Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар  184/ШШ2024/02189

 

 

 

 

 

2024 оны өдөр

сар 24 р 184/ШШ2024/02189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газар /РД: ***/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, Партизаны гудамж

Хариуцагч: **** **** *** /******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ****-р хороо, ***-р гудамж, 9 тоот.

Хариуцагч:****** ХХК /РД: ****/. Хаяг: Баянгол дүүрэг, **-р хороо, **-р хороолол, **-р байр, ***тоот

176,522,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хариуцагч***** ****н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*****, хариуцагч ****төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: **** нь Онцгой байдлын Ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 90 дүгээр гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн гэрээг сунгаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар гэрээний дагуу улсын нөөцөд 2013 онд бүртгүүлсэн Солонгос улсад үйлдвэрлэсэн хуурай сүүг сэлгэн шинэчлэхтэй холбогдуулан нэг килограммыг 5,900 төгрөгөөр тооцож нийт 177,000,000 төгрөгийн хуурай сүүг сэлгэн шинэчлэх нөхцөлтэйгөөр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаан төлж гэрээг дүгнэхээр тохиролцон Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбараас хүлээн авсан. **** ХХК-ийн захирал **** нь тус компанийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн **** худалдаж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн ****худалдаж компанийн нэрийг **** ХХК болгосон байна. Онцгой байдлын ерөнхий газраас иргэн *****гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, уулзаж 2020 оны 5 дугаар сард төлбөрийг барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна. Тиймээс гэрээгээр олгосон хуурай сүүний төлбөр 117,681,400 төгрөг, алданги 58,840,700 төгрөг, нийт 176,522,100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй байна. Юуны мөнгө шаардаад байгаа нь тодорхой бус байна. Тухайн нэхэмжилж байгаа үнийн дүнг хэр хэмжээний хуурай сүүний мөнгө болох талаарх хэмжээ тодорхойгүй байна. 88 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй гэж байгаа боловч гэрээг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Дуусах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж заасан. Нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байх тул гэрээ байгуулагдсанаас хойш 4 жил болсон учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэг шаардсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хоёрдугаарт хавтаст хэрэгт авагдсан хуурай сүүний хэрэглэх хугацаатай холбоотой шинжилгээний дүнгээр хуурай сүүний хүчинтэй байх хугацаа дууссан гэж бичсэн байна. Хуурай сүүний хэрэглэх хугацаа 2 жил байдаг. Энэ хэрэглэх хугацаа 2017 оны 2 дугаар сард дууссан байхад 2017 оны 6 дугаар сард гэрээ байгуулаад хуурай сүүг өгсөн байх тул энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй үзэж байна. 88 тоот гэрээг хийх ёсгүй байсан. Хугацаа дууссан зүйлийг зарж борлуулах гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэ хэлцлийн дагуу мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусна гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан Мөн гэрээнд чанаргүй, хугацаа нь дууссан бараа материалыг дурдсан ба захиалагч талд чанарын шаардлага хангаагүй буюу нийлүүлсэн тохиолдолд шинэчлэгч талд барааг буцаах эрхтэй гэж заасан. Буцаан олгосон шинэчилж өгсөн 10 тонн хуурай сүү байгаа, баримт нь хэргийн материалд авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч *****ХХК-ийн төлөөлөгч Г****** тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарын дагуу **** ХХК-ийг ****худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдан авч **** ХХК нэрээр гурван сар үйл ажиллагаагаа явуулж байсан талаарх баримт байдаг. ***** ХХК-ийн талаар өр төлбөртэй гэдгийг хэлээгүй, мэдээгүй. Уг компани өр төлбөртэй гэдгийг мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2 дугаарт эрх шилжүүлэгч нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан тохиолдолд учирсан хохирлыг бүрэн хариуцна гэсэн заалтын дагуу **** хариуцагчаар оролцуулах үндэслэлтэй байна. **** намайг хариуцагчаар татан оролцуулж байгааг болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээ, барааны хуваарийн хуулбар, улсын нөөцөөс бараа материал гарах зөвшөөрлийн хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 6, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрүүдийн бараа материал оруулах зөвшөөрлийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албан бичгийн хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн бараа материал гаргах зөвшөөрлийн хуулбар, зарлагын падааны хуулбар, тооцооны үлдэгдлийг баталгааны хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн улсын нөөцөөс бараа материал хүлээлгэн өгөх актын хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн бараа материал оруулах зөвшөөрлийн хуулбар, Эрүүл ахуй нян судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгийн хуулбарууд, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн улсын нөөцөд бараа, материал худалдан авах гэрээний хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээний хуулбар, хуурай сүүний гарал үүслийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн бараа материал гаргах зөвшөөрлийн хуулбар, зарлагын баримт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаар улсын нөөцийн бараа материалыг сэлгэн шинэчлэх гэрээний хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн бараа материалыг оруулах зөвшөөрлийн баримтуудын хуулбар, бүртгэлийн дэвтрийн хуулбар, Хүнсний нөөцийн салбарын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12/30 дугаар албан бичгийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хамтран ажиллах хүснэгтийн хуулбар, **** ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, орлогын баримтын хуулбар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/106 дугаар тушаалын хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 дугаар тушаалын хуулбар, Чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 8/1074 дугаар мэдэгдэл,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ***гар бичмэл, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн орлогын баримт, Golden milk брэндийн танилцуулга, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 6 дугаар сарын 5, 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ***** ХХК-ийн дүрмийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээнүүдийн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх, компанийг худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар, ***** ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний хуулбар, компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас **** ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм,

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

***р /ОБЕГ/ нь Ч***** гэрээний үүрэгт 176,522,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **** ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэлийг шаардлагыг хамтран хариуцуулахаар шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ОБЕГ нь *****ХХК-тай /захирал нь *****/ 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 88 дугаартай Улсын нөөцийн бараа материалыг сэлгэн шинэчлэх гэрээ байгуулжээ.

Гэрээгээр шинэчлэгч тал /***** ХХК/ нь нэг бүр нь 5,9000 төгрөгийг үнэтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн, 30,000 кг хуурай сүүг захиалагч талаас хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор адил чанар тоо хэмжээ бүхий хуурай сүүг буцаан нийлүүлэх, хугацаандаа нийлүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 17/

Гэрээ байгуулсан, *****ХХК-ийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан, 30,000 кг хуурай сүү хүлээн авсан тухайд хариуцагч *9***** маргахгүй, харин хуурай сүүний хугацаа дууссан, буцаан өгөх гэхэд захиалагч тал аваагүй, **** ХХК-ийн хувьцаа, болон эрхийг бусдад шилжүүлсэн тул хариуцахгүй гэж маргасан.

***** ХХК-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2008.11.24-2019.03.28-ныг хүртэл ****, 2019.03.26-2020.01.22-ыг хүртэл *** 2020.01.22-ноос **** байгаа бөгөөд 2020.01.20-ны өдрөөс нэрээ***с ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн байна. /хх-ийн 54/

Нэхэмжлэгч байгууллага****ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацааны тооцоог тус тус нийлж **** ХХК 19,946 кг хуурай сүү буюу 117,681,400 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулжээ. /хх-ийн 15, 16/

**** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч ОБЕГ-т 29,523,600 төгрөгийн үнэ бүхий 5004 кг хуурай сүү, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 29,500,000 төгрөгийг үнэ бүхий 5000 кг хуурай хүлээлгэн өгсөн нь баримтаар болон хуурай сүү нийлүүлэх хугацааг сунгаж өгөхийг хүссэн **** ХХК-ийн захирал ****өргөдлөөр тогтоогдоно. /хх-ийн 14, 15, 62/

****ХХК-ийн захирал *****2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 27 дугаартай Улсын нөөцийн бараа материалыг сэлгэн шинэчлэх гэрээ байгуулан гэрээ байгуулан БНСУ-д үйлдвэрлэсэн нийт 177,000,000 төгрөгийн үнэтэй /1 кг нь 5900 төгрөг/, 30,000 кг хуурай сүүг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн дотор сэлгэн шинэчлэхээр тохиролцож, 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 30,000 кг хуурай сүүг нийлүүлсэн байна. /хх-ийн 120-128/

Өөрөөр хэлбэл ****ХХК нь нэхэмжлэгч ОБЕГ-тай хуурай сүү сэлгэн шинэчлэх талаар хамтран ажиллаж байсан ба хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн хуурай сүүг авч, шинээр адил чанар бүхий хуурай сүү нийлүүлэх нь компанид ямар ашигтай байсан талаар тайлбар гаргаагүй.

Хариуцагч ***н нэрээр 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр **** ХХК-тай 06/MLK/SAL/47 тоот зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээгээр *** нэрийн хуурай сүүг 1 кг-ийг нь 3,900 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, энэхүү брэндийн хуурай сүүг ОБЕГ-т нийлүүлсэн нь тогтоогдсон. /хх-ийн 92/

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр худалдан авагч нь худалдагч талд авсан бараатайгаа адил тоо, чанар бүхий бараа нийлүүлэх, эсхүл мөнгөн хэлбэрээр үнийг нь төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч хэдийгээр нэхэмжлэгч талаас чанар муутай, хугацаа нь дууссан буюу дуусах дөхсөн хуурай сүү авсан гэж тайлбарлах боловч гэрээгээр илэрхийлж байгаа талуудын хүсэл зориг нь хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн хуурай сүүг худалдагчаас авч борлуулах, шинээр адил чанар бүхий хуурай сүү нийлүүлэх агуулгатай байна.

ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хадгалагдаж байсан хуурай сүү нь эрүүл мэндийн шаардлага хангасан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээ болон үйлдвэрлэгч орны эрүүл ахуй, чанарын гэрчилгээнд зохих шинжилгээгээр хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой гэж дүгнэгджээ. /хх-ийн 130, 152/

Хариуцагч ***д нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэгч ОБЕГ-т хандан өргөдөл гаргаж өөрийн үүсгэн байгуулсан **** ХХК-ийг хэрчсэн гурилын цехийн хамт бусдад худалдсан тул гэрээний хариуцлагыг өөрийн биеэр хариуцах, мөн хуурай сүү нийлүүлэх хугацааг 6 сараар сунгахыг хүсэж байснаас үзэхэд авсан барааны чанарын тухайд маргаагүй /доголдолгүй/ гэж үзнэ.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахаа илэрхийлсэн, нэхэмжлэгчээс түүнийг эрэн сурвалжлуулахаар 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан байна. /хх-ийн 62, 64, 142/

Хариуцагч**** ХХК-ийн захирал ****2020.01.22-нд компанийн хувьцаа, эрхийг шилжүүлсэн авсан, бусдад өр төлбөртэй эсэхийг нь тухайн үед мэдэх боломжгүй байсан тухайд тайлбарласан, мөн 2020.06.17-нд нэхэмжлэгч байгууллагад хандан бичгээр тайлбар гаргасан тухайд маргаагүй.

Хариуцагч **** нэхэмжлэгч ОБЕГ-тай **** ХХК-ийн захирлын хувьд оролцож гэрээ, хэлцэлд гарын үсгээ зурж байсан гэж тайлбарласан ба компанийн нэр, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь тухайн хуулийн этгээдийг өмнө байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Компанийн тухай хуулийн 3 дугаар 3.1, 3.2 дахь хэсгүүдэд хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэх, хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй гэж заасан.

Нэхэмжлэгч ОБЕГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр хуваарилаагүй, **** /хуучнаар **** / ХХК-д хамтран хариуцуулахаар нэхэмжилсэн, үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн, гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 332.6 дахь хэсгүүдэд анзын гэрээ, анзын хэмжээний талаар зохицуулсан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.5 дахь хэсэгт алданги тооцох талаар тохиролцсон хэдий ч гэрээг талууд харилцан тохиролцож сунгасан, мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцож байсан нь тогтоогдох бөгөөд алдангийг үндсэн гэрээнд зааснаар тооцох хүсэл зоригтой байсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийг гэрээний дагуу хуурай сүү нийлүүлэх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул үүргийг гэрээний 3.1.4 дэх хэсэгт тохиролцсоны дагуу мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч **** ХХК-иас гэрээнд заасны дагуу нийлүүлэх байсан 19,946 кг хуурай сүүний үнэ 117,681,400 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгч ОБЕГ-т олгож, нэхэмжлэлээс алданги 58,840,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 117,681,400 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу ***с 58,840,700 төгрөг, ****ХХК-иас 58,840,700 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ОБЕГ-т олгож, нэхэмжлэлээс 58,840,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.13, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг баталж, хариуцагч **** 373,178 төгрөг, хариуцагч **** ХХК-иас 343,178 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ