Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/166

 

2026        04         07                                            2026/ШЦТ/166

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0166/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Э.А,

Шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********* ********д холбогдох эрүүгийн 2639000730108 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын *********** 3 дугаар баг ********* тоотод байх Б.********ы гэрт бэр С.********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу мөнгөө зөв зарцуулаагүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар С.******** шанаа, нүд орчим шилэн аягаар цохисны улмаас зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын ******* 3 дугаар баг ********** 3-309 тоотод байх Б.********ы гэрт бэр С.********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу мөнгөө зөв зарцуулаагүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар С.********* шанаа, нүд орчим шилэн аягаар цохисны улмаас зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

1.Хохирогч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн ******** суманд гэр бүлийн хамт хүрч ирсэн. 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******** суманд хүрч ирсэн айл болох ******** сумын ******* 3 дугаар баг ********** тоотод хадам ах Эрдэнэчулууны гэрт байж байтал тухайн айлд урьд шөнө нь хамт хоносон хадам эгч ******** унтаж байгаад өдөр 13 цагийн үед сэрээд тухайн айлын гэрийн үүдэнд залгаж барьсан гал тогооны хэсэг болох таамбарт орж ирсэн. Тэгэхээр нь би зөрөөд хойд том гэрт ороод хэвтэж байтал гэрийн хаалга онгорхой байхад намайг муулаад арчаагүй гичий энэ тэр гээд яриад байсан. Үүнийг нь би сонсоод босч ирээд "та харин давраад байгаарай наад хэлж ярьж байгаагаа бодоорой гэж хэлсэн. Тэгсэн чинь ******** эгч хойд гэр луу орж ирээд чи муу тэгээд яах юм галзуу солиотой юм гээд надтай хэрэлдсэн. ******** эгч намайг гэрийн хаалганы хажууд үснээс зулгаагаад гал тогооны хэсгээс барьж орж ирсэн шилэн истканаар миний толгойн баруун шанаа хэсэгт 1 удаа цохиж автал тухайн исткан хагарсан. Тэгтэл бид хоорондоо үснээсээ зулгаалдаж байтал Эрдэнэчулуун ахын эхнэр ******** эгч ирээд бид хоёрыг салгасан. Ингээд ******** эгчийг төрсөн ах нь ********** гэдэг хүн ирээд тухайн айлаас аваад гэр рүү нь аваачиж өгсөн. Урьд өдөр нь Эрдэнэчулуун ахын гэрт ******** эгч, би, манай нөхөр *********, ******* ах эхнэртэйгээ гэрийн эзэгтэй ******** гээд бүгдээрээ 3 шил архи, 4 ширхэг 2.5-н литрийн пиво хувааж уугаад тухайн айлдаа амарцгаасан. Миний баруун талын нүдний ар хэсэг буюу санчигний хэсэгт хавдсан нүд рүү хөхрөлт өгч байна. Мөн толгой өвдөөд, хэвтэхэд хөндүүр эмзэглэлтэй байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Цагдаа драгер үлээлгээд 0.00 гарсан. Би ********г зодож цохисон зүйл огт байхгүй. Харин намайг үснээс зулгаагаад байхаар өөрийг нь адилхан үсдсэн... хадам эгч надад хандан "чи миний дүүгийн олж ирсэн мөнгө төгрөгийг олигтой зохицуулаад явж чадахгүй байна" гэж хэлсэнээс болж хоорондоо маргалдсан. Б.******** эгч үүдний гал тогооны хэсэгт истканд цай ууж суугаад намайг галзуу солиотой янхан гэх мэтээр харааж зүхэж байгаад исткан буюу аягаа бариад хойд гэр лүү орж ирсэн. Би зөрөөд гарах гэтэл гэрийн үүд хэсэгт намайг шууд үсдэж толгой дээрээс дараад барьж байсан аягаараа шанаа санчиг хэсэг, нүдний хажуу хэсэг газарт 1 удаа цохитол тухайн аяга хагарсан. Надад эмчилгээтэй холбоотой зардал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 19-24-р хуудас/,

2.Гэрч Б.********ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цагт манай гэрт бэр С.********, хадам эгч Б.******** болон би манай гэрт байж байсан. Манай гэр нь монгол гэр бөгөөд үүдэндээ гал тогооны хэсгээ гаргах гээд угсармал жижиг байшин барьсан. Гэтэл би гэрээсээ гараад нойл орчоод эргээд гэртээ орж ирсэн чинь хадам эгч Б.******** болон бэр С.******** хоёр хоорондоо муудаад хэрэлдээд байж байсан бөгөөд гал тогооны хэсэгт ******** эгч цай уугаад сууж байсан харин хойд том гэрт С.******** байж байгаа харагдсан. Намайг гэрт орж ирсэний дараа удалгүй гэнэт хоорондоо үснээсээ зулгаацалдаад авахаар нь би боль гээд тэр хоёрыг салгасан. Ингээд Б.******** эгч гэрээс гараад өөрийнхөө гэр лүү явсан бөгөөд харин манайд С.******** үлдээд цагдаа руу залгаж дуудлага өгч байсан. Б.******** цай уусан шилэн исткантайгаа том гэр лүү орж байгаа харагдсан бөгөөд нэг харахын завдалгүй л Б.******** болон С.******** хоёр хоорондоо үсдэлцээд авахаар нь би сандраад салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

3.2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.******** “...С.******** биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Б.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Шүүгдэгч Б.********гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулсан... гэх хүсэлт хх-ийн 85 дугаар хуудаст, мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

            4.Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.******** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн ********** ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.********д мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.********д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.******** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР