Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А /зайнаас цахимаар/,

Хохирогч: Б.А /зайнаас цахимаар/

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Баярболдод холбогдох 2119000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овгийн Б-ын Б, Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг, Аюушийн *-*а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах Малчны байранд оршин суух Д.М-ын гэрт Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсний улмаас хамар ясны хугарал, зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүр нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярболдод оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Б.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,190,950 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Азжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.А нар давж заалдсан гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын 3,6 дахь заалтаар Б.Баярболдод 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, Баярболдоос 2,190,950 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Азжаргалд олгохоор шийдвэрлэсэн.

1. Эрүүгийн хариуцлагын талаар: Б.Б нь Б.А-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан ойлгож, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардлыг баримтад үндэслэн нөхөн төлөхөө илэрхийлдэг. Б.Б нь өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэр, үр хүүхдээ тэжээн тэтгэдэг ба сар бүр олдог орлого нь амьдрал ахуйд нь хүрэлцээ багатай байдаг тул ажлын байраа өөрчилж өөр орон нутагт ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа юм. Мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Иймд Б-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг багасгаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсье.

2. Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Б.А нь шүүх хуралдаан дээр хохирол төлбөрийн баримтуудаа гарган өгсөн бөгөөд тухайн гарган өгсөн баримтуудын шатахуун, хоол хүнс, эм тарианы зардлын баримт нь тодорхойгүй холбогдох баримтууд нь хэрэгт авагдаагүй байдаг. Б нь хохирогчид 400,000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгсөн байдаг ба хохирогчийн гарсан зардлаас 400,000 төгрөг хасагдаж тооцогдолгүйгээр Б-оос 2,190,950 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. /Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт/ Хохирогчийн мэдүүлэгт ...Б-оос өгсөн 400,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан ба үүнээс гадна эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,200,000 төгрөг нэхэмжилж байгаа ба боломжоороо тал зардлыг гаргаж өгөхөд болно гэж мэдүүлдэг. 400,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Б.Б-ын зүгээс 2,100,000-400,000 үлдэгдэл 1,700,000 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймээс хэрэгт авагдсан хохирол төлбөрийн баримтыг дахин хянан үзэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Б-д холбогдох хэргийн талаар гэм буруутайд тооцсон, оногдуулсан зүйчлэлийн тал дээр ярих зүйл байхгүй. Б.Б-ын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг тогтсон ажилгүй, энэ тэнд ажил гарахаар очиж хийж ар гэр, үр хүүхдээ тэжээн тэтгэдэг. Өдрийн орлого нь хүртэл тухайн өдөр хийсэн ажлаасаа шалтгаалаад янз бүр байдаг. Тухайн хэргийн шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан талаар гэрч М-ын мэдүүлэг хавтаст хэргийн 31, 32 дугаар хуудсанд мөн 30-32 дугаар хуудсанд  Б.Б-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг байдаг. Б.А нь намайг дуудаж авч гараад цохисон тэгээд нүдний шил хугарсан, үүнээс шалтгаалаад маргаан үүссэн гэж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байдаг. Б.Б-ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглосон шийтгэл оногдуулсан. Б.Б-ын зорчих эрхийг хязгаарлачихаар хохирогчийн шаардсан хохирол төлбөрийг хурдан барагдуулах боломжгүй гэж үзэх үндэслэл байгаа. Тиймээс Б.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг багасгаж 1 сар болгож өгөөч ээ гэсэн хүсэлтэй байна. Хохирол төлбөрийн тал дээр анхан шатны шүүхээс 2,190,950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа энэ шийдвэрлэсэн баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.А-ын хүнсний хэрэглээний 73,450 төгрөгийг оруулж ирсэн байдаг. Хэдийгээр Б.А-ын хувьд эмчилгээ хийлгэсэн энэ эмчилгээнээс шалтгаалан тусгай хүнс хэрэглэх шаардлагатай гэсэн баримт хэрэгт байхгүй. Хохирогчийн тухайд нийт 4,200,000 төгрөгийг банкнаас зээл авсан гэх мэт төрөл бүрийн баримтаар энэ мөнгийг нэхэмжилдэг. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр тал зардлын нь төлүүлэхээр тогтоодог. Б.Б-ын тухайд 2,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулаад тухайн хэрэг үйлдэгдсэнээс 2 хоногийн дараа 9 дүгээр сарын 21-ны өдөр төрсөн дүү Ц данснаас Б.А-ын өгсөн данс руу 400,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Гэтэл Б.А-ын тухайд уг 400,000 төгрөгийн баримтыг мөнгө нэхэмжлэхдээ хасаж тооцохгүй хэрэгт ямар нэгэн баримтаар оруулаагүй байдаг. Анхан шатны шүүхээс мөн адил урьд өгсөн мөнгийг хасаж тооцохгүй 2,100,000 төгрөгөөр тогтоосон байдаг иймээс шүүх  урьд өгсөн 400,000 төгрөгийг 2,100,000 төгрөгөөс хасаж 1,700,000 төгрөгөөр тооцож өнгө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

 

Хохирогч Б.А давж заалдах шатны  шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б нь уг хэргийг санаатай үйлдэж миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн үзэж байгаа бөгөөд гэхдээ би түүний надад учруулсан төлбөр хохирлын нэхэмжилсэн үнийн дүнгээр төлж барагдуулан миний эрүүл мэндийн байдалд өөрийн санаачилга, сайн дур сэтгэлээрээ хандах байх гэсэн хүн чанарын үүднээс энэ бүгдэд итгэж хүлээцтэй хандсан боловч эцэст нь надад одоог хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулаагүйгээр барахгүй хохирогчийн эрх ашгийг бодолцохоос илүү өөрийнхөө эрхийн асуудлыг урьтал болгож байгаад маш их гомдолтой байна. Тухайн үеийн хэргийн үнэн бодит байдлыг Б бид хоёр цэрэгт хамт байхдаа хал цэргийн хоорондын ялгаатай харьцаагаар харьцаж байсан талаар тэрээр надад ярьж түүнд өс хонзон санаж, заналхийлж хэргийг өдөөн хатгаж, намайг бусдад танигдахгүй болтол зодож нүдсэнтэй холбодог ба энэ нь эхнээсээ түүний өс хонзонгийн байдлаар уг хэргийг зориуд санаатайгаар хийсэн гэж үзэх үндэслэлийг буй болгодог атал шүүхээс энэ бүгдийг шударга үнэнээр тогтоож чадаагүй хэмээн үзэж байна. Хамгийн гол нь миний хувьд энэ хүний үйлдлээс болж биедээ илүү гэмтэл авч нүдний хагалгаанд орж эрүүл мэндээрээ хохирчихоод эцэст нь эдийн засгаараа давхар хохирогч байгааг Б юман чинээ бодож гэмшиж ухаарч байгаа шинжгүй илтэд намайг үл тоомсорлон тохуурхан харьцаж хүний урманд нэг удаа ч болтугай урмын үг хэлж уучлалт гуйж хохирлоо барагдуулах сэтгэл гаргахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна. Миний хувьд эхнээсээ өөрийн хуульд заасан эрх ашгийнхаа хүрээнд өмгөөлөгч аваагүй өдийг хүртэл найзыгаа гэсэн сэтгэлээр өөрийнхөө эрүүл манд өөрт учирсан хохирол төлбөрийг анхаарахгүйгээр илүү дутуу гомдол саналгүйгээр хандаж ирсэн маань алдас болж энэ хүний хувьд гэм буруугаа ойлгож өөрийнхөө алдааг ухамсарлаж дүгнэх ухаангүйгээр надад учруулсан хохирлоо төлөх албагүй мэтээр бодсон хандлагыг гаргаж байгаа болно. Хохирогч А миний бие нь Б-оос 4500000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь бүгд зөвхөн миний эрүүл мэнд эмчилгээний зардалд зориулагдсан төлбөр атал шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг нотлогдох боломжгүй байна хэмээн үзэж 2153000 гаруй төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Б нь энэхүү төлбөрийг ч төлөөгүй атлаа өөрийнхөө шийтгэлийн асуудлыг өндөрт тавьж ял хүндэдсэн гээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. ....Зүүн нүд солир болоод цаашаа хонхойгоод ороод явчихсан байгаа энэ нь цаашдаа нүдний хараанд муугаар нөлөөлнө гэсэн, тиймээс би хурдан эмчилгээнд орох зардлаа шийдүүлж авмаар байна, өөр гомдол санал байхгүй” гэв.

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-ын хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.А-тай ялимгүй зүйлээс болж маргалдаж түүний биед халдаж биед нь хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүр нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт гэмтэл учруулсан мөн шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт түүний орлого амьдралд нь хүрэлцдэггүй гэж хохирол төлөх шалтгаанаа тайлбарлаж байсан. Хавтаст хэрэг дээрх шүүгдэгчийн биеийн байцаалт зэргээс харахад шүүгдэгч нь хохирол төлбөр төлөх боломжгүй, прокуророос санал болгосон торгуулийг төлөх боломжгүй гэж үзээд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тал дээр шүүгдэгчийн хувьд нийтдээ 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлдэг, энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Үүнийг шүүх хянан үзээд 2,100,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Учир нь хохирогч нь тухайн баримтуудыг хавтаст хэрэгт бүрдүүлж өгөхдөө цаасан баримтыг хадгалалтын буруу горимоос шалтгаалан бичиг үсэг нь харагдахгүй болсон баримтуудыг хавсаргасан байдаг. Иймээс хагас хохирлыг нь хадгалалтын буруу горимоос шалтгаалан тодорхойгүй болсон учир хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэмт хэргээс шалтгаалан хохирогч нь хамгийн багадаа 4,200,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нь би энэ хүнтэй найзууд амьдралынх нь нөхцөл байдлыг нь бодоод заавал бүтнээр нь нэхэмжлэхгүй. 2,100,000 төгрөг буюу талыг нь гаргаад өгчихөд болно гэсэн байдлаар хандсан. Тэр 400,000 төгрөгийн асуудлыг шүүгдэгч өгсөн мэдүүлдэг хохирогч нь ч хүлээн авснаа мэдүүлдэг. Тэр мөнгө тухайн хохирогчид учирсан бодит хохиролд холбогдох эмчилгээний зардалд хамаарах мөнгөн дүн байгаа. Иймд анхан шатны шүүхээс тогтоосон 2,190,950 төгрөгөөс 400,000 төгрөгийг хасаж шийдвэрлэлгүй нийт хохирлоор нь 2,190,950 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна. Тэр хүнсний хэрэглээ гээд 73,450 төгрөг энэ хүн чинь өдөрт хоол хийж иднэ хүний өдөрт хэрэглэх хоолны хэмжээ гэж байгаа. Гэтэл тухайн гэмт хэргийн улмаас хохирол учирчхаад өөрийн орон нутгаас явж Улаанбаатар хотод таньж мэдэхгүй газарт очиж эмчилгээ хийлгэсэн түүнээс улбаалан захиалгын хоол, гуанзанд орж хоол идэх зэргээс гарсан зардал. Тиймээс энэ нь зайлшгүй шаардлагатай зардалдаа орно, мөн зардлын хэмжээнээс хасах боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэнэ үү гэсэн тайлбар гаргаж байна. Нэмж хэлэхэд энэ гэмт хэрэг нь 2020 онд үйлдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шийдэгдсэн. Энэ өдрөөс хойш ямар нэгэн давж заалдах гомдол гаргаагүй байсан бол тухайн шүүгдэгчийн хувьд шүүхээс оногдуулсан ялыг эдлээд дуусах хугацаа болчихсон харагдаж байгаа. Өмгөөлөгчийн хувьд өөрийн чиг үүргийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Гэтэл үүнээс харахад давж заалдах шатны шүүх хуралдааны магадлал гарахад тухайн шүүгдэгч дахиад шинээр ял эдэлж эхэлнэ, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан харагдаж байна. 2 дугаарт хохирогчийн хохирол төлбөрийг төлөх асуудал удааширч хохирогчийн эрх зүйн байдлыг мөн дордуулж байна гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос шүүгдэгч Б.Б-ыг  2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах Малчны байранд оршин суух Д.М-ын гэрт Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсний улмаас хамар ясны хугарал, зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүр нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

 

            Тодруулбал 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.А болон түүний найз О.Н, дүү О.А, шүүгдэгч Б.Б нар нь Сайншанд сумын 6 баатартай хөшөөтэй овооны энгэрт сууж байхад хохирогч Б.А-ын найз болох Д.М, түүний эхнэр А нар ирж,  тэд хамтдаа Д.М-ын гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж,  улмаар шүүгдэгч Б.Б, хохирогч Б.А нар хоорондоо маргалдаж муудан, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.А-ын биед халдаж “...хамар ясны хугарал, зүүн талын нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүр нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цээж хүзүү хэсгийн олон тооны зулгаралт...“ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар буюу хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 13-14, 41-42/, гэрч О.Н /хх 26-27, 39-40/, Д.М /хх 36-37/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх 49-50/ зэргээр нотлогдож тогтоогдсон гэж үзэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч З.А нар нь “... шүүхээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацааг багасгаж 1 сар болгох, ... хохиролд урьдчилан төлсөн 400000 төгрөг тооцуулах ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Учир нь шүүгдэгч Б.Б нь өмнө 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т  зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1-3 сар байхаар заасан, хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар буюу гэмт хэргийг үйлдсэн арга зэргээс үзэхэд ялыг хөнгөрүүлж өөрчлөх хуульд заасан үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй ба анхан шатны шүүх шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хүнд биш байна.

 

Түүнчлэн хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 4200000 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нийт 2181950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т нийцсэн.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-оос хохиролд урьдчилан төлсөн 400000 төгрөгийн талаар дүгнэлт хийгээгүй боловч шатахууны үнэд 70000 төгрөгөөс өөр зардал гаргуулаагүй байх ба хэрэгт цугларсан баримтаар эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас шатахуунд нийт 569000 төгрөг зарцуулсан нь тогтоогдсон, үүнийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардал гэж үзэх тул уг 400000 төгрөгийг анхан шатны шүүхээс тогтоосон 2181950 төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ