Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/148

 

2026        03          26                                          2026/ШЦТ/148

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0146/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Н.М,

Шүүгдэгч Т.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ********* ********д холбогдох эрүүгийн 2639000950078 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт орших Н.********ын гэрт 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ "Н.********ыг архи өгөхгүй байна" гэсэн шалтгааны улмаас түүний толгойн тус газарт нь галын хайчаар цохиж биед нь чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт орших Н.********ын гэрт 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ "Н.********ыг архи өгөхгүй байна" гэсэн шалтгааны улмаас түүний толгойн тус газарт нь галын хайчаар цохиж биед нь чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

2.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/,

3.Хохирогч Н.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрт ********, ********** бид 3 байсан. Бид 3 Монгол гэсэн 0,75 гр архи хувааж уусан. Би архи ууж байгаад гудсан доогуур хийгээд нуусан. Тэгэхэд ********г архи авая гэхэд нь би "одоо архи болсон байна, чи илүү согтох гээд байна" гэж хэлээд түүнд архи өгөөгүй. Тэгээд архи өгөхгүй байна гээд ******** намайг хайчаар цохисон. Би охин ******** ********** гээд залуу гэрт орж ирэхээр нь дуудуулсан. Охин гэрт орж ирээд миний чихнээс цус гарж байсан болохоор цагдаагийн байгууллага дуудсан. Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй. Санал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

4.Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******** нь миний төрсөн аав юм. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед аавын гэр рүү нь ороход гэрт нь ******** буюу ******** ах байж байсан. Харин манай аав баруун талын ор дээрээ хэвтсэн байдалтай чихнээс цус гарчихсан. Зүүн чих нь сэтэрчихсэн байхаар нь би юу болсон талаар асуухад ******** ахыг галын хайчаар цохисон гэж аав хэлсэн. Тэгэхээр нь ******** ахыг яагаад аавыг минь цохиж зодож байгаа юм гэж асуухад ******** ах хэлэх дээ өчигдөр шөнө буюу 2025 оны 01-р сарын 06-ны өдөөс 07-ны өдрийг шилжих шөнө архи ууж байгаад хэрэлдээд муудалцсан юм. Тэгээд чихийг нь галын хайчаар цохисон юм гээд өөдөөс согтуурхаад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай аав ********ын зүүн чих нь л урагдчихсан байсан. Өөр гэмтэл шарх ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

5.Иргэний нэхэмжлэгч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Н.******** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 105,462 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна... Төрийн сангийн данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/

6.Хэнтий аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.********** 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаартай “...Н.********ын биед чихэнд гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.." гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Т.******** хохирогч Н.********ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Иймд шүүгдэгч Т.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.********** шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 (тав) жил 10 (арав) сар, 4 (дөрөв) хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 (хоёр) сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 (зургаа) жил, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********д оногдуулсан 6 (зургаа) жил, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.********д Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 (тав) жил 10 (арав) сар, 4 (дөрөв) хоногийн хорих ялыг тоолохдоо 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд тооцсон тул шүүгдэгч энэ хэрэгт 12 (арван хоёр) хоног цагдан хоригдсон байна.

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.********гөөс 105,462 (нэг зуун таван мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Н.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн ******** ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********д 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 (тав) жил, 10 (арав) сар, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 (хоёр) сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 (зургаа) жил, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********д оногдуулсан 6 (зургаа) жил, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.********гийн цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.********гөөс 105,462 (нэг зуун таван мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

 

8.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Н.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

          

            12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР