудагдана гэж дүгнэлт гараагүй. Энэ нөхцөл байдал дүгнэлтээр тогтоогдсон байна. Тухайн хэргийн үйл баримтын талаар гэрч нар мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн яллаж байгаа үйл баримтын хувьд түүнийг алах зорилготой гэрээсээ буу авч алах зорилготой үйлдэл хийсэн гэдэг нөхцөл байдал дээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мэдээж энэ нөхцөл байдал дээр хохирогчийн мэдүүлэг, ********ы мэдүүлэг, ********** мэдүүлэг зэрэг дээр хууль зүйн дүгнэлт хийхэд мэдээж хэрэв алах зорилготой очсон эсэхийг мэдэхгүй, тухай хэрэгт авагдсан баримтаар тулгуурлаж дүгнэлт хийнэ. ********, ******** нарын хувьд хадам ах дүүгийн харилцаатай. ******** 10 аад жил энэ айлын хүргэн байсан. Бие биенийгээ сайн мэддэг хүмүүс. Тэгэхээр ********ы ярьж байгаа асуудал юу вэ гэхээр намайг энэ хүн буудаж чадахгүй гэдгийг энэ хүн мэдэж байсан гэж яриад байгаа шалтгаан нь олон жил би энэ айлын хүргэн болоод амьдарсан. Том хүүхэд нь 25 настай. ******** гэдэг хүн бол эхнэрийх нь төрсөн ах учраас энэ хүнийг ямар хүн бэ, үнэхээр буу аваад буудчихаар хүн мөн үү биш үү гэдгийг мэдэх боломжтой. Тийм учраас намайг буудахгүй гэж бодож байсан гэдэг нөхцөл байдлыг энэ хүн тайлбарлаж ярьж байгаа. Нөгөө талаас ********** гэдэг хүн юу гэдэг вэ гэхээр ******** гэдэг хүн буунд хүрээгүй байсан бол мэдүүлэг буу дээшээ буудагдсан байвал үүнийг алсан гэж үзэх үү гэдэг дээр нөгөө талд нь дүгнэлт хийх хэрэгтэй. Гэтэл ********** мэдүүлэгт “...буугаа сумласан очоод хальт бариад авахад, хүрвүү үгүй юу буудагдсан” гэж байгаа юм. Түүнээс буу булаацалдаад чиглүүлсэн байхад дээш нь буудсан гэдэг ч юм уу ийм бууг булаацалдсан үйл баримт тогтоогдоогүй. Хоёрт над руу чиглүүлсэн бууг дээш нь буудсан гэдэг ч юм уу ийм үйл баримтын талаар Баярмагнай ч яриагүй, ******** ч яриагүй. Хэрэв үнэхээр бууг чиглүүлсэн байсан бол буу дээшээ биш өөр чиглэлд очих боломжтой байсан. Тэгэхээр ********ийн мэдүүлэгт бууны сум дээшээ гараад чихний хажуугаар гарсан нь мэдэгдсэн гэдэг. Бууны хонгио дээшээ харсан байна гэдэг нь ********ийн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэж байна. Энэ хэргийн нөхцөл байдлыг харахаар үнэхээр алах зорилготой байсан бол сумгүй бууг сумлах шаардлагатай байсан уу, үгүй юу. Сумгүй буугаа буудна гээд сумласан байдаг. Тэгэхэд нь ******** чамаас айна гэж байхгүй, наад буу чинь сумгүй байна ш дээ гэхэд нь дайнаасаа буу гаргаад сумлаж байхдаа дээшээ сумласан, буугаа цэнэглэсэн, барьсан, буудагдсан ийм л нөхцөл байдал байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.2 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэр сэдэлт зорилго нь мөрдөн байцаалтын явцад хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна. ********ы хувьд хохирогчийг тухайн буугаар алах зорилго анхнаасаа байгаагүй. Бууг сумласан байсан, ********т хүрээгүй байгаад дээшээ буу буудагдсан байвал алах зорилготой, зорилгогүй байсан ч гэдэг юм уу нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр ********ийн мэдүүлгээр бууны хоолой дээшээ харсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Бууг булаасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тухайн бууг өөрөөсөө зайлуулах зорилгоор бууны нөхцөл байдлыг өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа дээр гэмт хэргийн сэдэлт санаа, зорилго хангалттай тогтоогдоогүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй байна. Гэхдээ энэ хүний буу барьсан, буу цэнэглэсэн үйлдэл дээр нь санаатай алахыг завдсан гэдэг нөхцөл байдлаар хэргийг шилжүүлсэн нь баримт хангалтгүй, хүрэлцэхүйц нотлох баримт бүрдээгүй байна гэж өмгөөлөгчийн үзэж байгаа учраас ********д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна” гэж шүүгдэгч У.********ы гэм буруугийн асуудлаар маргасан бөгөөд шүүхээс уг санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн гэж шүүхээс дүгнэсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч У.********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч У.********ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.********д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял оногдууллаа.
Учир нь, гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх ёстой бөгөөд өөрөөр хэлбэл, завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоодог болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.********д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.******** мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Д.******** энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг холбогдох шинжээчийн дүгнэлт, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.********аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 маркийн загварын бага калибрын замгийн 17967 дугаартай, гол төмрийн 1879 дугаартай галт зэвсэг 1 (нэг) ширхэг, L үсэгтэй сум 2 (хоёр) ширхэг, L үсэгтэй сумны хонгио 1 (нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгав.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.******** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн *********** ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.********д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.********д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч У.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Д.******** энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг холбогдох шинжээчийн дүгнэлт, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.********аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 маркийн загварын бага калибрын замгийн 17967 дугаартай, гол төмрийн 1879 дугаартай галт зэвсэг 1 (нэг) ширхэг, L үсэгтэй сум 2 (хоёр) ширхэг, L үсэгтэй сумны хонгио 1 (нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.******** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД А.МӨНХСАЙХАН
Б.УРАНЗАЯА