Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00104

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Г.Баяраа,
Иргэний нэхэмжлэгч Д.Наран,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан, Шүүгдэгч Л.Дүүрэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрх овогт Лувсанчүлтэмийн Дүүрэнжаргалд холбогдох 132/2016/0030/Э индекстэй, эрүүгийн 201506000323 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Хаан банкны Булган аймгийн салбарын Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн 4-42-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэрх овогт Лувсандоржийн Дүүрэнжаргал /РД:ГГ 67022300/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Дүүрэнжаргал нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 71233000 төгрөг, Дашинчилэн суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 104000000 төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 40888000 төгрөг бүгд 216942000 төгрөгийг ХААН банкны кассын үнэ бүхий зүйлийн газарт хүргэхээр авч яваад улмаар өөрийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.Наран: ХААН банкны Булган салбарын Гурванбулаг сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Дүүрэнжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумын тооцооны төвийн зузаатгалын мөнгө болох 216942000 төгрөгийг Улаанбаатарын хотын төв банкинд хүргэж өгөхөөр явж байх замдаа Улаанбаатар хотод тухайн мөнгөнөөс нийт 21260700 төгрөгийг өөрийн хувийн өглөгтэй, зээлтэй хүмүүсийн данс руу шилжүүлж нийт 216942000 төгрөгийг хувьдаа завшсан. Хэрэг гарсаны дараа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагаан өнгөтэй цаасан хайрцагтай 41423000 төгрөгийг Г.Долгорсүрэн гэх хүнд аваачиж өгсөн байсныг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хурааж авч, уг мөнгийг банкинд олгосон байгаа. Нийт хохирлоос 41423000 төгрөгийг хасахаар 175519000 болж байгаа. Хуулийн байгууллагаас мөнгө орсон иргэдийн дансанд нь барилт хийж 31692750 төгрөгийг битүүмжилсэн. Уг мөнгийг чөлөөлж ХААН банкинд олгуулах хүсэлтэй байна. Дээрх мөнгийг нийт хохирлоос хасахад 143826250 төгрөг үлдэж байгаа. Хуулийн байгууллагаас 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэгт Дүүрэнжаргалын өмчлөлийн хуучин банкны байр байсан байр, өөрийн амьдардаг хувийн сууц, 2 газар нийт 4 объектыг битүүмжилсэн. Дүүрэнжаргал нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ХААН банкнаас орон сууцны зээлийн гэрээ байгуулж 35000000 төгрөгийн зээл авсан. Орон сууцны зээлийн барьцаанд Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн 2-44 тоотод байрлалтай 491м2 гэр бүлийн хэрэгцээний газар, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт байрлах нэгдлийн зочид буудлын зүүн талд байрлалтай 53м2 үйлчилгээний зориулалттай тоосгон байшин, 1578 м2 газар хашааны хамтаар зээлийн барьцаанд бүртгүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкнаас 2000000 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэ зээлийн өмнө 3708938 төгрөгийн үлдэгдэлтэй байхад цалингийн зээл авч нийт 5708938 төггрөгийн цалингийн зээлтэй. Энэ 2 зээл хугацаа хэтэрч ХААН банк шүүхэд өгч, нийт 35950789 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Дүүрэнжаргалтай эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрлийг баталгаажуулж шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. 2014 онд зээлийн барьцаанд байсан эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжилж уг үл хөдлөх хөрөнгөнд 3 удаа шинжээчийн үнэлгээ гаргуулсан. Эхний үнэлгээ 193940000 төгрөгөөр үнэлэгдэж, банк орон нутагт харьцангуй өндөр үнэлсэн байна гэж үзэж дахин үнэлгээ хийлгэхэд 53710260 төгрөгийн үнэлгээтэй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудал шийдэгдэх учраас эдгээр нотлох баримт хавсрагдаагүй байгаа учраас наториатаар баталгаажуулаад авч ирсэн. Л.Дүүрэнжаргалын 53710260 төгрөгөөр үнэлэгдсэн барьцаа хөрөнгийг ХААН банкны хохиролд тооцоход татгалзах зүйлгүй. Мөн 3 удаагийн үнэлгээ гаргуулахад банкнаас гаргасан зардал 3300000 төгрөг, нийт 93415990 төгрөгийг Л.Дүүрэнжаргалаас гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг,
201506000323 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Гэрч Долгорсүрэнгийн өгсөн: ...Би анх 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Л.Дүүрэнжаргал гэдэг хүнд 1 сарын хугацаатай Булган аймгийн Гурванбулаг сумын Хаан банкнаас 40000000 төгрөг зээлж өгсөн. Тэгээд надад мөнгөө өгөхгүй саяхныг хүртэл явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Л.Дүүрэнжаргал цаасан хайрцганд савлаж хийсэн 41423000 төгрөгийг авчирч өгсөн. Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч ирээд мөнгийг хурааж авсан…гэх мэдүүлэг /хх 54 тал/, Гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: ...Норжмаа гэх хүнээс мөнгө зээлж өгсөн, ... 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагт данс авч мөнгийг хүүний хамт 2150000 төгрөгийг шилжүүлсэн, миний дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 55 тал/, Гэрч Б.Отгонхишигийн өгсөн: ...Манай Дашинчилэн сумын Хаан банк нь эрхлэгч Л.Дүүрэнжаргалд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг 20 минутын орчим кассын илүүдэл мөнгө болох 104888000 төгрөгийг Улаанбаатар хотын Төв банкны Өнөр тооцооны төвд хүргүүлэхээр өгч явуулсан. Л.Дүүрэнжаргал нь өөрийн нөхөр гээд нэг залуутай хамт ирж мөнгийг банкнаас авч гарсан…гэх мэдүүлэг /хх 58/, Гэрч М.Цэрэнбалдангийн өгсөн: ...Би 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19 цаг 20 минутын үед Булган аймгийн Гурванбулаг сумын Хаан банкны эрхлэгч Л.Дүүрэнжаргалд кассын илүүдэл 40831000 төгрөгийг хүлээлгэн өгч Төв банкны кассын салбар руу явуулсан гэх мэдүүлэг /хх 60 тал/, Гэрч Ж.Батсүхийн өгсөн: ...Миний нэр дээр хадгаламж барьцаалан 5 сая төгрөгийн зээлийг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргуулж авсан. Норжмаа гэх хүнээс мөнгө зээлж өгсөн, ...2015 оны 11 дүгээр сард 5275215257 тоот дансанд 5000000 төгрөгийг хийчихлээ гэж хэлсэн, миний дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 61 тал/, Гэрч Л.Бат-Өлзийгийн өгсөн: ...Охины сургалтын төлбөрийг төлөхөөр авсан 1500000 төгрөгөөс Л.Дүүрэнжаргалыг гуйхаар нь 1000000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг дансанд шилжүүлсэн боловч дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 62 тал/, Гэрч Ц.Догсмаагийн өгсөн: ...2015 оны 2 дугаар сард хадгаламж барьцаалан 9 сая төгрөгийн зээлийг авч өгсөн. ...2015 оны 11 дүгээр сарын сүүлчээр 5275069473 тоот дансанд 11000000 төгрөгийг хийчихлээ гэж хэлсэн, данс хоорондын гүйлгээ хийлгээд хадгаламжийн зээлээ төлсөн. Дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 63 тал/, Гэрч Ц.Сандагбазарын өгсөн: ... 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкнаас малчны зээл 5800000 төгрөгийн зээл авсан. Энэ зээл дээр Л.Дүүрэнжаргалд 2200000 төгрөгийг нэмж авч өгсөн. ...2015 оны 11 дүгээр сард 5275213306 тоот дансанд 2300000 төгрөг орсон байна гэсэн, дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 64 тал/, Гэрч С.Нарантуяагийн өгсөн: ...2015 оны 2 дугаар сард банкнаас 7000000 төгрөгийн зээл авч Л.Дүүрэнжаргалд 5000000 төгрөгийг зээлдүүлсэн. ...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5275070079 тоот данс руу 4500000 төгрөг орлоо гэж миний 88773262 дугаар утсанд мессеж ирсэн, одоо авах авлага байхгүй гэх мэдүүлэг /хх 65 тал/, Гэрч Д.Баярсайханы өгсөн: ...2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хадгаламж барьцаалан 15 сая төгрөгийн зээлийг авч 1 сарын хугацаатай аман гэрээ хийж өгсөн. ...Л.Дүүрэнжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хадгаламжийн данс руу чинь 16020000 төгрөгийг шилжүүлчихлээ гэж утсаар мэдэгдсэн. Дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 67 тал/, Гэрч Д.Батжаргалын өгсөн: ...Банкнаас 1000000 төгрөгийн зээл авахаар очиход Л.Дүүрэнжаргал нь 2000000 төгрөг нэмээд аваад өгчих гэж гуйхаар нь нэмж 2000000 төгрөг авч өгсөн. Мөнгөө аваагүй байгаа, төлсөн талаар мэдэгдээгүй гэх мэдүүлэг /хх 67 тал/, Гэрч Ц.Батгэрэлийн өгсөн: ... 2015 оны 5 дугаар сард банкнаас 1000000 төгрөг, 7 дугаар сард 2000000 төгрөг, нийт 3000000 төгрөг зээл авч Л.Дүүрэнжаргалд өгсөн. ... 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байх 3500000 төгрөг 5275212201 тоот дансанд орж ирсэн, би данснаас мөнгөө авсан, авлага байхгүй гэх мэдүүлэг /хх 69 тал/, Гэрч Ц.Саандарын өгсөн: ... 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хадгаламж барьцаалан 30000000 төгрөгийн зээлийг гаргуулж авсан. Л.Дүүрэнжаргал 2015 оны 8 дугаар сард 2100000 төгрөгийг шилжүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30000000 төгрөгийг шилжүүлж, би зээлээ хаалгасан. Одоо зээлийн үлдэгдэл 2782327 төгрөг дутуу байгаа гэх мэдүүлэг /хх 70 тал/, Гэрч Д.Дэлэгийн өгсөн: ...Малчны зээл 3000000 төгрөгийг Л.Дүүрэнжаргалд авч өгсөн. ... 2015 оны 11 дүгээр сард манай нөхөр Д.Дашзэвэгийн 5275193014 тоот дансанд 3000000 төгрөгийг хийчихлээ гэж хэлсэн, дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 73 тал/, Гэрч Ц.Батсүхийн өгсөн: ...Малчны зээл буюу 7 сая төгрөгийн зээлийг гаргуулж авсан, зээлийг хүүгийн хамт төлнө гэсэн гэх мэдүүлэг /хх 74 тал/, Гэрч Б.Батмөнхийн өгсөн: ... 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр банкнаас малчны зээл 8000000 төгрөгийн зээл авсан...миний ХААН банкны дансанд 5000000 төгрөг хийчихсэн гэж утсаар мэдэгдсэн, дансыг битүүмжилсэн байгаа гэх мэдүүлэг /хх 75 тал/, Гэрч А.Болор-Эрдэнийн өгсөн: ...ХААН банкны хадгаламжийн дансаа барьцаалан 8490000 төгрөгийн зээл авч 6000000 төгрөгийг Л.Дүүрэнжаргалд бэлнээр өгсөн. ...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7000000 төгрөгийг шилжүүлсэн нь мессежээр ирсэн, уг мөнгөнөөс 4350000 төгрөгийг хадгаламжийн дансандаа хийж үлдэгдэл 2650000 төгрөгийг одоо аваагүй байгаа гэх мэдүүлэг /хх 79 тал/, Гэрч Д.Батнасангийн өгсөн: ...2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө зээлээч гэсний дагуу малчны зээл 8000000 төгрөгийг авч Л.Дүүрэнжаргалд бэлнээр өгсөн. Банкинд тушаах эхний 4 сая төгрөгийг тушаасан байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5772500 төгрөгийг шилжүүлж, миний зээлийг хаасан гэх мэдүүлэг /хх 83 тал/, Гэрч Баярбасгалангийн өгсөн: ...2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын ХААН банкнаас Л.Дүүрэнжаргал надад мөнгө хэрэгтэй болоод байна та хэдэн төгрөг зээлээд өгөөч гээд байхаар 8000000 төгрөг зээлж аваад Дүүрэнжаргалд 4300000 төгрөг бэлнээр нь зээлж байсан. …2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна. Дүүрэнжаргал миний өөрийн харилцах 5275085189 тоот дансанд 4550000 төгрөг хийсэн байсныг би зээлийн төлөлтөд хийсэн ...гэх мэдүүлэг /хх 86 тал/, Гэрч Д.Отгонтуяагийн өгсөн: … 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.Дүүрэнжаргал над руу утсаар яриад найзад нь хэдэн төгрөгний хэрэг болоод байна 10000000 төгрөг байна уу гэхээр нь өөрийн хадгаламжинд байсан мөнгөнөөс 10000000 төгрөгийг Лхагвасүрэн гэдэг хүний данс руу шилжүүлж өгч байсан. 3500000 төгрөгийг сарын дараа Дүүрэнжаргал миний данс руу шилжүүлж байсан. Үлдэгдэл 6500000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний өөрийн 5283014140 тоот данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх 91 тал/, Шинжээч С.Энхбаатарын өгсөн: “Иргэн Л.Дүүрэнжаргалын эзэмшлийн болон өмчлөлийн газар, 2 байшинг үнэлэхдээ үнэлгээний Олон улсын стандарт, орлогын, зах зээлийн, өртгийн хандлагуудын арга аргачлалуудыг ашигласан. Тухайн орон нутагт хашаа байшин барьж худалдаалж байгаа үнийн талаар Хаан банкны салбарын ажилтнууд болон бусад иргэдээс аман мэдээллээр судалсан. Мөн тухайн орчинд орлого олох боломжийг судалсан. Өртгийн үнэ цэнийг тооцохдоо Засгийн Газрын 336 дугаар тогтоол, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг үндэслэсэн. Улаанбаатар хоттой харьцуулахад тухайн орон нутгийн алслагдсан байдлаас хамаарч тээврийн зардал, бусад хүчин зүйлийн нөлөөллөөр өртөг өсдөг. Харин өмнөх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 байшингийн үнэлгээ яагаад буурсан бэ гэхээр мансардтай барилгын талбайн хэмжээ зөрүүтэй байсан. Манай хийсэн хэмжилтээр талбайн хэмжээ буурсан, бид хэмжилт хйихдээ талуудыг оролцуулж гарын үсэг зуруулсан байгаа. Мөн тухайн үед уг мансардтай байшинг ашигласан хугацааны элэгдэл тооцоогүй байсан. Эхний үнэлгээ хийгдсэнээс хойш 9 сар орчим хутацаа өнгөрсөн учраас 2 байшингийн хувьд элэгдэл тооцох хугацаа нэмэгдсэн. Өмнөх үнэлгээний тайлантай танилцахад үнэлгээг ерөнхийд нь өртгийн хандлагаар /жишиг өртгөөр/ хийсэн байсан. Бидний хувьд олон талаас авч үзсэн, үнэлгээний хандлагын бүх аргыг ашигласан. Газрын хувьд үнэлгээ нэмэгдсэн энэ нь тухайн орчинд зах зээлийн боломжит үнээр үнэлсэн, өмнө нь газрын суурь үнээр дуудлага худалдааны анхны үнээр үнэлсэн байсан” гэх мэдүүлэг /3-хх-2-3 тал/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 8-40тал/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 40-42 тал/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 31-33 тал/, шинжээчийн дүгнэлт /хх -100-125 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгэл эдэлж байсан талаархи Цагдаагийн байгууллагын лавлагаа /хх-147 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-148-153 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-226 тал/, банкны хуулга, зээлийн гэрээ /1-хх-229-250, 2-хх-1-41, /3-хх-104-163 тал/, үнэлгээний тайлан /2-хх-243-250, 3-хх-78-96 тал/ шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлаас халагдсан тушаал, кассын үйл ажиллагааны журам /3-хх-1-38 тал/, Л.Дүүрэнжаргалын эзэмшлийн байрны гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /3-хх-51-53 тал/, зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргагдаж ирсэн CD-г шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.Дүүрэнжаргал нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 71233000 төгрөг, Дашинчилэн суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 104888000 төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 40831000 төгрөг буюу нийт 216942000 төгрөгийг ХААН банкны кассын үнэ бүхий зүйлийн газарт хүргэхээр авч яваад улмаар тус банкнаас хүмүүсийн нэр дээр гаргуулж авсан өөрийн зээлийн төлбөрийг төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баттөр, иргэний нэхэмжлэгч Д.Наран нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэм хорын талаарх мэдүүлэг, гэрч Б.Отгонхишиг, П.Амарсайхан, М.Цэрэнбалдан нарын кассын илүүдэл цүнхтэй мөнгийг ХААН банкны кассын үнэ бүхий зүйлийн газарт хүргүүлэхээр хүлээлгэж өгсөн талаарх мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаарх Г.Долгорсүрэн, Б.Эрдэнэчимэг, Ж.Батсүх, Л.Бат-Өлзий, Ц.Догсмаа, Ц.Сандагбазар, С.Нарантуяа, Д.Баярсайхан, Д.Батжаргал, Ц.Батгэрэл, Ц.Саандар, Д.Дэлэг, Ц.Батсүх, Б.Батмөнх, А.Болор-Эрдэнэ, Д.Батнасан, Д.Баярбасгалан, Д.Отгонтуяа нарын зэрэг түүний гуйлтаар өөрийн нэр дээр зээл авч өгч байсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нарын депозит дансны хуулга, зээлийн гэрээний хуулбарууд, цүнхтэй мөнгөний дагалдах хуудас, Эрүүгийн цагдаагийн газраас 41423000 төгрөгийг хураан авч Хаан банкны түр дансанд байршуулсан орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Дүүрэнжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Шинэтуулыг шалгуулах тухай хүсэлт гаргаж байх боловч өмнө нь энэ хэрэгт Ч.Шинэтуулын оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, шүүхийн тогтоолд заасны дагуу хийгдсэн ажиллагаагаар Ч.Шинэтуулд холбогдох 201626030537 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, энэ хэргийн хохирогчоор шүүгдэгч Л.Дүүрэнжаргал тогтоогдож өгсөн мэдүүлэг зэрэг авагдсан байх ба түүний мэдүүлэг болон өөрийн нэр дээр Л.Дүүрэнжаргалд зээл авч өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр Ч.Шинэтуулын үйлдэл, оролцоо нотлогдож тогтоогдоогүй байна. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Дүүрэнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Л.Дүүрэнжаргалыг хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас ХААН банкинд 216942000 төгрөгийн шууд, 3300000 төгрөгийн шууд бус хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт үйлдлийн замаар олсон дээрхи мөнгөнөөс 41423000 төгрөгийг хураан авч Хаан банкинд олгож, мөн 31692750 төгрөгийг шилжүүлсэн нэр бүхий 10 хүний дансанд барилт хийж битүүмжилсэн байна.
Иймд Ж.Батсүхийн 5000000 төгрөгийг, А.Болор-Эрдэнийн 2600000 төгрөгийг, Б.Доржхандын 900000 төгрөгийг, Д.Дашзэвгийн 2999000 төгрөгийг, Ц.Сандагбазарын 2349900 төгрөгийг, Д.Чойсүрэнгийн 9000000 төгрөгийг, Д.Баяржаргалын 1000000 төгрөгийг, Б.Батмөнхийн 5543850 төгрөгийг, Ж.Батцэцэгийн 1300000 төгрөгийг, Д.Пунсалдуламын 1000000 төгрөгийг тус тус битүүмжилсэн дансны битүүмжлэлийг хүчингүй болгож, нийт 31692750 төгрөгийг ХААН банкинд олгож, шүүгдэгч Л.Дүүрэнжаргалаас 143826250 төгрөгийн шууд, эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдож гарсан 3300000 төгрөгийн шууд бус хохирлыг тус тус гаргуулж, хохирогч ХААН банкинд олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын эзэмшлийн 491 м2 газартай 150 м2 талбай бүхий хувийн орон сууц, 53 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 1578 м2 газрыг тус тус битүүмжилсэн байх бөгөөд дээрхи эд хөрөнгийн үнэлгээн дээр талууд маргаж байгаа, хохиролд шилжүүлэн өгсөн, авсан талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Дүүрэнжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар ирүүлсэн хоёр ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Бэрх овогт Лувсандоржийн Дүүрэнжаргалыг хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Дүүрэнжаргалыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Дүүрэнжаргалд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт Ж.Батсүхийн 5000000 /таван сая/ төгрөгийг, А.Болор-Эрдэнийн 2600000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг, Б.Доржхандын 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг, Д.Дашзэвгийн 2999000 / хоёр сая есөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг, Ц.Сандагбазарын 2349900 /хоёр сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөгийг, Д.Чойсүрэнгийн 9000000 /есөн сая/ төгрөгийг, Д.Баяржаргалын 1000000 /нэг сая/ төгрөгийг, Б.Батмөнхийн 5543850 /таван сая таван зуун дөчин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг, Ж.Батцэцэгийн 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, Д.Пунсалдуламын 1000000 / нэг сая/ төгрөгийг битүүмжилсэн дансны битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, дээрхи нэр бүхий хүний дансан дахь нийт 31692750 /гучин нэгэн сая зургаан зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг ХААН банкинд олгож, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Дүүрэнжаргалын эзэмшлийн 491 м2 газартай 150 м2 талбай бүхий хувийн орон сууц, 53 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 1578 м2 газрыг тус тус төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн хоёр ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Дүүрэнжаргалаас гэмт хэргийн шууд хохиролд 143826250 /нэг зуун дөчин гурван сая найман зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг, шууд бус хохиролд 3300000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг нийт 147126250 /нэг зуун дөчин долоон сая нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч ХААН банкинд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дүүрэнжаргалд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД