| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0157/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/158 |
| Огноо | 2026-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2026/ШЦТ/158
2026 04 01 2026/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0157/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Э.А,
Шүүгдэгч Г.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********ын ********т холбогдох 2539006960119 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******** нь 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг 14-07 тоот хашааны гадна Т.********тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Т.********ын нүүр хэсэгт гараараа цохих болон пивотой барианы шилээр цохиж зодсоны улмаас биед нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, толгойн зүүн дэд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******** нь 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг 14-07 тоот хашааны гадна Т.********тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Т.********ын нүүр хэсэгт гараараа цохих болон пивотой барианы шилээр цохиж зодсоны улмаас биед нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, толгойн зүүн дэд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
2.Хохирогч Т.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 19-ны орой хорхог хийчээд эхнэр болон дүү нартайгаа уугаад сууж байсан. Гэтэл манай эхнэрийн дүү болох ******** нь ******** гээд нэг хүүхэн дагуулж ирсэн. Тэгээд хорхог гарч байх үед ********, ******** хоёр хоорондоо маргалдаад ******** яваад өгсөн. Буцаж орж ирээд үүдэн дээр зогсоод байхаар нь би очоод за найз хоорондоо хэрэлдэж муудалцаад яах гэсэн юм бэ? мах гарчихсан орж мах ид гэсэн. Бид хэд жоохон уугаад сууж байхад ******** манай дүү ирж байгаа гэсэн. Эхнэр дэлгүүр явах гэж байсан чинь ******** манай дүү залгаж байна намайг унтаж байна гээд хэлчих гээд манай эхнэрт утсаа өгсөн. Манай эхнэр утсыг нь аваад ярьтал эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь би утсыг нь аваад ярьтал танайх хаана байдаг юм байгаа газарт чинь очиж байгаад ална гээд байсан. Удалгүй 5 минутын дараа манай хашааны үүдэнд нэг цагаан машин хүрээд ирэхээр нь би эхнэр болон дүү ********тай очсон. Тэр машинаас нэг залуу хэн надтай ярьсан юм гээд байхаар нь би ярьсан юм. Юу болсон юм гэхэд араас Өнөрөө гэдэг залуу бууж ирээд л юу юугүй намайг нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Миний хамарны мөгөөрсөн зөөлөн эд гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
3.Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 19-ний орой 21-22 цагийн орчимд миний төрсөн эгч болох ******** нь ******** сумаас ирээд авчих гэсэн. Би найз ********, дүү ******** нарын хамт ******** сум руу очоод эгч болох ********гийн утас руу нь залгахад эгчийн утсыг өөр хүн аваад эгч чинь унтаж байна гээд худлаа яриад байхаар нь хаягаа хэл гэсэн хаягаа хэлэхгүй өөдөөс чи хэн юм гээд хэрэлдээд байсан. Хашааны хаалгаар авгай, нөхөр хоёр нэг хүнтэй гарч ирсэн. Би надтай хэн ярьсан гэж хэлэхэд тэнд байсан залуу би ярьсан гэхээр нь ******** бид хоёр буугаад очсон. ****** тэр залууг барьж аваад 2-3 удаа толгой хэсэгт цохихоор нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
4.Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед миний төрсөн ах ********* намайг жолоо бариад өгчих гэсэн. ******** ахтай хамт хэдэн ширхэг том пиво уусан. 20 цагийн үед төрсөн эгч ********, ******** ах руу залгаад ******** сумаас намайг ирээд авчих гэсэн. 2 ахын хамт миний бие Хэнтий аймгийн ******** суманд очсон. ********гийн төвд орж ирээд 1 залгасан чинь эгч гар утсаа аваагүй. Харин дахин нэг удаа залгахад нэг үл таних эмэгтэй хүн гар утсыг нь авсан. Манай төрсөн ах ********* нь гар утсаа чанга яригч дээр нь тавьчихсан учир би бүхнийг сонссон. Та ********тай яриулаад өгөөч хаана байгаа юм бол та яриулаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл цаад талаас нь танихгүй эрэгтэй хүн хараагаад эхэлсэн. Нөгөө эгч ямар дүү вэ? гээд гар утсаар нь яриулахгүй өөрт нь гар утсыг нь өгөхгүй байсан. Ах уурлаад хаана байгаагаа тодорхой хэлчих гэж уурласан. Бид ******** суманд очоод зогсохдоо нэг хүнсний дэлгүүрийн ард талд зогстол эгчийн хашгирч байгаа чимээ сонсогдсон. Уг газар очиход маш олон хүмүүс өөдөөс хашааны хаалгаар гарч ирсэн. Хар цамцтай эгч машинд ойртож ирээд хэн надтай ярьсан гээд хамаг хувцаснаас татаж чангаасан буугаад ир ална гэж сүрдүүлсэн. Манай төрсөн ах ******** эхлээд машинаас буугаад би ярьсан гэж очсон. Тэгтэл тэнд байсан залуучууд манай ахыг татаж аваад зодож эхэлсэн. Тэр үед ******** ах бид 2 буугаад мөн адилхан цохиж зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
5.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 17-ны шөнө манай дүү ********, ******** хоёр хотоос ирсэн. Маргааш өглөө нь манай сумын гэрт ямаа хорхоглож идээд ********, ********, ******** нар нэг пиво задлаад ууцгааж байгаад ******** байн байн гарч гүйгээд байхаар нь би очоод ********г замын унаанд суулгаж өгье гэж хэлэхэд явахаа болиод мах идэж байтал түүний утас байн байн дугараад байсан. ******** "та энэ утсыг аваад ярьчих гээд ярихад нэг хүн хөөе эгчид маань утсыг нь өг гэхээр нь би утсыг нь өгсөн. ******** манай дүү ирж байна гээд хашаа руу орсон. Машинаас 3 залуу бууж ирээд байж байсан. Би "намайг янхан гэж доромжилсон хүн нь хэн бэ?" гэхэд өөдөөс махлаг залуу нь барианы шилэн дотор пиво хийчихээд тэр шилээрээ нөхөр ********, дүү ********, ******** нарыг цохиод унагасан. Тухайн үйл явдал болоод би салгах гэж байгаад гэмтсэн. Баруун гарын эрхий хуруу, зүүн хавирга хэсгээр хөндүүр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/,
6.Гэрч Б.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******** суманд ********гийн хамт хүргэн ах ********, төрсөн эгч ******* нарынд ирсэн. Маргааш нь ямаа боож идээд пиво уугаад унтаж байсан. 21 цагийн үед гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад харахад дүү ********, эгч ******* ******** гэх залуу пивотой шилээр цохиж байхаар нь би очоод маргалдаж байхад хойноос хүн ирээд боож унагаагаад зууралдаж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
7.2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 441 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********* “...Т.********ын биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, толгойн зүүн дэд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд хэсэг, баруун гуяны дотор дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зүүн дээд доод зовхинд цус хуралт, толгойн зүүн дэд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд хэсэгт цус хуралт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд, баруун гуяны дотор дээд хэсэгт цус хуралт тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,
8.Т.********ын согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, 4.07% гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-93-р хуудас/,
9.Г.********ын согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, 4.07% гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 95-96-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Г.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Г.********ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулсан... гэх хүсэлт хх-ийн 135 дүгээр хуудаст, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт тус тус байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.******** нь Эрүүл мэндийн даатгалын санд 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөг төлсөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ********** овгийн ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.********т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.******** нь Эрүүл мэндийн даатгалын санд 56,700 (тавин зургаан мянга долоон зуу) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР