Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 00109

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Л.Лхагва-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Лхагва-Очирт холбогдох 132/2017/0104/Э индекстэй, эрүүгийн 1715000073 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Лхагва-Очир /РД:АС93052916/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Лхагва-Очир нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутагт иргэн Ч.Түмэн-Өлзийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лхагва-Очир мэдүүлэхдээ: Намайг доромжлоод бас хулгайн хэрэгт гүтгээд байхаар нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Түмэн-Өлзийгийн гэрт нь очсон. Тэгээд би “яагаад хүн гүтгээд доромжлоод байгаа юм бэ, та намайг араар муулах шалтгаан байсан юм уу” гэж хэлсэн чинь Түмэн-Өлзий ах “чи манай хониноос хулгай хийсэн биз дээ” гээд гүтгээд доромжлоод бид хоёр маргалдсан. Миний уур хүрээд Түмэн-Өлзий ахын зүүн шанаанд 3 удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Түмэн-Өлзий ах намайг цохьсон, надад бол гэмтэл учираагүй. Хохиролд 100000 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1715000073 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч Ч.Түмэн-Өлзийгийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед намайг гэртээ байж байхад гаднаас Лхагва-Очир орж ирээд “юу гээд байгаа юм бэ” гээд үгийн зөрүүгүй намайг зодсон. Миний толгойны зүүн шанаан тус газар
цохиж зүүн талын чихнээс цус гарсан мөн хамар, уруул зэрэг газруудад цохиж гэмтээсэн гэх мэдүүлэг /хх-7-8 тал/, Гэрч Б.Алимаагийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед гэртээ нөхөр Ч.Түмэн-Өлзийгийн хамт байж байхад гаднаас Л.Лхавга-Очир нь орж ирээд “миний нэр төрийг гутаасан, нэр төр сэргээж өг, би хонины хулгайд оролцоогүй. Миний найз нөхөд манай гэрээр орж гарч болдоггүй юм уу” гэж хэлээд манай нөхөр Ч.Түмэн-Өлзийг зодсон юм. Тэгээд зодчихоод яваад өгсөн юм гэх мэдүүлэг /хх-9 тал/, Шүүгдэгч Л.Лхагва-Очирын яллагдагчаар өгсөн: 2017 оны 8-р сарын 09-ний өдөр би цагийг нь сайн мэдэхгүй байна. Түмэн-Өлзийгийн гэрт нь ортол Түмэн-Өлзий ах гэртээ эхнэрийнхээ хамт байсан. Тэгээд би Түмэн-Өлзий ахыг “та намайг араар муулах шалтгаан байсан юм уу” гэж хэлсэн чинь Түмэн-Өлзий ах “чи манай хониноос хулгай хийсэн биз дээ” гэж хэлэхээр нь бид 2 хонины талаар маргалдсан. Тэгээд би уурандаа Түмэн-Өлзий ахын зүүн шанаанд 3 удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Түмэн-Өлзий ахын эхнэр нь бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх- 18 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ¹237 тоот: 1. Ч.Түмэн-Өлзийгийн биед хамрын таславчийн мурийлт, уруул, хамар, зүүн чихэнд шарх, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 11 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-3 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22-23 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Лхагва-Очир нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутагт иргэн Ч.Түмэн-Өлзийг “хонь хулгайлсан, хулгайч” гэснээс үүдэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа шанаан тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Түмэн-Өлзий, гэрч Б.Алимаа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ¹237 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Лхагва-Очирыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Лхагва-Очирын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч эмчилгээний зардалд 100000 төгрөгийг төлсөнөөр хохирогч Ч.Түмэн-Өлзий нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Ч.Түмэн-Өлзийд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Лхагва-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Лхагва-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Лхагва-Очирыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Лхагва-Очирын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуу тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Лхагва-Очир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Лхагва-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лхагва-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД