Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00110

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Батзаяа,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Н.Чимэд-Очир,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нармандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цогзолмаа,
Шүүгдэгч Ц.Коля нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогзолмаагийн Коляд холбогдох эрүүгийн 201706000134 дугаартай 132/2017/00../Э индэкстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн 3-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогзолмаагийн Коля /РД:ГИ01320136/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Коля нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 108 тоот өрөөнд тус сургуулийн сурагч Н.Чимэд-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, духан тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Колягийн өгсөн:
гэх мэдүүлэг, Хохирогч Н.Чимэд-Очирийн өгсөн:
гэх мэдүүлэг,
201706000134 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Н.Чимэд-Очирын өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 05-ны 11 цагийн үед Нийгмийн ухаан нэртэй хичээл орж байсан, тухайн үед багш байхгүй өөр ангид хичээл орж байсан. Тэгээд Коля миний сууж байсан салааны хамгийн урд сууж байгаад миний урдаас бургасны мөчрийг жижиглэж байгаад шидээд байхаар нь би Коляг “боль” гэж 2-3 удаа хэлсэн. Тэгсэн болихгүй шидээд байхаар нь “боль” гэж хэлээд урдаа байсан номоо Коляр уу шидсэн чинь Колягийн биеийг нь оносон. Тэгсэн Коля бас зөрүүлээд миний шидсэн, номыг аваад буцаагаад надруу шидсэн тэр ном нь миний биеийг оносон, би тэгэхээр нь зөрүүлээд номоо шидсэн чинь Коля миний сууж байсан ширээний урд талд ирээд баруун хөлөөрөө миний зүүн гуяруу нэг удаа өшиглөхөөр нь би босоод Колягийн өмсөж явсан цамцны захаас бариад авсан Коля миний өмсөж явсан цамцны захаас бас заамдаж авсан тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан Маргалдаж байх үед Коля баруун хөлөөрөө миний цавьруу өшгилөхөөр нь би баруу гараараа цохих гэсэн чинь манай ангийн Төмөрсүх миний гарыг бариад “та 2 боль” гэж хэлэхээр нь би Төмөрсүхийг миний гарыг тавь гэж хэлчихээд Коля руу харсан чинь Коля миний дух руу баруун гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Коляагийн зүүн талын чихнийх нь доохон нэг удаа цохисон. Тэгээд Төмөрсүх надруу хараад “чиний дух чинь цаашаа орчихлоо” гэж хэлэхээр нь Төмөрсүх Долгион нарын хамтаар сургуулийн эмч Ганчимэг дээр очин үзүүлсэн чинь дух чин цөмөрсөн найна чамайг хэн цохьсон юм гэж асуухаар нь Коля цохьсон гэдгийг хэлсэн чинь эмч Коляг дуудаад Коляагийн хамт сумын эмч дээр цуг очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Долгионы өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10 цаг 20 минутын үед ангид Коля, Энхбаяр хоёр модны мөчир барьж орж ирсэн. Тэгээд ангийн хүүхдүүд рүү жижиглэж байгаад шидээд байсан. Тэгтэл хичээл орж байсан багш Мөнхцэцэг “боль” гэж хэлсэн. Тэгснээ модоо бүгдийг нь хугалах гэж байгаад больсон. Тэр үед Мөнхцэцэг багш хоёр ангид зэрэг хичээл орж байгаа гээд гарч явсан. Тэггэл тэр хоёр ахиад модоо жижиглээд ангийн хүүхдүүд рүү шидээд байсан, гэтэл Чимэд-Очирыг хичээлээ хийж байхад нь Коля мод шидсэн. Тэгтэл Чимэд-Очир болио ч гэж хэлэхэд дахин мод шидтэл Чимэд-Очир зөрүүлээд ном шидсэн. Тэгтэл Коля номыг нь барьж аваад зөрүүлээд Чимэд-Очир руу шидсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаж байгаад заамдалцаад авсан. Тэгснээ ангийн хойд талд очсон. Тэр үед нь манай ангийн Энхбаяр бид хоёр хараад сууж байхад Коля Чимэд-Очирыг толгойн тус газарт нь цохиод авсан. Тэгэхээр нь Энхбаяр, Төмөрсүх бид гурав очиж салгасан. Тэгтэл Чимэд-Очирын толгой нь дотогшоо хонхойсон байсан. Бид гурваас өөр манай ангийн хүүхдүүд зодоон хийж байхыг харж чадаагүй, тэр хоёр ангийн хойд талд зодоон хийсэн юм, бусад хүүхдүүд урагшаа хараад сууж байсан. Тэгэхээр нь Төмөрсүх бид хоёр сургуулийн эмч дээр Чимэд-Очирыг дагуулж очоод эмчид үзүүлсэн ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Х.Төмөрсүхийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 7 хоногийн 5 дахь өдрийн хичээлийн 3-р цагийн Мөнхцэцэг багш орж байсан юм. Тэгтэл Мөнхцэцэг давхар нөгөө ангид хичээл орж байгаа гээд гарч явсан. Тэгтэл багшаас чөлөө аваад гарсан Коля, Энхбаяр гаднаас орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ жижиг модны мөчир барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр мөчрөө хугалаад хүүхдүүд рүү шидээд байсан. Тэгээд Чимэд-Очир руу модны мөчрөө Коля шидээд байсан чинь Чимэд-Очир уурлаж дургүйцсэн. Тэгээд хэсэг байж байснаа хажууд байсан номоос Коля руу шидсэн. Тэггэл нуруу хавьцаа нь оносон. Хоорондоо маргалдаад шууд заамдалцаж аваад ангийн хойшоо очсон. Тэгээд эхлээд Коля хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Чимэд-Очир зөрүүлээд цохисон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгах гээд хоёулангийх нь баруун гарыг бариад зогсож байхад Коля зүүн гараараа Чимэд-Очирын толгойд нь цохисон. Тэгэхээр нь манай ангийн 2 хүүхэд ирээд салгасан. Тэгээд байж байхад Долгион Чимэд-Очироо чиний дух чинь яасан юм бэ гэж асуусан. Тэгтэл Чимэд-Очирын дух нь цөмөрсөн юм шиг байсан. Ингээд Долгион, бид 2 Чимэд-Очирыг сургуулийн эмчид үзүүлэхээр авч явсан. Тэгээд сургуулийн эмч шууд сумын эмнэлэгт үзүүлэхээр авч явсан ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
Гэрч Н.Эрдэнэбаатарын өгсөн: Би тухайн үед сургууль дээрээ байгаагүй. Албан ажпаар Булган аймагт явж байсан юм. Тэгээд хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа сургууль дээрээ ирж энэ талаар сонсож мэдээд тухайн ангийн камерын бичлэгийг шүүж үзэхэд ангийн хойд хэсэгт Ш.Коля нь Чимэд-Очирыг гараараа цохиж байгаа бичлэг байсан. Тухайн камерын бичлэг дуу хураадаггүй учраас юу яриад яагаад зодоон хийх болсныг нь мэдээгүй. Ямар ч байсан камерын бичлэгт Чимэд-Очир нь дзвтэр шидэхээр нь Коля буцаагаад шидэж байгаа бичлэг байсан. Түүнээсээ болоод хоорондоо заамдалцаж аваад Коля нь цохиж байсан. Тэгээд ангийх нь хүүхдүүд очиж салгаж байгаа нь харагдсан. Энэ бичлэгийг нь шүүж үзэж байсан. Миний мэдэх зүйл ийм байна. Өөр ямар нэгэн мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/, Насанд хүрээгүй гэрч Г.Энхбаярын өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Мөнхцэцэг багш Нийгмийн ухаан нэртэй хичээл орж байсан. Тэгээд би бие засмаар санагдаад Колягийн хамт багшаас зөвшөөрөл аваад ангиас гараад бие засчихаад орж ирэхдээ Коля сургуулийн үүднээс нэрсний модны мөчир аваад анги руу орсон. Тэгээд ангидаа сууж байсан чинь хичээл орж байсан Мөнхцэцэг багш манай ангиас өөр ангид цуг хичээл орж байсан болохоор нөгөө ангид хичээл заах гээд гарахдаа “Коля наа модоо хая” гэж хэлсэн чинь Коля модоо хугалаад хаясан чинь багш ангиас гараад явсан. Коля дахин модоо аваад жижиглэн хугалж байгаад 3-р салааны эхнээсээ 3 дахь ширээнд Чимэд-Очир сууж хичээлээ хийж байхад нь Коля жижиглэн хугалсан модоо шидсэн чинь Чимэд-Очир Коляг “болиоч” гэж хэлсэн чинь Коля дахин мод шидсэн чинь Чимэд-Очирын ном нь дээр нь оносон чинь Чимэд-Очир номоо Коля руу шидсэн чинь ном нь Колягийн нуруун дээр нь оносон. Тэгсэн чинь Коля шидсэн номыг нь зөрүүлээд шидээд Чимэд-Очир дээр очиж байсан. Тэгээд Чимэд-Очир суудал дээрээсээ босоод Колягийн энгэр дээрээс нь барьж авч байсан, аль гараараа барьсаныг сайн санахгүй байна. Тэгээд Чимэд-Очир Коляг түрээд ангийн хойд хэсэгрүү аваачсан.Тэгтэл Коля Чимэд-Очирын хөлрүү 2 удаа өшиглөхөд нь Чимэд-Очир Коляг гараараа нүүрэн хэсэгт цохьсон яг хаана нь цохьсон гэдгийг сайн санахгүй байна. Тэгтэл Коля зөрүүлээд Чимэд-Очирын дух руу зүү гараараа нэг удаа цохьсон чинь манай ангийн Төмөрсүх, Долгион нар нь Чимэд-Очир Коля нарыг салагаад Долгион Чимэд-Очирыг чиний дух чинь яасан юм гэж асуусан би тэгэхээр нь очиж харсан чинь Чимэд-Очирын дух нь хонхойсон байсан. Тэгээд Чимэд-Очир сургуулийн эмч рүү Төмөрсүх, Долгион нарыг дагуулан үзүүлэх гээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,
Гэрч Б.Ганчимэгийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10 цаг 37 минутын үед сургууль дээрээ ажил дээр байж байхад Чимэд-очир гээд 10 А ангийн сурагч толгойгоо бариад үзүүлмээр байна гээд, духаа гараараа дараад орж ирсэн. Тэгэхээр нь би толгойг нь үзсэн чинь зүүн талын хөмсөгний дээд хэсэгт хонхойсон байдалтай байсан. Тэгэхээр нь би “юу болсон” талаар асуухад манай ангийн Коля цохисон гэж хэлсэн. Тэгээд толгойг нь сайн харсан чинь толгой нь дотогшоо цөмөрсөн харагдсан. Тэгэхээр нь би сумын эрүүл мэндийн төв рүү дагуулж очоод үзүүлэх гээд ерөөнөөсөө гарсан чинь үүдний коридорт Коля зогсож байхаар нь эмнэлэг рүү хамт дагуулж явсан. Тэгээд сумыи их эмч Оргилд үзүүлсэн чинь дух нь дотогшоо цөмөрсөн байна гэсэн. Тэгээд Колягаас юугаар яаж цохисон талаар асуухад гараараа цохисон гэж хэлсэн. Ийм л зүйл болсон юм. Тэгээд хоёр хүүхдийн ар гэрийн хүмүүст мэдэгдэх арга хэмжээ авсан. Сумын их эмч Оргил 13 А маягт бичиж өгөөд Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
Гэрч Б.Оргилын өгсөн: Би Чимэд-Очир гэж хүүхдийг үзэж байсан. Тухайн үед сургуулийн эмч багш нь Чимэд-Очир гэх хүүхдийг ангийнх нь хүүхэд зодоод толгойг нь гэмтээсэн гэж хэлээд ирж үзүүлж байсан. Намайг үзэхэд биеийн байдал дунд зэрэг, ухаан саруул, орчиндоо харьцаатай, амин үзүүлэлт хэвийн, духны яс нь цөмөрсөн, толгой нь өвдсөн гэсэн зовиуртай үзүүлж байсан. Өөрөөр биед нь ил харагдах шарх, гэмтэл байхгүй байсан. Тэгэхээр нь би ар гэрээс нь дуудаад 13 А маягт бөглөж өгөөд эрүүл мэндийн картын дэвтэр дээр үзлэгийн оношоо бичиж өгөөд Эрдэнэт орж толгойн зураг авхуулж, гэмтэл болон мэс заслын эмчид үзүүлээрэй гэж хэлээд явуулж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэбаатарын өгсөн: 2017 оны 5 дугаар 05-ны 11 цагийн үед манай ангид Мөнхцэцэг багш хичээл орж байсан. Энэ үед манай ангийн Энхбаяр, Коля нар бие заслаа гээд ангиас гарсан. Орж ирэхдээ Коля нарийн мод барьж орж ирсэн, тэгээд ангийн хүүхдүүд рүү жижиглэж хувааж байгаад шидээд байсан. Тэгэхэд багш “наа модоо хая” гэж хэлсэн. Тэгтэл Коля тэр модоо гараараа хугалаад байсан. Тэгтэл багш өөр ангид давхар хичээлтэй гээд гараад явсан. Багш гарч явсны дараа Коля тэр хугалсан моднуудаа хүүхдүүд рүү дахиад шидээд эхэлсэн. Тэгээд Чимэд-Очир рүү шидэхэд тэрээр уурлаад зүгээр байгаа ч гэж хэлсэн. Тэгтэл Коля ахин мод түүнрүү шидсэн. Үүнд нь Чимэд-Очир зөрүүлээд Коля руу хажууд байсан номоо шидсэн, тэгтэл Коля номыг нь барьж очоод толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд Чимэд-Очир босч ирээд тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. Коля түүний хөлрүү 2 удаа өшиглөөд дараа нь гэдэс рүү нь нэг удаа өвдөглөсөн. Тэгэхээр нь Чимэд-Очир Колягийн толгой хэсэг рүү нь нэг удаа баруун гараараа цохисон, тэгтэл Коля Чимэд-Очирын дух руу нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгтэл манай ангийн Долгион хөөе больцгоо гэж хэлэээд салгасан. Тэгээд Чимэд-Очирын духыг нь харахад сонин хавдсан байхаар нь дух чинь сонин болсон байна ш дээ гэж хэлж байсан. Тэгээд Долгион, Төмөрсүх 2 Коля Чимэд-Очир хоёрын дундуур орж салгаж сургуулийн эмч рүү үзүүлэхээр авч явсан. Тэгээд Коляг Энхбаяр цааш нь татаж аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,
Сэжигтэн, яллагдагчаар Ц.Колягийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манай ангид Мөнхцэцэг багш Нийгмийн ухааны хичээл орж байсан. Би бие засмаар санагдаад байхаар нь би багшаас зөвшөөрөл аваад Энхбаярын хамт бие засах гэж гараад бие засчихаад хичээлдээ иргэж орж ирэхдээ модны мөчир сургуулийн урд талд байхаар нь нэг мөчрийг барьж ороод ангидаа ортол Мөнхцэцэг багш наад мөчрөө хая гэж хэлэхээр нь би хогийн савны хажууд хаячихаад өөрийн ширээн дээр сууж байсан. Багш өөр ангид давхар хичээл орж байгаа гээд нөгөө ангид хичээл орох гээд ангиас гараад явахаар нь би хогийн савны хажууд хаясан мөчрөө аваад өөрийн ширээн дээрээ сууж байгаад жижиглэн хугалаад ангийнхаа хүүхдүүд рүү шидэж тоглож байгаад ангийн самбарын урд талд гарч ирээд Чимэд-Очир руу шидсэн чинь Чимэд-Очир уурлаад миний урдаас урдаа байсан номоо шидэхээр нь би хажуу тийшээ болсон чинь миний нуруунд оносон. Тэгэхээр нь би тэр номыг зөрүүлээд Чимэд-Очир руу шидсэн чинь ширээг нь оносон. Тэгтэл Чимэд-Очир тэр номыг аваад миний урдаас дахин шидэхээр нь номыг аваад Чимэд-Очирын сууж байсан ширээн дээр очоод би ямар чамайг мод шидээд оносон юмуу гэж хэлсэн чинь Чимэд-Очир сандал дээрээс босоод намайг чи өөрөө зүгээр байгаа ч гэж хэлсэн. Тэгээд Чимэд-Очир миний өмсөж явсан хувцасны энгэрээс зүүн гараараа заамдаад намайг ангийн хойд талын тавиур руу түрээд байхаар нь баруун хөлөөрөө Чимэд-Очирын баруун хөл рүү 2 удаа өшиглөсөн чинь Чимэд-Очир миний зүүн чихний ард руу нэг удаа баруун гараараа цохихоор нь би зүүн гараараа дух руу нь нэг удаа цохьсон.Гэтэл Төмөрсүх бид хоёрыг салгаад Энхбаяр “та 2 боль боль” гэж хэлсэн. Тэгтэл Долгион Чимэд-Очирыг “чиний дух чинь хонхойсон байна” гэж хэлээд Долгион Чимэд-Очирыг сургуулийн эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй эмч намайг дуудаад очсон чинь Чимэд-Очирын дух нь цөмөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-66-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №6217 тоот
1. Н.Чимэд-Очирын биед духны ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн үед үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 52-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-р тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/, гэмт хэргийн талаархи өргөдөл гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 3-р тал/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тогтоол /хх-ийн 4-р тал/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, баримтууд /хх-ийн 16-33-р тал/, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 34, 63-р тал/, хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлт /хх-ийн 116-р тал/, яллагдагчийн хувийн байдлын талаарх сургуулийн тодорхойлолт /хх-ийн 117, 119-122-р тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118-р тал/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 46-57-р тал/, хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 59-61-р тал/, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 62-63-р тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Коля нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн 108 тоот өрөөнд тус сургуулийн сурагч Н.Чимэд-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, духан тус газарт нь цохиж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Чимэд-Очир, гэрч Э.Долгион, Х.Төмөрсүх, Н.Эрдэнэбаатар, Г.Энхбаяр, Б.Ганчимэг, Б.Оргил, М.Эрдэнэбаатар, Ц.Гүррагчаа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Шүүгдэгч Ц.Коляг бусдын бие махбодийг гэмтээж, амь насанд аюултай байдалд хүргэсэн дээрхи үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Коляг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Коля нь өөрийн гэм буруутай үйлдлийнхээ улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хавтаст хэргийн 37 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ц.Коляд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах нь зүйтэй үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Коля нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Цогзолмаагийн Коляг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Коляг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Коляд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Колягаас 770000 /долоон зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Чимэд-Очирт олгосугай.
5. Шүүгдэгч Ц.Коля нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Ц.Коляд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд дөхөм үзүүлж, хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Булган аймгийн Цагдаагийн газар, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цогзолмаа нарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Колягийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД