Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00058 |
Дугаар | 147/ШШ2024/00082 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 147/ШШ2024/00082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Нарлаг хорооллын 109 тоотод оршин суух Ооёо овогт *******ийн,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1989 оны 11 дүгээр сараас 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа туслах аж ахуйн ангид УАЗ-452 маркийн 14-48 СҮҮ машины жолоочоор ажилласан. Манай анги нь Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа гуанзнуудын мах, сүүг бэлтгэх ажлыг хийдэг байсан. Энэ анги зах зээлд шилжих үед нэршил нь олон удаа өөрчлөгдсөн. 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Эд хэрэглээний хөдөлмөр хоршоо болсон. Би энэ хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал тус хоршоонд жолоочоор ажилласан.1991 оны 12 дугаар сараас 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах машинистаар ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн.
Иймд миний 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа туслах аж ахуйн ангид жолоочоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн эд хэрэглээний хөдөлмөр хоршоонд жолоочоор, 1991 оны 12 дугаар сараас 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах машинистаар тус тус ажиллаж тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хэрэглээний хоршооны үнэмлэх, Түлш Эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/20 тоот цалингийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.У, Х.Н, Ч.Ц, Б.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа туслах аж ахуйн ангид жолоочоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн эд хэрэглээний хөдөлмөр хоршоонд жолоочоор, 1991 оны 12 дугаар сараас 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах машинистаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Ооёо овогт ******* нь 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эд хэрэглээний Хөдөлмөр хоршоонд жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт зуухны туслах машинчаар /галчаар/ тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, *******ийн Хэрэглээний хоршооны үнэмлэх, Түлш Эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар тушаалын хуулбар *******ийн ажлаас чөлөөлөгдсөн бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/20 тоот цалингийн лавлагаа /*******ийн ажлаас чөлөөлөгдсөн бичилт бүхий/,
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “....Худалдааны трестийн харъяа Хэрэглээний хоршоо нь байгууллага дундын нэгдсэн аж ахуй нэртэй байгуулагдаж дарга нь Шаалуу гэдэг хүн ажиллаж байсан. Энэ байгууллага нь туслах аж ахуйтай байсан. Гахай, тахианы фермтэй, үхрийн ферм нь аймгаас баруун тийш “Цагаан чулуут” гэдэг газарт байсан. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээний зах гэж байсан. Энэ контор нь сумдаас цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн авчирч зах зээл борлуулдаг байсан. Явцын дунд нэршил нь өөрчлөгдөөд захын контор, нэгдсэн туслах аж ахуй хоёр нь нэгдээд “Хөдөлмөр хэрэглээний хоршоо” болж өргөжөөд нэршил нь өөрчлөгдсөн. Даргаар нь Халзан сумын нэгдлийн дарга байсан Мажигсүрэн гэдэг хүн ажиллаж байсан. ******* нь 1989 оны намар тус хоршоонд УАЗ-452 маркийн 14-48 СҮҮ машины жолоочоор ажилд ороод 1991 оны 12 дугаар сард хүртэл хоёр жил гаруй хугацаагаар ажиллаад машиных нь норм хугацаа дуусаад машин актлагдаад Өлзийхутаг нь ажлаасаа гарч байсан. Би Хөдөлмөр хэрэглээний хоршоонд 1989-1993 онуудад туслах ажилчин, сахиул зэрэг ажлыг хийж байсан. Тийм болохоор *******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.У-ын шүүхэд өгсөн: “...Худалдааны трестийн харъяа Шаалуу даргатай Захын контор, Нэгдсэн туслах аж ахуй нэртэй байгуулагдаад намайг 1980 онд бичээч, бичиг хэрэг, аж ахуйн нярваар ажилд ороход байгуулагдсан байсан. Энэ байгууллага нь мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээний зах гэж байсан. Энэ контор нь сумдаас цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн авчирч зах зээл борлуулдаг байсан. Явцын дунд энэ конторын нэршил нь өөрчлөгдөөд захын контор, нэгдсэн туслах аж ахуй хоёр нь нэгдээд “Хэрэглээний хоршоо” болж өргөжөөд нэршил нь өөрчлөгдсөн. Даргаар нь нь Мажигсүрэн гэдэг хүн ажиллаж байсан. ******* нь 1989 оны намар тус хоршоонд УАЗ-52 машины жолоочоор ажилд ороод 1991 оны 12 дугаар сард хүртэл хоёр жил гаруй хугацаагаар ажиллаад машиных нь норм хугацаа дуусаад машин актлагдаад Өлзийхутаг нь ажлаасаа гарч байсан. Би хэрэглээний хоршоонд 1980-1993 онуудад бичиг хэрэг, бичээч, аж ахуйн нярваар ажиллаж байсан болохоор *******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.Г-ийн шүүхэд өгсөн: “....Өлзийхутаг нь 1991 оны өвлөөр Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад туслах машинист хийж байсан. Тус үйлдвэрт машинистаар 4-5 сарын хугацаагаар 1992 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Би 1982-2015 онуудад Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт мастер, ашиглалтын инеженер, ерөнхий инженер, үйлдвэрийн дарга зэрэг ажил албыг хашиж байсан. *******ийг машинистаар ажиллаж байх хугацаанд би ашиглалтын инженерээр ажиллаж байсан, эдний ээлжийн ахлагч, мастер нь Баатарчулуун гэдэг хүн байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ч.Ц-ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1991 оны өвөл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад туслах машинист хийж байсан. Тус үйлдвэрт машинистаар 4-5 сарын хугацаагаар 1992 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед манай ээлжийн мастер нь Ч.Баатарчулуун, ашиглалтын инженерээр Бат-Очирын Гансүх гэдэг хүн ажиллаж байсан юм. Би 1984-2015 онуудад Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад туслах машинистаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. *******тай хамт нэг ээлжинд машинистаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
9. Иймд Ооёо овогт ******* нь 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Эд хэрэглээний Хөдөлмөр хоршоонд жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт зуухны туслах машинчаар /галчаар/ тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч ******* нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг дуустлах хугацаанд Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлтийн удирдах газрын харьяа туслах аж ахуйн ангид жолоочоор ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Ооёо овогт *******ийн 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Эд хэрэглээний Хөдөлмөр хоршоонд жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт зуухны туслах машинчаар /галчаар/ тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч ******* нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарыг дуустлах хугацаанд Худалдаа бэлтгэлтийн удирдах газрын харьяа туслах аж ахуйн ангид жолоочоор ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА