| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0140/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/149 |
| Огноо | 2026-03-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/149
2026 03 26 2026/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0140/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.********,
Улсын яллагч Н.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*********,
Шүүгдэгч Г.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* ********д холбогдох эрүүгийн 2539009880021 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******** нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт зохион байгуулагдсан "Талын түмэн адуу" арга хэмжээний үеэр 17 цагийн орчим хохирогч О.******** мөнгөн чимэгтэй эмээлтэй, хазаартай хээр зүсмийн их насны морийг гэрийн бүслүүрээс уясан байхад нь шунахайн сэдлээр хулгайлж нийт 19,660,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******** нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт зохион байгуулагдсан "Талын түмэн адуу" арга хэмжээний үеэр хохирогч О.******** мөнгөн тоногтой эмээл тохсон, мөнгөн тоногтой хазаар, хулсан ташуур зүүсэн их насны хээр зүсмийн морийг гэрийн бүслүүрээс уясан байхад нь нууцаар, хууль бусаар авч хохирогч О.*********** 19,660,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26-р хуудас/,
3.Хохирогч О.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн хээр зүсмийн их насны морио мөнгөн тоногтой, мөнгөн хазаараар чимэглээд "Талын түмэн адуу" фестивал болж байгаа газарт очсон. Тэнд очоод морио буулгаж унаад үзвэр үйлчилгээ үзэж явж байгаад 14 цагийн орчимд Тайга нохойны гэр музей гэх хаягтай гэрээр орж өчигдөр зохион байгуулагдсан "Талын гөрөөчин" тэмцээний шагналыг хэзээ гардуулах талаар асуух гээд морио эмээл хазаартай нь тэр гэрийн баруун талд бүслүүрээс уяад орсон. Би гэрт ороод удаандаа 1 минут орчим болсон. Намайг гараад ирэхэд морь маань байхгүй болчихсон байсан. Миний эмээл Батноров хийцийн шинээр нь худалдаж аваад 10 жил болж байгаа, хазаар нь 3 үе дамжсан бүгдээрээ цэвэр мөнгөн эдлэлүүд байгаа. Эмээл нь бүх тоногтойгоо 30 орчим сая, хазаар нь 20 орчим сая төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
4.Яллагдагч Г.********* Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 17-11 тоотод байх гэрээс хохирогч О.******** алдсан гэх мөнгөн чимэгтэй, эмээл хазаар, ташуурыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32-р хуудас/,
5.Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 523 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-40-р хуудас/,
6.Хохирогч О.********** их гарын мөнгөн чимэгтэй эмээл, мөнгөн хазаар, хулсан ташуур зэргийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 45-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
"Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.
Шүүгдэгч Г.******** нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “Талын түмэн адуу” арга хэмжээний үеэр хохирогч О.******** мөнгөн тоногтой эмээл тохсон, мөнгөн тоногтой хазаар, хулсан ташуур зүүсэн хээр зүсмийн их насны морийг гэрийн бүслүүрээс уясан байхад нь нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Иймээс шүүгдэгч Г.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Харин шүүгдэгч Г.********** мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, хулсан ташуур зэрэг хэрэгсэлтэй морь хулгайлсан үйлдлийн мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, хулсан ташуур зэрэг эд зүйлийг тусдаа гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт зүйлчилснийг шүүх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Учир нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлдлээр хэрэглээний иж бүрдэл бүхий өөр, өөр эд зүйл авсныг тухайн эд зүйлийн тус бүрийн шинж, хохирлын үнэлгээ зэргээс хамаарч хэд хэдэн гэмт хэрэгт зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байна.
Эрүүгийн эрх зүйд нэг удаагийн үйлдэл, эс үйлдэл хэд хэдэн гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол цөөнгүй бий. Энэ тохиолдолд эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан адил төрлийн гэмт хэргүүдэд хамаарч байвал аль хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт зүйлчлэх учиртай. Шүүгдэгч Г.********* хувьд мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, хулсан ташуур зэрэг хэрэгсэлтэй морь хулгайлж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “хулгайлах” болон “мал хулгайлах” гэсэн үйлдлийн шинжийн хувьд адил, төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцох нь дээрх зарчимд нийцнэ.
Түүнчлэн “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдэгдэх явцад авсан мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, хулсан ташуур зэргийг тус гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Иймд эрүүгийн 2539009880021 дугаартай хэргээс шүүгдэгч ******** овгийн ********** ********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-67 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.********* үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхаарав.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Г.********* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Зоригтбаатарт шинжээчийн дүгнэлтээр 19,660,000 (арван есөн сая зургаан зуун жаран мянга) төгрөгийн хохирол учирсан.
Хавтаст хэргийн 45 дугаар хуудаст хохирогч О.Зоригтбаатарт их гарын мөнгөн чимэгтэй эмээл 1 ширхэг, Мөнгөн хазаар 1 ширхэг, хулсан ташуур 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн талаар эрүүгийн мөрдөгч Б.********* үйлдсэн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл авагдсан, хохирогч О.********их насны хээр зүсмийн морио хүлээн авсан, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.********** бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.******** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн 2539009880021 дугаартай хэргээс шүүгдэгч ********** овгийн ******** ********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч ********** овгийн ******** ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********д хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Г.********д хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.******** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР