Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0626

 

2023 08 17 128/ШШ2023/0626

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар /РД: УХ66072515/,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэр,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагч хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0046324 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн A/87 дугаар захирамжаар гомдол гаргагч Д.Мөнхбаатар нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Ойн булаг" гэх нэртэй газарт, 699 м.кв газрыг гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар эзэмшдэг байх ба өөрийн эзэмшлийн газар дээрээ байшингийн суурь ухсан байна.

2.2. Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрээс байшингийн суурь ухсан асуудлыг шалгаад Газрын хэвлийн тухай хууль зөрчиж, газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчил үйлдсэн хэмээн гомдол гаргагч Д.Мөнхбаатарыг буруутгаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2.3. Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч Д.Мөнхбаатар нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

4. Гомдол гаргагч Д.Мөнхбаатар гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Д.Мөнхбаатар миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн A/87 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Ойн булаг" гэх нэртэй газарт, 699 м.кв газрыг Гэр, орон сууц хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албатай 01125-2023/01051 дугаартай "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулж, нэгж талбарын 1501205045 дугаартай, 0000173275 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд уг газрын хууль ёсны эзэмшигч нь юм.

4.2. Миний бие өөрийн эзэмшлийн газраа хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах үүднээс уг газар дээрээ зуслангийн байшин барих зорилгоор байшингийн сууриа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавьж эхэлсэн.

4.3. Гэтэл Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Хүрэлсүх нь ойн сан бүхий газарт байшин барих зорилгоор торлог бургасыг гэмтээж устгасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу 300.000 төгрөгөөр торгож, хохирол нөхөн төлбөрт 7.343.724 төгрөгийн төлбөр ногдуулсан тул тухайн үед нь маргаан үүсгээгүй, үүнийг нь хүлээн зөвшөөрөөд төлбөрийг бүрэн барагдуулсан.

4.4. Мөн сүйтгэсэн ойн сантай дүйцэх хэмжээний газар дүйцэхээр мод тарьж тухайн газрын байгаль хамгаалагчдаа хүлээлгэн өгөх тухай хугацаатай даалгавар өгсний дагуу даалгаврыг зохих журмын дагуу биелүүлж 20 гаруй ширхэг мод тарьж хүлээлгэн өгсөн.

4.5. Ингээд байшингийн суурийн ажлыг үргэлжлүүлэн явуулах явцад Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэр нь Д.Мөнхбаатар намайг зөвшөөрөлгүй газар ухсан гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн. Ингээд улсын байцаагч О.Оюундэлгэр нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Д.Мөнхбаатар надаас тайлбар мэдүүлэг аваагүй, хэргийн бодит байдлыг тогтоож, тодруулахгүйгээр, Д.Мөнхбаатар намайг нийтийн эдэлбэрийн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулах зорилгоор барилгын ажил эхлүүлсэн мэтээр ойлгож, зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг ашигласан гэх үндэслэлээр дахин зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэлийн хуудас оногдуулсан байна.

4.6. Захиргааны байгууллага нь өөрөө үйл баримтаа тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байж, бусдыг шууд байдлаар буруутгаж шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

4.7. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д "Газар эзэмшигч нь дараах эрхтэй" гэж, 35.1.1-д "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах гэж, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01125-2023/01052 дугаартай "Газар эзэмшүүлэх гэрээ"-ний 2.1-д ...эзэмших зориулалт: Гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар... 5.3-ын е-д ...гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол..." гэрээг хүчингүй болгохоор тус тус заасан.

4.8. Иймд Д.Мөнхбаатар миний зүгээс өөрийн эзэмшлийн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлж эзэмшлийн газраа газраа гэрээнд заасан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах үүднээс зуслангийн байшин барих зорилгоор л байшингийн сууриа тавьж эхэлсэн.

4.9. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ нийтийн эдэлбэрийн газарт хохирол учруулаагүй бөгөөд бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ч зөрчөөгүй. Мөн зуслангийн амьдрах зориулалттай байшин барих зорилготой байснаас бус аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар барилгын ажил огт эхлүүлээгүй. Хэрвээ том хэмжээний барилгын ажил эхлүүлэхээр байсан бол холбогдох газраас зохих зөвшөөрлийг авах нь зүйн хэрэг. Гэвч зуслангийн байшин барихад холбогдох газраас зөвшөөрөл авах тухай газар эзэмшүүлэх тухай гэрээ болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй болно.

4.10. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д "Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" гэснийг зөрчиж энэ талаар шийтгэлийн хуудаст тусгаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан бичгээр гаргасан захиргааны актын хуулийн шаардлагыг хангаагүй болно. Мөн геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэр нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авхуулахаар үйл ажиллагааг зогсоож, газрыг нөхөн сэргээж, ургамалжуулахыг даалгаж хугацаа тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь гомдол гаргагч буюу газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

4.11. Учир нь энэхүү газар нь Гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар олгогдсон газар. Иймд эзэмшигч нь зориулалтын дагуу газраа ашиглах эрхтэй. Гэтэл энэ эрхийг нь хязгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоож байгаа нь хууль болон гэрээгээр хүлээсэн эрхийг нь зөрчиж байна.

4.12. Иймд улсын байцаагч О.Оюундэлгэрийн зүгээс уг хэрэгт хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаа нь илт байна. Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0046324 дугаар шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлага хангаагүй бөгөөд улсын байцаагчийн зүгээс уг асуудалд хувийн сонирхлоор хандаж, газар эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

4.13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0046324 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрээс гомдлын шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Экологийн цагдаагийн албанаас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Ойн булаг нэртэй Зуслангийн газрын урд иргэн Д.Мөнхбаатарын эзэмшлийн газарт иргэн Ц.Булгантамир, Д.Лувсанпэрэнлэй нар газрыг хэвлийг дур мэдэн хөндөж ашигласан гэх 3-179 дугаартай гомдол, мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Удирдах албан тушаалтны тогтоолоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

5.2. Иргэн Д.Мөнхбаатар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ойн булаг нэртэй газарт 1501205045 нэгж талбарын дугаартай 699м.кв бүхий газрын гэр, орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан.

5.3. Тухайн газар нь Ойн сан бүхий газарт хамаарах бөгөөд Нийслэлийн байгаль орчны газраас Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ, нөхөн төлбөрийг тавьж барагдуулан, Зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны хугацаатай даалгаврыг өгсөн байдаг.

5.4. 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01/1203 тоот албан бичгээр тухайн Газрын зөвшөөрлийг цуцлах тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын газарт хүргүүлсэн. Иргэн Д.Мөнхбаатар нь үргэлжлүүлэн байшингийн суурь ухах зорилгоор газрын хэвлийг хөндөж, тухайн газраас гарсан зарим шороогоор зам, талбайг тэгшилсэн нь газар дээрх үзлэгээр тогтоогдсон.

5.5. Холбогдогч иргэн Д.Мөнхбаатараас болон түүний өмгөөлөгчийг байлцуулан тайлбар мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирж тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Зөрчил үйлдэгдэж буй газар нь Ойн сан бүхий хамгаалалтын бүсийн ойд хамаарах бөгөөд газар олголтын байдалд хяналт шалгалтыг хийж хариуг ирүүлэх талаарх албан бичгийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн.

5.6. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Мөнхбаатарын Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ойн булагт 1501205045 нэгж талбарын дугаартай 699м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор болсон тухай 18/436 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд хүргүүлсэн 1/1232 тоот албан бичгийн хувийг ирүүлсэн.

5.7. Иргэн Д.Мөнхбаатар нь Газрын хэвлийг дур мэдэн хөндөж, ашигласан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр торгуулийн арга хэмжээ авагдсан болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрээс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 46324 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан Газрын хэвлийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр гомдол гаргагч Д.Мөнхбаатарыг ...газрын хэвлийг дур мэдэн ашигласан... зөрчил үйлдсэнд буруутгаж, 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, гомдол гаргагч Д.Мөнхбаатараас ...Чингэлтэй дүүргийн Засаг даргаас олгосон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж байгаа, өөрийн эзэмшлийн газар дээрээ зусланд гарахдаа амьдрах зорилгоор модон байшин барихаар суурь ухсан, байшин барихын тулд зайлшгүй суурь ухах ёстой, ...дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас байшин барихдаа зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн бөгөөд 2 жилийн дотор байшин барихгүй бол газар эзэмших эрх цуцална гэж мэдэгдсэн... би газрын хэвлий ашигласан гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна, газрын хэвлийг ашиглаагүй... гэж маргасан.

4. Хариуцагчаас шийтгэл оногдуулсан үндэслэлээ ...Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т заасан иргэн эзэмшил газрынхаа хилийн дотор ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ахуйн хэрэгцээндээ зориулан тухайн сум, газрын хэвлийг ашиглах бол дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах... шаардлагыг Д.Мөнхбаатар зөрчсөн учраас газрын хэвлийг дур мэдэн ашигласанд тооцсон... гэж тайлбарласан байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гомдол гаргагч Д.Мөнхбаатар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн A/87 дугаар захирамжийн үндсэн дээр тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Ойн булаг" гэх нэртэй газарт байрлах нэгж талбарын 1501205045 дугаартай 699 м.кв газрыг гэр, орон сууц хашааны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь дүүргийн Засаг даргын тус захирамж, газар эзэмших эрхийн 173275 дугаар гэрчилгээгээр нотлогдсон, гомдол гаргагчаас эзэмшлийн газар дээрээ зуслангийн байшин барихаар байшингийн суурь ухсан, үүнийг хариуцагчаас зөрчилд тооцож, газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэж буруутган шийтгэл оногдуулсан, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй.

6. Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1.-д Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно. гэж заасныг Д.Мөнхбаатар зөрчсөн үндэслэлийг хариуцагчаас Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3.-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшил газрынхаа хилийн дотор ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан тухайн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон журмын дагуу газрын хэвлийг ашиглах эрхтэй. гэж тодорхойлсон.

7. Хуулийн тус зохицуулалтыг хариуцагчаас ...иргэн эзэмшил газар дээрээ байшин барих бол дүүргийн Засаг даргаас газрын хэвлийг ашиглах зөвшөөрөл авахыг шаардсан зохицуулалт гэж тайлбарласан, гэтэл Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр иргэн зуслангийн зориулалтаар олгогдсон эзэмших эрх бүхий газар дээрээ зориулалтын дагуу хувийн орон сууц барих тохиолдолд дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авсан байхыг шаардаагүй, түүний тайлбар, хуулийн зохицуулалт зөрүүтэй байх бөгөөд байшингийн суурь ухсаныг газрын хэвлийг ашигласанд тооцож, гомдол гаргагч Д.Мөнхбаатарыг буруутгасан нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна.

8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1.-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газраа эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Д.Мөнхбаатарт зуслангийн газарт гэр орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмших эрх олгосон байх тул Д.Мөнхбаатар нь газар дээрээ гэр, орон сууц барих эрхтэй, үүний тулд дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авсан байхыг Газрын хэвлийн тухай хууль болон бусад хуулиар шаардахгүй бөгөөд байшингийн суурь ухсаныг газар хэвлийг ашигласан гэж үзэхгүй.

9. Ийнхүү гомдол гаргагч Д.Мөнхбаатар нь Газрын хэвлийн тухай хуулийг зөрчөөгүй байхад түүнийг газрын хэвлийг дур мэдэн ашигласан хэмээн Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрээс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 46324 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

10. Зөрчлийн хэргийн материалд авагдсан гомдол гаргагч Д.Мөнхбаатарыг ойн сан бүхий газарт газар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр цуглуулсан баримтууд нь маргаан бүхий шийтгэлийн хуудсын үндэслэл болоогүй, Ойн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэл оногдуулаагүй болохоо хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1, Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан гомдол гаргагч Д.Мөнхбаатарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэрийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 46324 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ