Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2022/00311/И |
Дугаар | 143/ШШ2024/00119 |
Огноо | 2024-03-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 143/ШШ2024/00119
2024 оны 03 сарын 14 өдөр Дугаар 143/ШШ2024/00119 Д******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т*******” Хувьцаат компани /нээлттэй ХК/, /РД: *******/,
Хариуцагч: Т овогт Б*******гийн Н******* /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум,
Хариуцагч: Я овогт Х*******гийн Г******* /РД: /, Ө******* аймаг, Д******* сум,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24 729 314 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,
Хариуцагч Б.Н*******, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,
Хариуцагч Х.Г*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хишигсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Н******* болон хамтран зээлдэгч Х.Г******* нар нь Т*******ны Ө******* салбарын харьяа Говь гурван сайхан тооцооны төвөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 341601160188 тоот зээлийн гэрээ байгуулан 13 100 000 төгрөгийг жилийн 20.40%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээл эргэн төлөгдөх нөхцөлийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд цалин, 5 ханатай гэр, зурагт хөргөгч, хөлдөөгч, тавилга. Зээлдэгч Б.Н******* болон хамтран зээлдэгч Х.Г******* нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 2 308 913.30 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 284 828.68 төгрөг нийт 4 593 741.98 төгрөг төлсөн.
Зээлдэгч Б.Н******* болон хамтран зээлдэгч Х.Г******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болох мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 1475 хоног хугацаа хэтрээд байгаа болно.
2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 10 791 086.70 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 9,765,855.65 төгрөг, нийт төлөх дүн 20 556 942.35 төгрөг байна. Иймд Зээлдэгч Б.Н******* болон хамтран зээлдэгч Х.Г******* нараас 20 556 942.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т*******” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Н*******, Х.Г******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн хүргүүлж байна.
Хариуцагч нарт холбогдуулан тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Хариуцагчийн зээлийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 10 791 086.70 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 9 765 855.65 төгрөг, нийт 20 556 942.35 төгрөг байсан.
Хариуцагч Б.Н*******, X.Г******* нар бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “3ээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндсэн зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэж заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу банк нь зээлийг бүрэн төлөх хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байдаг. БЭБХЭМХМХШЗҮАтХ-ийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нийт 4 172 371.65 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой тооцооллын тайлбар: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжилсэн 20 556 942.35 төгрөг дээр нэмэгдүүлсэн шаардлагын дүн болох 4 172 371.65 төгрөгийг нэмж нийт 24 729 314 төгрөгийг хариуцагч Б.Н*******, Х.Г******* нараас гаргуулах.
Б.Н*******, Х.Г******* нар анх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 7 100 000 төгрөгийн зээл авсан. Түүнээс хойш 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийн нэмэлт, мөн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дахин 2 000 000 төгрөгийн нэмэлт, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийн нэмэлт гээд нийт 4 удаа, 13 100 000 төгрөгийн зээл авсан. Хариуцагч нар нь үндсэн болон хамтран зээлдэгчээр гэрээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрөөд гарын үсэг зурж зээл авсан. Тухайн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж өгөх хүртэл бодогдсон. Тэгэхээр 13 100 000 төгрөг дээр бодогдсон хүү нь 14 823 017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 399 754 төгрөг, нийтдээ 29 323 000.56 мөнгийг авснаасаа хойш 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл төлөх ёстой байснаар тооцогдсон. Үүнээс хариуцагч Б.Н******* нь энэ хугацаанд 4 593 741.98 төгрөг төлсөн. Төлөөгүй дүн нь 24 729 314 төгрөг байгаа учраас гэрээнийхээ дагуу төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч Б.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н******* миний бие 2017 онд Т*******наас 13 100 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр танил Х.Г*******ыг гуйж гарын үсэг зуруулсан. Миний авсан зээл Х.Г*******т ямар нэгэн хамаа байхгүй. Анх зээл авахдаа би аймгийн Нийтлэг үйлчилгээний газарт үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 3 хүүтэй өрх толгойлсон эмэгтэй. Тухайн үед ажил хийж байсан болохоор цалингаараа төлнө гэж бодоод үр хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зориулж нэмж авсаар байгаад зээл маань 13 100 000 төгрөг болсон. Гэтэл бие маань өвдөөд ажлаа хийж чадахгүй болоод ажлаасаа гарсан. Миний бие элэгний цирроз, элэгний бэтэгтэй болсон. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хагалгаанд орж авахуулсан боловч дахин гарч томорсон тул ажил хийж чаддаггүй. Бие зүгээр байсан бол төлж барагдуулах л байсан. Ажил хийх боломжгүй биеийн байдлаас болоод төлж чадаагүй гэсэн тайлбар өгч байсан нэгэнт тус банкнаас зээл авсан нь үнэн учраас 20 556 942.39 мөнгийг төлж барагдуулна.
Би анх энэ зээлийг авахдаа ажилтай, эрүүл саруул байсан. Өвдсөнөөс хойш төлж чадаагүй. Хүүг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээр шийдвэр гаргуулж байж төлнө гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т*******” ХК нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээг зээлдэгч Б.Н******* болон Х.Г******* нартай жилийн 2.40%-аар 50 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар харагдаж байна. “Т*******” ХК нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ханддаг. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөд нийт 1475 хоног хугацаа хэтэрсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт харагдаж байна. Зээлдэгч Б.Н*******ийн хувьд зээлийн гэрээ байгуулаад зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах арга хэмжээг авна гэж заасан. Энэ заалтыг харахад “Т*******” ХК үүргээ зөрчсөн нөхцөл байдал харагдаж байна. “Т*******” ХК-ийн зүгээс Б.Н*******т удаа дараа зээлийг төлөх арга хэмжээ авах талаар утсаар болон бичгээр мэдэгдэж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан боловч хавтаст хэрэгт энэ үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн мэдэгдэл огт хүргүүлж байгаагүй нь нотлох баримтуудаар нотлогддог.
Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагууд нь тодорхойгүй. Зээлийн гэрээнд 50 сарын хугацаатай зээл олгосон байдаг. Хамгийн сүүлд байгуулсан гэрээгээр зээлийн хэмжээ 11 282 812.76 гэж харагдаад байгаа боловч нэхэмжлэлээр 13 100 000 төгрөгийн зээл авсан гэдгээр зөрүүтэй байна. Мөн зээлийн гэрээгээ 50 сарын хугацаатай байгуулсан мөртлөө нэхэмжлэлийн шаардлага дээрээ 60 сарын хугацаатай зээл авсан гэдгээр зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь огт тодорхойгүй учраас хүү тооцооллын хүснэгт нь зөрчилтэй, үндэслэлгүй болчихсон гэж миний зүгээс харж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгчийн талд үүснэ гээд заачихсан байдаг.
Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд заасан байдаг. Гэтэл зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна. Зээл авснаас хойш 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлнэ. Зээлийн төлбөр төлөх үүргийг хариуцагч биелүүлэхгүй байхад шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн хүү тооцооллын хувиас харахад хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нотлогдож байхад банк ямар нэгэн үйлдэл хийгээгүй, зээлдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан энэ нөхцөл байдал нь хуульд зааснаар шударга биш гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагч Х.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоогийн байдлаар Ө******* аймгийн төвд ам бүл ганцаар амьдардаг. Х.Г******* миний бие Н*******тэй найзын харилцаатай байдаг. 2017 онд найз Н******* зээл хийх гэсэн юм. Зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгч тус болооч гэж гуйгаад байхаар нь гарын үсэг зурж өгсөн. Зээлийг би төлөх шалтгаангүй учир гэрээнээс гарын үсгийг цуцалж өгнө үү.
Б.Н******* бид хоёр найзууд. Б.Н******* нь зээл сунгах гэсэн юм. Гарын үсэг зураад өгчих гээд намайг гуйсан. Тэгээд би гарын үсэг зурж өгсөн. Энэ зээл нь надад огт хамаагүй. Би энэ зээлийг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж бодож байна гэв.
Хариуцагч Х.Г*******ын өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ байдаг. Энэ гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээс 453 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас “Т*******” ХК-ийн Ө******* аймаг дахь Гурвансайхан тооцооны төвийн захирал Жугарсүрэн, нөгөө талаас зээлдэгч Б.Н*******, хамтран зээлдэгчээр Х.Г******* гэсэн хүмүүс уг гэрээг байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээнээс харагддаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээдэг. Харин зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн агуулга бүхий гэрээ байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч гэсэн хоёр хүний хооронд байгуулагдахаар заасан байна. Энэ барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаас үзэхэд зээлдүүлэгч тал нь “Т*******” ХК, зээлдэгч тал нь Б.Н******* буюу тухайн банкнаас мөнгө зээл авсан хүн нь Б.Н******* байдаг. Энэ хоёр хүний хооронд энэхүү гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Харин хамтран зээлдэгчээр Х.Г*******ыг оролцуулж гарын үсэг зуруулаад байгаа нь үндэслэлгүй. Энэ гэрээний дагуу Х.Г******* ямар үүрэг хүлээгээд байгаа нь тодорхойгүй. Ямар барьцаа хөрөнгө, эд хөрөнгө, цалин орлогоороо энэ үүргийг хүлээж байгаа эсэх талаар тухайн гэрээнд тусгасан зүйл огт байдаггүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан байдаг. Энэ барьцаат зээлийн гэрээ нь Б.Н******* ирээдүйд авах өөрийн цалин орлогоо барьцаалж авсан байдаг. Гэтэл энэ гэрээгээр Х.Г******* хэдэн төгрөг аваад байгаа юм, хэдэн төгрөгийг нь хариуцах ёстой вэ гэдэг нь тодорхой тогтоогдсон зүйл огт байдаггүй. Энэ зээлийг Б.Н******* өөрийн цалин орлогоо барьцаалж, өөрийн эд хөрөнгөө барьцаалж авсан байдаг. Тийм учраас хамтран үүрэг гүйцэтгэгч гэж Х.Г*******ыг үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гэж хуульчилсан. Үүнд: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж хуульчилсан. Энэ зээлийн гэрээнд Б.Н******* нь ирээдүйд авах цалин орлогоо барьцаалж хувийн хэрэгцээгээ хангах буюу хувийн байдалтай нь холбоотой байгаа учраас энэ зээл буюу цалингийн зээлд хамтран зээлдэгч Х.Г******* үүрэг хүлээж гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар зээлийн гэрээний үүрэг төлөхийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар Х.Г******* нь зээлийн гэрээнд өөрийнх нь цалин орлого юм уу, эсвэл эд хөрөнгөөр энэ үүргийг би хамтран зээлдэгчийн хувьд ингэж ингэж хүлээнэ гэсэн зохицуулалт нэг ч байдаггүй. Б.Н******* нь би банкны шаардлагыг хангах зорилгоор Х.Г*******ыг хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан гэдэг. Х.Г******* нь хэдэн төгрөгийн зээл авч байгаа, юунд зарцуулж байгаа, тэр талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулаад л бүх зээлийг Б.Н******* би өөрөө авсан. Би бүгдийг нь хариуцна, би төлнө гэдэг тайлбарыг удаа дараа шүүхэд гаргасан. Тийм учраас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар банк Х.Г*******аас зээлийн үүргийг биелүүлэхийг шаардах эрх үүсээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, “Т*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Т*******” ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гөөс З.Уд олгосон итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сард салбарын захирал Уянгын төлөөлөх эрх Э.Бид олгосон 2022 06 дугаар сард салбарын захирал З.Уас төлөөлөх эрхийг Э.Бид олгосон итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, “Т*******” ХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын хавсралт, зээлийн гэрээний хавсралт, барьцааны зүйлийн жагсаалт, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ө******* аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 05 дугаар сарын 17, 2023 оны 09 дүгээр сарын 18, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдийн албан тоот, “Т*******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Т*******” ХК-ийн олгосон итгэмжлэл, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооны хуудас,
Хариуцагч нараас: Б.Н*******ийн амбулатороор эмчлүүлэгчийн картын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ө******* аймгийн Д******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ө******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Н*******ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Х.Г*******ын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т*******” ХК нь хариуцагч Б.Н*******, Х.Г******* нарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 20 556 942.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 172 371.65 төгрөгөөр ихэсгэж, нийт 24 729 314 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч Б.Н*******, хамтран зээлдэгч Х.Г******* нар нь Т*******тай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 341601160188 тоот зээлийн гэрээ байгуулан 13 100 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Н*******, Х.Г******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 1475 хоног хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч Б.Н*******, Х.Г******* нараас үндсэн зээл 10 791 086.70 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 9 765 855.65 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4 172 371.65 төгрөг, нийт 24 729 314 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг.
3. Хариуцагч Б.Н******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“...2017 онд Т*******наас 13 100 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр танил Х.Г*******ыг гуйж гарын үсэг зуруулсан учир зээл Х.Г*******т ямар нэгэн хамаа байхгүй. Би анх энэ зээлийг авахдаа ажилтай, эрүүл саруул байсан. Өвдсөнөөс хойш төлж чадаагүй. Хүүг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбар гаргадаг.
Хариуцагч Х.Г******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“...Миний бие Б.Н*******тэй найзын харилцаатай. 2017 онд найз Б.Н******* зээлийн гэрээнд гарын үсэг зурж тус болооч гэж гуйгаад байхаар нь гарын үсэг зурж өгсөн. Зээлийг би төлөх шалтгаангүй учир цуцалж өгнө үү. Энэ зээл нь надад огт хамаагүй. Би энэ зээлийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбар гаргадаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч Б.Н*******, Х.Г******* нар нь тус банкнаас 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 341601160188 тоот зээлийн гэрээ байгуулан 13 100 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан” гэж дурдаад нэхэмжлэлд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 341601160188 тоот зээлийн гэрээг хавсарган ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагыг ихэсгэж, улмаар 2017 оны 01 сарын 23, 05 сарын 19, 08 сарын 25, 2018 оны 02 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нэмж ирүүлсэн.
4.2 Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-нүүдийг хүснэгтээр үзүүлбэл:
Д/д | Зээлийн гэрээний огноо, дугаар | Зээлдэгч, хамтран зээлдэгчийн нэр | Зээлийн үлдэгдлийн хэмжээ /төгрөг/ | Нэмэлт зээлийн хэмжээ /төгрөг/ | Нийт зээлийн хэмжээ | Зээлийн хүү, хугацаа |
1 | 2017.01.23 №34601160188 | зээлдэгч Б.Н*******, хамтран зээлдэгч Х.Г******* | - | 7 100 000 | 7 100 000 | Жилийн 20.40 хувь, 36 сар |
2 | 2017.05.19 №34601160188 | зээлдэгч Б.Н*******, хамтран зээлдэгч Х.Г******* | 6 660 991.22 | 2 000 000 | 8 660 991.22 | Жилийн 20.40 хувь, 36 сар |
3 | 2017.08.25 №34601160188 | зээлдэгч Б.Н*******, хамтран зээлдэгч Х.Г******* | 7 938 119.23 | 2 000 000 | 9 938 119.23 | Жилийн 20.40 хувь, 50 сар |
4 | 2018.02.01 №34601160188 | зээлдэгч Б.Н*******, хамтран зээлдэгч Х.Г******* | 9 282 812.76 | 2 000 000 | 11 282 812.76 | Жилийн 20.40 хувь, 50 сар /2018.02.25-2022.03.25/ |
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримтын талаар маргаагүй.
4.3 Эндээс үзэхэд “Т*******” ХК нь зээлдэгч Б.Н*******т дээрх 4 удаагийн зээлийн гэрээгээр нийт 13 100 000 төгрөгийг олгосон байх ба нэхэмжлэлд бичсэнээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 100 000 төгрөгийг 60 сарын хугацаатай олгосон зээлийн гэрээ болон бусад баримт хэрэгт авагдаагүй байна.
5. Дээрх маргаан бүхий харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнд хамаарч байна.
Уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчдын хооронд зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь банк зээлийн хөрөнгийг хариуцагчид бодитой шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг өөртөө захиран зарцуулсан байх явдал юм.
Зээлдүүлэгч нь нийт мөнгөн хөрөнгө болох 13 100 000 төгрөгийг зээлдэгч Б.Н*******ийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүний тооцооны хуудас баримтаар нотлогдож байна. Зээлийн зориулалттай уялдан хамтран зээлдэгч гэх Х.Г*******ын эрхэлдэг ажил, орлогын талаарх мэдээлэл болон зээл олгохтой холбоотой бусад баримт хэрэгт авагдаагүй байна.
6. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж үздэг бөгөөд хүсэл зоригийн агуулга буюу хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлийн мөн чанар, хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн гадаад илэрхийллийг үгийн шууд утгаар тайлбарлана.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд, өмнөх зээлийн үлдэгдлийг шинээр нэмж олгох зээлтэй нэгтгэж зээлийн нийт дүнг тодорхойлж, улмаар зээлд тооцох хүүгийн хэмжээг багасгаж, хугацааг өөрчилснөөс үзвэл уг гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болсон байна.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 01 дүгээр сарын 23, 05 дугаар сарын 19, 08 дугаар сарын 25, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дөрвөн зээлийн гэрээнүүд хоорондоо холбоотой, дуусгавар болоогүй, дээрх гэрээнүүдийн үүргийг шаардаж байна гэж тайлбарладаг.
“Т*******” ХК нь тодорхой мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь уг мөнгийг авч ашигласан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь аль зээлийн гэрээний үүрэг хэзээнээс хэрхэн зөрчигдсөн, хэзээ олгосон зээл түүний хүүг буцаан шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
Тухайлбал, зээл авснаас хойш төлөгдсөн гэх нийт 4 593 741.98 төгрөг аль зээлийн гэрээний үүрэгт хамаарах, үүнээс зээл, зээлийн хүүгийн төлбөрийн аль нь болох, зээл тус бүрийн тооцоог нэг бүрчлэн гаргаж ирүүлээгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Иймд эдгээр нөхцөл байдлууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд огт тусгагдаагүйн дээр хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Т*******” ХК зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор үүрэг солигдсон гэж үзэх нөхцөл байдал, үүнээс үүсэх хууль зүйн үр дагавар, хамтран үүрэг гүйцэтгэгчийн тухай ойлголт, тэдгээрийн эрх, үүрэг болон хүсэл зоригийн илэрхийллийн талаар бүрэн мэдэж байх үүрэгтэй бөгөөд тус банкны гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.
8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 734 төгрөг болон 81 708 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н*******, Х.Г******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 24 729 314 төгрөг гаргуулах тухай “Т*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 734 төгрөг болон 81 708 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН