Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/48

 

А.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/307 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч А.А-д холбогдох эрүүгийн 2113000000137 дугаартай, 1 хавтастай хэргийг яллагдагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, яллагдагч А.А, яллагдагчийн өмгөөлөгч С.Н, орчуулагч А.Ахмерей нар оролцов.                                                                                                                                                                                                                                                               Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Бүгд Найрамдах Казакстан Улсын Их сургуулийн 1 дүгээр ангийн оюутан,  ам бүл 7 хүнтэй, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-ын А /БЗ00000000/ нь нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд хохирогч С.Ж-н гээгдүүлсэн Төрийн банкны виза картыг олж авч, уг картаас 424.000 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/307 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.А-д холбогдох эрүүгийн 2113000000137 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Яллагдагчийн гаргасан давж заалдах гомдолд: “...Миний бие Бүгд Найрамдах Казакстан Улсын КазГу их сургуулийн хүний их эмчийн ангийн 1 дүгээр курсийн оюутнаар элсэн орж, онлайнаар суралцаж байна. Ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Эцэг эх маань хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй тул манай гэр бүл нэн ядуу өрхөд тооцогддог. Би айлын том нь бөгөөд гэр бүлдээ туслах зорилгоор Баян-Өлгий аймагт ирж хүнсний дэлгүүрт үйлчлэгчээр ажилладаг байсан. Гэр оронд маань надаас өөр туслах хүнгүй юм. Учир нь миний 2 дүү маань хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай байх тул эцэг эх маань ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Тодруулбал: эмэгтэй дүү болох А.А  нь үтрээний хорт хавдартай бөгөөд байнгын эмчилгээ хийлгэдэг, Улаанбаатар хотод удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эцэг А нь түүний хамт байнгын эмнэлэгт байдаг. 4 дэх эрэгтэй дүү маань төрөлхийн сонсголгүй, хэлгүй. Ээж маань түүнийг байнгын асардаг тул гэр оронд маань надаас өөр хөдөлмөр эрхэлдэг хүнгүй тул би аймгийн төвд ирж үйлчлэгчээр ажиллахын зэрэгцээ зайны сургалтаар их сургуульд сурч байгаа. Нагац ах болох С.Ж  виза картад байгаа мөнгийг зөвшөөрөлгүй зарцуулсан маань үнэн. С.Ж  ахаас зөвшөөрөл авах гэсэн боловч тэр хүний утас холбогдохгүй байсан тул зөвшөөрөл аваагүй. Би түүний виза картанд байгаа мөнгийг ашиглаж, цалин маань орсон үед буцаагаад хийж өгнө гэж бодсон. Надад өөр санаа зорилго байгаагүй. С.Ж  ах маань надаас виза картыг асуух үед миний цалин хөлс орох болоогүй учраас түүнд худал хэлсэн байсан. Би ахдаа үнэнээ хэлээгүйд харамсаж байна. Ийм зүйл болно гэдгийг мэдээгүй. Би С.Ж  ахын мөнгийг буцаан өгөх зорилгоор түүний зөвшөөрөлгүйгээр авч ашигласан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Прокурорын сонсгосон ялыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг прокурорт буцаахгүйгээр, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг маань яаралтай шийдвэрлэж өгч тус болно уу.” гэжээ.

Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:Уг гомдол мэдээлэл анхнаасаа эргэлзээтэй нөхцөл байдлаар эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах саналтайгаар орж ирсэн. Тухайн үед би бас хулгайлах гэмт хэрэг үү эсхүл гээгдэл хөрөнгө завших гэмт хэрэг эсэх талаар эргэлзэж эмийн санчаас гэрчийн мэдүүлэг авхуулахаар нэмэлт мөрдөн шалгалт руу буцаасан. Энэ хэргийг эмийн санд үйлдсэн эсэх талаар болон бусад зүйлийн талаар виза карт үлдсэн эмийн сангийн эмийн санч Л-ээс мэдүүлэг авахад “Тухайн үед ковид-19 халдвартын үе байсан ба манай эмийн санд өдөрт 100-150 хүн үйлчлүүлдэг байсан. Ер нь манай эмийн санд өдөрт 4-6 хүн виза картаа үлдээж явдаг ба буцаагаад авдаг. Тэдгээр хүмүүс ямар хүмүүс байсан талаар би сайн санадаггүй” гэж мэдүүлсэн байдаг. Дараа нь мөн хохирогчоос дахин мэдүүлэг авахад “Би виза картаа хаана гээснээ мэдэхгүй, Ногооннуур сумаас ирэхдээ аваад ирсэн ба алга болгосон өдөр өглөө 10-аас оройн 18 цагийн хооронд гээсэн байх магадлалтай” гэж мэдүүлсэн байдаг. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхэд яагаад Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлээр зүйлчилсэн бэ гэхээр, гэрч болон хохирогч нарын мэдүүлгийг үндэслэж, объектив талын шинжийг харгалзсан. Яллагдагч А.А  нь хохирогч Ж-гийн өмчлөх эрхэд халдсан эсэхэд анхаарал хандуулж яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийн бодит нөхцөл байдалд А.А нь уг виза картыг хохирогч Ж-н цүнх эсхүл биеэс халдаж аваагүй бөгөөд эмийн сангаас очиж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийг хэрэглэсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 447 дугаартай тогтоолд “гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөртөө тухайн эд зүйлийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг гэмт этгээд завших сэдэл төрж шамшигдуулсан байдлаар захиран зарцуулж энэ гэмт хэргийн шинж бүрдэнэ” хэмээн тодорхойлж хуулийг хэрэглэсэн байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай тогтоол байсан. Уг тогтоолд “өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй болгоомжгүйгээс хаягдаж орхигдож, эсхүл хяналт, хамгаалалт хэрэгжээгүйгээс, мөн хөндлөнгийн ямар нэгэн хүчин зүйлээс хамааралгүй, хяналтаас гадуур байсан эд хөрөнгийг авсан байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ” хэмээн хуулийг тайлбарлаж хэрэглэсэн байдаг. Дээрх хоёр тогтоол болон хууль хэрэглээний агуулгын хүрээнд тайлбарлахад яллагдагч А.А  нь тухайн виза картыг авахад ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, эмийн сангаас очиж авсан байдаг. Авсны дараа виза карт дотор буй мөнгийг завшъя гэх сэдэл төрсөн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Тийм учраас яллагдагчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаар үндэслэлээ тайлбарлахад шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинж бий хэмээн буцаасан байдаг. Гэтэл шүүхээс дээрх байдлаар тодорхойлж бичихэд ямар шинж, үйлдэлд нь хулгайлах гэмт хэргийн шинж байгаа талаар тодорхой зааж өгөөгүй. Үүнийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна. Дээрх нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт авагдсан материалуудын хүрээнд давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж шийдвэрлэнэ гэж найдаж байна. Тийм учраас яллагдагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх яллагдагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэрэгт цугларсан баримтат мэдээллүүд, нотолгооны хэрэгслүүдэд тусгагдсан үйл баримтаас үзвэл, яллагдагч А.А  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн бүрдэл шинж байгаа эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох шаардлагатай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудад, тухайлбал хохирогчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Миний виза картыг авсан талаар асуухад, таны картыг би аваагүй, та виза картаа хурдан хаалгуулж, Цагдаагийн байгууллагад хандаарай гэж /А.А/ зөвлөгөө өгсөн.” гэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэгт “А.А  нь миний зээ юм. Миний Төрийн банкны данстай виза картаас нийт 14 удаагийн үйлдлээр уншуулж, нийт 424.100 төгрөгийг авч ашигласан байсан. Надад учруулсан хохирлыг бүрэн бүтэн төлж өгсөн, одоо надад нэмж шалгуулах зүйл байхгүй.” гэж тусгагдсан ба хохирогчийн данснаас 14 удаагийн үйлдлээр 424.100 төгрөгийн зарлага хийгдсэн, яллагдагч А.А  нь хэрэгт холбогдох үед 18 нас, 1 сартай байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул:

(1) Яллагдагч А.А  нь нагац ах С.Ж-гийн данснаас, нууц дугаарыг нь мэддэг учраас түүний зөвшөөрөлгүйгээр, хадланд явсан хойно виза картыг нь ашиглаж хүнсний болон ахуйн хэрэглээний эд зүйл худалдан авч, бэлэн мөнгө зарлагадах зэргээр нийт 424.000 төгрөгийн гүйлгээ хийсэн, зээ дүү нь тухайн гүйлгээг хийсэн гэдгийг мэдээгүй байхдаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч А.А-гийн энэ үйлдлийг С.Ж  нь хожим хүлээн зөвшөөрөх /зөвшөөрөл олгох/ эсэхийг хохирогчоос мэдүүлэг авч тодруулах;

(2) яллагдагч А.А  нь гэмт хэрэгт холбогдох үед арван найман насанд хүрсэн боловч юмс үзэгдлийн мөн чанар, өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар, оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд байгаа эсэхийг сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Дээр дурдсан нэмэлт үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “хэргийг прокурорт буцаахгүйгээр, яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх яллагдагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/307 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч А.А  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэхийг тэмдэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            С.ӨМИРБЕК