| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2017/0031/э |
| Дугаар | 456 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 456
П.Б-д холбогдох
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Дамба, Д.Мөнхдэлгэр, Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар магадлалтай, П.Б-д холбогдох 201524000601 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Дамба, Д.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, *** ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, З овогт П-н Б-.
П.Б- нь 2015 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “Лакивер” рестораны өмнөх талбай дээр согтуурсан үедээ иргэн Г.Ж-тай маргалдаж, авто замын зорчих хэсэг рүү цохиж унагасны улмаас Г.Ж- нь С.Х-н жолоодож явсан “Соната-5” маркийн 5408 УНЭ дугаартай тээврийн хэрэгсэлд дайруулж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Прокуророос П.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж,
П.Б-ыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, түүнийг 194 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч П.Б-оос оршуулгын болон бусад зардалд 13,764,070 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар П.Б-оос 2006 оны 09 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ж.А, 2014 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн охин Ж.А нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрд сар болгон 82,012 төгрөг гаргуулж тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон эх Н.Б-д олгож, хохирогчоос өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 3,800,000 төгрөгийг оршуулгатай холбогдох зардлаас 858,604 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Б- бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, Б.Дамба болон шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- гаргасан гомдолдоо “...П.Б- миний ханьтай маргалдаж, санаатайгаар цохиж, түлхсэн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан болох нь камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний дүгнэлт зэргээр нотлогддог. Б-ын найзууд болох Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, Наранхүү, Урантуяа нарт оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөнд гомдолтой байна.
Энэ хугацаанд шүүгдэгч П.Б- оршуулгын болон бусад зардал барагдуулаагүй, уучлалт ч гуйгаагүй. Шүүгдэгч П.Б-ыг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дамба хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…Шүүгдэгч П.Б- нь хохирогч Жаргалсайханыг цохиж унагаан санаатайгаар автомашинд мөргүүлэн амь насыг нь хохироох гэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаа, сэдэлт, зорилго тогтоогдоогүй. Иймд түүний үйлдлийг ЭХТА-ийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэслэл болсон.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аюулыг урьдчилан сануулсан, болгоомжлуулсан ямар нэг журмыг хөнгөмсгөөр найдаж, эсхүл хайхрамжгүй хандаж зөрчсөн, үүний улмаас хүний амь нас хохирсон байх явдал гэж ойлгодог. Гэтэл шүүгдэгч П.Б-ын үйлдэлд аюулыг урьдчилан сануулсан, болгоомжлуулсан ямар нэг журмыг хөнгөмгөөр найдаж эсхүл хайхрамжгүй хандаж зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, харин шүүгдэгч Б- нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргаж, улмаар үнийг цохисон тэр л үйлдлийн улмаас хохирогч автомашины зорчих хэсэгт унаж, машинд дайрагдан амь насаа алдсан нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж болох хохирогчийг цохих үйлдлээ ухамсарлаж үүнийг хүсч үйлдэхдээ өөрийн үйлдлийн үр дагаварт хүний амь нас хохирох боломжтойг тухайлбал хэрэг гарсан газар орчин нь автомашины зорчих хэсэг, зогсоол, тэр хэсэгт тээврийн хэрэгсэл ойр ойрхон зорчиж байсан, мөн тэр хэсэгт хохирогч биеэ хамгаалах чадваргүй, гүн согтолттой байсан зэрэг байдлыг шүүгдэгч урьдаас мэдэж байсан хирнээ хохирогчийг цохисон, гэхдээ шүүгдэгч П.Б- нь хохирогчийн амь насыг хохироох гэсэн хохирол, хор уршгийг хүсээгүй байж болох боловч өөрийн үйлдлийн үр дагаварт хайхрамжгүй хандсан нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шүүгдэгчийн гэм буруугийн шууд бус санаа юм.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй хохирогчийн амь нас хохирсон үйлдэл нь шууд шалтгаант холбоотой гэдэг нь шүүхийн шийтгэх тогтоол, магадлал болон хэргийн бодит байдлаар тогтоогдож байна. Хэрэг авто замын зорчих хэсэг дээр гарсан байдаг. Иймд нөхцөл байдалд хүнийг цохих үед цаад хор уршиг нь юу байх вэ гэдгийг шүүгдэгч мэдэж байх ёстой. Санаатай байдлын үр дагаварт хайхрамжгүй байдлаар хандсан. Хор уршигт санаатай хүргэсэн гэх үйл баримт харагдаж байна. 2002, 2015 оны хуулиудыг харах юм бол шүүгдэгч нь хүний амь насыг санаатай хохироосон гэж үзэж байна. Хоёр хүн маргаж байхдаа нэгийгээ шатнаас цохиж унагаах үед доор нь том чулуу байж байгаад мөргөж, шат мөргөж нас барах үед шат, чулууг харж л байсан байж таараа. Үүнтэй адил шүүгдэгч цаана нь машин явж байсныг харсан. Хоёр шатны шүүх хэргийн субъектив байдлыг буруу үнэлснээс болж хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч П.Б-ын үйлдлийг ЭХТА-ийн 10.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Н.Б-гийн шүүгдэгч П.Б-оос гаргуулахаар нэхэмжилсэн хохирлоос өмгөөллийн хөлсөнд төлсөн 3.800.000 төгрөг, талийгаачийн оршуулгатай холбоотойгоор ажил явдлын үеэр үйлчилсэн машинуудад хийсэн бензиний үнэ нийт 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлахдаа хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь хохирогчийн төлөөлөгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн.
Магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-д заасныг үндэслэн “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, өөрийн эрхийн хүрээнд өмгөөлөгч сонгон авч хэлцлийн үндсэн дээр төлсөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Н.Б- нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон иргэний нэхэмжлэл гаргаж өмгөөллийн хөлсийг нэхэмжилсэн. ЭХХШТХ -ийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн нь шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Өмгөөллийн хөлс бол эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч байгаа эд хөрөнгийн зардал бөгөөд энэ хэргийн хувьд П. Б- энэхүү хэрэг үйлдээгүй бол Н.Б- өмгөөлөгч хөлслөн авах, өмгөөлөгчийн хөлс төлөх шаардлагагүй байсан энэ нь П.Б-ын үйлдэлтэй шууд холбоотой юм. Тиймээс өөрт үүссэн хохиролтой үр дагаврыг гэм буруутай этгээдэд хариуцуулахыг шаардах эрхтэй болно. Иргэний хуулийн 9.3, 9.4 дэх хэсэгт дээрх асуудлыг хуульчилсан. Учруулсан хохирлыг арилгах замаар иргэний хуулийг хэрэглэх боломжтой.
Иймд Иргэний хуулийн дээрх тул дээрх зохицуулалтыг үндэслэн Н.Б-гийн өмгөөлөгч нарт төлсөн хөлс 3.800.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Б-оос гаргуулахаар шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, мөн О, Г нар өөрийн автомашинаар талийгаачийн ажил явдлын үеэр үйлчилсэн нь нотлогддог тул бензиний үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өмгөөлөгч Дамбын гаргасан саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хэргийг болгоомжгүй гэж үзэж, болгоомжгүй гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон дүгнэлт хийсэн боловч дээрх үйл баримт нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг дүгнээгүй. Энэ гэмт хэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэрэг юм. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр илэрнэ. Хавтаст хэрэгт авагдсан гэрч О, О нар хэрэг үйлдэгдсэн талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч түүнийг цохисон үйлдлээрээ хор уршигт хүргэж байгаа үйлдэл нь бүрэн дүүрэн нотлогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг тохирох зүйл ангиар зүйлчилж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Үр дагаврын талаар яригдаж байна. П.Б- нь хохирогчийг цохисон, түлхсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Шинжээч уг үйлдлийг тогтоох боломжгүй байна гэсэн байдаг. Талийгаач болон шүүгдэгчтэй хамт байсан хүн энэ хоёр хүний дунд ямар нэгэн маргаан болоогүй, хэн хэнийгээ цохиж, түлхээгүй гэж мэдүүлсэн. Одбаяр гэж гэрч намайг дотогшоо ороод гараад ирэх үед энэ асуудал болсон байсан гэж мэдүүлсэн. Камерын бичлэгээр энэ цагаан машинд бууж байгаа хэн бэ гэж асуух үед би гэж хариулсан. Мэдүүлгийн эх сурвалжаа заасан байдаг. Мөрдөн байцаалтын явцад Одбаярын мэдүүлэг өөрчлөгдөж, би шилэн хаалганы цаанаас харсан, би гарч ирээд харсан гэх мэтээр зөрүүтэй болсон. Хамгийн сүүлд шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ таны анхны мэдүүлэг зөв үү сүүлд өгсөн мэдүүлэг зөв үү гэж асуухад анхны өгсөн мэдүүлэг зөв гэж тайлбар хэлсэн. Одбаяр хэрэг гарсан нөхцөл байдлыг харсан гэрч биш гэж үзэж байна. Бусад гэрчүүд талийгаачийг дайрсан жолооч болон машин дотор сууж явсан Оюунтүлхүүр нь хэн хэнийгээ цохиж байхыг хараагүй, хүчтэй ирж мөргүүлсэн гэж л хэлсэн байсан. Түүнээс П.Б- талийгаачийг цохисон гэх үйл баримт яригдаагүй. Архи ууж байсан хүмүүс талийгаач хойшоо саваад унасан гэж хэлдэг. Тойроод зогсож байсан саваад унасан гэж мэдүүлсэн. Мэдүүлэг нь өөрчлөгдөөгүй. Шинжээч цохиж зодсоноос болж нас бараагүй, дайрагдсаны улмаас нас барсан байна гэж дүгнэсэн. Бид дайрагдсаны улмаас нас барсан гэсэн байр суурьтай байсан. Хяналтын шатны шүүхэд үйлчлүүлэгчийн зүгээс гомдол гаргахгүй гэсэн байр суурьтай байсан. Хэргийн материалд хэргийн үйл баримт тодорхой байгаа” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн гэж үзэж байна. К.Бауиржан өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. П.Б- цохисон гэх үйл баримт хэрэгт байхгүй байна. Цагаан юм харагдсанаас хэн байсан гэдгийг тогтоож чадаагүй. П.Б- санаатай үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаанаас болж түүнийг цохиж, замын зорчих хэсэг рүү түлхэж, унаган амь насыг нь хохироосон болох нь камерын бичлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Харин хэргийг үйлдэхдээ санаатай үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна гэж үзээд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Өршөөл үзүүлэх хуульд хамруулсан нь үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй.
Өмгөөлөгчийн зардлыг хүлээн аваагүй нь үндэслэлтэй, шууд хохирол гэж үзэх боломжгүй.
Иймд тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Дамба, Д.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн П.Б-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч П.Б- нь 2015 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “Лакивер” рестораны өмнөх талбай дээр согтуурсан үедээ иргэн Г.Ж-тай маргалдаж, цохисны улмаас хохирогч авто замын зорчих хэсэг рүү унахдаа С.Х-н жолоодож явсан “Соната-5” маркийн 5408 УНЭ дугаартай тээврийн хэрэгсэлд дайруулж амь нас нь хохирсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, П.Б-ыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил хорих ял шийтгэж, уг оногдуулсан ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх П.Б-ын үйлдсэн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг тухайн гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй байх бөгөөд, харин энэ талаар дүгнэлт хийхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа гэж, түүнчлэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа заалтыг өөрчлөх нь зүйтэй байна гэж хууль зүйн буруу дүгнэлт хийсэн байгааг тэмдэглэж байна.
Учир нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь хууль хэрэглэх үндсэн зарчим байдаг, гагцхүү тухайн үндсэн зарчим зөрчигдөж болдог онцгой тохиолдол буюу шинээр батлагдсан хуулинд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээ байгаа бол тухайн хэм хэмжээг хэрэглэх тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ойлголт бий болдог. П.Б-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь хууль буцаан хэрэглэж байгаа үндэслэлд хамаарахгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгийг баримтлах шаардлагагүй харин уг хуулийн 1.8 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэх нь зөв юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзвэл, П.Б- амь хохирогч Б.Жаргалсайхан нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харилцан маргалдаж, хоорондоо барилцаж, ноцолдох явцад П.Б- нь хохирогч Г.Ж-ыг цохиход тэрээр хоёр машины дундуур замын зорчих хэсэг рүү хойш савж унасан, тухайн мөчид иргэн С.Х-н жолоодож явсан тээврийн хэрэгсэл хохирогчийг дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогджээ.
Амь хохирогч Г.Ж- замын зорчих хэсэг рүү унаж буй нь шүүгдэгч П.Б-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой боловч тэрээр үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу зогсоол дээрх автомашины хооронд ноцолдох явцдаа хажуугаар өнгөрөх автомашины хөдөлгөөний эрчим, хурдыг тооцоолж, хохирогчийг зориуд тээврийн хэрэгсэлд дайруулж амь насыг нь хохироосон гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэх гэм буруугийн шууд болон шууд бус санаа, сэдэлт, зорилго тогтоогдохгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх П.Б-од холбогдох хэргийн үйл баримтыг дүгнэхдээ хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдалд хандах хандлага, санаа зорилгыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоож, бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн хэлцлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Дамба, Д.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Дамба, Д.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН