Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2024/00188

 

          Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

          Нэхэмжлэгч: Т.Б.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Э.С-д холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,669,405.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.С нь Т.Б.Ф ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 7 сарын 28-ны өдөр 20348 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 69297 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Э.С нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 951,366.52 төгрөгийг, хүүгийн төлбөрт 666,462.77 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36,170.71 төгрөгийг, нийт 1,654,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Э.С нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 374 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 3,048,633.48 төгрөг, зээлийн хүү 1,518,182.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87,589.44 төгрөг, нийт 4,654,405.50 төгрөг төлөхөөр байна. Т.Б.Ф ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.С зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э.С нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 20348 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 69297 дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,048,633.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,518,182.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87,589.44 төгрөг, нотариатын зардалд 15,000 төгрөг, бүгд 4,669,405.50 (дөрвөн сая зургаан зуун жаран есөн мянга дөрвөн зуун таван төгрөг, тавин мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.С-оос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Э.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэбиш овогтой Саруул-Од миний бие Т.Б.Ф ББСБ ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийн зээл авсан. Т.Б.Ф ББСБ ХХК-д төлөх 4,669,405.50 төгрөгийг 6 сард хувааж 2024 оны 6 сараас эхлэн 778,234.25 төгрөгийг сар бүр сар бүрийн 30-ны дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э.С нь "Т.Б.Ф ББСБ" ХХК-тай 20348 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 69297 дугаартай цахим зээлийн дэд гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу үлдэх өр төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 951,366.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 666,462.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,170.71 төгрөг, нийт 1,654,000 төгрөгийн төлөлт хийсэн. Талуудын хооронд байгуулсан 20348 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 69297 дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 3,048,633.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,518,182.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87,589.44 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөг, нийт 4,669,405.50 төгрөгийн зээлийн төлбөр үлдсэн байна. Зээлдэгч нь У АЗЗА ХХК-д тогооч хийдэг гэх бөгөөд 5 дугаар сарын 25-ны өдрөөс зам анги гарахад цалинтай залгана. 6 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн cap бүрийн 30-ны өдөр цалин буухаар доорх байдлаар зээлээ төлөхөө тохиролцож манай байгууллагыг өр төлбөргүй болгоно гэж У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн биеэр очиж уулзаж, шүүгчийн туслахын утсаар ярив. Зээлдэгч нь нэхэмжлэлээ гардан авч дээрх өр төлбөрийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцов. Тодруулбал:

           2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 778,234.25 төгрөг;

           2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 778,234.25 төгрөг;

           2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 778,234.25 төгрөг;

           2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 778,234.25 төгрөг;

           2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 778,234.25 төгрөг;

           2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 778,234.25 төгрөг;

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК нь хариуцагч Э.С-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,669,405.50 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,669,405.50 төгрөгийг /6 сард хувааж 2024 оны 6 сараас эхлэн 778,234.25 төгрөгийг сар бүрийн 30-ны дотор/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Хариуцагч Э.С нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

       Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,660 төгрөгөөс 44,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, У аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44,830 төгрөгийг, хариуцагч Э.С-оос 44,830 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.С нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,669,405.50 /дөрвөн сая зургаан зуун жаран есөн мянга дөрвөн зуун таван төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 89,660 /наян есөн мянга зургаан зуун жар/ төгрөгөөс 44,830 /дөчин дөрвөн мянга найман зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44,830 /дөчин дөрвөн мянга найман зуун гуч/ төгрөг, хариуцагч Э.С-оос 44,830 / дөчин дөрвөн мянга найман зуун гуч / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-д олгож, 44,830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.БОЛОР