Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/144

 

2026        03         24                                            2026/ШЦТ/144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0148/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч Э.А,

Шүүгдэгч Э.********ын өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Э.********, Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ********** ********, *********овгийн ****************** нарт холбогдох 2639000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "*********" гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Э.********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, түүний биед хамар, зүүн хацарт цус хуралт, толгойн зүүн зулайн хуйх, зүүн нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.******** нь Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "*******" гэх газар байх өөрийн гэртээ 2026 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Б.********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, түүний биед уруулын дээд хэсэг, уруулын дотор салстад язарсан шарх, толгойн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт тус тус үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Цагаан толгойн энгэр" гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Э.********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, түүний биед хамар, зүүн хацарт цус хуралт, толгойн зүүн зулайн хуйх, зүүн нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

2.Хохирогч Э.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2026 оны 01 дүгээр сарын 25-ны орой харуй бүрий болж байхад малаа хотлуулчихаад хөдөө гэртээ ортол нутгийн залуу Б.******** гэрт ирсэн байсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байтал надаас архи нэхээд байсан. Тэгэхээр нь би байхгүй гээд яв гээд гэрээс гаргатал Б.******** намайг тонгорч газар унагаасан. Бид хоёр газар ноцолдсон. Ноцолдож байгаад босоод иртэл Б.********ын уруул хэсгээс цус гараад, миний хамраас цус гарсан байсан. Б.******** гараараа миний нүүр хэсэг рүү 1 удаа цохьсон. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Бид хоёроос өөр хүн багаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

3.2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** “...Э.********ын биед хамар, зүүн хацарт цус хуралт, толгойн зүүн зулайн хуйх, зүүн нүдний доод зовхи, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 41-43-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.******** нь Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Цагаан толгойн энгэр" гэх газар байх өөрийн гэртээ 2026 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Б.********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, түүний биед уруулын дээд хэсэг, уруулын дотор салстад язарсан шарх, толгойн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 1.Хохирогч Б.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 25-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** сумын 2 дугаар баг Цагаан толгойн энгэр гэх газарт байх нутгийн ах 3.******** гэх айлд очсон. Тэгээд тухайн айлд ороод малын бэлчээрийн талаар ярьж сууж байгаад би авдарны архи түүнээс нэхсэн. Архи байхгүй гэхээр нь явах гэтэл 3.******** гэх хүн согтуу явж яах гээд байгаа юм гээд бид 2 маргалдсан. Тэгээд маргалдаад гэрийн гадаа гараад Э.******** гэх хүн аль гараараа гэдгийг нь мэдэхгүй байна миний зүүн талын уруул хэсэг руу 1 удаа цохиж, миний уруул язарсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

2.2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.************ “...Б.********ын биед уруулын дээд хэсэг, уруулын дотор салстад язарсан шарх, толгойн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30-33-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.********, Э.******** нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Б.********, Э.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.********, Э.******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.********, Э.******** нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-98-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.********, Э.******** нарын хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.********, Э.******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Б.********, Э.******** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Шүүгдэгч Б.********, Э.******** нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.********, Э.******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн ********** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

- шүүгдэгч ******* овгийн ******** ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.********д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********, Э.******** нарт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.********, Э.******** нарт мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.********, Э.******** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********, Э.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********, Э.******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР