Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0149/з |
Дугаар | 221/MA2017/0422 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 221/MA2017/0422
2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2017/0422 | Улаанбаатар хот |
Д.Бэлгүүний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Бэлгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баттулга нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Бэлгүүний нэхэмжлэлтэй, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0153 дугаар шийдвэрээр: “Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бэлгүүний Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэсанаа давж заалдах гомдолдоо: “Энэхүү захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23.3.2, 23.5, Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг. Д.Бэлгүүн нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр ажлаа тасалбар болгон тухайн сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотын Их сургуульд сурахаар явсан билээ. Тухайн үед төрийн сан хаасан, нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг олгохгүй байсан тул миний үйлчлүүлэгч үндсэн цалингаа болон буцалтгүй тусламжаа авч амжилгүйгээр явсан байдаг.
Ийнхүү тэрээр 2016 оны 12 дугаар сарын 30-нд Монголд ирээд дансаа шалгатал буцалтгүй тусламж огт ороогүй байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр асуудлыг тодруулах зорилгоор Замын-Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд өргөдөл гаргасан боловч тус өргөдлийн хариуд түүнийг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож дахин захирамж гаргасан болохыг мэдсэн болно.
Энэхүү захирамжаар түүнийг анх ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Бэлгүүнийг Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-ыг баримтлан чөлөөлж, буцалтгүй тусламжийг олгохооргүйгээр шийдвэрлэж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй байхаар үүрэг болгосон байна. Энэхүү захирамжид түүний бие туйлын гомдолтой байгаа бөгөөд захирагчийн шинээр гаргасан “Захирамжийг хүчингүй болгох тухай” энэхүү захирамж нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, буруу шийдвэр гаргасан гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн гаргасан Б/46 тоот захирамжийг хүчингүй болгуулж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн биелэлтийг хангуулж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ шүүгч Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-ыг баримтлан захирагч нь өөрийн гаргасан хууль бус захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн байгаа нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Учир нь хэрвээ Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгох гэж байгаа бол энэхүү захирамж нь гуравдагч этгээдийн эрх ашигтай холбоотой асуудлаар гаргасан шийдвэр байсан тул Д.Бэлгүүнд тус шийдвэрийг өөрчилж байгаа талаар урьдчилан мэдэгдэх үүргийг захирагч нь хүлээдэг билээ.
Гэтэл Б/35 дугаар захирамжийг өөрчилж байгаа талаар огт мэдэгдэлгүйгээр дур мэдэн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Ингэснээр манай үйлчлүүлэгч буцалтгүй тусламжаа авч чадахгүйд хүрэхээс гадна хамгийн чухал нь түүний нийгмийн даатгал тасалдсан явдал юм. Тэрээр өнөөдрийг хүртэл яахаа мэдэхгүй, нийгмийн даатгалаа өөрөө төлөх ёстой юм болов уу эсвэл байгууллага төлөх юм болов уу гэсэн асуудалтай тулгарч, нийгмийн даатгалын газар очиход шүүхийн шийдвэртэй байж нөхөн төлөлт хийх боломжтой гэсэн хариуг аваад байгаа юм.
Түүнчлэн энэ хүний нийгмийн даатгал нь тасалдаж байгаа нь түүний цаашдын амьдралд маш ихээр нөлөөлөх асуудал байхад энэхүү асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх тайлбарыг өгөх нь байтугай шүүх хурлын явцад хангалттай их ярилцсан асуудал байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй.
Энэхүү асуудал нь тухайн хүний эрх ашгийг туйлын хөндөж байгаа явдал болохыг шүүгч огтхон ч үнэлж үзээгүй байна. Түүнчлэн захирагч Б/35 дугаар захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.16-г баримталсан байдаг ба тус заалт нь “Ажлын албаны захиалгаар сургалтад хамрагдсан албан хаагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, байгууллага төлнө” гэж байдаг. Захирагч нь энэхүү заалтыг баримталж байгаа нь Д.Бэлгүүнийг ажлын албаны захиалгаар сургалтад явуулсан байгаа нь тодорхой харагдаж байна гэж үзэж байна. Гэтэл шүүгч сургалтын гэрээ байгуулах ёстой байсан боловч тийм гэрээ байхгүй байгаа тул захиргааны санаачилгаар докторантурт суралцуулахаар яваагүй өөрийн хүсэлтээр явсан байна гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь Д.Бэлгүүн нь БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж явсан тул захиргааны зүгээс нийгмийн даатгалаас өөр үүрэг хүлээх шаардлагагүй байсан тул сургалтын гэрээ байгуулаагүй юм гэдэг тайлбарыг өгдөг, тэр нь ч үнэний ортой байх гэж үзэж байна.
Мөн буцалтгүй тусламжийг олгох төсөв байгаагүй байхад ийм шийдвэр гаргасан байгаа нь хууль бус гэж үзэн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэх тайлбарт Д.Бэлгүүний зүгээс тухайн үед байгууллагын төсөв мөнгөний асуудлыг мэдэх эрх бүхий этгээд биш байсан ба захирагчийн гаргасан шийдвэрээс үзэхэд тухайн үед тийм боломжтой байсан болоод л тухайн шийдвэрийг гаргасан гэж харагдаж байна. Д.Бэлгүүнтэй ярилцахад тэрээр магадгүй манай байгууллага буцалтгүй тусламж гэсэн хэсэгт тодорхой мөнгө хуваарилаагүй байж болох юм. Гэхдээ цалингийн санд бол хангалттай мөнгө байгаа талаар манай нягтлан хэлж байсан гэдэг тайлбарыг өгдөг.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д төрийн жинхэнэ албан хаагчийн захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг заасны дотор 23.3.2-т гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон тохиолдлыг хамааруулжээ.
Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журам”-ын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан тушаалын 3 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байсан байгууллага нь олгоно”, болон тус чөлөөт бүсийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.16-д “Ажлын албаны захиалгаар сургалтад хамрагдсан албан хаагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байгууллага төлнө” гэж тус тус зааснаас үзвэл төрийн албан хаагчийн ажлын зайлшгүй хэрэгцээ, шаардлагын улмаас захиалгаар сургалтад хамрагдсан тохиолдолд захиргааны санаачилгаар түр чөлөөлж, улмаар түүнд мөнгөн тусламж болон суралцах хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөхөөр байна.
Нэхэмжлэгч Д.Бэлгүүний тухайд Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар 3 сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх сургалтад хамрагдсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, харин ч 2016 оны сургалтын төлөвлөгөө зэрэг баримтуудаар дээрх нөхцөл байдал нь үгүйсгэгджээ.
Дээрх байдлаас үзвэл захиргааны санаачилгаар бус өөрийн хүсэлтээр суралцахаар хүсэлтээ гаргасан ажилтанд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлж байхаар шийдвэрлэсэн Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 болон Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журам”, тус чөлөөт бүсийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.16 /Ажлын албаны захиалгаар сургалтад хамрагдсан албан хаагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байгууллага төлнө/ дахь заалтыг зөрчсөн байжээ.
Хариуцагч албан тушаалтан тухайн байдалд үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар өөрийн урьд гаргасан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 /Чөлөөт бүсийн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд уг захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өөрчлөх буюу хүчингүй болгоно/-д нийцсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны болон бусад асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР