Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2023/00462/И |
Дугаар | 143/ШШ2024/00055 |
Огноо | 2024-01-31 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 143/ШШ2024/00055
2024 оны 01 сарын 31 өдөр Дугаар 143/ШШ2024/00055 *******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.******* даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, *******, *******, *******
Хариуцагч: *******,*******, *******, ,
Нэхэмжлэлийн шаардлага: Бүртгэлийн 1173, 1172 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 5959 ӨМҮ улсын дугаартай Hyundai Porter маркын тээврийн хэрэгсэл, *******ын ,, 750м2 4608003835 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-1105004005 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газрыг гаргуулах, бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О, хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч А. нарийн бичгийн даргаар С. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч. миний бие талийгаач аав тай хамтран амьдарч байсан Д. гэх хүнд өөртэй нь харилцан тохиролцож ямар нэгэн хариу төлбөргүйгээр өөрийн эзэмшлийн 5959 ӨМҮ улсын дугаартай Hyundai Porter маркын тээврийн хэрэгсэл, манай өвөө Ж. өмчлөлийн *******ын Гурван сайхан 8-22 тоот 750м2, 4608003835 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-1105004005 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, бэлэн 4 000 000 төгрөгийг Д.д шилжүүлэн өгсөн.
Гэтэл Д. нь манай өвөөгийн ажлын газрынх нь маяти маркын тээврийн хэрэгслийг авч явчихаад буцааж өгөхгүй, энэ машин та нарын нэр дээр байдаггүй хятад хүний нэр дээр байдаг, та нар нэхэмжилж авч чадахгүй, аав чинь нас бараад бурхан надад туслаж байна, гэх мэтээр биднээр тоглоом тохуу хийж, бидэнд ямар ч хамааралгүй өвөөгийн ажлын газрын эд хөрөнгийг авч нуучхаад энэ машиныг чинь өгөхгүй чаддаг юм бол олж аваарай гэж биднийг дарамталж, дайжигнаж байгаад маш их гомдож байна.
Бидний зүгээс энэ хүнтэй маргалдаж муудалцах хүсэлгүй, хэдэн жил аавтай минь хамт амьдарсан болохоор огт эд хөрөнгө өгөлгүй явуулах бодол байгаагүй тийм учраас өөрөөс нь асууж зөвлөлдөж байгаад дээрх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэглэлийн журмаар өгсөн өөрөөр тухайн үед зөвшөөрч, дээрх эд хөрөнгийг хүлээн авсан дахин эд хөрөнгө нэхэмжилж, маргаан хийхгүй гэсэн атлаа бидэнд хамааралгүй эд хөрөнгийг авч нуучихаад биднээр тоглоом тохуу хийж, нас барсан аавын маань ясыг өндөлзүүлэн, нас барсан нь надад аз зашаан болж байна, бурхан надад туслаж байна гэж хэлж байгаад үр хүүхдээ алдсан өндөр настай өвөө, эмээ, үр хүүхэд бидний сэтгэлийг маш их шархлуулж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна.
Бидний зүгээс энэ хүнд сайн сайхныг хүсэж эд зүйлээ ямар нэгэн муу санаа тээлгүй, бичгээр гэрээ хэлцэл байгуулалгүй шилжүүлэн өгсөн. Д.д шилжүүлж өгсөн портер маркын тээврийн хэрэгсэл, гэр бүлийн хэрэгцээний газрыг шилжүүлэн өгөхдөө бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэхийг хүссэн боловч нотариатч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр дараа нь зарах, барьцаалах боломжгүй болчихдог юм худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлчих гэсэн учир Д. эгчийг бодоод зөвшөөрч худалдан худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн. Гэхдээ худалдан худалдан авах гэрээнд заасан мөнгийг бид аваагүй.
Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээр өгсөн 5959 ӨМҮ улсын дугаартай Hyundai Porter маркын тээврийн хэрэгсэл, *******ын Гурван сайхан 8-22 тоот 750м2, 4608003835 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-1105004005 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, бэлэн 4 000 000 төгрөгийг Д. гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав 2011 онд манай ээжээс салаад Д. гэх хүнтэй хамт амьдарч байсан. Энэ хоёр манай өвөөгийн анх аав, ээж хоёрыг тусдаа гарахад нь зориулж өгч байсан Дундсайханы 2-34 тоот газарт амьдарч байсан. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас бараад Д. нь ах дүү, хамаатныдаа амьдарна гээд явсан. Тухайн үед би өвөөтэйгөө ярилцаад олон жил хамт амьдарсан юм чинь юу ч өгөхгүй явуулж болохгүй гээд таван ханатай гэр, унах машинд портер өгье гэж ярилцсан. Ингээд би төгсөх курсын оюутан байсан учраас дипломын ажилтай Улаанбаатар хотод байхад өвөө өөрийн ажлын газрын маяти машиныг таван ханатай гэрээ ачиж өгөөд явуулсан байсан. Би өвөөтэйгөө ярилцаад ажлын газрын машин нь таны нэр дээр биш болохоор буцааж авахыг зөвлөөд Д.тай ч гэсэн яриад би өөрийн эзэмшлийн портероо өгсөн, амьдрах газаргүй газар хэрэгтэй байна гэхээр нь өвөө өөрийн эзэмшлийн газраа шилжүүлж өгсөн. Гэвч Д. хэлсэндээ хүрэлгүй өвөөгийн ажлын машиныг одоо болтол өгөлгүй нууж, чадвал олж аваарай гэж доог тохуу хийсэн. Бидний зүгээс ямар нэгэн муу зүйл саналгүй дээрхи эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ хийхэд 4 дэх өдөр байсан. Авто тээврийн газар хамт очиж портер машиныг нь шилжүүлж өгье гэхэд Д. би Хүрмэн суманд ажилтай, чи шилжүүлчих гээд өөрөө машинаа хүлээж авалгүй явсан. Үүний маргааш буюу 5 дахь өдөр нь Д. дүү нь манай өвөө рүү залгаад портер машинаа очиж авъя гэхэд нь өвөө маань би унах машингүй бас ачаа зөөх хэрэгтэй байна. Миний маяты машиныг авчирч өгвөл би портерыг нь өгье гэхэд нь Д. цагдаад машинаа алдсан гэх дуудлага өгөөд хагас сайн өдөр цагдаатай хамт өвөөгөөс машинаа хүчээр авч явсан байсан. Иймд Д.т шилжүүлж өгсөн газар, портер гэр, 4 сая төгрөгөө авна, худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.ын зүгээс портер болон дээрхи эд хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.т шилжүүлж өгсөн. Яагаад худалдах, худалдан авах гэрээний дагуу өгсөн бэ гэхээр Д. хэлснээр эдгээр эд хөрөнгийг аваад өвөөгийнх нь ажлын машиныг буцааж өгье, ямар нэгэн эд хөрөнгө нэхэхгүй, маргаан байхгүй гэх баталгааг гараар бичиж нотариатаар батлуулж өгсөн учраас цаашид энэ эд хөрөнгийг Д. өөрийн дураар захиран зарцуулах эрхийг нь өгье гээд худалдах, худалдан авах гэрээг нь хүлээн зөвшөөрөөд шилжүүлсэн байдаг. Үндсэн гэрээний агуулгын хувьд бэлэглэлийн журмаар ямар нэгэн хариу төлбөргүй шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан, 41.2 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүйн бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчилсан байдаг. Энэ хоёр хүний хүсэл зоригийн илэрхийлэл нь юу байв, Ч.ын хүсэл зоригийн илэрхийлэл юу байсан, ямар гэрээний үндсэн дээр эд хөрөнгөө шилжүүлэн өгөх хүсэл, зорилготой байсан бэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн гэрээ байгаа. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Энэ гэрээний аль нь байгуулагдаад байгаа вэ гэхээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Д. зүгээс үнэ хариу төлбөр төлөөгүй. Өөрийнх нь зөвшөөрснөөр хариу төлбөр аваагүй эдгээр эд хөрөнгийг шилжүүлсэн байгаа. Тэгэхээр Ч.ын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйл, 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 57.2 дахь хэсэгт шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна, 58.1 дэх хэсэгт ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 58.2 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2 дахь хэсэгт хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ. Ч.ын зүгээс анх бэлэглэлийн гэрээ хийх хүсэл зоригтой байсан ч Д. хэлсэн зүйлд итгээд, энэ хүнийг бодсон учраас үгэнд ороод худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ худалдах, худалдан авах гэрээг хийснээр эд хөрөнгийг шилжүүлээд энэ хүн хэлсэндээ хүрэхгүй бол эд зүйлээ авч болно гэж хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тул өөрийн хүсэл зоригоосоо өөр хэлцлийг хүлээн зөвшөөрч хийсэн. Цаашид гарах эрх зүйн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, бүрэн ойлгоогүй байна. Иймд эдгээр хуулийн заалтыг үндэслээд Ч., Д. нарын хооронд байгуулсан 1172, 1173 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний нөхөр болох Б. зуурдаар нас барсан. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хадам аав хүү нар хоорондоо ярилцаж байгаад хятад эзэнтэй маяти маркийн авто машиныг бичиг баримтыг янзлаад ав гээд машины хоёр түлхүүр, бичиг баримтыг надад гаргаж өгсөн. Ингээд би уг машины эзнийг олох гэж хөөцөлдөөд одоо хүртэл хариу сонсоогүй байна. Тэгээд хүү руу эгч нь 4, 5 сар айлаар амьдраад явж байна. Хашаандаа очиж гэртээ амьдаръя гэтэл та яаран наашаа ирэх гээд яахав ганц портер газар хоёр өгье гээд хадам аав хүү бид гурав тохиролцож уг эд хөрөнгийг надад хүлээлгэн өгсөн тэгээд портероо миний нэр рүү шилжүүлж өгсөн өгсөн өдрөө хашаандаа аваачиж тавиад маяти авчирч тавиад ав гэсэн тэд маяти авто машинаа буцааж авъя би ч өгөхгүй гэж огт юм ярилцаагүй байгаа. Портерыг барьцаалсанд би маш их гомдсон тэгээд л намайг маяти авч явсан гээд цагдаад шалгуулсан би энэ хятад эзэнтэй машиныг залилах, худлаа хэлэх хулгай хийх аль ч замаар аваагүй өөрсдөө портер газар хоёрыг өгөөд маятигаа буцааж авъя гээд ярьж болно доо тэгээгүй болохоор би та нар хуулиар нь яваад аваа гэсэн өнөөдөр ийм байдал үүсгэчхээд байгаа. Ингээд одоо энэ машин ачаатайгаа унаж гарсан хэвээр, айлын хашаанд байж байгаа. Энэ машиныг зарж үрэх, өгөхгүй гэсэн бодол байгаагүй. Эр нөхрөөс үлдсэн нь болно гэж бичсэн нь ор үндэслэлгүй хүнийг ингэж хэлж ярьж байгаад нь их гайхаж байлаа одоо би групп-т байдаг. 11 дүгээр сарын эхээр хот явж хагалгаанд орох гэж байгаа шүүхээр явах боломжгүй болоод байна. Иймд уг хятад эзэнтэй маяти машиныг хүү т хүлээлгэж өгч газар портероо өөрөө авч үлдэх бодолтой байна. Хүү тай тохиролцъё гэж байна гэжээ.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүү Ч.ын нэхэмжлэлтэй танилцсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би огт доог тохуу хийсэн зүйл байхгүй. Энэ хүмүүсийн сэтгэлийг сэвтүүлэхгүйг хичээж аль болох эв зүйгээ олохыг хичээж амьдарсан. Анх 2008 онд нөхөртэйгөө танилцаад, 2009 оноос хамт амьдарч эхэлсэн. Нэг ч маргалдаж муудалцаж байгаагүй. Амьдрах хугацаандаа бид 12:7 харьцаатай байшинтай, 2018 онд авсан нэг шаланз машин, портертой болж амьдрал дээшлээд сайхан байсан. Гэвч 04 дүгээр сарын 20-ны өдөр намайг Улаанбаатар хотод явж байхад нөхөр маань зуурдаар нас барсан. Ажил явдал болж байх үеэс эхлээд л энэ хүмүүс асуудал үүсгэж эхэлсэн. Ажил явдал дуусаагүй байхад гражийн түлхүүр, бүх зүйлийг аваад кармалчихсан байсан. Хорь ч хоноогүй байхад гадаа ирж камер суурилуулсан. Гражийн түлхүүр, машин, авдарт байсан бичиг баримт, нас барсны гэрчилгээг нь хүртэл хурааж авсан. Миний хувьд 49 хоног дуустал хэл ам хийлгүй энэ хүмүүсийн хүсэл зоригийн дагуу байсан. Гэтэл том хүү Ч.Доржрагчаа Ирландад байдаг, би гадаад руу буцахаасаа өмнө таны асуудлыг шийдээд явна. Манай дүү, өвөө хоёр мэдэхгүй учраас асуудлаа шийдье гэхээр нь би уйлаад, шокноосоо гараагүй байхад ийм зүйл ярмааргүй байна. Хүний яс өндөлзүүлээд, дараа нь байж болдоггүй юм уу гэж хэлсэн. Ингэхэд хүү Ч.Доржрагчаа танд портер, газар, гэр өгнө та яв гэсэн байгаа. Би ч өгсөн зүйлийг нь аваад сэтгэлд чинь элдэв зүйл хийхгүй юмсан гэж бодсон. Тэгээд Ч.Доржрагчаа гадаад руу, Ч. сургуульдаа явсан. Би өрхийн үйлдвэрлэл бууз, банш хийгээд, манай нөхөр тээвэрт явдаг байсан юм. Шаланз машин авахаасаа өмнө энэ маяти машинаар ойр зуур тээвэр хийдэг байсан. Байшингаа 2014 оноос суурийг цутгаж, мөнгө олсон үедээ бага багаар ахиулж, байшин барьж байх хугацаанд 2018 онд энэ хоёр хүүхэд оюутан болсон. Нэг нь 1999 нэг нь 2000 онд төрсөн, оюутан болсон учраас мөнгө хэрэг болоод Голомт банк-аас зээлээр шаланз машинаа авч тээвэрт яваад төлбөр, байрны мөнгөний хэрэгцээнд зориулдаг байсан юм.
Маяти машин нь худалдах, худалдан авах гэрээнд огт хамаагүй. Намайг Улаанбаатар хотод 49 хоног хураагаад ирэхэд 06 дугаар сарын 20-ны үед хадам аав маяти машинаа хүлээлгэж өгсөн юм. Мөн Ч. өөрөө над руу утсаар яриад та шүүх цагдаа гээд яах юм бэ маяти болон газрыг танд өгье гэсэн юм.
Бүх түлхүүрийг нь нуусан байснаа гаргаж ирээд 06 дугаар сарын 21-ний өдрийн үед нэг сайн өдөр хадам аавтай хамт байхад хоёр түлхүүр өгөөд энэ машиныг ав, Хятад эзэн нь ирэхгүй нас барсан, сүүлд Өвөрмонгол хүн байсан нь ковидын үеэр мөн нас барсан. Эзэн гарч ирэхгүй нэрийг нь сольж болох бол солиод аваарай гээд машин дээр миний эд зүйлсийг ачиж өгөөд намайг явуулсан. Бүрэн тавилга гээд байгаа би өмнө нь байсан авдар, сейф, хоолны шкабыг орхиод, сүүлд нөхөртэйгөө хамт бий болгосон тавилгаа аваад дүүгийндээ очиж амьдарсан. Зунжигаа дүүгийндээ байсан. Тэгээд би Ч.т одоо хүйтэн боллоо би газартаа очиж амьдаръя гэхэд Ч. өөрөө та шүүх цагдаа гээд яах вэ, яаран нүүж ирэх хэрэггүй, портер машин, газрыг нотариат дээр очоод өгье гэсэн. Өөрсдөө өгнө гэж хэлснээс би өв хөрөнгө булаацалдах хүсэл байгаагүй. Өгсөн зүйлийг нь аваад хэл амгүй явъя гэж бодож байсан. Нөхөр маань шаланз машиндаа дуртай, зардаггүй, алтан хайрцган дээр нь унаж байсан унааг нь үргэлжлүүлээд унавал баясна гэж буусан байсан болохоор унаж ашиглаад яв гээд Ч.т өгсөн чинь удалгүй зарсан байсан. Шаланз нь Суварган говь компанийн нэр дээр шилжүүлсэн үйл ажиллагаа явуулаад нэрээ шилжүүлээгүй байсан. Үүнийг зарснаасаа болсон юм уу, миний өвийн хүсэлт өгснөөс шалтгаалаад Ч. над руу шүүх цагдаа гэлгүй тохиролцъё гээд нотариат дээр ирсэн. Суварган говь компанийн захирал нь хүртэл нотариат дээр очсон. Маяти машин хашаанд нь байгаа, нотариат дээр маяти машины тухай яриа огт гараагүй. Би өгөхгүй ч гэсэн бодол байгаагүй. Ачаагаа суллаад хадаг сүүтэй сайн өдөр харж өгнө гээд сайхан зүйл бодож байсан юм. Авто тээвэр дээр портер шилжүүлэхээр явж байхад 5959 гэх азын дугаарыг нь Ч. хүнд зарна гээд авах хүн болох Эрхэм гэх хүн очсон байсан. Энэ портер Эрхэм гэх хүний нэр дээр байсан бөгөөд нөхөр бид хоёр нэр дээрээ авах гэхээр Эрхэм торгуультай байсан болохоор шилжүүлж авч чадахгүй байсан. Тэгээд авто тээвэр дээр очиход Ч. нэр дээрээ шилжүүлээд авчихсан байсан. Эрхэм 5959 азын дугаараа авна гээд байдаг, ажил тарах цаг болсон байсан. 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд хүүхдийн найр болох гээд би ууцны хонь авахаар хөдөө явах байсан тул унаа ирчихсэн хүлээж байсан. Яарсан байхад тухайн интернет, программ нь болохгүй байна гээд хүлээгдээд байсан тул бидний худалдах, худалдан авах гэрээ, даатгал бүх зүйл болсон байхад дугаарын асуудлаас болоод удаад байхаар нь би итгээд үлдээгээд явсан. Ч. хэлэхдээ жижиг тэрэг гранд машины мотор эвдэрсэн унах унаа байхгүй болохоор би хот явтлаа хоёр хоног унаж байгаад хашаанд үлдээе, өвөөгөөс очоод аваарай гэж хэлсэн. Ингээд би Ч.т итгээд хөдөө явлаа гэдгээ хэлээд явсан юм. Тэгээд би Ч.ыг хот явна гэсэн өдөр нь суман дээрээс дүүгээ очоод портер аваад, унаад ир. Ачих ачаа байна гэж хэлж явуулсан.
Худалдах, худалдан авах гэрээг хадам аав, Ч. бид гурав нотариатын өрөөнд сууж байгаад хийсэн. Нотариатын зүгээс ингэх ёстой гэсэн дарамт шахалт байгаагүй, ийм байдаг шүү гэхэд Ч. Худалдах, худалдан авах гэрээгээр хийе гэсэн. Би ингэж хийвэл надад ийм хэрэгтэй байна, худалдах, худалдан авах гэрээгээр хийчих гэж хэлээгүй.
Нотариат дээр очиход бэлэглэлийн гэрээний талаар огт яригдаагүй. Ч. над руу урд өдөр нь утсаар яриад та шүүх цагдаа гээд яах юм бэ гээд бид нотариат дээр шууд явж очоод надад эдгээр зүйлийг өгөх гэж байгаа бол би өвөөсөө татгалзъя гэсэн. Би 07 дугаар сард өвийн хүсэлт өгсөн байсан юм. Үүнийг Ч.т хэлэхдээ би хууль ёсны өмчлөгч юм байна. Өвийн хүсэлт өгсөн 1 жилийн дараа өвийн тухай яригдах юм байна. Одоо ингээд айлаар яваад, ачаатай машинд байгаа болохоор хашаандаа буцаад очъё гэхэд та яаран нүүж ирэх гээд яах юм бэ танд газар, портер өгье бид ямар өс хонзонтой хүмүүс байсан биш хэл ам татлаад яах вэ гэсэн. Нотариат дээр ирээд бэлэглэж байгаа шүү, бэлэглэлийн гэрээ хийнэ гэж хэн ч хэлээгүй. Ч.ын зарсан шаланзыг хүн нь авах гээд Суварган говь-ийн нэр дээр байсан болохоор захирал нь хүртэл нотариат дээр ирсэн байсан. Тэгээд нэгэнт надад эдгээр хөрөнгөө өгч байгаа учраас би өвөөсөө татгалзъя гэсэн. Нотариатаас өвийн хүсэлт гаргасан байсныг хэлээд би өөрт байсан нэг хувь өвийн хүсэлтээ гэрээсээ авч ирж бүгдийнх нь өмнө урсан. Ийнхүү яг бид гурав сууж байгаад худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Ер нь надад өгье гэсэн зүйлсээ өгөөгүй байж байгаад хашаандаа очно гэх яриа гарахад эдгээр зүйлсийг өгье, тохиръё гэж Ч. ярьсан. Би гарын үсэг зураад өвийн асуудал ярихгүй гээд өгсөн, хэрүүл маргаан гаргаагүй, нэмж юм нэхээгүй. Маяти машиныг өгөхгүй гэж байгаагүй, ачаатай байгаа ачаагаа буулгаад суллаад өгнө гэсэн. Ч. одоо бодоход намайг залилсан юм шиг байна. Портер хэрэглээд өгье гээд авч яваад хашаандаа аваачаад, портероо барьцаалаад маяти авчирч өгөөд ав гээд байхаар нь хөдөө хүнс авах байсан тул машин барьцаалаад байна аваад өгөөч гэж цагдаад хэлсэн. Цагдаа ирээд аавд та хулгайн хэрэгт холбогдоно. Д. гэх нэртэй учраас машиныг нь өг гэж хэлж байж түлхүүр өгсөн. Тэгэхэд аккумлятор ч байхгүй, хоёр запаас дугуй бүх юмыг нь аваад үлдчихсэн байсан. Би дүүгийнхээ аккумляторыг аваачиж асаагаад авсан. Ч.ын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, намайг гүтгэж, болоогүй зүйлийг хэлж байна. Би өдийг хүртэл нөхрийнхөө төлөө амьдарч байсан байж үхэл нь надад завшаан боллоо гэж хаана ярьж явах вэ. Ингэж ярих хүн биш, намайг ямар харьцаатай, яаж ханддагийг Ч. сайн мэдэж байгаа. Доог тохуу хийж, басамжилж доромжилсон зүйл байхгүй. Портер авч барьцаалснаас болоод маятигаа та нар шүүх цагдаагаар яваад аваарай, хүний сайхан сэтгэлээр ингэж тоглож байна гэж хэсэн. Би энэ хүмүүсийг гомдоосон гэж бодохгүй байна. Эсрэгээрээ намайг маш их гомдоосон гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн 1172, 1173 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шилжүүлсэн эд хөрөнгүүдийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ нэгт Д. гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, маргаж биднийг гомдоосон, хоёрт Ч.ын зүгээс хүссэн хэлцлээсээ өөр хэлцэл хийсэн. Энэ нь Д.Октябрийг бодсон үйлдэл байсан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэгдүгээрт 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэлийн дугаар 1172, 4608003835 нэгж талбарын дугаартай Гурвансайханы 8-22 тоот 750 мкв газрын гэрээг иргэн Ж., Д. нарын хооронд байгуулагдсан байдаг. Үүнийг Ч. нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Ч.ыг шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт төлөөлүүлэгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтын үндсэн дээр тодорхойлно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Энэ нь ямар шаардлага байх вэ гэхээр бичгээр гаргасан, нотариатаар батлуулсан, хугацаа дууссан, төлөөлөгчид ямар бүрэн эрх бүхий итгэмжлэл олгосон ийм нөхцөлүүдийг тусгасан байна гэж заасан байдаг. Иргэний хуулийн 36.3 дахь хэсэгт төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан байдаг. Ч.ын зүгээс өвөө гаас авсан итгэмжлэл хэргийн материал дотор байхгүй, шаардах эрхгүй этгээд газрыг буцааж авахаар Д.Октябриас шаардаж байна. Хоёрдугаарт 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1173 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн портер маркын автомашиныг гаргуулахаар нэхэмжилсэн. Тухайн шаардлагыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 58.2 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэж тайлбараа гаргаж байна. Иргэний хуулийн 58.3 дахь хэсэгт ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох дөрвөн үндэслэлийг заасан байдаг. 58.3.1 дэх хэсэгт хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэх энэ заалтыг Дээд шүүхээс гаргасан тайлбарт гэрээний нөгөө тал болох этгээдийн талаар буруу ойлголттой байсан нөхцөл байдлыг авч үздэг. Энэ тохиолдолд Д. тухай буруу ойлголт байсан талаар нэхэмжлэгч талаас хэлдэггүй. Ийм баримт хэргийн хүрээнд байхгүй. Дараа нь Иргэний хуулийн 58.3.2 дахь хэсэгт хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэх заалтыг тайлбарлахдаа хэлцлийн үнийг тодорхойлох буюу шилжүүлж байгаа эд хөрөнгүүд нь байшин, машин байдаг. Тухайн тохиолдолд эдгээрийн үнийн дүн дээр маргаж байгаа зүйл байхгүй учраас энэ үндэслэл үгүйсгэгдэж байна. Дараа нь 58.3.3 дахь хэсэгт хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрх зүйн үр дагаврын талаар ойлгоогүй гэж тайлбарлаад байна. Хүсэл зоригоо илэрхийлсэн боловч эрх зүйн үр дагаврын талаар эндүүрснийг ойлгох бөгөөд нотариат дээр очоод нотариатч тайлбарлаж өгсөн, бэлэглэлийн гэрээ хийвэл эрх зүйн ийм үр дагавартай, худалдах, худалдан авах гэрээ хийвэл ийм үр дагавартай, маргаад таныг гомдоовол энэ гэрээ хүчин төгөлдөр бус болно гэх талаар сайн тайлбарлаж өгсөн гэдгээ нотариатч тайлбартаа хэлдэг. Ч. нь худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн үр дагаврыг ойлгож, мэдэж, шийдэж, өөрсдөө эрх зүйн үр дагаврыг хүсэж хийсэн гэж үзэж байна. Дараа нь Иргэний хуулийн 58.3.4 дэх хэсэгт тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн буюу хүсэл зоригоо илэрхийлэгч алдаатай зүйлд үндэслэн хүсэл зоригоо илэрхийлсэн байхыг ойлгохоор байна. Гэтэл би ийм зүйлээс болоод алдсан, төөрөгдөөд ийм гэрээ хийсэн байна гэх үндэслэл хэлдэггүй. Энэ гэрээний тухайд эдгээр дөрвөн үндэслэл байхгүй байна. Дараагийн дугаарт Иргэний хуулийн 58.5 дахь хэсэгт хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэж заасан. Яагаад гэхээр нэхэмжлэгч тал хэлэхдээ Д.Октябрийг бодоод, ярилцаад хийсэн гэж байна. Хуульд үүнийг хүчин төгөлдөр бусад тооцож болохгүй гэсэн заалт байна. Иргэний хуулийн 58.6 дахь хэсэгт төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Ямар шалтгаанаар төөрөгдөөд байгаагаа хэлцэл хийж байгаа нөгөө талдаа тэр даруй хэлж мэдэгдэх ёстой. Мэдэгдээд ойлголцох бүрэн боломж байхад яаж төөрөгдсөн гэдгээ ойлгохгүй, мэдэхгүй байна. Үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагадаа таван ханатай гэр, 4 000 000 төгрөгийг буцааж авна гэх тайлбар хэлдэг. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь эхлээд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь үндэслэлгүй учраас буцааж авъя гэж ярьдаг боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн учраас энэ бүгдийг буцааж авна гээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагад энэ хоёр зүйл тодорхойгүй, буцааж авъя гэх шаардлага харагдахгүй байна. Мөн Д.т гомдолтой байгаа, Д. нь ийм зүйл яриад гомдоогоод байгаа л гэдэг. Д. тайлбартаа ийм зүйл хэлж байгаагүй гэж байна. Яг хэзээ, юу гэж хэлсэн, яаж гомдоосон байдлаа тодорхой ярьдаггүй. Мөн нас барсан талийгаачийг 14 жил ханилсан хань нь үхсэн нь зол болсон юм гээд яриад явж байх нөхцөл байдал хүн чанарын хувьд байхгүй байх гэж харж байна. Хариуцагч маань ч өөрөө хэлж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч. бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, 4 000 000 төгрөгийг гаргуулах, 1172, 1173 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж портер, газраа буцаан авахыг шаарджээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
- Нэхэмжлэгч Ч.ын эцэг гэх Б. нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан, хариуцагч Д. нь Б.тай хамт амьдарч байсан гэх бөгөөд нас барагчийн нэр дээрхи хашаа, байшинг өвлөх хүсэлтээс татгалзсан, Шаланз машиныг Ч.ын нэр дээр шилжүүлсэн, Ч. нь Портер ӨМҮ 59-59 дугаартай автомашиныг 1173 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр Д.д шилжүүлсэн, Ж. нь өөрийн өмчлөлийн Г-1105004005 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 1172 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр Д.д шилжүүлсэн, 5 ханатай гэр тавилгын хамт, авлага 4 000 000 төгрөгийг Д. хүлээн авсан, Д. нь цаашид өвийн асуудлаар маргаан гаргахгүй гэж баталгаа гаргасан, маяти маркийн машин Д.т байгаа зэрэг үйл баримт нь нас барагчийн гэрчилгээ, 2023-09-27-ны өдөр гаргасан Д. баталгаа, 1172, 1173 дугаартай худалдах худалдан авах гэрээнүүд, 228970 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээ, гэрч Ж., нарын мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Бэлэглэлийн гэрээ хийх гэж байсан Октябрийг бодоод Худалдах худалдан авах гэрээг хийж хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн тул уг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч өв хөрөнгийн талаарх баталгаагаа зөрчиж маяти маркийн автомашиныг өгөхгүй байгаа учир бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 4 000 000 төгрөгийг буцаан авна гэж тайлбарладаг.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ Маяти маркийн машиныг өгнө гэхдээ хадам аавд өгнө, нотариатч үр дагаврыг тайлбарлаж өгснөөр өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн, ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлгүй, газар, гэр нь хадам аав Ж. өмч тул нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарлан маргадаг.
1. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1172, 1173 дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 5959 ӨМҮ улсын дугаартай Портер машин, 228970 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг буцаан авах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1172, 1173 дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тодорхойлжээ.
Бүртгэлийн 1172, 1173 дугаартай хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл байна гэж үзэж тухайн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор заажээ.
Нэхэмжлэгч Ч. нь нас барагчийн өв хөрөнгийг хуваах асуудлаар түүний хамтран амьдрагч Д.тай тохиролцон тодорхой хөрөнгүүдийг түүний өмчлөлд шилжүүлж цаашид энэ талаар маргахгүй байхаар баталгаа гаргуулсан болох нь талуудын тайлбар, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Д. баталгаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч. нь баталгаагаа зөрчвөл өвийн талаар маргаан үүсгэж болох эрх зүйн үр дагавартай гэрээ байгуулах хүсэлтэй байсан болох нь түүний тайлбар, Д. бичсэн баталгаа зэргээр нотлогдож байна.
Тэрээр төөрөгдөлд орж худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь түүнийг хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, 4 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад маяти машинаа авна гэсэн тайлбарыг гаргадаг ба хариуцагч нь өгөхөө илэрхийлдэг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ маяти маркийн автомашин гаргуулахаар шаардлагаа тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 4 000 000 төгрөг зэрэг хөрөнгүүд нь өвлөгдөх хөрөнгө мөн эсэх тухайлбал нас барагч Б.ын хөрөнгө мөн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна, Ч. нь тухайн хөрөнгүүдийг шаардах эрхтэй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д. улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.т олгохоор тогтсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан Бүртгэлийн 1172, 1173 дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.