Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2024/00529

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00327/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байрны ******тоотод оршин суух ******* ******* овгийн *******н ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ******* төв, ******* тоотод байрлах, “******* *******” ХХК /РД:/-д холбогдох,

 

“Орон сууцны гэрчилгээ гаргуулахыг даалгаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Оюунчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие нь 2023 онд “******* *******” ХХК-ийн орон сууцнаас ****** сум, ****** дүгээр баг, ******дугаар хороолол, дүгээр байрны 78 тоот 34.48 мкв байрыг 43,100,000 төгрөгөөр худалдан авч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан. Энэ хугацаанаас хойш 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байна. Удаа дараа шаардахад банкны зээлд байгаа 2023 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусгаад өгнө гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөхгүй байгаа. Иймд орон сууцыг банкны барьцааны гэрээнээс гаргуулах болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Н.*******ийн нэр дээр гаргуулах хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох баримтын хамт хүргүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах ажиллагааг хийхийг хариуцагчид даалгаж, улсын бүртгэлд өөрчлөлт тэмдэглэл хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч “******* *******” ХХК хариу тайлбартаа:  

“...Тус компани нь банкны ****** аймгийн салбарт зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тухайн зээлийг төлж барагдуулж 332 дугаар байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээл төлж барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хуулийн хугацаанд гэрчилгээг гаргуулж өгөх болно. Манай байгууллага нь тухайн барилгын ажил явагдаж байх хугацаанд санхүүжилтийн зориулалтаар зээл авсан ба айл бүрийн гэрчилгээг гаргаж тус бүрд нь банкны барьцаанд тавиагүй болно. Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэрчилгээг гаргаж өгөх болно” гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 43,100,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын баримт, нэхэмжлэгчийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн Худалдаа Хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг баримтаар гаргаж өгсөн. /хх 2-11, 32-33 хуудас/

 

4.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “******* *******” ХХК-ийн дүрэм, итгэмжлэл зэргийг баримтаар гаргаж өгсөн. /хх 20-23 хуудас/

 

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дархан сум, 11 дүгээр баг, ****** хороолол, дүгээр байрны хувийн хэргээс “******* *******” ХХК-ийн банктай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 40-50 хуудас/

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан “Орон сууцны гэрчилгээ гаргуулахыг даалгаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “******* *******” ХХК-аас ****** сум, ****** баг, ****** хороолол, дүгээр байрны ****** тоот 34.48 мкв байрыг 43,100,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Иймд орон сууцыг банкны барьцааны гэрээнээс гаргуулах болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Н.*******ийн нэр дээр гаргуулах хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох баримтын хамт хүргүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах ажиллагааг хийхийг хариуцагчид даалгаж, улсын бүртгэлд өөрчлөлт тэмдэглэл хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

2.Хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба “...2021 онд банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар 400,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулан байрны гэрчилгээг гаргаж өгнө” гэж тайлбарлаж байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 43,100,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын баримт, нэхэмжлэгчийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн Худалдаа Хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “******* *******” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, талууд ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, дүгээр байрны ****** тоот 34.48 мкв орон сууцыг 43,100,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээ ёсоор 43,100,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлсөн, тухайн орон сууцанд амьдарч, орон сууцыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.  /хх 4-11 хуудас/

-****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн банкны “******* *******” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг баримтуудаар дээрх орон сууц 331а байр гэж дугаарлагдаж байгаад дүгээр байр болж өөрчлөгдсөн, банкны зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудтай зохигчид маргаагүй ба нэхэмжлэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар бус үүсэх үр дагаврыг тодорхой болгохын тулд шүүх хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан болно.

4.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Энэхүү хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх, нэхэмжлэгч Н.******* нь хариуцагчид хэлэлцсэн тохирсон орон сууцны үнэ болох 43,100,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

5.Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу орон сууцны үнэ болох 43,100,000 төгрөгийг хариуцагчид төлсөн бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас үүргээ биелүүлээгүй үндэслэлээ “...тухайн барилгыг бүхэлд нь банкны барьцаанд тавьсан байгаа бөгөөд энэхүү барьцааны үүрэг дуусгавар болмогц орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөхөд татгалзах зүйлгүй. Одоогийн байдлаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлээ төлж, байрыг барьцаанаас чөлөөлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж тайлбарласан.

6.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө банкны барьцаанд байсны улмаас улсын бүртгэлд өмчлөх эрх бүртгэгдээгүй байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч Н.*******ийг өмчлөгч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

7.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, дүгээр байр, ******тоот 34.48 мкв орон сууцны өмчлөгчөөр Н.*******ийг бүртгүүлж,  улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж түүнд олгохыг хариуцагч “******* *******” ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцаалагчийн барьцааны эрх  хэвээр хадгалагдах бөгөөд энэхүү шийдвэр нь тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмнө үүссэн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

8.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэв.  

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, дүгээр байрны 78 тоот 34.48 мкв орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* овгийн *******н ******* /РД:*******/-ийн өмчлөлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж Н.*******т олгохыг хариуцагч “******* *******” ХХК-д даалгасугай.

2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар дээр дурдсан орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр ******* ******* овгийн *******н ******* /РД:*******/-ийг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.НОМИН