| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 151/2016/0002/И |
| Дугаар | 001/ХТ2016/00866 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2016/00866
Г.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/00222 дугаар шийдвэр,
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2016/00036 дугаар магадлалтай,
Г.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй
Ц.Болормаад холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болормаа нь 2 жилийн өмнө хамтран амьдарч байхдаа 20-иод хоногийн дотор надаас 5 200 000 төгрөгийг өрөө дарах зорилгоор 3 сарын дараа буцааж өгнө гэж зээлж авахад нь би Ц.Болормаатай цаашид хамтран амьдарна гэж бодож байсан болохоор гэрээ байгуулаагүй. Ц.Болормаа нь надаас авсан 5 200 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг н.Цолмонд банкаар шилжүүлсэн, 1 000 000 төгрөгийг ээждээ өгч, 1 200 000 төгрөгийг ломбардаас эд зүйлээ авсан. 2013 оны 01 дүгээр сараас 04 сар хүртэлх хугацаанд надаас нийт 5 200 000 төгрөг зээлж авснаас 1 500 000 төгрөгийг буцааж өгч, үлдэгдэл 3 700 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, 3 500 000 төгрөгийг Ц.Болормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Алтангэрэлтэй 2013 оны 01 дүгээр сард танилцсан. Г.Алтангэрэл нь хамт амьдаръя гэхэд нь би 3 өнчин хүүхэдтэй тэгээд бас өртэй гэдгээ хэлэхэд тэр хамаагүй, нэг гэрт хамт амьдаръя, өрийг чинь төлье гэж хэлсэн. Тэгээд машинаа зараад 2 000 000 төгрөг өгсөн. Г.Алтангэрэл 2 000 000 төгрөгөө буцааж авна гэж яриагүй, би ч төлнө гэж ойлгоогүй ээ. Г.Алтангэрэлтэй хамт амьдрах боломжгүй, хэрүүлтэй байсан болохоор би байшингийн цонхыг нь хагалж, эрүүгийн хэрэг үүсэж хорих ял эдэлсэн. Энэ хэрэгт шалгагдаж байхдаа надаас мөнгө нэхээд байхаар нь 1 500 000 төгрөгийг буцааж өгсөн. Хамтран амьдарч байхдаа миний өрийг өөрөө сайн дураар төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн151/ШШ2016/00222 дугаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны баримтлан хариуцагч Ц.Болормаад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Алтангэрэлийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Алтангэрэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2016/00036 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/00222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Болормаагаас 2 300 000 төгрөг гаргуулан Г.Алтангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.Алтангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болормаагаас 51 750 төгрөг гаргуулан Г.Алтангэрэлд олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үнэн зөв шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хальж шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Алтангэрэл нь хариуцагч Ц.Болормаад 5 200 000 төгрөгийг зээлснээс 1 500 000 төгрөгийг төлсөн, 200 000 төгрөгийг нь нэхэмжлэхгүй, үлдэх зээл 3 500 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч татгалзаж, нэхэмжлэгчээс 5 200 000 төгрөг аваагүй, нэхэмжлэгч нь хамтран амьдарч байхдаа миний 2 000 000 төгрөгийн өрийг сайн дураараа төлсөн боловч дараа нь нэхээд байхаар нь 1 500 000 төгрөгийг буцааж өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Мөнгө зээлэх зээлийн гэрээний гол үндсэн шинж нь зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэх, зээлдэгч авсан мөнгөө буцааж төлөх үүрэг байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 5 200 000 төгрөгийг Ц.Болормаад зээлсэн болохоо нотлоогүй, хариуцагч нэхэмжлэгчид мөнгө буцааж төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт бүрдүүлсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон, уг баримтыг хариуцагч зөвшөөрөөгүй, маргасан байхад хоёр шатны шүүх уг баримтуудыг үнэлсэн нь буруу байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлэн дүгнээгүй байна. Эрүүгийн хэрэгт нотлох баримтыг эрх бүхий албан тушаалтан бүрдүүлдэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилго өөр тул гэм бурууг тогтоосноос бусад баримтыг иргэний эрх зүйн маргааны нотолгооны үндэслэл гэж үзэхэд учир дутагдалтай байдаг бөгөөд зохигчид шаардлага, татгалзлаа өөрсдөө нотлохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон байна.
Иймд зохигчдын хооронд гэрээний үүрэг үүссэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Ц.Болормаагийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 203/МА2016/00036 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Болормаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА