Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/01473

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 08

182/ШШ2024/01473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Б овогт Л.Э /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, оршин байрлах, М /РД:..../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 07 сарын 19-ний өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.М,

Гэрч Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Маргаан бүхий тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн МБ хөдөлмөрийн дотоод журмын 12.3.4, 12.4, 12.4.2, 12.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. 

МБ хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар Монголбанкнаас тайлбарлахдаа МБ хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7-д Албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан ажил үүрэг, удирдлага болон захирал, ахлах ажилтны өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан зөрчлийг гаргасан, Монголбанктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д МБ нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байгууллага, ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлтэй гэж үзсэн хэмээсэн. 

Тус хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх дээр тусгасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгээгүй хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7-д заасныг зөрчсөн гэж үзсэн ч ажилтан Л.Э миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл, миний бие Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.7-т Албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан ажил үүрэг, удирдлага болон захирал, ахлах ажилтнаас өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэгтэй. гэснийг зөрчөөгүй юм. 

Гэвч надаас дээрх зөрчилтэй холбоотойгоор хууль тогтоомж болон МБ Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ямар зөрчил гаргасныг тайлбарлаж ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй болно. 

Мөн МБ нэр хүндийг гутааж байгууллага, ажилтнуудтай холбоотой худал мэдээлэл тарааж давтан зөрчил гаргасан гэж үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тайлбарлахдаа Youtube хуудсанд МБ талаар худал мэдээлэл тараасан гэж үзсэн юм. Миний бие 2021 онд Монгол Улсын Их Сургуулийн төрийн удирдлагын магистрын ангид суралцдаг байсан бөгөөд 2022 оны 02 сард Д.З багшийн цахим хичээл дээр тухайн хичээлийн сэдвийн агуулгатай холбоотой өөрийн үзэл бодлоо ярилцан хичээлдээ оролцож байсан болно. Гэвч тухайн хичээлийг Youtube хуудсанд тавьсныг мэдээгүй бөгөөд энэ мэдээлэл одоо байгаа эсэх нь ч тодорхойгүй, мөн санаатайгаар МБ нэр төрийг гутаан доромжилсон агуулга бүхий үйлдэл гаргаагүй бөгөөд ажлаас халах тушаал дээр энэ талаар тусгасан нь үндэслэлгүй юм. 

Л.Э ажиллаж байх хугацаанд МБ Ерөнхийлөгчийн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн ..... дугаартай шилжүүлэн томилох тушаалаар Тамгын газрын Аюулгүйн албанд мэргэжилтнээр шилжүүлэн томилж, 2018 оны 12 сарын 23 өдрийн 1/39 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Үүний дараа удирдлагаас дуудан Гадаад харилцаа ёслолын албаны мэргэжилтнээр ажиллах буюу 6 сар ажиллах санал тавин гэрээний хугацаа дуусвал буцаан МБ Аюулгүйн албанд томилно гэсэн учраас зөвшөөрсөн. 2020 оны 11 сарын 02-ны өдрийн Б-530 дугаартай Л.Эыг ажилд шилжүүлэн томилох тухай тушаал гарсан. Энэхүү асуудалтай холбоотойгоор урьд эрхэлж байсан МБ Аюулгүйн албанд буцаан томилогдох талаар удирдлагуудад удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч эгүүлэн томилохгүйн тулд бүтэн жилийн хугацаанд ажлаас халахаар хавчин боогдуулж, хийж ажил үүргээс өө хайсаар, ажлын байрны ялгаварлан гадуурхалт үүсгэж энэ байдал үргэлжилсээр үндэслэлгүй тушаал гарган ажлаас халсанд гомдолтой байна. 

Иймд МБ Ерөнхийлөгчийн 2023 оны 07 сарын 19-ний өдрийн Б-372 дугаартай Л.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 07 сарын 19-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх тухай тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгээгүй, хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т заасан заасныг зөрчсөн гэж үзсэн.

Нэхэмжлэгч Л.Э удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон цаг хугацаанд нь гүйцэтгэдэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй талаарх ямар нэгэн зөрчилтэй холбоотойгоор хууль тогтоомж болон МБ хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасныг тайлбарлаж, ямар нэгэн тайлбар мэдүүлэг өмнө нь авч байгаагүй.

Хоёрдугаарт, МБ нэр хүндийг гутааж байгууллага, ажилтантай холбоотой худал мэдээллийг тарааж давтан зөрчил гаргачихсан гэж үзсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тайлбарлахдаа youtube хуудсанд МБ талаар худал мэдээллийг тараасан байна гэж үзсэн байгаа. Нэхэмжлэгч Л.Э нь 2022 оноос Монгол Улсын их сургуулийн төрийн удирдлагын магистрын ангид суралцаж байхдаа Д.З багшийн хичээлд цахимаар ороод тухайн хичээл дээр хичээлийн сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан ярилцсан, хичээлдээ оролцсон. Гэвч тухайн хичээлийн youtube хуудсанд тавигдсан гэж байгаа боловч одооч энэ талаарх мэдээлэл байгаа эсэх нь тодорхойгүй. Мөн санаатайгаар МБ нэр төрд халдсан, нэр төрийг гутаан доромжилсон агуулга бүхий үйлдэл гаргаагүй бөгөөд ажлаас халах тушаал дээр энэ талаар тусгасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Л.Э нь Монголбанкинд ажилладаг гэж тухайн youtube хуудсан дээр тавигдсан хичээлийнхээ агуулгат ярьсан болохоос биш МБ нэр хүндэд халдсан үйлдлийг бол гаргаагүй. Өмнө нь 2022 оны 7 сараас эхэлж хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудалтай холбоотойгоор урьд эрхэлж байсан МБ аюулгүй албанд буцаан томилох талаар Монголбанкинд удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч энэ талаар Монголбанкнаас авч хэлэлцээгүй. Мөн эгүүлэн тогтоолгохын тулд бүтэн жилийн хугацаанд ажлаас халах талаар хавчин боогдуулж, хийж байгаа ажил үүргээс нь өө хайж, ажлын байрны ялгаварлан гадуурхалт үүсгэж ажлаас халсанд гомдолтой байгаа.

Иймд Л.Эыг урьд эрхэлж байсан МБ Гадаад харилцаа, ёслолын албаны мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 7 сарын 19-ний өдрөөс 2024 оны 4 сарын 8-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Л.Эыг МБ Гадаад харилцааны ёслолын албанд түр томилсон тухай: 

Л.Э нь МБ Тамгын газрын Аюулгүй албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн мэргэжлийн дагуу гадаад харилцааны албанд ажиллах хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийн дагуу Л.Эыг МБ Ерөнхийлөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б-530 дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй Гадаад харилцааны албаны ёслолын мэргэжилтэн Г.Х орон тоонд түр томилсон. г.х МБ Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б-203 дугаар тушаалаар 2 жилийн хүүхэд асрах чөлөө олгосон бөгөөд тус хугацааг дахин МБ Ерөнхийлөгчийн 2020 оны Б-138 дугаар тушаал болон 2022 оны Б-16 дугаар тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. 

МБ Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б-372 дугаартай Л.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын тухай: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж заасан. Монголбанкнаас Л.Эыг дор дурдсан МБ дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэж 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б-372 дугаартай Л.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. 

МБ дотоод журмын 12.3 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд 12.3.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан 2 ба түүнээс дээш удаа гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 12.4-т Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцно гэж, 12.4.5-д МБ нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, байгууллага, ажилтнуудтай холбоотой худал мэдээлэл тараасан нь нотлох баримтаар тогтоогдсон гэж тус тус заасны дагуу Л.Э нь дээр дурдсан сахилгын шийтгэл давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох МБ талаарх худал мэдээлэл тараасан болно. 

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7 дахь заалтыг зөрчсөн тухай:

МБ Аюулгүй албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа удаа дараа алдаа гаргадаг байсан талаар тус албаны ахлах мэргэжилтэн нь тодорхойлж байсан, Ёслолын албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн гэрээний 2.3.2-д заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй тул МБ 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б-225 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, Ёслолын албанд орон тоо нэмж, бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан мэргэжил, ур чадварын шалгалт авахад Л.Э нь шалтгаангүй шалгалт өгөхөөс татгалзсан нь Хөдөлмөрийн гэрээний 2.3.2-т заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Ёслолын албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.6, 5.2.7 дахь заалтыг зөрчсөн тул 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн Б-124 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, Л.Эын шууд удирдлага нь болон газрын захирал болон албаны дарга нь хангахгүй талаар мөн тодорхойлж байснаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан МБ нэр хүндийг гутаах үйлдэх хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага, ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан тухай: Л.Этой байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/24 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д МБ нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцно гэж заасан. 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс Л.Э нь МБ ёслолын албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа дээр дурдсан Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан ноцтой зөрчилд тооцсон МБ нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан гэдгийг илрүүлсэн болно. 

Мөн, МБ нэр хүндийг гутааж байгууллага, ажилтнуудтай холбоотой худал мэдээлэл тараасан нь бичлэгээр нотлогдож байгаа болно. Тус бичлэгт Л.Э нь 2020 оны сонгуулиас хойшоо маш их хүмүүс ажилд орж, улс төрийн том нөлөөтэй хүмүүс захиалгаар шууд албан тушаал дээр очиж байна. Би өөрөө Монголбанканд ажилладаг. Миний мэдэхээр 10 гаруй хүмүүс шууд хэлтсийн захирал, түүнээс дээшээ тушаал дээр шинэ шинэ Улсын Их хурлын гишүүд, бүр УИХ-ын дарга Занданшатарын захиалгаар очиж байна гэж ярьсан. 

Энэ нь аливаа нэгэн нотлох, баримтад суурилсан мэдээлэл биш, эрх бүхий байгууллагаас түүнийг олж илрүүлсэн, түүнийг шийдвэрлэсэн явдал албан ёсоор бүртгэгдээгүй байхад, ийнхүү ярьсан нь илэрхий нөхцөл ярьж байгаа мэт сэтгэгдлийг олон нийтэд түгээхээс гадна, цаашид МБ нэр хүндэд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгосон. Дээр дурдсаны дагуу Л.Э нь Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасны үндсэн дээр сахилгын шийтгэл давтсан үр дүнд хүрсэн тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу дуусгавар болгосон. 

Иймд, Л.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.08.25-ны өдрийн 0557 дугаартай Итгэмжлэл, 2023.08.01-ний өдрийн гомдол, 2023.08.15-ны өдрийн МБ хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023.09.12-ны өдрийн 66 дугаартай Гурван талт хорооны шийдвэр, МБ ерөнхийлөгчийн 2018.03.30-ны өдрийн Б/183 дугаартай тушаал, 2018.04.02-ны өдрийн 1/19 дугаар хөдөлмөрийн гэрээ, МБ ерөнхийлөгчийн 2018.10.23-ны өдрийн ..... дугаар тушаал, 2018.12.23-ны өдрийн 1/39 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2018.12.23-ны өдрийн 1/39 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, МБ ерөнхийлөгчийн 2020.11.02-ны Б/530 дугаар тушаал, 2020.11.03-ны өдрийн 1/15 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2020.11.03-ны өдрийн 1/15 дугаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2022.01.03-ны өдрийн 2/25 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19/24 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2022.02.09-ний өдрийн19/24 Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2022.05.10-ны өдрийн 19/24 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2022.05.10-ны өдрийн 19/24 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2022.07.18-ны өдрийн 19/24 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2023.05.31-ний өдрийн 05/692 тоот албан бичиг, E20224054 дугаартай Магистрын дипломын хуулбар, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.04.10-ны өдрийн 26 дугаартай шийдвэр, 2023.07.26-ны өдрийн 0566 дугаартай итгэмжлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-1/795 дугаартай итгэмжлэл, МБ ерөнхийлөгчийн 2023.05.29-ний өдрийн А-109 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2023.10.02-ны өдрийн А-179 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2023.09.13-ны өдрийн А-169 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2022.12.30-ны өдрийн А-368 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2022.11.21-ний өдрийн А-319 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2022.07.06-ны өдрийн А-198 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2022.07.06-ны өдрийн А-198 тушаалын хавсралт, МБ ерөнхийлөгчийн 2022.08.08-ны өдрийн Б-376 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2020.03.31-ний өдрийн Б-138 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2019.03.28-ны өдрийн Б-203 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2022.01.18-ны өдрийн Б-16 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2022.12.28-ны өдрийн Б-683 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2023.01.16-ны өдрийн Б-18 тушаал, 2023.03.07-ны өдрийн Тэмдэглэл, МБ ерөнхийлөгчийн 2021.01.08-ны өдрийн А-2 тушаал, 2020.11.02-ны өдрийн хүсэлт, 2023.03.17-ны өдрийн тайлбар, 2023.03.20-ны өдрийн тайлбар, Өргөдлийн хариу, Л.Эын 2022.09.06-ны өдрийн хүсэлт, 2022.07.18-ны өдрийн 19/24 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Танилцуулга, 2023.07.19-ний Баримт, МБ ерөнхийлөгчийн 2023.07.19-ний өдрийн Б-372 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2023.03.20-ны өдрийн Б-124 тушаал, МБ ерөнхийлөгчийн 2020.11.02-ны өдрийн Б-530 тушаал МБ ерөнхийлөгчийн 2021.06.16-ны өдрийн Б-225 тушаал, Эмнэлгийн магадлагаа, МБ 2024.03.25-ны өдрийн 208 дугаартай албан бичиг гаргаж өгсөн.

 

5.Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар нэг ширхэг Си-ди, 2024.02.23-ны өдөр Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Э нь Монголбанкинд холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 07 сарын 19-ний өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...

удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгээгүй хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Л.Э удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэдэг, дээрх заалтыг зөрчөөгүй. 

МБ Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ямар зөрчил гаргасныг тайлбарлаж ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй. 

Монголбанкнаас тайлбарлахдаа youtube хуудсанд МБ талаар худал мэдээлэл тараасан гэж үзсэн юм. Монгол Улсын Их Сургуульд суралцаж байхдаа 2022 оны 02 сард цахим хичээл дээр тухайн хичээлийн сэдвийн агуулгатай холбоотой өөрийн үзэл бодлоо ярилцан, хичээлдээ оролцож байсан болно.

Энэ мэдээлэл одоо байгаа эсэх нь ч тодорхойгүй, мөн санаатайгаар МБ нэр төрийг гутаан доромжилсон агуулга бүхий үйлдэл гаргаагүй бөгөөд ажлаас халах тушаал дээр энэ талаар тусгасан нь үндэслэлгүй... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ...

Л.Э өөрийн хүсэлтийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй Гадаад харилцааны албаны ёслолын мэргэжилтэн Г.Х орон тоонд түр томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр МБ дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан. 

МБ дотоод журмын 12.3, 12.3.4, 12.4, 12.4.5-т тус тус заасны дагуу Л.Э нь дээр дурдсан сахилгын шийтгэл давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох МБ талаарх худал мэдээлэл тараасан болно. 

Ёслолын албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн гэрээний 2.3.2-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан, мэргэжил, ур чадварын шалгалт авахад Л.Э нь шалтгаангүй шалгалт өгөхөөс татгалзсан.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцсон МБ нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан нотлогдож байгаа болно.

Тус бичлэгт Л.Э нь 2020 оны сонгуулиас хойшоо маш их хүмүүс ажилд орж, улс төрийн том нөлөөтэй хүмүүс захиалгаар шууд албан тушаал дээр очиж байна. Би өөрөө Монголбанканд ажилладаг. Миний мэдэхээр 10 гаруй хүмүүс шууд хэлтсийн захирал, түүнээс дээшээ тушаал дээр шинэ шинэ Улсын Их хурлын гишүүд, бүр УИХ-ын дарга Занданшатарын захиалгаар очиж байна гэж ярьсан. 

Энэ нь аливаа нэгэн нотлох, баримтад суурилсан мэдээлэл биш, эрх бүхий байгууллагаас түүнийг олж ирүүлсэн, түүнийг шийдвэрлэсэн явдал албан ёсоор бүртгэгдээгүй байхад, ийнхүү ярьсан нь илэрхий нөхцөл ярьж байгаа мэт сэтгэгдлийг олон нийтэд түгээхээс гадна, цаашид МБ нэр хүндэд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох...гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.Э нь МБ Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн бичиг хэргийн ажилтнаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр томилогдон ажиллаж байгаад Тамгын газрын аюулгүйн албанд мэргэжилтнээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр шилжүүлэн ажиллуулж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Гадаад харилцаа, ёслолын албаны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн б-372 тоот тушаалаар Л.Эыг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хөдөлмөрийн гэрээнүүд, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

МБ ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн б-372 дугаар тушаалаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, 281 дүгээр зүйлийн 281.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, МБ Хөдөлмөрийн дотоод журмын 12.3.4, 12.4.2, 12.4.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

Л.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлээ Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгээгүй Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7-д заасныг зөрчсөн, МБ нэр хүндийг гутааж байгууллага, ажилтнуудтай холбоотой худал мэдээлэл тарааж давтан зөрчил гаргасан ... гэж дурджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба талууд харилцан тохиролцоогүй байна. Мөн нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгч Л.Э шүүхэд гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан байна гэж шүүх үзсэн.

 

Ажил олгогч нь ажилтан Л.Этой 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/24 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Л.Эыг Удирдлага төлөвлөлтийн газар, Ёслолын албаны мэргэжилтний ажилд 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан байна.

 

Дээрх хугацаатай гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах хүртэл хугацаагаар МБ ерөнхийлөгчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б-376 дугаар тушаалаар ажилд томилжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дууссан боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа талуудын хооронд үргэлжилж байсан байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх, эсхүл хөдөлмөрийн гэрээнд харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг ойлгоно.

 

Хариуцагч тал шүүхэд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ажилтан Л.Э МБ нэр хүндийг гутааж байгууллага, ажилтнуудтай холбоотой худал мэдээлэл тараасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсон.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

 

Түүнчлэн, ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

Ажид олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан байна.

 

Хэрэгт авагдсан дүрс бичлэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч Л.Эын ярьсан 2020 оны сонгуулиас хойш маш их ажлын байрын маш их хүмүүс ажилд орж, ер нь бол улс төрийн том нөлөө бүхий хүмүүсийн захиалгаар шууд албан тушаал дээр очиж байгаа дээр манай байгууллага, төрийн албан хаагчийн юун дээр хяналт тавьж байгаа юм болов уу, гэж тодруулж асуумаар байгаа юм. Би өөрөө Монголбанкинд ажилладаг юм...Улсын их хурлын гишүүдийн, шинэ Улсын их хурлын гишүүдийн захиалгаар тэр тусмаа захиалгаа Занданшатар Их хурдын даргын захиалгаар, за миний мэдэхийн 10 хүн шууд очиж байна... гэсэн дүрс бичлэг авагджээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг дүрс бичлэг нь 2022 оны 02 дугаар сард магистрын цахим хичээлийн явцад болсон гэж тайлбарлах ба хариуцагч тал уг зөрчлийг мэдээд 1 сарын хугацаанд тушаал гаргасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан дүрс бичлэгт тухайн үйл явдал хэзээ болсон нь тодорхойгүй байхаас гадна өөр бусад баримтаар хэзээ болсон гэдэг нь тогтоодохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэж зохицуулжээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулхаар байна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.4-т заасантай нийцэх юм.

 

Ажил олгогч ажилтны дээрх зөрчлийг гаргасан өдрөөс, эсхүл үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, ажилтан Л.Эын сургалтын явцад гаргасан үйлдэл нь 2022 оны 02 дугаар сард болсон талаар нэхэмжлэгч тайлбарлах боловч тухайн үйл явдал хэзээ болсон нь тодорхойгүй, хариуцагч тухайн зөрчлийг хэзээ болсон, хэзээ зөрчил илрүүлснээ баримтаар нотлоогүй, тухайн ноцтой зөрчлийг 2022 оны 02 дугаар сар үйлдэгдсэн гэж үзэх юм бол ажил олгогч уг зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаанд зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.

 

Гэрч Н.Жгийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр ажлаас чөлөөлөх тушаал гарахаас 1 сарын өмнө зөрчлийг мэдсэн гэх боловч энэ нь хуульд заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаандаа багтаж зөрчлийг илрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь гэрчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч МБ нэр хүндийг гутааж байгууллага, ажилтнуудтай холбоотой худал мэдээлэл нь Youtube хаягт байршсан, уг сахилгын ноцтой зөрчлийг өөр нэгэн этгээд мэдээд явж байгаа нь зөрчил үргэлжилсэн гэж тайлбарлах боловч тухай дүрс бичлэг youtube сувагт байршсан эсэх нь тогтоодохгүй, нэхэмжлэгч Л.Эын дээрх үйлдлийг үргэлжилсэн үйлдэлд хамаарахгүй гэж шүүх үзсэн.

 

Нэхэмжлэгч Л.Эыг Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгээгүй давтан зөрчил гаргасан гэх боловч МБ ерөнхийлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-124 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд нэхэмжлэгч Л.Э гомдол гаргаснаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүйд тооцсон ба уг шийдвэрт ажил олгогч хуульд зааснаар гомдлоо гаргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажилтан Л.Эыг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

Иймд МБ ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б-372 дугаар тушаалаар Л.Эыг Удирдлага, төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, ёслолын албаны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Л.Эыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Л.Эыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Э нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацааны цалин нийт 24,187,376 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Л.Эын цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 3,411,908 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 159,933 төгрөг болох нь хэрэгт авагдсан Л.Эын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Л.Эын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2023 оны 4, 5, 6 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу Л.Эын ажилгүй байсан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 30,707,136 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 24,187,376 төгрөг гэж тодорхойлсон хүрээнд хариуцагчаас 24,187,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Эод олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу Монголбанкинд нэхэмжлэгч Л.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+278,887 төгрөг/ нийт 349,087 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эыг МБ Удирдлага төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, ёслолын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Монголбанкнаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 24,187,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Эод олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Л.Эын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монголбанкинд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монголбанкнаас улсын тэмдэгтийн хураамжид 349,087 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС