Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 143/ШШ2024/00092

2024 оны 03 сарын 01 өдөр                                   Дугаар 143/ШШ2024/00092                                                      Д******* сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т******* Хувьцаат компани /нээлттэй ХК/, /РД: *******/, 

Хариуцагч: Х******* овогт И*******гийн О******* /РД: *******/, 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ө******* овогт Өы Ч /РД: /, Ө******* аймаг, Д******* сум, 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 13 704 373.61 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З /Т******* ХК-ийн Ө******* салбарын захирлаас олгосон 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 38/80 дугаартай итгэмжлэл/

Хариуцагч И.О*******, түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Ч, түүний өмгөөлөгч А.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Х, хамтран зээлдэгч И.О******* нар нь Т*******тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 12 864 550.75 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүрийн 25-ны өдөр зээл хүүгийн төлбөр төлөх нөхцөлөөр зээлж авсан. Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, пин, зурагт, хөргөгч зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 3 846 199.87 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 482 265.71 төгрөг, нийт 7 328 465.58 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Ч.Х нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан ба уг зээл 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг "Зээл буцаан төлөх хуваарь"-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна.

Ч.Хийн төрсөн дүү Ч.С зээлийг ах дүү нараараа хамтарч төлж дуусгах талаар банкин дээр уулзаж ярьсан боловч удаа дараа шаардуулж 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээл хүүгийн төлбөрөөс хэсэгчлэн төлөлт хийснээс хойш зээл төлөхөө больж, холбоо барихгүй болсон. Мөн хамтран зээлдэгч И.О*******тай холбоо барьж, уулзаж удаа дараа шаардсан боловч ах дүү нар болон төрсөн охинтой нь ярьж төлүүлнэ гэсээр зээл төлөх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрээд байна.

Зээлдэгч Ч.Х, хамтран зээлдэгч И.О******* нарын авсан зээлийн үлдэгдэл 2023 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар дараах зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 9 018 350.88 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4 300 520.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 385 501.77 төгрөг, нийт төлөх дүн 13 704 373.61 төгрөг байна.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь нэмэлт зээлийн гэрээ биш. Барьцаат зээлийн гэрээ болж явж байгаа. Ямар үндэслэлээр И.О*******ыг хариуцагчаар татсан бэ гэхээр зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан учраас И.О*******аас нэхэмжилж байгаа. Энэ гэрээнд хэрэглэсэн эсвэл ашигласан, нэмж авсан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн зүйл байхгүй. Үндсэн зээлдэгчийн авсан дүнтэй адилхан үүрэг хүлээсэн учраас И.О*******т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлдэгч Ч.Х нас барсан учраас хамтран зээлдэгч И.О*******аас 13 704 373.61 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.  

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл нь 9 018 350 төгрөг байсан. Үндсэн зээлдэгч нас барснаас хойш 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс зээл нь төлөгдөхгүй болсон. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн хүү нь 4 300 520.96 төгрөг байсан. Энэ хугацаанд бодогдсон нэмэгдүүлсэн хүү нь 385 501.77 төгрөг байсан. Ингээд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 13 704 373.61 төгрөг байсан. Барьцаа хөрөнгөд цалингаас гадна 4 ханатай гэр, зурагт, хөргөгч, пин гэсэн хөрөнгүүдийг барьцаалсан байсан. 13 704 373.61 төгрөгийг гаргуулах буюу зээлийн барьцаанд авсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

2. Хариуцагч И.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамт ажилладаг байсан иргэн Ч.Х тус банкнаас зээл авах гэж байгаа тул хамтран зээлдэгчээр оролцоод гарын үсэг зураад өгөөч гэсэн хүсэлт гаргаж тухай зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан. Энэхүү мөнгөнөөс би огт хэрэглээгүй бөгөөд Ч.Х өөртөө зарцуулсан. Харин Ч.Х нь 2020 онд нас барсан бөгөөд зээл төлөгдөөгүй гэдгийг сүүлд би мэдсэн юм. Энэ талаар Ч.Хийн охин нь тухайн зээлийг төлөхөө илэрхийлж байсан ч өнөөг хүртэл төлөөгүй хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан намайг хохирооход хүргэж байна.

Миний бие бодит байдал дээр зээлийг өөртөө зарцуулаагүй тул энэхүү гэрээний үүргийг бүрэн хариуцах зээлийг төлөх үндэслэлгүй тул Ч.Хийн өв залгамжлагчаар энэхүү төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Талийгаач Ч.Хтэй би нэг байгууллагад хамт ажилладаг байсан. Гэрээнд гарын үсэг зурах үед 4 жил гаруй хугацаанд хамт ажилласан байсан. Ч.Х нь тухайн үед оюутан хүүхэдтэй, мөн шинэ нөхөр авсан, тэр нь зодож нүддэг, өөрийн гэсэн гэр оронгүй, гэр орон авах гэсэн юм гээд намайг гарын үсэг зураад хамтран зээлдэгч болоод өгөөч гээд гуйхаар нь би гарын үсэг зурж өгсөн. Гарын үсэг зурснаар чамд төвөг учруулахгүйгээр би өөрөө цалин дээрээсээ төлнө гэж гуйсан учир Т*******ны зээлэнд 2 удаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж өгсөн ба би нэг ч төгрөг аваагүй. Би 3 удаа гарын үсэг зурснаа санахгүй байгаа. 2 зээлийн гэрээн дээр нь би яалт ч үгүй гарын үсэг зурсан. Ингэхдээ тус бүр 1 000 000 төгрөг авлаа шүү, гарын үсэг зураад өг өө гэж надаар гарын үсэг зуруулсан. Би энэ мөнгөнөөс огт хэрэглээгүй. Талийгаач Ч.Хийн өөрийнх нь охин, нөхөр, эгч нь, дүү нар нь, ээж нь байгаа учир эдгээр хүмүүс төлж өгөх нь шударга ёсонд нийцэх байх гэж дотроо бодож байна. Иймд намайг зээлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т*******ны нэхэмжлэлтэй И.О*******т холбогдох иргэний хэргийг дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, хамтран зээлдэгч И.О******* нь Ч.Х гэж хүний харилцах дансны хуулга болон түүний тайлбар зэргээс харахад тухайн зээлсэн мөнгөнөөс хэрэглээгүй байна. Хэрэглээгүй нь тогтоогдож байгаа учраас Ч.Х гэж хүн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барснаар тэр хүн дээр үүссэн барьцаат зээлийн 11 гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан. Мөн хамтран зээлдэгч зээлийн мөнгөнөөс аваагүй нь тогтоогдох юм бол үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлдэгч нас барснаар үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болсноор шийдвэрлэдэг. Тэгэхээр Ч.Х гэдэг хүний Т*******наас авсан тоот гэрээний үүрэг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэж заасан. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүй үндэслэлээр хамран үүрэг гүйцэтгэгчдийн аль нэгийг төлбөрөөс чөлөөлж болохоор байгаа. Хариуцагч И.О******* нь багийн Засаг даргын тодорхойлолт болон бусад баримтуудаар төлбөрийн чадваргүй гэдэг нь нотлогдож байна. Иймд төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр хариуцагч И.О*******ыг гэрээний үүргээс чөлөөлөх бүрэн боломжтой байна гэж үзэж байна.

Гуравдугаарт, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэрэгт авагдсан баримтаар И.О*******аас үндсэн зээл 9 018 350 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4 300 528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 385 501 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Мөн нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Зээлийн дансны хуулгаас бид тооцооллыг хянаж чадахгүй. Зээлийн тооцооллын баримт, хувийн хэрэг, зээлийн явцын дүгнэлт зэрэг бүх баримтуудаа ерөөсөө гаргаж өгөөгүй. Зээлийн эдийн засагчаа гэрчээр оруулах боломж нээлттэй байсан ч оруулж ирээгүй.

Дөрөвдүгээрт, И.О*******аас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэж тайлбарласан. Энэ гэрээгээр И.О******* 1 000 000 төгрөгийн үүрэг хүлээсэн буюу 1 000 000 төгрөгийн л нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, хавтаст хэрэгт 11 удаагийн Ч.Хийн нэр дээрх зээлийн гэрээнүүдэд Ц.Ө, С, И.О******* гэдэг хүмүүс хамтран зээлдэгчээр зурсан. Гэхдээ 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад нь нэмээд зээл авчихдаг. Гэрээний 6.1.1-т гэрээний хавсралтад заасан хэрэв бодогдсон бол нэмэгдэл хүү, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр энэхүү гэрээ дуусгавар болно гэсэн. Тэгэхээр гэрээний энэ заалт хэрэгжээгүй буюу 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн нэмэлт гэрээнүүдийн гэрээний сунгалтуудын үндсэн болон хүүгийн төлбөрүүд төлөгдөөгүй байхад нэмж зээл авсныг гэрээ сунгагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх ёстой юм бол бүх хамтран зээлдэгч нар нь хамтдаа зээлийн гэрээний үүргийг үүрэх ёстой. Хамгийн сүүлд 1 000 000 төгрөг авсан зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр зурсан хүнээс бүх буюу 2013 оноос үргэлжилж явсан гэрээний үүргийг шаардаж байна гэдэг нь өөрөө үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна.

Дээд шүүхийн зээлийн гэрээний маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал гээд 2020 оны зөвлөмжөөр зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд тухайн гэрээний хугацаа, төлбөр төлсөн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна төлөгдсөн төлбөр нь аль гэрээний аль үүрэгт хамаарахыг тодорхой болгож байж зээлийн гэрээний хамааралтай хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой гэсэн. Гэтэл олон үргэлжилсэн гэрээ гаргаж өгсөн боловч аль зээлээс аль төлбөр төлөгдсөн, аль гэрээнийх нь үүрэг яваад байгаа, үргэлжлээд байгаа юм уу, сүүлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр юм уу гэдэг тодорхойгүй нөхцөлд шүүх сүүлийн нэмэлт зээлийн гэрээн дээр зурсан хамтран зээлдэгчээс гэрээний бүх үүргийг гаргуулвал хууль зүйн үндэслэлгүй болно гэж үзэж байна. Иймд Т*******ны нэхэмжлэлтэй хариуцагч И.О*******т холбогдох 13 704 373 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т*******ны нэхэмжлэлтэй И.О*******т холбогдох хэрэгт миний бие гуравдагч этгээдээр татагдсан. Талийгаач Чулуунцэцэгийн Х нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан. Миний ээж Ч.Х нь миний аав Өтай ханилж хоёр хүүхдийн эцэг эх бололцсон. Талийгаач Ч.Хийн Т*******ны зээлэнд хамтрангаар оролцсон И.О******* нь талийгаачтай хамт ажилладаг танил төдий хүмүүс биш бөгөөд тухайн Ө******* аймгийн лаборатори 1-р сургуульд хамт ажилладаг найзалж нөхөрлөдөг ойрын хүмүүс байсан. ...Эцэг эх хоёр маань аль эрт салсан дүү бид хоёр аав дээрээ байдаг байсан. Талийгаач ээжийн банкны өр зээлийг юунд авч хэрэглэсэн гэдгийг дүү бид хоёр юу ч мэдэхгүй. Энэ их өр зээлийг төлж барагдуулах боломжгүй. Мөн талийгаач ээж маань И.О*******ын банкны зээлэнд хамтрангаар орж өгсөн зөрөөд О******* миний зээлэнд хамтрангаар орно гэсэн зүйлийг нэг удаа уулзахад дурьдаж байсан.

Т*******ны нэхэмжлэл дээрх барьцаа хөрөнгүүд нь манай ээж, аав хоёрыг анх амьдрал зохиоход бий болсон хөрөнгүүд бөгөөд ээж, аав хоёр салахдаа эд хөрөнгөө хоёр тэнцүү хувааж авсан. Одоо бол зарж үрээд байхгүй болгосон. Ээж, аав хоёрыг салсны дараа би 6 сарын хугацаанд талийгаач ээж Ч.Хтэйгээ амьдарсан. Түүнээс хойш өөрийн эцэг болох Ц.Өтай өнөөг хүртэл ам бүлийн тоон дээр хамт амьдарч байгаа. Мөн манай ээж нас барахаасаа өмнө 4 жил Ч гэдэг хүнтэй ханилж байсан. Ээж маань нас барсны дараа надад өв залгамжлуулж өгсөн гэр орон, гал голомт байхгүй. Т*******ны гэрээн дээр миний гарын үсэг байхгүй. Дээрээс нь би одоогийн байдлаар Хаан банк болон Б гэсэн 2 газар зээлтэй, мөн өрх толгойлж явдаг. Манай ээж намайг 2 дугаар курст зуурдаар нас барсан болохоор манай ээж намайг төгсөхөд тийм ч их тус нэмэр болж чадаагүй. Тийм болохоор би энэ хэргийн мөнгөн дүнг өөр дээрээ авах боломжгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь талийгаач Ч.Хээс ямар ч эд хөрөнгө буюу өвийг хүлээж аваагүй, өв залгамжлаагүй. Тэгэхээр Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ч нь энэ зээлийн гэрээнд ямар нэг байдлаар үүрэг хүлээх үндэслэлгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.5 дахь хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан. Тэгэхээр Т*******наас гаргасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал дээр Ө.Чийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй. Ө.Чийн хувьд талийгаач Ч.Хийн охин боловч банкны 11 зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, үүрэг хүлээсэн зүйл байдаггүй. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс өвийн журмаар төлүүлэх нөхцөл байдал хууль зүйн үндэслэлгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 06 сарын 07-ны өдрийн Ө.Б, Ө.Г нартай байгуулсан зээлийн гэрээний хуулбар, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Хтэй байгуулсан 2013 оны 08 сарын 14-ний өдрийн , 2014 оны 01 сарын 15-ны өдрийн , 2014 оны 07 сарын 01-ний өдрийн , 2017 оны 01 сарын 27, 2017 оны 08 сарын 09, 2018 оны 03 сарын 30, 2018 оны 09 сарын 17, 2018 оны 10 сарын 26, 2018 оны 12 сарын 10-ны өдрийн № дугаартай барьцаат зээлийн гэрээнүүдийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2015 оны 01 сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар,  Ч.Х, И.О******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Хийн Т*******ны зээлийн дансны харилцагчийн хуулгууд,

Хариуцагчаас: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ө******* аймгийн Д******* сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын тодорхойлолт, Ө******* аймгийн Д******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, охин Б.Мгийн эмчлүүлэгчийн картын хуулбар, 2022 оны 06 сарын 06-ны өдрийн MN750034210001885058 дугаартай барьцаат зээлийн гэрээ, Хэрэглээний зээл компанийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч И.О*******ын харилцах дансны хуулга,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Ө******* аймгийн Д******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 48 дугаартай тодорхойлолт, “Б ББСБ” ХХК-ийн барьцааны гэрээ, Хаан банкны зээл олголтын мэдээллүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр Ц.Өаас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Т*******” ХК нь хариуцагч И.О*******т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 13 704 373.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

Зээлдэгч Ч.Х, хамтран зээлдэгч И.О******* нар нь Т*******тай 2018 оны 12 сарын 10-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 12 864 550.75 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Үндсэн зээлдэгч Ч.Х нь 2020 оны 02 сарын 21-ний өдөр нас барсан, 2020 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хамтран зээлдэгч И.О*******аас зээлийн үлдэгдэл 9 018 350.88 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4 300 520.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 385 501.77 төгрөг, нийт 13 704 373.61 төгрөгийг бүхэлд нь шаарджээ.  

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 

“...2018 оны 12 сарын 10-ны өдөр хамт ажилладаг байсан Ч.Х Т*******наас зээл авах гэж байгаа тул хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэсэн хүсэлт гаргаж би 2 удаа 1 000 000 төгрөг авлаа гэж гэрээнд гарын үсэг зурсан. Мөн би зээлийг өөртөө зарцуулаагүй тул энэхүү гэрээний үүргийг бүрэн хариуцах үндэслэлгүй…” гэж тайлбар гаргадаг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч И.О*******аас бүхэлд нь шаардаж байх ба уг гэрээгээр нэг талаас Т*******ны Ө******* салбар, нөгөө талаас зээлдэгч Ч.Х, хамтран зээлдэгч И.О******* нар зээлийн үлдэгдэл 11 864 550.75 төгрөг, нэмэлт зээл 1 000 000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 12 864 550.75 төгрөг гэж жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн гэрээ байгуулжээ.

4.2 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Т*******” ХК нь Ч.Хт удаа дараа зээл олгож байсан ба ийнхүү зээл олгохдоо төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дээр тухайн үеийн олгох зээлийн дүнг нэмж, нийт зээлийн хэмжээг тодорхойлж гэрээ байгуулдаг байжээ.

Зээлдэгч Ч.Хийн 2013-2018 оны хооронд нийт 10 удаа, дангаараа болон бусадтай хамтран авсан Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-ний түүхийг хүснэгтээр үзүүлбэл:  

Д/д

Зээлийн гэрээний огноо, дугаар

Үндсэн зээлдэгч Ч.Х, хамтран зээлдэгчийн нэр  

Зээлийн үлдэгдлийн хэмжээ /төгрөг/

Нэмэлт зээлийн хэмжээ /төгрөг/

Нийт зээлийн хэмжээ

Зээлийн хугацаа

1

2013.08.14

-

-

8 000 000

8 000 000

36 сар

2

2014.01.15

Ц.Ө

7 051 836

900 000

7 951 836

36 сар

/2014.01.25-2016.12.25/

3

2014.07.01

Ц.Ө

6 901 130

1 000 000

7 901 130

36 сар

/2014.07.25-2017.06.25/

4

2015.01.28 

Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ

Ц.Ө

6 901 130

1 000 000

7 664 694

36 сар

/2018.01.25 хүртэл сунгав/

5

2017.01.27

Ц.Ө

6 337 050

1 500 000

7 837 050

36 сар

/2017.02.25-2020.01.25/

6

2017.08.09

Ч.С

6 823 474

2 500 000

9 323 474

50 сар

/2017.08.25-2021.09.25/

7

2018.03.30

Ч.С

8 236 055

700 000

8 936 055

50 сар

/2018.04.25-2022.05.25/

8

2018.09.17

И.О*******

8 322 674

2 300 000

10 622 674

60 сар

/2018.09.25-2023.08.25/

9

2018.10.26

И.О*******

10 283 715

1 700 000

11 983 715

60 сар

/2018.11.25-2023.10.25/

10

2018.12.10

И.О*******

11 864 550

1 000 000

12 864 550

60 сар

/2018.12.25-2023.11.25/

4.3 Дээрхээс дүгнэвэл “Т*******” ХК нь зээлдэгч Ч.Хт 10 удаагийн зээлийн гэрээгээр нийт 20 600 000 төгрөгийг олгосон байх ба үүнээс нөхөр Ц.Ө 4 удаагийн гэрээнд, дүү Ч.С 2 удаагийн гэрээнд, сүүлийн 3 удаагийн буюу 5 000 000 төгрөг нэмж олгосон зээлийн гэрээнд хамт ажилладаг гэх И.О******* хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зуржээ.  

4.4 Зээлдэгч Ч.Х 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан болох нь охин Ө.Чийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан ба зээл 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлөгдөөгүй хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дээрх үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан. 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримтын талаар маргаагүй.

5. Дээрх маргаан бүхий харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнд хамаарч байна.

Уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь банк зээлийн хөрөнгийг хариуцагчид бодитой шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг өөртөө захиран зарцуулсан байх явдал юм.

Зээлдүүлэгч нь нийт мөнгөн хөрөнгө болох 20 600 000 төгрөгийг болон түүний дотор нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг зээлдэгч Ч.Хийн 210000123141 тоот дансанд шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар нотлогдож байна. Зээлийн зориулалттай уялдан хамтран зээлдэгч гэх И.О*******ын эрхэлдэг ажил, орлогын талаарх мэдээлэл болон зээл олгохтой холбоотой бусад баримт хэрэгт авагдаагүй байна.

6. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд, анх 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч болон зээлдэгч Ч.Х нарын хооронд 8 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн гэрээний харилцаа үүссэн, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь уг зээлийн үлдэгдэл 7 051 836 төгрөг дээр 900 000 төгрөгийн зээл нэмж олгож, нийт 7 951 836 төгрөгийг зээлдэгч Ч.Х, Ц.Ө нарт зээлдүүлэхээр тохиролцсоноор хамтран зээлдэгчийн үүрэг эхэлжээ.

Ийнхүү эцэст нь “Т*******” ХК нь өмнөх гэрээний төлөгдөөгүй 11 864 550 төгрөгийн үүргийг хожим нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болгож өөрчлөн, улмаар хамтран зээлдэгч И.О*******ыг оролцуулан нэмж 1 000 000 төгрөгийн зээл олгон нийт үүргийг 12 864 550 төгрөгөөр тогтоосон, уг гэрээнд зээлдэгч талаас Ч.Х, И.О******* нар гарын үсэг зуржээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд, өмнөх зээлийн үлдэгдлийг шинээр нэмж олгох зээлтэй нэгтгэж зээлийн нийт дүнг тодорхойлж, улмаар зээлд тооцох хүүгийн хэмжээг багасгаж, хугацааг өөрчилснөөс үзвэл уг гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болсон байна.

7. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж үздэг бөгөөд хүсэл зоригийн агуулга буюу хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлийн мөн чанар, хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн гадаад илэрхийллийг үгийн шууд утгаар тайлбарлана.

Хэрэгт хариуцагч И.О*******ын зээл хүссэн болон олгохтой холбоотой бичмэл нотлох баримт авагдаагүй, нэхэмлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “…зээлийн гэрээний 3.3-т зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх тул бүхэлд нь хариуцах үндэслэлтэй” гэж, хариуцагч И.О******* нь “…Ч.Хтэй хамт ажилладаг байсан, хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь 2 удаа 1 000 000 төгрөг авлаа гэж гэрээнд гарын үсэг зурсан” гэж тус тус тайлбарладаг.

Эндээс, 2018 оны 09 сарын 17, 10 сарын 26, 12 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч И.О******* нь хамт ажилладаг Ч.Хийг “Т*******” ХК-аас цалингийн зээл нэмж авахад зориулж дээрх гэрээнүүдийг байгуулсан боловч өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг шинээр авах зээлд нэмж, улмаар нийт 12 864 550 төгрөг зээлэх, түүний хүү төлөх нөхцөлийн талаар И.О*******ыг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй, баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь, түүний гаргасан тайлбараар өөр зээлийн гэрээтэй холбоотой өр төлбөрийн үүргийг шилжүүлэн авч гүйцэтгэх агуулга илэрхийлэгдээгүй байна.

Нөгөө талаар, бусдын өрийг шилжүүлэн авч гүйцэтгэхэд өрийн эзэмшигч “Т*******” ХК-тай тохиролцохоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан ба хариуцагч И.О*******ыг ийнхүү тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

8. Иймээс хариуцагч И.О******* нь дээр дурдсанаар зээлдэгч Ч.Хийн өмнөх зээл дээр нэмж нийт 5 000 000 төгрөг зээлсэн, энэ мөнгөн хөрөнгийн хэмжээнд И.О******* зээл авахыг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд зээлийн мөнгийг зээлдэгч нарын хэн ашигласан эсэх нь гэрээний үүргийг хариуцан төлөхөд саад болохгүй, мөн үндсэн зээлдэгч Ч.Х нас барснаар түүний үүрэг дуусгавар болох боловч хамтран зээлдэгчийн хүлээх үүргийн хувьд И.О******* нь өөрт хамаарагдах зээлийн үүргээс чөлөөлөгдөх учиргүй байна.

Гэвч нийт 10 удаагийн гэрээгээр 20 600 000 төгрөгийн зээл авсан зээлдэгч Ч.Хтэй сүүлийн 3 удаа буюу 5 000 000 төгрөг олгосон зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон И.О*******аас зээлийн төлбөрийг түүний авсан зээлийн хэмжээтэй холбоотой нэхэмжлэгч шаардаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох боловч энэ нь, тухайн үүрэг нь зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчийн сонгосон үүрэг гүйцэтгэгчийн ганцаар хүлээх ёстой үүрэг болно гэсэн ойлголт биш юм.

Зээлийн гэрээний 5.1.7-д “Зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд ...зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх хэмжээгээр барилт хийж, ...суутгаж авах” гэж тохиролцжээ. 

Өөрөөр хэлбэл зээлдэгч И.О******* нь ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа, түүнд нь тохируулж зээл олгосон бол дээрх гэрээнд зааснаар түүний цалингаас зээлийн төлбөрийг суутган авахаар тохиролцжээ.

Гэтэл гэрээний дээрх тохиролцоо И.О*******т хамаарахгүй байгаа нь түүний цалин орлогыг барьцаалж түүнд цалингийн зээл олгосон гэх хангалттай үндэслэлийг тогтоож чадахгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Згийн шүүх хуралдаанд “...цалингийн зээлийн журмаар гэр бүлийн хүн байх ёстой, хамтран зээлдэгчээр оролцож байгаа хүн нь орлоготой бол зээлийн хэмжээ нь их байдаг” гэх тайлбараас үзэхэд зээлдэгч нь энэ төрлийн гэрээний харилцаанд хамтран зээлдэгч /үүрэг гүйцэтгэгч/-ийн зээл авах хүсэл зориг, цалин орлогыг судалж түүнд тохируулан зээл олгосон эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч И.О*******ыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж түүнээс “Т*******” ХК-ийн нэхэмжлэлээр шаардсан 13 704 373.61 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасантай нийцэхгүй гэж үзлээ.

10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн “Т*******” ХК болон Ө.Б, Ө.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй байх тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.О*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 13 704 373.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Т*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296 672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Чт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНСҮРЭН

2024 оны 03 сарын 01 өдөр                                   Дугаар 143/ШШ2024/00092                                                      Д******* сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т******* Хувьцаат компани /нээлттэй ХК/, /РД: *******/, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1, 00 тоот, /Гүйцэтгэх захирал Ө.Гантөр/

Хариуцагч: Х******* овогт И*******гийн О******* /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум, 4 дүгээр баг, Дундсайхан 7 гудамж, 13 тоот

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ө******* овогт Өы Ч /РД: /, Ө******* аймаг, Д******* сум, 6 дугаар баг, Жаал-Уулын 4-20 тоот