| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00158/И |
| Дугаар | 152/ШШ2024/00187 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00187
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Д-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 742,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д нь М ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 12 сарын 28-ны өдөр 1400000275877 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Н.Д нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 сарын 23-ны өдөр сарын 3,0 хувийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Н.Д нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Н.Д-ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 204,796 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,730 төгрөг нийт 742,526 төгрөг гаргуулахаар байна. М ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Н.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 742,526 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно гэжээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ББСБ ХХК нь хариуцагч Н.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 742,526 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 742,526 төгрөгийг М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 742,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,371 төгрөгийн тал хувь болох 11,185 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Н.Д-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 742,526 /долоон зуун дөчин хоёр мянга таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,371 /хорин хоёр мянга гурван зуун далан нэг/ төгрөгийн тал хувь буюу 11,185 /нэг зуун нэг мянга нэг зуун наян тав/ төгрөгийг У аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР