Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 143/ШШ2024/00053

 

 

2024 оны 01 сарын 30 өдөр Дугаар 143/ШШ2024/00053  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.У******* даргалж, шүүгч Б., Г нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* овогт ******* Г /*******, *******, *******, ,

Хариуцагч: овогт /РД:/,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 33 143 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээд Э., иргэдийн төлөөлөгч Ц.С, нарийн бичгийн даргаар С.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Toyota Land Cruiser Prado J150 маркийн 83-83 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэдийгээр Эм Эл Жи Финанс Гинко ХХК-ийн нэр дээр байгаа ч нэхэмжлэгч Л.Г зээлийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашигладаг болно.

2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийнаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.Гийн эзэмшлийн Toyota Land Cruiser Prado J150 маркийн 83-83 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э. жолоодон явж байхад хатуу хучилтай засмал зам дээр автомашин зогсох боломжгүй зайд тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд 31 726 400 төгрөгийн бодит хохирол учирсан юм.

Тухайн үед харуй бүрий болсон байсан, урдаас хоёр автомашин зөрж байсан учир Э. жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрлийг ойрын тусгалд шилжүүлэн хөдөлгөөнд оролцож байсан ба зам дээр хажуугаас гэнэт гарч ирсэн тэмээг хараад зогсоож амжилгүй тэмээг мөргөж осол гарсан.

Осол гармагц дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэврээр Э.д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Харин хариуцагч Х.д дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2, Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: з/хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Х. нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2.3. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан юм.

Гэтэл осол болсны дараа тэмээний эзэн Х.д хандаж ... бид автомашиндаа учирсан хохирлоо яах вэ гэхэд өөдөөс тэмээний хохирлоо нэхэж, ... та нар зүгээр амьд үлдсэндээ баярла хэмээн биднийг үл ойшоож байгаад гомдолтой байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт: бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт: ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.өөс тээврийн хэрэгслийн хохиролд 31 726 400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1 417 000 төгрөг нийт 33 143 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х. мэдүүлэхдээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр адаг руу туугаад тэнд орхисон. Тэгсэн удалгүй маргааш нь замын ойролцоо ирсэн байгаа харагдсан гэж байсан. Замын ойролцоо ирсэн байгааг нь харсан байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь хэсгийн З-д Хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх заалтыг мэдэх үү гэхэд мэднэ гэж хариулсан байна.

Э. нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг 40 минутын үед Өмнөговь аймгаас *******ын чиглэлд хатуу хучилттай замын 21 дэх километр буюу хот суурин газраас гадна замд Л.Гийн эзэмшлийн тоёота 150 маркийн 8383УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үед хатуу хучилттай засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирсний улмаас зогсож амжилгүй тэмээг мөргөж зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч Х. нь Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.8 зам дээр Зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналтгүй, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2 дахь хэсгийн З дэх хэсэгт Хатуу хучилттай засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээмэл амьтан оруулахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас Л.Гийн эзэмшлийн Э.ын унаж явсан автомашинд 31 726 400 төгрөгийн хохирол учирсан нь Х.д оногдуулсан шийтгэлийн хуудас, Виндо компанийн автомашин техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдож байна. Харин тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.д оногдуулсан шийтгэл үндэслэлгүй байна гэж хүчингүй болгосон баримт нь Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай шийдвэрээр нотлогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болон Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн заалтуудыг тус тус үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хариуцагч Х.өөс тээврийн хэрэгслийн хохиролд 31 726 400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1 417 000 төгрөг, нийт 33 143 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь хэсгийн З бол ...хариулгагүй мал гэж зааснаас биш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар бог, бод гэж ялгаагүй, ангилсан зохицуулалт байхгүй. Мал гэдэг утгаараа таван хошуу малын нэг болох тэмээ үүнд хамаарна. Хариуцагч талаас үнэлгээн дээр маргаж байна. Зөвшөөрөхгүй гэж байгаа боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулъя, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх тайлбар хэлж байгаа ч хэрэг хянан шийдвэрлэж байгаа нэг ч баримт байхгүй. Зөрчлийн хэрэг дуусгавар болсон. Мөн магадалгаанд Х. нь тэмээг замтал замын ойролцоо ирсэн байгааг мэдсэн, Замын хөдөлгөөний дүрэмд 50 метрээс дотогш мал оруулахгүй гэх заалтыг мэдэж байна гэж тайлбарласан гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн тэмээндээ ямар нэгэн цацруулагч хийгээгүй байсан нь тухайн үзлэгээр нотлогддог. Иймд Х. нь осол гарахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй, Замын хөдөлгөөний дүрсийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна.

Зам тээврийн осол хариуцагчийн буруутай үйлдлээс болоод бий болсон гэж үзэж байна. Тэмээг засмал зам руу орсон байсныг мэдсээр байж холдуулаагүй. Замын хөдөлгөөний дүрэм мэдэж байсан. Х.д Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан нь хүчин төгөлдөр болсон байгаа. Э.ын тухайд эрх бүхий албан тушаалтан Сугархүү үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг ногдуулсан боловч нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүхээс шийтгэвэр нь хүчин төгөлдөр бус болсон байгаа. Э.д оногдуулсан хуулийн заалт бол ерөнхий заалт байгаа. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед 40 эсвэл 50 километр цагийн хурдтай яваарай гэсэн зүйл байхгүй. Тохирсон хурдтай явна гэж заасан байгаа. Гэтэл Э.д тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Харин ч өөдөөс машин ирж байхад гэрлээ шилжүүлээд гэнэт тэмээ гарч ирсэн учраас эсрэг урсгалд орохгүй байх үүднээс тэмээг зайлшгүй мөргөсөн байна. Иймд бидний зүгээс эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Зөвхөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжилсэн байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 02-ны үдэш Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд буюу Өмнөговь аймгийнаас *******ын чиглэлд Toyota Land Cruiser Prada J150 маркийн 83-83 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 заасан харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй хурд хэтрүүлж маш их хурдтай явсны улмаас зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан.

Манайх тэмээ адуу хонь ямаа гэх 4 төрлийн малтай үүнээс хонь ямаа саалийн торомтой ингээ өдөр тутам маллаж гаднаа хотондоо хотлуулж хоноглуулж малладаг. Харин энэ дайрагдсан тэмээ маань өдөр тутам хараа хяналтдаа байлгах маллагаа шаардагдахгүй хээрээр явдаг сувай тэмээнд явдаг гадаа хотлуулж малладаггүй, 2-3 өнжиж усандаа ирж уугаад хөдөөгүүр хонож явдаг мал билээ. Хээрээр явдаг малыг бид өдөр болгон гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Ямар ч малчин айлаас асуусан сувай бод малаа хээрээр хонуулж малладаг нь батлагдах билээ. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай үүгээрээ малчид бид өв соёлоо хадгалж яваа. Хөдөө аж ахуйн салбарын нэгэн хэсэг юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. 510 дугаар зүйлийн 510.1-д эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө нөхөн төлөх эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэж нэхэмжилсэн байна. Би Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2.3-т зааснаар хариуцлагаа хүлээж торгуулсан билээ.

Тухайн тээврийн хэрэгсэл зам дээр зүгээр зогсож байхад нь манай тэмээнүүд бүлэглэж хурд хэтрүүлж очоод тоормос гишгэлгүй машиныг дайрч сүйтгээгүй амьд биет мал хаана явахыг үргэлж харж дагаж явах боломжгүй ухаант хүн бид амь амьжиргаагаа залгуулахын тулд малаа орхиж төв суурин газраар зорчих хоол хүнс бензин тосоо базааж явах шаардлагатай байдаг билээ. Энэ хөдөө хээрийн хатуу хучилттай замыг гатлан мал малчин мөн зэрлэг ан амьтан явдаг, тэр машины жолооч хэрэв зэрлэг амьтан дайрч машинаа эвдэлсэн бол тэр амьтнаас хохирлоо нэхэх байсан уу.

Манайд хандаж нэхэмжлэл гаргасан Лувсандагва овогтой Г гэх хүнийг бид мэдэхгүй танихгүй энэ хүнд ямар нэгэн өглөг байхгүй. Энэ нэхэмжилж буй хохирлоо тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх жолооч Э.ын хурд хэтрүүлсэн жолоочийн хариуцлагаа биелүүлж яваагүй саадыг тойрч гараагүй үйлдлээс болсон гэж би бодож байна. Хэрэв энэ хүн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа заасан боломжит хурдаар явж байсан бол зам дээр гарч ирсэн саадыг буюу тэмээг тойрон гарах боломжтой ингэснээр тэр машинд эвдрэл хохирол учрахгүй байсан. Тиймээс Г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3 болон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн б, 12.2, 13.2.1-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй, жолоогоо шилжүүлж өгсөн аас хохирлоо нэхэмжилнэ үү. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад Х.ийн зүгээс тайлбараа гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тээврийн хэрэгсэлд 31 726 400 төгрөгийн бодит хохирол учирсан гэх боловч автомашины эвдрэлд ямар ямар эвдрэл, гэмтэл учирсан, үүнийгээ өөрөө үнэлгээ гаргаад байгаа юм уу, үнэлгээний компаниар гаргуулсан уу гэдэг нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй. Хоёрдугаарт маргааны зүйл болох нэхэмжлэлийн шаардлага маань 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэлийг хүчингүй болгох тухай шийтгэвэр байдаг. Үүнд Х.ийг дүрэм зөрчсөн байна. Шийтгэлийг хүчингүй болгож Э.ыг дүрэм зөрчсөн асуудлаас чөлөөлөгдөж байна гэсэн утга бүхий нэхэмжлэл байгаа. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг харахад зөрчил шалган шийдвэрлэгдэж байх явцад оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, гомдол гаргах эрхийг хангаагүй гэх үндэслэлээр шийтгэлээ хүчингүй болгосон нөхцөл байдал харагддаг. Иймд хариуцагчийн зүгээс тухайн төлбөрийг төлөх боломжгүй. Учир нь зөрчлийн хэрэг дуусаагүй байхад иргэний журмаар нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна.

Зөрчлийн хэрэг нь дуусаагүй байхад иргэний журмаар нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Гол шийтгэл хүчингүй болгох тухай шийтгэврийн хуудсан дээр оролцогчийн эрхийг нь хязгаарласан талаар эрх нь зөрчигдсөн байхад хүчингүй болгосон нөхцөл байдал харагдана. Тэгэхээр нөгөө талаас гомдол гаргаад энэ асуудлаа Зөрчлийн тухай хуулиар дахин шийдүүлэх боломж байна гэж харж байгаа.

Миний хувьд шийтгэлийг хүчингүй болгосон учраас Э.ыг буруугүй гэж үзэж байгаа нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зөрчлийн асуудал процессын алдаатай байна. Дахин шалга гэх гарсан шийтгэврийг хүчингүй болгосон нөхцөл байдал байна. Х.ийн хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр тэмээгээрээ хохирсон. Автомашины хохирол төлөх нь үндэслэлгүй. Автомашин нь өөр компанийн эзэмшилд байдаг. Л.Гт шаардах эрх байгаа юу гэсэн асуудал яригдахаар байна. Мөн Л.Гийн хувьд Э.д тээврийн хэрэгслээ шилжүүлж өгөөд Э. тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа осол гаргаж тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан байгаа. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тухайн үед машиныг жолоодож явсан. Харуй бүрий болсон байсан. Малчин бол малдаа цацруулагч болон сэрэмжлүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан. Ер нь хувийн хариуцлагагүй байдлаас болоод ийм зүйл болсон гэж үзэж байна.

Би замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд, хурд хэтрүүлээгүй явж байсан. Гэрлээ шилжүүлсэн. Намайг гэрлээ шилжүүлэхэд зам дээр ямар нэгэн зүйл байгаагүй. Гэрлээ шилжүүлээд явж байх үед гэнэт нэг бараан өнгөтэй зүйл урд гарч ирээд зогсох боломжгүй ойрхон гарч ирсэн учраас мөргөөд осол болсон. Би өмнөөс ирж байсан дараалсан хоёр машины урдуур тэмээ гарч ирсэн гэж үзэж байна. 100 хувь тодорхой хараагүй учраас мэдэхгүй байгаа.

Хариуцагч Х. нь хэлэхдээ Ер нь тээврийн хэрэгсэл уначихдаг юм. Чи азтай байна шүү гэсэн утгаар хэлж байсан. Тэмээндээ цацруулагч зүүгээгүй, малаа замтай ойрхон явж байгааг харсан боловч холдуулаагүй үйлдэл нь санаатай байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Х. малаа хээрээр явдаг гэсэн. Тэмээ хээрээр бэлчээрлэдэг тул идэш тэжээл сайтай газраар л явна гэж бодож байна. Жолооч нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй байсан гэж тайлбарлаж байна. Миний бодлоор эзэн нь тэмээгээ замаас холдуулсан боловч тэмээ нь буцаж зам руу орсон, замд ойртсон байна. Гуравдагч этгээд гэх Э. нь тэмээг дайрсан харагдаж байна. Малчин тэмээ малыг бог мал шиг өглөө гаргаад орой хотлуулна гэж байдаггүй тул хохирол гэх зүйлийг сайн мэдэхгүй байна. 31 726 400 төгрөгийг биш даатгуулсан даатгалын улсын үнэлгээгээр нь барагдуулах байх гэж бодож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Х.д холбогдуулан гэм хорын хохиролд 33 143 400 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлээс 16 571 700 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тал шаардах эрхээ:

Тээврийн хэрэгслийг Э. жолоодож явсан ба түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэврээр Э.д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Харин хариуцагч Х.д Замын хөдөлгөөний дүрмийн 27.2, Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: з/хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

Түүний хууль бус үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж түүнээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 31 726 400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1 417 000 төгрөг нийт 33 143 400 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Х. нь татгалзлын үндэслэлээ уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.ын хурд хэтрүүлсэн, жолоочийн хариуцлагаа биелүүлж яваагүй, саадыг тойрч гараагүй үйлдлээс болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргадаг.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

1. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийнаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.Гийн эзэмшлийн Toyota Land Cruiser Prado J150 маркийн 83-83 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э. гэгч жолоодон явж байгаад хатуу хучилтай засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөсөн.

 

2. дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.д 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 0087605 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэврээр уг шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад тэмээний эзэн Х.д 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 0087608 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

4. 0087608 дугаартай шийтгэлийн хуудсанд: Х.ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з дэх хэсэгт заасан хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг зөрчсөн гэжээ.

 

5. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42719 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд 8383 УНЧ улсын дугаартай, Toyota LC prado-150 машинд дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд: урд буфер 750 000 төгрөг, урд буферын баруун тогтоогч зам 55 000 төгрөг, урд салхины шил 500 000 төгрөг, баруун урд гэрэл 450 000 төгрөг, зүүн урд гэрэл 450 000 төгрөг, урд панел жааз 900 000 төгрөг, баруун урд крыло 180 000 төгрөг, зүүн урьд крыло 400 000 төгрөг, капод /2ш амартизатортой/ 1 800 000 төгрөг, кондейшний мотор 350 000 төгрөг, коллектор 200 000 төгрөг, радиатор /ком/ 800 000 төгрөг, шил арчигч, шингэний сав 80 000 төгрөг, аккумлятор 80А /элэгдэл тооцов/ 190 000 төгрөг, илүүдлийн сав 60 000 төгрөг, Жанам 230 000 төгрөг, Сохорын хоолой 30 000 төгрөг, урд салон 500 000 төгрөг, Бензин помп, трүп 100 000 төгрөг, үндсэн мотор /ком/ /цээж утастай/ 9 500 000 төгрөг, гидрийн аппарат 250 000 төгрөг, зүүн урд хаалга 175 000 төгрөг, дотор салоны дунд хайрцаг 100 000 төгрөг, агаар шүүгчийн хоолой 80 000 төгрөг, урд нэмэлт гэрэл 2ш 240 000 төгрөг, урд нүүр 280 000 төгрөг, тормосны дээд аппарад 350 000 төгрөг, жолооч болон зорчигчийн ослын дэр 800 000 төгрөг, жолооч болон зорчигчийн суудлын бүс 80 000 төгрөг, үндсэн рам 3 000 000 төгрөг, Хропны хөргөлтийн радиатор 350 000 төгрөг, моторын дээд таг 150 000 төгрөг, ослын дэрний компьютер 200 000 төгрөг, баруун урд под крыло 100 000 төгрөг,

Шууд зардал 23 605 000+355 000=23 960 000 төгрөг

Эд анги солих зардал 6 000 000 төгрөг, эд анги будах зардал /солигдсон/ 1 200 000 төгрөг, тос тосолгооны материал 400 000 төгрөг, компьютер оношилгоо 25 000 төгрөг, 700гр будаг тус-мат лак 141 400 төгрөг

Нийт шууд бусад зардал 7 776 400 төгрөг,

Нийт шууд зардлын дүн 23 960 000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон дүн 31 726 400 төгрөг гэжээ.

 

6. Хариуцагч Х.ийг хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан нь нэгэнт тогтоогдсон байх тул түүнийг зам тээврийн осолд буруутай гэж үзнэ.

 

Тэрээр дайрагдсан тэмээ нь өдөр тутам хараа хяналтдаа байлгах маллагаа шаардагдахгүй хээрээр сувай тэмээнд явдаг гадаа хотлуулж малладаггүй, 2-3 өнжиж усандаа ирж уугаад хөдөөгүүр хонож явдаг мал билээ. Хээрээр явдаг малыг бид өдөр болгон гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Ямар ч малчин айлаас асуусан сувай бод малаа хээрээр хонуулж малладаг нь батлагдах билээ. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай үүгээрээ малчид бид өв соёлоо хадгалж яваа. Хөдөө аж ахуйн салбарын нэгэн хэсэг юм. Тухайн тээврийн хэрэгсэл зам дээр зүгээр зогсож байхад нь манай тэмээнүүд бүлэглэж хурд хэтрүүлж очоод тоормос гишгэлгүй машиныг дайрч сүйтгээгүй амьд биет мал хаана явахыг үргэлж харж дагаж явах боломжгүй ухаант хүн бид амь амьжиргаагаа залгуулахын тулд малаа орхиж төв суурин газраар зорчих хоол хүнс бензин тосоо базааж явах шаардлагатай байдаг билээ. Энэ хөдөө хээрийн хатуу хучилттай замыг гатлан мал малчин мөн зэрлэг ан амьтан явдаг, тэр машины жолооч хэрэв зэрлэг амьтан дайрч машинаа эвдэлсэн бол тэр амьтнаас хохирлоо нэхэх байсан уу гэсэн тайлбарыг гаргаж өөрийгөө гэм буруугүй гэх боловч зам тээврийн осолд буруутгасан шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй мөн гэм буруугүйгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагч Х.ийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоотой байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Х. гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.Г учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэхийг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.

 

Шалтгаант холбоотой байдал, эргэлзээгүй баримтыг үндэслэн хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Зам тээврийн ослыг шалгах явцад Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийг төлөөлж Э.ын захиалгаар автомашин техникийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээг хийх үйл ажиллагааг эрхлэх 140600033 тоот тусгай зөвшөөрөл бүхий Вендо ХХК-ийн үнэлгээчид үнэлж, 83-83 УНЧ автомашинд 31 726 400 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэхэд 1 417 000 төгрөгийн зардал гарсан болох нь үнэлгээний тайлан, орлогын баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч тал дээрх хохирлыг өөр баримтаар няцаахгүй байх тул зөрчлийн улмаас дээрх үнийн дүнгээр хохирол учирсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заажээ.

 

Хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хариуцагч Х.өөс хохирлын тал хувийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн эзэн нь тэмээгээ замаас холдуулсан боловч тэмээ нь буцаж зам руу орсон, замд ойртсон байна. Гуравдагч этгээд гэх Э. нь тэмээг дайрсан харагдаж байна. Малчин тэмээ малыг бог мал шиг өглөө гаргаад орой хотлуулна гэж байдаггүй тул хохирол гэх зүйлийг сайн мэдэхгүй байна. 31 726 400 төгрөгийг биш даатгуулсан даатгалын улсын үнэлгээгээр нь барагдуулах байх гэж бодож байна дүгнэлтийн зарим хэсэг хуульд нийцэж байна.

 

Эрх бүхий этгээдийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарсан магадалгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд энэ нь зөрчил гарсан цаг хугацааны хувьд зөрүүтэй тул осол болсон шалтгаан нь Х.ийн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-д заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон гэх магадалгааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.өөс 16 571 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Гт олгосугай

2. Нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 16 571 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.өөс 240 808 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.