Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

 

Д.Д, Ц.М, Ц.М, Ц.Б,

Э.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.М /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Д.Д /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгч: Ц.М /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Э /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Э /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Б /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Э /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Э.Э, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Э, нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Д.Д, Ц.М, Ц.М, Ц.Б, Э.А нарт холбогдох 1919001560080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Д-ын Д, Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын * дугаар баг, ***** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

шүүгдэгч: Б овгийн Ц-ын М, Монгол Улсын иргэн, 1970-01-05-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын * дугаар баг, **** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

шүүгдэгч: Х овогт Ц-ын М, Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын * дугаар баг, ***** гэх газарт оршин суух, алдарт эхийн 2 дугаар одонтой, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

шүүгдэгч: Б хаван овгийн Ц-ын Б, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын * дугаар баг, **** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

шүүгдэгч: Б овогт Э-ын А, Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын * дугаар баг, ***** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн тухайд:

 

Шүүгдэгч Д.Д, Ц.М нар архидан согтуурсан үедээ бүлэглэн, 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амь хохирогч Г.Б-ыг зодож, түүний биед олон тооны гэмтэл, шарх учруулан, онц харгис хэрцгийгээр алсан,

 

шүүгдэгч Ц.М эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019-04-27, 29-ний өдрүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, гэрч Э.А, Ц.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Г.Баярсайханы амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан,

 

шүүгдэгч Ц.Б эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019-04-27-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Д, Ц.М, Г.Б нарт нь 2019-04-26-наас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, муудалцсан гэдгийг мэдсээр байж “...тухайн үед хэрүүл маргаан болоогүй ...би түрүүлээд явчихсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

 

шүүгдэгч Э.А эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019-04-29-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Д, Ц.М, Г.Б нар нь 2019 оны 04-26-наас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, муудалцсан гэдгийг мэдсээр байж “...тухайн үед хэрүүл маргаан болоогүй ...би түрүүлээд явчихсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Э-аас “Д, М нар уг хэргийг согтуугаар үйлдсэн буруутай гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Ц.Б, Э.А нар хүний ятгалагт орж мэдүүлгээ буруу өгсөн нь буруу боловч нөхцөл байдлыг сайн ойлгоогүйг харгалзан үзэх шалтгаантай байна” гэсэн дүгнэлтийг бичгээр гаргасан байна /6 хх 242/.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Д.Д, Ц.М нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Б овогт Д-ын Д, Б овогт Ц-ын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “Хүнийг бүлэглэж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Х овогт Ц-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б хаван овогт Ц-ын Б, Б овогт Э-ын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Б, Э.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 18 жил хорих ял, шүүгдэгч Ц.М-д 18 жил хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Ц.М нарт оногдуулсан 18 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ын цагдан хоригдсон 238 хоног, шүүгдэгч Ц.М-ын цагдан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын болон тээврийн хэрэгсэл, наашаа цаашаа явсан зардал 10,710,920 төгрөгийг шүүгдэгч нарт адил тэнцүү хувааж, шүүгдэгч Д.Д, Ц.М нараас тус бүр 5,355,460 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалд олгохоор,

 

энэ хэрэгт эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж,

 

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б 32 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.М, Э.А нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.М, Ц.Б, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

            Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Э.Э нар давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Ц.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцээгүй, шүүх гэмт хэрэг гарсан цагийг тогтоогоогүй, гэмт хэргийг хэзээ үйлдсэн нотолбол зохих байдлыг нотлоогүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн цагийг зөв тогтоохын эрүүгийн эрх зүйн учир холбогдол нь гэмт хэргийн нөхцөл байдлыг нотлоход нотолгооны, хууль хэрэглээний төдийгүй гэмт хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад маш чухал объектив талын нэмэгдэл шинж болно.

            Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 02/050 дугаар дүгнэлтээр тогтоосон “Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь шинжилгээ орохоос 18-20 цагийн өмнө үүссэн байх боломжтой” гэсэн хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан цаг, гэрч Ч.Б, М.Н нараас Ц.М, Ц.М хоёрыг гэртээ ирсэн цагийг мэдүүлсэн мэдүүлгүүдийг үнэлээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.       Гэрчүүд гэр бүлийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдүүд, худал мэдүүлэг өгөх, ятгах гэм хэрэгт буруутгагдсан, мэдүүлгүүд эргэлзээтэй гэж байгаа нөхцөлд шинжилгээний дүгнэлтээр гэмт хэрэг гарсан цаг, амь хохирогчийг үхэлд хүргэсэн болон бусад гэмтлүүд шүүгдэгч нарын хэнийх нь ямар үйлдлээр учирсныг тогтоох боломжтой. Шалтгаант холбоонд үйлдэл, хор уршиг хоёр дараалсан шинжтэй, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх шалгуураар бол Ц.М-ын амь хохирогчийн биед халдсан ямар үйлдлээр үхэлд хүргэсэн гэмтлүүдийн аль нь учирсныг тогтоож нотолсон, түүний үйлдэл, үхэлд хүргэсэн гэмтлүүдтэй шалтгаант холбоотой нөхцөлд хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Анхан шатны шүүх хоёр шүүгдэгчийн хэнийх нь хийсэн ямар үйлдэл амь хохирогчийг үхэлд хүргэсэн аль гэмтлийг, мөн хөнгөн, хүндэвтэр гэмтлүүдийг учруулсан шалтгаант холбоотойг тогтоохгүй хоёуланг нь бүх гэмтлийг учруулсан гэм буруутай гэж шүүгдэгч бүрийн үүрэг, оролцоог тодорхойлолгүй ялыг тэгшитгэн ялгамжгүйгээр оногдуулсан. Шүүгдэгч бүрийн үүрэг, оролцоо, түүний шинж чанарыг бодитой тогтоогоогүй. Тэгвэл тухайн цаг мөчид амь хохирогчийн биед хүч хэрэглэн халдах явцад хэний ямар үйлдэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үхэлд хүргэсэн болон хүндэвтэр, хөнгөн гэмтлийг гэмтлийг учруулсан, мөн цаг хугацааны шалтгаант холбоотойг заавал ялгамжтай нотолж байж тэднийг хүнийг алах гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдсэн, бүлэглэж үйлдсэнийг бодитой тогтоох нөхцөл хангагдана. Ц.М-д холбогдох хэргийн нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгч нарын үүрэг оролцооны талаар анхан шатны шүүхээс тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул 152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэнэ үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нотлох баримтад үндэслэн тогтоож тухайн цаг мөчид амь хохирогчийн биед хүч хэрэглэн, албадах явцад хэний ямар үйлдэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үхэлд хүргэсэн олон хүндэвтэр, хөнгөн гэмтлийг учруулсан үйлдлийн цаг хугацааны шалтгаант холбоог заавал ялгамжтай нотолж байж тэднийг үйлдлээрээ нэгдсэн бүлэглэж үйлдсэнийг, Хүнийг алах гэмт хэргийн шинжийг бодитой тогтоох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 хүндрүүлэн зүйчлэх нөхцөл байдал хангагдана гэж ойлгож байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруу, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэргийн хамтран оролцсон үйлдэл, оролцоог бодитой тогтоогоогүй, гэм бурууг нь дүгнэлтэд тусгаагүй байна гэж үзэж байна. Хүнийг алах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд гэм буруугийн хэлбэр, сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа учруулсан хор уршиг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь эргэлзээгүйгээр бодитой тогтоох учиртай. Ц.М-д холбогдох хэрэг, шүүгдэгч нарын үүрэг оролцоог тодорхойлон, хэргийн нотлогдсон байдал, зүйчлэлийн талаар анхан шатны шүүхийн тогтоолд заагдсан үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хоёр мянга, хорин нэгэн оны арван нэгдүгээр сарын хорин есний өдрийн зуун тавин хоёр дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох санал дүгнэлт гаргаж байна” гэв.

 

Шүүдэгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гармын цаанаас сумын төв рүү гэр лүгээ 19 цаг өнгөрөхөд орсон. Төв дээр очиход манай айлын хүмүүс 20 цаг болж байна гэсэн. Тэгээд 20 цагаас хойш гэрээсээ гараагүй, 4 дүгээр сарын 26-27 шилжих шөнө бүлэглэж зодсон гэх зүйл яриад байгаа. Тийм юм байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүрсэн гэмтэл нь намайг явснаас хойш 4 цагийн ар дээр гарсан байна гэж дүгнэгдсэн байдаг. Би тэр хүнийг цохиж, зодсон зүйлгүй” гэв.

 

            Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Э нар давж заалдсан гомдолдоо: “...Дорноговь аймгийн ШША-ны шинжээчийн 2019-05-31-ний өдрийн 02/050 дугаар дүгнэлтэд: “хохирогчийн толгойн ар хэсэг /дагз орчим/ зөөлөн эдийн /хуйханд/ ямар нэг гэмтэл байхгүй” талаар тэмдэглэгдсэн нь гэрч Э.А-ийн мэдүүлгийг үгүйсгэх нотолгоо болж байна. Мөрдөгчийн хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн цаг хугацааг тогтоосон тэмдэглэлд: “задлан шинжилгээг хийж эхэлсэн үеэс тооцож үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 16-19 цагийн орчим үүссэн байх боломжтой гэсэн нь Д.Д-ын мэдүүлэгтээ өгсөн цаг хугацаатай тохирч байна. Мөн гэрч Б.Э-ийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн мэдүүлэгт: “Ц.М 18 цагийн орчим архи, ундаа авсан” гэжээ. Ц.М архи авах гээд явсан хойно Ц.М хохирогчийг зодож цохисон талаарх Д.Д-ын мэдүүлгийг нотолж байгаа юм. Хохирогч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг мөрдөгчийн тогтоосон 16-19 цагийн хооронд авсан бол Д.Д-ыг 21.30-22.39 цагийн хооронд хохирогчийг зодож гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Д.Д хохирогчийг зодож, амь насыг нь хохироох хэмжээний үйлдэл хийсэн бол хохирогчийн гар утсыг ашиглахгүй байсан. Ц.М-ийн мэдүүлгээр Ц.М өөрийн хамгаалалтын малгайгаар хохирогчийн толгойн хэсэгт цохисон нь батлагдана. Мөн ШШҮХ-ийн криминалистикийн шинжээчийн 2019-06-19-ний өдрийн 2996 дугаар мөр судлалын дүгнэлтийн 4-д “улаан өнгийн хамгаалалтын малгайн ар дагз хэсэгт хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлээр гарсан 6,3х0,3 см шинэ зулгаралт байна” гэснээр батлагдана. Гэрч Ч.Б-ы мэдүүлгээр Ц.М нь ногоондуу өнгийн дээл өмсөж явсан талаар мэдүүлсэн. Ц.М-ын Д амь хохирогчийг тонгорч унагаагүй ...өглөө 9 цагт Д ирээд хувцсаа шатаасан тухайгаа хэлсэн ...Д амь хохирогчийг тонгорч унагаагүй гэсэн энэ мэдүүлгийг өгснөөс хойш 1 сарын дараа Э.А Д.Д-ыг чулуугаар хохирогчийн толгойд цохисон тухай мэдүүлж эхэлдэг.

            Ц.М-ын мэдүүлгээр ногоон өнгийн дээл шатаасан тухай асуудал хөндөгдөж, хэрэг учрал болсон гэх өдөр Д.Д-ын өмсөж явсан гэх хувцсыг хураан авч шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн ба 2531 дугаар шинжээчийн дүгнэлтээр Д.Д-ын өмсөж явсан хувцсанд шинэ гэмтлүүд тогтоогдоогүй, хуучин эдэлгээний гэмтлүүдтэй байгаа, Д-ын гутлаас биологийн гаралтай ул мөр илрээгүй, Д-ын хувцас гутлаас ямар нэгэн зүйл илрээгүй байна зэргээр Д.Д-ыг хохирогч Г.Б-ыг зодож, цохисон гэх ул мөр илрээгүй байна. Д.Д-ын мэдүүлэгт “...М А нарыг архинд явсны дараа М нь шар өнгийн каскаар толгой руу нь буюу дагз хэсэг рүү нь 5-6 удаа цохисон... мөн дахин босож очоод өшиглөөд байсан... гуя цээж рүү нь өшиглөөд байхаар нь би салгаж аваад архи хундагалж өгсөн ...М нь Б-ны бандаашийг шувтлаад бөгс рүү нь алгадаж, цохиод байсан. Би явахдаа Б-ны хийсэн үзлэгийн тэмдэглэл, Дорноговь аймгийн ШША-ны шинжээчийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 02/050 дугаар задлан шинжилгээний дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэлтэй гэж гарсан бүрэлдэхүүнтэй шинжээч нарын болон цогцсыг хөдөөлүүлсэн газраас гаргаж шинжилсэн шинжээч нарын дүгнэлтээр хохирогчийн биед толгой, нүүрний хэсэг, нуруу, баруун зүүн өгзөг, цээж, хэвлийн гадна хэсэг, баруун, зүүн хөл, олон тооны гэмтлүүдийн талаар дурдаад дүгнэлтүүдэд үхэлд хүргэсэн гэмтлүүдийг тодорхойлсон. Э.А, Ц.М нар нь Д.Д-ын барьсан гэх чулууны овор хэмжээний талаар тодорхой мэдүүлдэггүй. Д.Д-ыг чулуугаар, гараар цохиход хохирогчийн нүүр, толгойн аль хэсэгт ямар гэмтэл учирсан болох, энэ нь гэмтлийн зэрэгт хамаарах, үхэлд хүргэх эсэх, Д.Д-ын үйлдэл, үхлийн шалтгаан хоёрын хоорондох шалтгаант холбоог тогтоогоогүй.

Шүүх шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болгохдоо ЭХХШ тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал”-д дүгнэлт өгөөгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргаж, Д.Д-д гэм буруугийн үйлдэлд нь тохирохгүй зүйл ангиар, хүнд ял шийтгэл ногдуулсанд гомдолтой байна” гэв.     

 

Шүүдэгчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлтүүд дээр тодорхой ямар ямар гэмтэл учирсан, ямар зүйлүүд байсан, аль гэмтлүүд нь хөнгөн, аль нь хүндэвтэрт орох аль нь амь насанд нь  аюултайд орохыг тодорхой дурдаад өгсөн байгаа. Мөн хохирогчийн нас барсан цагийг тогтоогоогүй. Энийг анагаахын шинжлэх ухаан тогтоодог. Энэ нас барсан цагийг нь тогтоогоогүй байж өнөөдөр зарим шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэлж байна л даа. Ц.М-ыг байх хугацаанд энэ гэмтлийг аваагүй гэсэн. Тэгвэл энэ гэмтлийг яг хэдэн цагт авсан юм гэдгийг тогтооход хүндрэлтэй байдаг. Яагаад хүндрэлтэй вэ? гэхээр А шинжээч задлан шинжилгээнд орохоос 19-20 цагийн өмнө хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг авсан байх магадлалтай гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон А гэх шинжээч эдгээр гэмтлийг 24 цагийн дотор авсан байх боломжтой гэсэн. Тэгэхээр шинжээч нарын хэлээд байгаа энэ асуудал дээр шүүгч нар үнэлэлт дүгнэлт хийх ёстой байсан. Мөн мөрдөгч хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хэдэн цагт гарсан байх магадлалтай гэдэг дээр тэмдэглэл хөтөлсөн байдаг. Тэмдэглэлт 16-19 цагийн хооронд авах боломжтой гэж бичсэн байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэм буруугийнх нь үйлдэл, гэмт хэргийн сэдэл санаа, зорилгын гэм буруугүй үйлдлээс учирсан хохирлыг эргэлзээгүй, хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогоогүй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг хуулийн зарчимтай. Энэ зарчмыг шүүх барих байх гэж бодож байна. Д.Даваанямын мэдүүлэгтээ хэлсэн тонгорч унагасан, нүүр лүү нь хоёр гурван удаа алгадсан гэх үйлдлүүд нь хохирогчийн амь насанд хүрсэн гэх шалтгаант xолбоо байхгүй байна гэж үзэж байна. Д.Даваанямын ямар үйлдлээр хохирогчийн амь нас хохирсон гэдгийг эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогоогүй байж ийм хүнд ял оногдуулсантай нь санал нийлэxгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн анхны мэдүүлэг дээр энэ өмгөөлөгчийг аваагүй байсан. Тэгэхэд байцаагч Б гэдэг хүн над дээр Х гэдэг өмгөөлөгчийг дагуулж орж ирээд за чи хамт байцаалтаа өг өө байцаалт өгөхгүй бол болохгүй. Гээд байцаалт авчхаад дараа нь Замын-Үүдэд болсон анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх хуралд ороход Х өмгөөлөгч Ц.М-ын өмгөөлөгч болчихсон очсон байсан. Анхны мэдүүлэг дээр хэн ч чулуугаар цохисон тухай мэдүүлдэггүй байж Ц.М-ыг  тэгж мэдүүлсний ард нэг сарын дараа А  намайг чулуу аваад дээлийнхээ нь нударганд жийрэглэж байгаад цоxисон гэж мэдүүлдэг. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад цохиж зодсон үйлдэл байхгүй. Хамгийн сүүлд талийгаачтай үлдсэн нь үнэн. Миний хамгийн анхны мэдүүлэг бүгд үнэн зөв байгаа” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хурал дээр бүлэглэн, онц харгис хэрцгийгээр гэсэн заалт байсныг онц харгис хэрцгийгээр гэснийг нь аваад хаалттай хорих ангийг нь нээлттэй хорих анги болгож оруулж ирж байгаа байхгүй юу. Энэ хүнийг бүтэн эрхтэнгүй болтол нь зодчихоод байхад яагаад онц харгис хэрцгий гэсэн заалтыг нь аваад байгаа юм бэ? гэж асуумаар байна. Энэ онц харгис, хэрцгий гэдэг үгийг нь авахаар хаалттай хорих анги нь нээлттэй болж өөрчлөгдөөд байна. Миний хувьд энийг хаалттай, хорих ангиар нь шийдэж өгөөч ээ гэж хүсэж байна. Хохирлын хувьд Д.Д-ын ар гэрээс надад 5,360,000 төгрөгийг хохирол барагдуулж шилжүүлсэн байгаа. М-ын зүгээс хохирлыг огт барагдуулаагүй байгаа” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид болон өмгөөлөгчдийн гаргаж байгаа давж заалдах гомдлоос харахад хэний ямар үйлдлээс шалтгаалан энэ гэмт хэрэг болсон гэдгийг тогтоогоогүй гэдэг агуулгын талаар яриад байна. Миний хувьд хэн нь хэний ямар үйлдлээс энэ гэмт хэрэг болсон гэдгийг одоо тогтоох боломжгүй гэж үзэж байна. Шүүх хэргийн оролцогчид болон гэрчийн мэдүүлэг, дээрээс нь шинжээчийн дүгнэлтийг үндэслээд шийдвэрээ гаргасан. Замын-Үүдэд болсон шүүх хуралдаан дээр шинжээч эмч А гэдэг хүн оролцож байсан. Сүүлд нь бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, эксгумаци хийсэн. Дахин шинжээч, шүүх хуралд оролцон хэргийн оролцогчдын асуусан асуултад xариу тайлбар дүгнэлтийг өгсөн. Хоёрдугаарт цаг хугацааны тухай ярьж байна. Энийг шинжээчийн дүгнэлт дээр тодорxой дурдсан байдаг. Хохирогч тухайн үед ямар хүмүүстэй архи ууж байсан талаар гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Өөр хүмүүс байдаггүй. Тэгээд мэдүүлэг өгч байхад шүүгдэгчид нэг, нэгэн рүүгээ хэргийг түлхэж байгаагаас харахад хохирогч шүүгдэгчдийн буруутай үйлдлээс болж амь эрсэдсэн гэж дүгнэхээр байна. Шүүгдэгч Баярбаатарын мэдүүлэг байдаг. Энэ дээр юу гэдэг вэ гэхээр Ц.М эгч үгээ нийлүүлээрэй. Үг чинь зөрвөл чи өөрөө буруудна шүү гэж Ц.М-ийн зүгээс Баярбаатарт хэлсэн байдаг. Ц.М-ийн үйлдлээс харахад энэ гэмт хэрэг нь хэний буруутай үйлдлээс болсон бэ гэдгийг Ц.М мэдэж байгаа гэж хараад байгаа. Яагаад гэвэл ийм нөхцөл байдалд ингэж мэдүүлэг өгөөрэй гэж Ц.М Б-т хэлээд байдаг. Амь Хохирогчийн хувьд тухайн үед ганцаараа үлдсэн байдаг. Энэ үед өөрөө өөртөө гэмтэл учруулна гэж байхгүй ээ. За  тэгээд энэ шийтгэx тогтоолыг үндэслэлтэй зөв гэж үзэж байгаа мөн шийдэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Энэ гутлаар цохисон гэмтэл, каскаар цохисон гэмтэл зэргийг бүгдийг нь нарийвчлан тогтоох боломжгүй, тийм учраас шүүхээс үүнийг нарийвчлан тогтоох шаардлагагүй гэж үзсэнийг үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Энийг тогтоосноор энэ шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм. Яагаад бүлэглэн үйлдсэн гэж үзээд байгаа вэ гэхээр энэ хохирогчийн биед гэмтэл учруулж байх үед Д-ын зүгээс ямар нэгэн  хориглосон болиулсан үйлдэл байхгүй. Ц.М-ын зүгээс ч мөн адил хориглосон үйлдэл байхгүй байсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр 2 буюу түүнээс дээш хүний үйлдлээр маш олон удаагийн давтамжтай цохилтоос учирсан гэдгийг тогтоосон тэгэхээр үйлдлээрээ нэгдсэн гэж үзээд энэ 2 хүнийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэл бүхий байна. Энэ шинжээчийн дүгнэлт дээр 2 шүүгдэгчийн өмгөөлөгч хоёулаа хэн аль гэмтлийг учруулсан гэдгийг нарийвчлан тогтоо гэснийг тогтоох боломжгүй юм гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч Ц.М бол 5,6 удаа тодорхой зөрүүтэй мэдүүлэг өгч байсан. Ингэж үндэслэж байгаа шалтгаан нь мэдээж энэ хүн өөрөө энэ хэрэгт холбогдсон 2 дугаарт энэ хүний гэр бүлийн хүн нь холбогдоод явж байгаа учир нэгэнт үндсэн хуульд заасан төрөл төрөгсдийнхөө эсрэг мэдүүлэг өгч болохгүй гэдгээр мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хэдий ч хэргийн нөхцөл байдлын хүрээнд маш олон тооны зөрүүтэй мэдүүлэг өгч байсан үүнийг шүүх бүрэлдэхүүн авч үзээрэй шүүх хуралдааны тэмдэглэл дотор байгаа гэж бодож байна. Иймд прокуророос Д.Д, Ц.М нарыг согтуурсан үедээ иргэн Баярсайханыг зодож олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Өмгөөлөгч шүүгдэгч нарын зүгээс энэ гэмт хэрэгт хэн ямар оролцоотой оролцсон гэдгийг нарийвчлан тогтоох бүлэглэн гүйцэтгэсэн гэдэг асуудал дээр эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр давж заалдаж байгаа. Тийм учраас прокурорын зүгээс саяны тайлбарыг хэлж байна. Иймд прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэсэн үнэлэлт дүгнэлтийг тайлбарын хамт гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгч Д.Д, Ц.М, Ц.М, Ц.Б, Э.А нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн ойлголтоор хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдож, тогтоогдвол Эрүүгийн хуульд зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнээр, хэргийг зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

 

Мөн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцож, гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Худал мэдүүлэх болон гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийн тухайд гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өөрийн үзсэн, харсан, мэдсэн зүйлээ огт хэлээгүй буюу зориуд худал мэдүүлэг өгсөн бол худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, харин гэрч хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан, өгсөн бол гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.  

 

Эдгээр дурдсан хуулийн агуулга болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад:

 

Мөрдөгчөөс уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд шалгаж, нотолжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна мөрдөгч, прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой бөгөөд хууль зүйн энэ үндэслэлийн дагуу анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан, яллах дүгнэлтэд дурдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Д, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “Хүнийг бүлэглэж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Э.Ан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Тодруулбал шүүгдэгч Д.Д, Ц.М нарыг архидан согтуурсан байхдаа хамт архи уусан хохирогч Г.Б-ыг зодож, цохих талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн байх буюу цохих, өшиглөх, тонгорч унагаах зэргээр зодож, цохисноос түүнд хүнд гэмтэл учирч амь нас нь хохирсон,   

 

шүүгдэгч Ц.М энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019-04-27, 29-ний өдрүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, гэрч Э.А, Ц.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

 

шүүгдэгч Ц.Б мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019-04-27-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Д, Ц.М, Г.Б нарт нь 2019-04-26-наас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, муудалцсан гэдгийг мэдсээр байж “...тухайн үед хэрүүл маргаан болоогүй ...би түрүүлээд явчихсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

 

шүүгдэгч Э.А мөн эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019-04-29-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Д, Ц.М, Г.Б нар нь 2019 оны 04-26-наас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, муудалцсан гэдгийг мэдсээр байж “...тухайн үед хэрүүл маргаан болоогүй ...би түрүүлээд явчихсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримтууд тус тус тогтоогдсон байх ба дараах нотлох баримтаар энэхүү үйл баримт нотлогдож, тогтоогдсон  байна.

 

Өөрөөр хэлбэл дээр дурдсан үйл баримт нь шүүгдэгч Д.Д, Ц.М нар согтуурсан үедээ хохирогч Г.Б-ыг зодож, цохисноос хохирогчийн амь нас хохирсон нь мөн шүүгдэгч Ц.Мөнхтуяа энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн, гэрч Э.А, Ц.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шүүгдэгч Ц.Б, Э.Анар зориуд худал мэдүүлэг өгсөн нь тус тус анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллагдагч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч М.Н /1 хх 114/, Ч.Б /1 хх 111/, Р.Г /1 хх 88/, Г.Б /1 хх 97/, Б.Д /1 хх 103-105/, Н.Б /1 хх 108/, Э.Б /1 хх 117/, Б.М /1 хх 134-135/, Д.Э /1 хх 137/, Б.С /1 хх 139/, Т.Б /1 хх 167/ нарын мэдүүлэг, шинжээч эмч А-ын мэдүүлэг /1 хх 189-190/, шинжээчийн 2019 оны 02/50 дугаар ”...талийгаачийн биед тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальс доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь дух, баруун чамархай, дагз хэсгийг хамарсан цус хураа. Баруун уушгины эдийн урагдал, бронхит авчилт, цээжний хөндийн цус алдалт. Баруун 6, 7 дугаар хавирганы суганы урд шугамаарх, зүүн 2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганы эгэмний дунд шугамаарх, зүүн 6,7,8 дугаар хавирганы шугамаарх хугарал, баруун 7 дугаар хавирганы холбогдох хэсгийн мултрал. Баруун өгзөгний гол хэсэг нурууны болон ахар сүүлийг хамарсан зөөлөн эд дэх шингэн цус хуралт. Зүүн шанаа, цээж, баруун хөх, зүүн хөх, баруун шуу, баруун алганы ар хэсэг, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн  өвдөгний цус хуралт. Дух, зүүн чих, баруун шанаа хацрыг хамарсан, зүүн шанаа хацрыг хамарсан, хамрын үзүүр, дээд уруул, доод уруул, эрүү, баруун бугалга, баруун шууг хамарсан олон тооны, зүүн бугалга, зүүн шууг хамарсан олон тооны, нуруу, баруун, зүүн өгзөг, цээж, хэвлийн гадна хажуу хэсгийг хамарсан олон тооны, баруун гуя, шилбэ хамарсан олон тооны цэгчилсэн, зүүн өвдөг, шилбэ хамарсан цөөн тооны зулгаралт. Зүүн чамархай, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт. Баруун уушгины эдийн урагдал, бронх авчилт, цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт. Баруун 6, 7 дугаар хавирганы суганы урд шугамаарх, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы суганы урд шугамаарх, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы суганы урд шугамаарх хугарал, баруун 7 дугаар хавирганы холбогдох хэсгийн мултрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Г.Б-ны биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Баруун уушгины эдийн урагдал, бронх авчилт, цээжний хөндийн цус алдалт. Баруун 6, 7 дугаар хавирганы суганы урд шугамаарх, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы эгэмний дунд шугамаарх, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы суганы урд шугамаарх хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн, амь хохирогч Г.Б-д эмнэлгийн тусламж үйлчилгээг тухайн үед хугацааг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай” гэх дүгнэлт /1 хх 186-187/, шинжээчийн 2019 оны 01/052 дугаартай дүгнэлт /1 хх 195-196/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 1248 дугаартай “...50 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, талийгаач гавал, тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай байна, талийгаачийн үхэлд хүргэснээс бусад баруун дал яс, ахар сүүл ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүр, мөчид биеийн хэсгүүдэд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, талийгаач дээрх гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын 10, 12 дугаартай дүгнэлт /1 хх 236-237, 239-240/ болон бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримт эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байна.

 Хэдийгээр шүүгдэгч Д.Д, Ц.М нараас харилцан бие биеэ хохирогчийн амь нас хохирсонд буруутгаж буюу шүүгдэгч Д.Д-аас “...Ц.М, хохирогч Г.Б хоёр хоорондоо муудалцаад барьцалдсан байсан, би Б-ыг М-аас салгаж аваад түүнийг заамдаад хавирч унагаад хэвтэж байхад нь гараараа баруун болон зүүн шанаа руу нь хэд хэдэн удаа алгадсан, бид нарыг архи ууж байхад М муу ял минь чи танихгүй байж яахаараа ах дээр архи авч очдог юм, чи муу л тэр хороог ачсан, хэргээ хүлээ гээд шар өнгийн каскаар Б-ны толгой руу бараг 10 орчим цохисон байх, Б уучлаарай ах аа гээд суугаад байсан, М босоод Б-ыг хувцаснаас нь чирч гулдраад өвдгөөр нь тэврээд толгойгоор нь доош нь харуулаад бөгсийг нь гаргаж ирээд алгадаад, үргэлжлүүлээд толгойгоор нь газар унагаад хэвтэж байхад нь бөгс, нуруу, гэдэс рүү нь 4-5 удаа нилээн хүчтэй өшиглөсөн, талийгаач ахаа больё гээд гараараа толгойгоор салаавчлаад атиралдаад хэвтээд байсан, Б-ыг А-гийн мотоцикль дээр суулгаж өгөөд явуулчихаад эргээд харахад М Б-ыг толгой, бөгс, хөл, гуя руу нь өшиглөсөн, Б нүүрээ 2 гараараа хаагаад толгойгоо салаавчлаад хэвтээд байсан, би М-ыг салгаад М хоёрыг явуулчихаад Баярсайхантай хамт үлдсэн” гэж,

шүүгдэгч Ц.М-аас “...би талийгаачтай огт муудалцаагүй, муудах зүйл болоогүй, би Б-д гар хүрээгүй, цохиж, зодоогүй. Д борц авчирч өгнө гэсэн яасан гэж ярьж байгаад Б-ы мөр рүү цохиод бөгс рүү нь өшиглөсөн, тэгээд Д явъя гэж хэлээд бид нар цаашаа довны цаана очсон, тэнд архи хувааж уусан, архиа ууж байхад Д чи худлаа хэлсэн,хотод явж байна гэж худлаа хэллээ гээд Б-ы цамцнаас татаад нааш цааш түлхээд байсан, тэр үедээ жижиг хавтгай чулуугаар талийгаачийн толгой руу цохиод авсан, талийгаач боль л доо гээд толгойгоо бариад байсан, бид нар Д-ыг боль гэж хэлсэн, М бид хоёрыг явахад Д, талийгаач хоёр үлдсэн, намайг явахад талийгаач зүгээр байсан” гэж мэдүүлж байх боловч тэдгээрийг хүний амь нас хохирсонд гэм буруугүйг нотолсон, тэднийг архидан согтуурсан үедээ хувийн маргааны улмаас хохирогч Г.Б-ыг бүлэглэн зодож, цохиогүйг болон тэдгээрийн гэмт үйлдлээс хохирогчийн биед амь насыг аврах боломжгүй, аюултай хүнд гэмтэл учраагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Харин шүүгдэгч Д.Д, Ц.М нарыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Б, шүүгдэгч Ц.М, шүүгдэгч Ц.Б нартай хамт архи ууж согтуурсан байхдаа  талийгаач Г.Б-ыг цохиж, зодсон талаар шүүгдэгч Э.А-ээс “...би худлаа хэлэх болсон шалтгаан нь М эгч надад үгээ нийлүүлээрэй, архинд М бид хоёр явсан шүү, чи өөрөөр яривал асуудалд орно шүү гэж хэлсэн. Би дахин мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Талийгаач Б-ыг Д тонгорч нуруугаар нь пидхийтэл унагаад цээжин дээр нь өвдөглөөд цохих гэж байснаа чамайг цохивол чи муу үхнэ шүү дээ гэсэн, дараа нь чулуу гартаа бариад дээлийнхээ нударганд жийрэглээд талийгаачийг тонгойлгож байгаад дагз орчим руу нь 3 удаа хүчтэй далайж ирээд цохисон, М ах болохоор талийгаачийн нүүр рүү гарынхаа ар хэсгээр 2 удаа цохисон, М ах, Д хоёр хоёулаа л талийгаачаас авлагатай, бас хашаа хорооны мод, үхэр, мал гэсэн өгөө авааны асуудалтай, тэрнээс болоод муудалцах маягтай байсан,  Д-ын дээл нударгатай, нударга нь сэмэрсэн хуучин дээл байсныг санаж байна” гэж,

 

   шүүгдэгч Ц.М-аас “...би айгаад болсон зүйлийг үнэнээр нь хэлээгүй, одоо үнэнээр нь хэлье, би тэнд байхдаа талийгаачийг чи манай шпалыг авсан биз дээ үнэнээ хэлээч гэхэд Б эгч минь би юу гэж авах юм бэ гэсэн яриа болсон. Дараа нь М Б-ыг чи дээр Д бид хоёрыг үхэр авсан гэж ярьж байсан гэж хэлээд түүнтэй муудалцаад өөрийнхөө мотоциклийн каскаар талийгаачийн толгой руу 2 удаа цохиж аваад хоорондоо барьцалдаад М Б-ыг алгадсан, үргэлжлүүлээд Д хажуугаар нь орж ирээд Б-ыг салгаж аваад зууралдаж байгаад Д дээр нь Б доор нь ороод газар унасан, Д Б-ны гэдэс орчим руу цохиж харагдсан” гэж,

 

шүүгдэгч Ц.Б-ын “...би худлаа мэдүүлэг өгснөө зөвшөөрч байна, М эгч үгээ нийлүүлээрэй гээд байхаар нь би худлаа хэлчихсэн юм. Б ханцуйнаасаа 0,5 литрийн архи гаргаж ирээд М, Б, М эгч бид 4 уусан, А уугаагүй, М эгч Б-тай шпал авсан гэсэн юм яриад байсан, мөн М ах Б-ыг үхэр авсан аваагүй гэсэн зүйл яриад муудалцаад каск бариад Б руу далайгаад муу хулхи ална шүү, муу пизда минь гэж байсан, тэгэхэд Д ирсэн бас л Б-ыг борц өг гээд муудалцах маягтай байсан, би тэднийг муудалцаад зодолдсон эсэхийг сайн мэдэхгүй байна, би их муудсан байсан, би нилээн согтоод болсон зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа юм, М эгч А хоёр архинд явсан гэсэн тэрийг ч санахгүй байгаа юм” гэж тус тус мэдүүлсний гадна шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримт болох гэрч, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл буюу шүүгдэгч Д.Д, Ц.М нарын хууль бус, гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ны биед амь насыг аврах боломжгүй, аюултай хүнд гэмтэл учирч нас барсан нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээр дурдсан мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн талаар хэргийн бодит байдалд нийцсэн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчөөгүйн гадна бусад нотлох баримтаар нотлогдож байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Д.Д, Ц.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “Хүнийг бүлэглэж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

шүүгдэгч Ц.М, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Э.А нарын үйлдсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

 

шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Ц.М нарт тус бүр 18 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүйн гадна шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Ц.М оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон,  хууль ёсны, шударга ёсны зарчим нийцжээ.

 

Түүнчлэн Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Э-аас бичгээр гаргасан дүгнэлтдээ “Д, М нар уг хэргийг согтуугаар үйлдсэн буруутай гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Ц.Б, Э.А нар хүний ятгалагт орж мэдүүлгээ буруу өгсөн нь буруу боловч нөхцөл байдлыг сайн ойлгоогүйг харгалзан үзэх шалтгаантай байна” /6 хх 242/ гэсэн байх хэдий ч түүний анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн “...шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт/7 хх 47/-ийг хэргийн бодит байдалд нийцсэн буюу энэ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож, тогтоогдсон үйл баримт, нотлох баримтуудтай нийцэж байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал болох 10,710,920 төгрөгийг шүүгдэгч нарт адил тэнцүү хувааж, шүүгдэгч Д.Д, Ц.М нараас тус бүр 5,355,460 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүгдэгч Д.Д-аас  5,355,460 төгрөгийг хохирогчийн хууль ёсны Г.Б-д шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг магадлалд тэмдэглэж байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.Д-аас оршуулгын зардалд  5,355, 460 төгрөгийг төлсөн  нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж болох ч түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ялыг хөнгөрүүлж, өөрчлөх үндэслэлгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ял энэхүү хуулийн шаардлагад нийцсэний зэрэгцээ түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул  энэ үндэслэлээр оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөрчлөх үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Э.Э-аас “...Ц.М-ын холбогдсон хэргийн нотлогдсон байдал, зүйлчлэл, оролцооны талаар тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Э нараас “...Д-ыг ямар үйлдэл хийж, хохирогчийн бие эрхтний хаана ямар гэмтэл учруулсан болохыг тодорхойлоогүй, Д.Д-ын үйлдэл, үхлийн шалтгааны хоорондох холбоог тогтоогоогүй, гэм бурууд тохироогүй ял оногдуулсанд гомдолтой” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг тус тус хүлээн авч хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь:

 

            1. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.М, Д.Д нар талийгаачийг цохиж, зодсоны улмаас хүнд гэмтэл учирч нас барсан гэмт хэргийн гарсан хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 26-аас 27-ны шөнө гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий байх ба  тухайн       26-ны өдрийн үд буюу 13 цагаас шөнийн 02 цаг хүртэл шүүгдэгч нарын талийгаачтай холбоотой үйлдэл, үйл явдал өрнөсөн талаар мөн 26-ны өдрийн 13-20 цаг хүртэлх цаг, хугацаанд шүүгдэгч Ц.М, Д.Д, Ц.М/шүүгдэгч Ц.М-ын эхнэр/, шүүгдэгч Ц.Б/шүүгдэгч Ц.М-ийн төрсөн дүү/, шүүгдэгч Э.А       /шүүгдэгч Ц.М, Ц.Б нарын төрсөн ахын хүү/ нар  хохирогчтой хамт байж, шүүгдэгч Э.А-ээс бусад нь түүнтэй архи уусан,  Ц.М, Д.Д нар хохирогчийг зодож, цохисон, харин шүүгдэгч Ц.М, Ц.Б, Э.А нар хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдож байх тул гэмт хэргийг буюу шүүгдэгч Ц.М, Д.Д нарын гэмт үйлдлийг 2019-04-26-27-нд шилжих шөнө гэж тодорхойлж, хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “гэмт хэрэг гарсан байдал”-ыг улмаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзнэ.

 

            2. Хэрэгт дээр дурдсан гэрч нарын өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн “...амь хохирогч Г.Б нь гавал, тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан, учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.М, Д.Д нар нэг цаг хугацаанд, хоёулаа хохирогчийн бие эрхтэнд халдаж, цохиж, зодсон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.М, Д.Д нар “хохирогч”-ийг зодож, цохих талаар урьдчилж, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн байх буюу шүүгдэгч нар  хоёулаа хохирогчийн толгой, цээж, нүүр хэсэгт олон удаагийн үйлдлээр халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлүүд учирсан, эдгээр хүнд гэмтлийн улмаас хохирогч тэдний өөдөөс хариу үйлдэл үзүүлээгүй, нүүрээ гараараа хааж, газарт хөдөлгөөнгүй хэвтээд, хурхираад унтаад байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх тул “Хүнийг алах” гэмт хэргийг шүүгдэгч Ц.М, Д.Д нар бүлэглэж үйлдсэн гэж үзэх бөгөөд хохирогчийн амь нас хохирсон гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тогтоосон гэж үзнэ.

 

3. Хэдийгээр шинжээчийн 2019-05-31-ний өдрийн 02/50 дугаартай дүгнэлтэд “...амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь шинжилгээ орохоос өмнө 18-20 цагийн өмнө үүссэн байх боломжтой” гэж тусгасан байх боловч үүнд үндэслэн “гэмт хэрэг гарсан цаг”-ийг нарийвчлан тооцож, цагийг тодорхойлох боломжгүй юм.

 

Гэхдээ шинжээчийн “18-20 цагийн орчим үүссэн байх боломжтой” гэсэнд үндэслэн мөрдөгчөөс хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн цаг хугацааг тогтоосон тэмдэглэлд: “задлан шинжилгээг хийж эхэлсэн үеэс тооцож үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтлүүд 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 16-19 цагийн орчим үүссэн байх боломжтой/1хх-ийн 183/ гэсэн байх ба энэ хугацаа нь хохирогч, шүүгдэгч Д.Д, Ц.М, Ц.М, Ц.Б, Э.А нар хохирогчтой хамт байсан, шүүгдэгч Э.А-ээс бусад нь архи уусан, шүүгдэгч Ц.М, Э.А нар архинд хамт явсан/ гэрч Б.Э-аас Ц.М 18 цагийн орчим архи, ундаа авсан талаар мэдүүлсэн/, тэднийг буцаад ирэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Д, Ц.М нар хохирогчийг зодож, цохисон нь тэдгээрийн харилцан бие биенээ хохирогчийг зодсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б согтсон учир шүүгдэгч Ц.М талийгаач руу каскаар далайж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Э.А, Ц.Б нар түрүүлж, дараа нь буюу 20 цагийн орчимд шүүгдэгч Ц.М, эхнэр Ц.М-ийн шүүгдэгч Д.Д-ыг хохирогчтой хамт үлдээгээд явсан, шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Д.Д-ын эхнэр Б.Д-тай утсаар холбогдсоны дараа түүнтэй хамт Д.Д, хохирогч нарын байсан газарт очсон зэрэг  үйл баримтад дурдагдсан цаг хугацаатай тохирч байх тул шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Ц.М нарын гэмт үйлдлээс буюу хохирогчийн биед нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл учирснаас, амь хохирогч Г.Б-ыг нас баржээ гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020-11-10-ны 1248 дугаартай дүгнэлтэд хохирогчийг “...учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, талийгаач гавал, тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ, талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай,  талийгаач эдгээр гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ.

 

Энэхүү шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар хэргийн оролцогчоос ямар нэг санал хүсэлт гаргаагүй, шинжээч эмч нар шинжилгээг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүхийн шинжилгээ хийх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолд цаг, хугацааг үндэслэлтэй тогтоогоогүй, шүүгдэгч нарын үүрэг, оролцоог бодитой тогтоогоогүй гэж үзэхгүй.

 

4. Харин гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Д.Д, Ц.М нарын өмсөж явсан дээл болон хувцаснаас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйлс илрээгүй, шүүгдэгч Д.Д ногоон өнгийн дээлтэй байсан, дараа нь уг дээлийг шатаасан нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба энэ дээлээс өөр дээл болон хувцас, гуталд шүүхийн шинжилгээг хийж “...биологийн гаралтай ул мөр илрээгүй” талаар шинжээчээс дүгнэсэн. Гэхдээ шүүгдэгч нарын эд зүйлсээс биологийн гаралтай ул мөр илрээгүй нь тэднийг хохирогч Г.Б-ыг зодож, алгадаж, цохиогүй, нударганд жийрэглэсэн чулуутай гараар цохиогүй, газарт унагааж, хөлөөрөө өшиглөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.        

 

 Иймд эдгээр үндэслэлээр давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Э.Э,  шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Д, Ц.М нарын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА