Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0609

 

 

2023 08 08 128/ШШ2023/0609

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Нямдаваа /РД: ЧЕ63102014/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ц.Болор-Эрдэнэ /РД: УХ94100740/ нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзавъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн Ц.Болор-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Зуунмод3 хаягт байрлах, нэгж талбарын 1501310412 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 432 мкв газрыг Содномдоржийн Эрхэмбаяраас Цэнджавын Болор-Эрдэнэд шилжүүлсэн.

2.2. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Нямдаваагаас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх ба гомдолд хариу өгөөгүй тул 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Нямдаваа нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 тоот захирамжийн иргэн Ц Болор-Эрдэнэд холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах хэд хэдэн шаардлагыг зөрчсөн. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заасан байна. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг эрх бүхий албан тушаалтан шалгаж, нягталж үзэлгүйгээр захирамж гаргасан гэж үзэж байна.

3.2. Учир нь ЧЕ63102014 регистрийн дугаартай Б.Нямдаваа нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/601 тоот захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод зусланд 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Мөн иргэн Б.Нямдаваа нь А/601 тоот захирамжаар олгосон газрыг анх 1991 онд эзэмшиж эхэлсэн, мөн 2004, 2005 онд албан ёсоор гэрчилгээ гараад дахин сунгуулан түүнээс хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа учир түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.

3.3. Иргэн Ц Болор-Эрдэнийн эзэмших ёстой гээд зүтгээд байгаа газрын нэг зах нь авто зам буюу засмалтай хэт ойрхон байрлалтай /ямар ч хашаа байхгүй, 1 хоног ч эзэмшиж, ашиглаагүй/ Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 1.авто зам гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг 4.1.8.авто замын зурвас газар гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах, цаашид авто замыг өргөтгөх зориулалтаар энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон газрыг хэлэхээр зохицуулсан байдаг. Мөн Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар авто зам нь тодорхой хэсгээс бүрддэг. Үүнд: Зорчих хэсэг, замын хөвөө, замын байгууламж, авто замын зурвас газар, хяналт тавих зурвас газар, авто замын тусгайлсан эгнээ.

3.4. Ц.Болор-Эрдэнэ болон хамаарал бүхий этгээдийн хэлж байгаагаар 2013 оноос хойш газар эзэмших эрх нь үүссэн гэж ярьдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн газар дээрээ нэг ширхэг ч шон татаагүй. Тухайн газраа нэг өдөр ч эзэмшиж ашиглаагүй. Ер нь бол газраа хаана байгааг мэдэхгүй хүмүүс байгаа. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааснаар тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу хэрэглэх ёстой гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

3.5. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор хариуцагч тал хээрийн судалгаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам байдаг ба энэ журмыг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Энэ журмын 7 дугаар зүйлд хээрийн судалгаа хийнэ гэж заасан. Хээрийн судалгаагаар юу тогтоогдох вэ гэхээр нэгж талбарын дугаар эргэлтийн солбицлын цэг, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байна уу гэдгийг тодорхойлдог. Хоёрдугаарт, хүсэлтэд дурдагдсан газрын маань хил заагийг урьдчилсан байдлаар тогтоон инженерийн шугам сүлжээ, усны үер, далан, авто замын зурвас хэсэг, ариун цэврийн болон, хязгаарлалтын бүстэй давхцаж байна уу үгүй юу гэдгийг нягталж шалгана. Мөн хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох ёстой. Тэгээд хээрийн судалгаа хийсэн тэмдэглэлийг батлагдсан зургийн дагуу хийж, хээрийн судалгаанд оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулж түүнийгээ баталгаажуулах ёстой.

3.6. Хавтаст хэрэгт Ц.Болор-Эрдэнийн газрын хувийн хэрэг авагдсан байсан. Үүнээс ямар нэгэн байдлаар хээрийн судалгаа хийгээгүй нь харагдаж байгаа. Тиймээс нэгдүгээрт хөршүүдийн асуудлыг шийдээгүй байсан. Хоёрдугаарт, нэгж талбарын орц, гарцын асуудлыг шийдвэрлэж тогтоогоогүй нөхцөл байдалтай байна гэж харж байна. Учир нь 2003 болон 2004 оноос өнөөдрийг хүртэл маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч хашаа бариад байшиндаа амьдарч байгаа. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн барьсан хашаа нэг удаа өөрчлөгдсөн. Яаж өөрчлөгдсөн бэ гэхээр, хойшоо зуслан руу явдаг замыг өргөтгөхийн тулд хашаагаа хэдэн метр тат гэсэн шаардлагын дагуу дагуу хашаагаа татсан. Өөрөөр эзэмшиж байгаа хашаа, газар болон бусад зүйл дээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тиймээс гуравдагч этгээд газраа эзэмших эсэх асуудал яригдах бол хээрийн судалгаа хийж, тухайн газар өөр хүний эзэмшил ашиглалтад байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Ц.Болор-Эрдэнийн асуудал нь засмал зам руугаа буюу ертөнцийн зүгээр баруун тийшээ орц, гарц нь гараад болох юм шиг байсан. Нэхэмжлэгч талын орц, гарцын асуудал хаагуураа байх талаар тэмдэглэгээ байхгүй буюу орц, гарцынх нь асуудлыг шийдээгүй байсан. Иймээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа.

3.7. Дээрх бүгдээс харахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 тоот захирамжийн иргэн Ц.Болор-Эрдэнэд холбогдох хэсэг нь хууль тогтоомжийг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, бусдын эзэмшил газартай давхацсан, мөн авто замын зурваст газар эзэмших эрх олгосон гэж үзэж байна. Учир нь авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог. гэжээ.

4. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Бусдын орц, гарцыг хааж холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хээрийн судалгаа хийхгүйгээр, бодитойгоор тухайн газарт үзлэг шинжилгээ хийлгүй захирамж гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж байна. Учир нь газар зохион байгуулагч нь тухайн хүсэлт гаргаж байгаа иргэдийн газартай танилцаж, үүнийгээ нэгжийн даргадаа танилцуулдаг. Нэгжийн дарга нь Засаг даргын дэргэдэх, газар эзэмших, ашиглах эрхийг хянадаг 7 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр захиргааны акт гардаг тул энэ захиргааны акт нь хууль зүйн, ямар нэгэн байдлаар бусдын эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

4.2. Ц.Болор-Эрдэнэд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга хуульд заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд А/386 дугаар захирамж гаргасан. Энэхүү захирамжаар бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэжээ.

5. Гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Цэнджав овогтой Болор-Эрдэнэ миний бие 2019 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зуун модны зусланд 432 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг ээж С.Эрхэмбаяраас овлох эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан. Миний ээж 2013 оноос элэгний хорт хавдар өвчнөөр хэвтэрт эмчлүүлж байгаад 2017 оны 09 дүгээр сард нас барсан. Нас барахаас өмнө тус газрын байршлыг надад тодорхой зааж өгч чадаагүй тул өвлөх эрхийн гэрчилгээ үүссэний дараа газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэж байршлыг тодорхойлж иргэн Б.Нямдаваа тус газар дээр хашаа барьж ашиглаж байгаа нь тогтоогдсон.

5.2. Миний бие иргэн Б.Нямдаваатай уулзаж ярилцахаар 3 удаа өөрийн нагац эгч С.Чимгээ, хүргэн ах Х.Бямбаа нартай очсон боловч ердөө хүлээж авахгүй биднийг очих болгонд хашааныхаа үүдэн дээрээс зүй бус үгээр доромжлон хөөж байсан. Тиймээс Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлүүлэхээр хүсэлт гаргасан боловч иргэн Б.Нямдаваа мөн газар зохион байгуулагч нарыг хүлээн аваагүй тул иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах талаар бидэнд зөвлөж шүүхээр шийдвэрлүүлж албадан чөлөөлүүлэх тухай бичиг хийж өгсөн.

5.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргасан боловч тус хэргийг намайг тус газарт амьдарч байгаагүй мөн миний эзэмшлийн газраас хэдэн м.кв газрыг ашиглаж байгаа нь тодорхойгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна. Миний бие тус газраа эзэмшиж ашиглахаар очиход иргэн Б.Нямдаваа хашаалж өөрийн мэтээр ашиглаж байсан тул би өөрөө ашиглаж чадалгүй өдийг хүрсэн. Миний эзэмшлийн 432 м.кв газрыг бүхэлд нь хашаалж авсан байгаа зургийг хавсаргав. Миний эзэмшиж буй газар хууль зөрчсөн болон төлбөрийн ямар нэг зөрчилгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ болон өмнөх гэрчилгээ Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архиваас гаргуулах. Мөн иргэн Б.Нямдаваагийн өөрийн эзэмшлийн 500 м.кв газартайгаа миний 432 м.кв газрыг нийлүүлж хашаалан төлбөр төлөхгүйгээр хууль бусаар ашиглаж байгааг миний бие үнэхээр ойлгохгүй байна. Иймд газрыг чөлөөлж тус хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны актыг хүчингүй болгохдоо хууль бус захиргааны акт нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн бэ? гэдгийг тодорхойлох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийнхөө ямар хууль ёсны ашиг сонирхол, яаж зөрчигдөөд байгаа талаараа тодорхойлж чадахгүй байна.

5.5. Ц.Болор-Эрдэнэд Зуунмодод байрлалтай 242 м.кв талбай газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлсэн. Үүнээс болж нэхэмжлэгч Б.Нямдаваагийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй. Юу болсон бэ гэхээр, 2013 онд гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнийн ээж н.Эрхэмбаяр энэ газрыг бусдаас шилжүүлж авсан. 2007 онд анх газар эзэмших эрх олгогдсон. Н.Эрхэмбаяр 2019 онд нас барсан. Түүнээс хойш Ц.Болор-Эрдэнэ 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өвлөх эрхийн дагуу маргаан бүхий актаар эзэмших эрхийг шилжүүлсэн. Тэгэхээр газар эзэмших эрхийг анх олгох, өвийн журмаар бусдад шилжүүлэх нь бүгд тус тусдаа зохицуулалттай.

5.6. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт дээр 4 гэрчилгээ, 3 газрын асуудал яригддаг. Нэгдүгээрт Зуунмод зусланд байрлалтай нэгж талбар нь 4053 дугаараар төгссөн, Б.Нямдаваагийн хашаалсан байгаа нэг газар байгаа. Мөн Яргайтын зусланд байрлалтай 700 м.кв газар байгаа. Анх энэ хүн нэхэмжлэл гаргаад явж байхдаа нэг дор байдаг хоёр газрыг хашаалсан юм шиг ойлгогдож байсан. Б.Нямдаваа нь Яргайтын зуслан, Зуунмод зусланд тус бүр 700 м.кв талбай газартай. Гэвч одоо нэхэмжлэгч нь Ц.Болор-Эрдэнийн 432 м.кв талбайг оролцуулаад тэрнээс тэлээд бараг 1000 гаран м.кв талбай газрыг хашаад амьдарч байгаа. Энэ нь сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тодорхой тогтоогдсон. Б.Нямдаваагийн эзэмших эрхтэй газрын нэгж талбарын дугаар нь 4053 төгссөн ба түүний зүүн талд Ц.Болор-Эрдэнийн өвийн журмаар шилжүүлж авсан 0412 дугаараар төгссөн кадастртай газар нь нэхэмжлэгчийн газартай зэргэлдээ газар биш голоороо зайтай газар байгаа. Тийм байхад Б.Нямдаваа алгасаад өөрийнхөө газраас 3, 4 дахин том газрыг хашаалаад олон жил амьдарсан. Үүнийгээ өөрийн эзэмшлийн газраа хашаалаад амьдарч байгаа мэтээр тайлбарладаг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн өөрийнх нь эзэмшиж байгаа 15013053 гэсэн кадастртай газар эзэмших эрхийг хангалттай эдэлж байгаа. Түүнээс давуулаад бусдын, нийтийн эзэмшлийн газрыг хашаалаад эзэмшиж байгаа үйлдэл нь Газрын тухай хуульд заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд аливаа газрыг эзэмшихийг хориглоно гэх заалтыг зөрчиж байгаа.

5.7. Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль дээр ганцхан шаардлага байгаа. Тодорхой газрыг эзэмшихийн тулд эрх бүхий этгээдээс шийдвэр гаргасан байх ёстой, газрын гэрээ, гэрчилгээний эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу эзэмших ёстой. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд тухайн газраа хэдэн жил амьдарсан нь хамаагүй эзэмших эрх байхгүй. Үүнээс харахад нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй. Авто замын асуудал ярьсан. Авто замтай хэт ойр газрыг Ц.Болор-Эрдэнэд олгосон тухай асуудлыг ярих болбол Б.Нямдаваа тэр газрыг нь хашаалаад амьдарч байгаа. Б.Нямдаваа тэр газрыг эзэмшиж ашиглах болбол хууль ёсных болоод, Ц.Болор-Эрдэнэ өвлөх эрхийн дагуу эзэмшихээр хууль зөрчсөн болоод байгаа байдал нь газар эзэмшүүлэхэд шударга, тэгш байх зарчмыг хангахгүй байна. Б.Нямдаваа хүссэн газраа байшингаа бариад амьдрах эрхтэй байж болох юм гэхдээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдах хууль ёсны эрх нь биш шүү. Авто замтай хэт ойр байх, хөвөө зэргээр хашаа барих зэрэг нь Б.Нямдаваагийн өөрийнх нь зөрчил байгаа. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Ц.Болор-Эрдэнийн хариу тайлбар дээрээ 2013 онд миний ээж энэ зусланг шилжүүлж авч, 2014 оноос элэгний хорт хавдраар өвдөж 3,4 жил эмнэлгээр явж байгаад 2019 онд нас барч нэг жилийн дараа 2020 онд өвлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээгээ авсан. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэсэг хугацааны дараа газар зохион байгуулалт, геодезийн компанид хандаад цэгээ зоолгох гээд очиход Б.Нямдаваа бүхэлд нь хашаа барьсан байсан. Тэгэхээр нь Ц.Болор-Эрдэнэ иргэний хэргийн шүүхэд хандаж, газраа албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Ингээд явж байхад энэ хэрэг маргаан үүссэн байсан болохоор үүнийг шийдэгдтэл хэргийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу түдгэлзүүлсэн юм уу хэрэгсэхгүй болгосон юм шиг байсан. Энэ бүх нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тодорхой тогтоогдсон. Ямар нэгэн эргэлзээ байхгүй. Ц.Болор-Эрдэнийн газрын нэгж талбар нь өөрчлөгдөөд 1501310412 дугаараар явж байгаа юм байна билээ. Миний ойлгож байгаагаар өвийн журмаар шилжээгүй учир газрын алба дээр өөрчлөлт, хөдөлгөөн нь хийгдээгүй юм шиг байсан. Эцэслээд онлайнаар 98103 дугаартай газрын гэрчилгээ олгогдсон байсан. Өмнөх гэрчилгээ нь явсаар байгаад өвийн журмаар и-газарт бүртгэгдсэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан басан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй буюу. нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/386 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Зуун мод хаягт байрлах, нэгж талбарын 1501310412 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 432 м.кв газрыг С.Эрхэмбаяраас Ц.Болор-Эрдэнэд шилжүүлэн эзэмшүүлсэн.

3. Нэхэмжлэгч Б.Нямдаваагаас тус захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар ...тус газарт миний бие 2003 оноос эхлэн хашаалан амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд гуравдагч этгээд, түүний өмнөх эзэмшигч нараас нэг ч удаа газар дээр ирж байгаагүй, энэ газарт олон жил дараалан амьдарсаар байхад Чингэлтэй дүүргийн Засаг даргаас хээрийн судалгаа хийхгүйгээр тухайн газарт өөр этгээд амьдарч байгаа эсэх, тухайн этгээдийн орц гарцыг хаах боломжтой эсэхийг судлахгүйгээр шийдвэр гаргасан, мөн энэ газар нь авто замын зурвас газарт хамаарч байхад газар эзэмших эрх олгосон... гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/601 дүгээр захирамжийн үндсэн дээр нэхэмжлэгч Б.Нямдаваа нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод хаягт байрлах, нэгж талбарын 1501314053 дугаартай, 500 м.кв газрыг эзэмших эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн тус газар нь маргаан бүхий актаар гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнэд шилжүүлэн олгосон нэгж талбарын 1501310412 дугаар бүхий 432 м.кв газрын хажууд байрлалтай болох нь кадастрын зургаар нотлогдож байна.

4. Нэхэмжлэгч Б.Нямдаваагаас маргаан бүхий 432 м.кв газрыг 2004 оноос эхлэн хашаалан амьдарч байгаа гэх боловч тухайн газрыг эзэмших хүсэлтийг огт гаргаж байгаагүй, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй, харин гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнэ, түүнээс өмнөх эзэмшигч нар болох С.Эрхэмбаяр, С.Гантөмөр нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 100 дугаар, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/232 дугаар захирамжийн үндсэн дээр эзэмшсээр ирсэн болох нь тогтоогдоно.

5. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Нямдаваагийн эзэмшлийн 500 м.кв газар болон гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнийн 432 м.кв газар, түүнчлэн нэхэмжлэгч Б.Нямдаваагийн хашаалан амьдарч буй газрууд нь хоорондоо хэрхэн давхцаж буй талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газрууд нь хоорондоо давхцалгүй, харин нэхэмжлэгч Б.Нямдаваа нь нийт 1350 м.кв газрыг хашаалахдаа гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнийн эзэмших эрх бүхий 308 м.кв газрыг оруулан хашаалсан болох нь тогтоогдож байна.

6. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй болно.

8. Иймд нэхэмжлэгч Б.Нямдаваа нь маргаан бүхий 432 м.кв газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тухайн газрыг эзэмших эрхгүй атлаа хашаалснаар газар эзэмших эрх үүсэхгүй тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Б.Нямдаваагийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

9. Нэхэмжлэгч Б.Нямдаваагаас ...Ц.Болор-Эрдэнэ нь газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох ёстой, ...тухайн газар нь авто замын зурвас газарт хамаарч байгаа тул эзэмших эрх олгож боломжгүй газар... гэх зэргээр дээрх А/386 дугаар захирамжид холбогдуулан маргах эрхгүй. Бодит байдалд тухайн 432 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Нямдаваа нь 2004 оноос хойш хашаалан амьдарч байгаа гэх атлаа гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж маргах боломжгүй бөгөөд эзэмших эрх олгох ёсгүй газар байсан, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил гаргасан гэдэг үндэслэл нь эрх зүйн өөр үр дагавар бүхий үндэслэлүүд юм.

10. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар авто замын зурвас газарт гуравдагч этгээд Ц.Болор-Эрдэнийн эзэмших эрх бүхий газар хамаарч байх боловч энэ нь нэхэмжлэгч Б.Нямдаваад хамааралгүй, түүний хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй.

11. Мөн нэхэмжлэгчээс ...орц гарц хаасан... гэх боловч хэрэгт авагдсан газрын кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтүүдээр орц, гарц хаасан болох нь тогтоогдохгүй, тэдгээрийн эзэмших эрх бүхий газрууд нь хоорондоо давхцалгүй болох нь тогтоогдож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нямдаваагийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн Ц.Болор-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ