| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0120/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/153 |
| Огноо | 2026-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2026/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Б.Э*******р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б******н Э*******т холбогдох эрүүгийн 2638000230025 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х*****д овогт Б*****н Э*******р,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б .Э.*******р нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.О********ай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2638000230025 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Э******р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.О********ай маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь хутгалж, биед нь зүүн хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******н өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.О********н өгсөн: “...Би 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байтал нөхөр Э******р 14 цагийн үед согтуу орж ирээд архи авч өг гэж орилж хараагаад байхаар нь том хүүтэйгээ хамт гараад цагдаад хэлдэг юм билүү гэж бодоод за архийг нь аваад өгье гээд үзүүрийн дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи авч Э******т аваачиж өгсөн тэгээд манай нөхөр архи аваад хажуу айлд орж уусан тэгэхээр нь би араас нь ороод одоо архиа болиоч гэхэд тоохгүй байсан. Удалгүй би гэртээ ороод гурван хүүхдийн хамт байж байтал араас манай нөхөр Э******р орж ирээд намайг шууд тархи толгой нүүр ам руу цохиж зодсон тэгээд маргалдаад байж байтал манай нөхөр Э******р хутга гаргаад ирсэн. Над руу дайрсан. Тэгээд над руу нэг удаа хутгалсан, их хурдан болоод өнгөрсөн тэгээд нэг харсан нөхөр цусыг нь тогтоох гээд боож байсан. Тэр үед би хүүхэддээ хэлж хажуу айлын хүнийг дуудуулсан. Тэгээд бүр цус тогтохгүй байсан учир Э******р том хүүгийн хамт эмнэлэгт хүргэгдсэн. Урьд нь намайг цохиж зоддог байсан. Архи уусан үедээ бараг өдөр болгон зоддог байсан. Би манай нөхөр Э******р, том хүү М******н, дунд хүү М****р, охин Н*******г нар байсан. Ер нь яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Дан толгой хэсэг рүү цохисон. Тэгээд сүүлд нь зүүн талын бөөр хавьцаа хутгалсан. Өмнө нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зургийг манай эгч өгсөн байх. Э******р нь намайг байнга зоддог дарамталж гэртээ агсам тавьдаг, хүүхдүүддээ ч мөн адил ялгаагүй. Би цагдаад хэлдэггүй байсан мөн бусад хүмүүсээс нуудаг байсан. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зодуулж сумын эмнэлэгт боолт хийлгэж байсан. Хутгалснаас хойш надтай холбогдохгүй байгаа 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тэгж ярих үедээ байнга согтуу хүүхдүүд аваад явчих юм. Хүүхдүүд унаанд суулгаад явуул гээд харааж дарамтлаад байсан. Зодох үедээ гарт таарсан эд зүйлсээр зодож шиддэг жишээ нь түлээ, галын хайч утасны цэнэглэгч зэргээр. Урьд нь цагдаад хэлдэггүй байсан энэ удаад ийм зүйл болсонд энэ намайг алж магадгүй гэж бодоод цагдаад хэлсэн. Э******р нь олон нийтийн газар айлд зоддоггүй тийм үйлдэл гаргадаггүй зөвхөн гэртээ байх даа л зоддог. Манай хүүхдүүд л цуг байдаг. Надад урьд өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Ер нь надад маргалдах ам зөрөх асуудал байсан манай нөхөр бид хоёр хэрэлддэг байсан учраас л тэр байх харин би яг хэзээ надад гар хүрч байсныг он сараар нь мэдэхгүй байна. Өмнөх 6 сарын хугацаанд цохиж зодсон асуудал байхгүй, харин энэ удаагийн өмнө нь 2024 оны 12 дугаар сард бол намайг цохиж зодсон асуудал байгаа. Цагдаад хандаж хэлээгүй тухайн үед зөвхөн эмнэлэгт боолт хийлгээд гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-25, 29-30 тал/,
Гэрч Д.Н******н өгсөн: “..Тухайн өдрийн үйл явдлыг би эмнэлэгт ажилладаг У*****с гэх хүн надад танай дүү хүнд хутгалуулаад ирлээ гэсэн. Эмнэлэг дээр ирэхэд цусыг нь боогоод тогтоосон хүчилтөрөгч залгасан байсан. О*******л надад хэлж байсан. Э******р архи уух болгондоо зоддог байсан юм шиг байна лээ нүд амаа тэс цохиулсан гар нь хөхөрчихсөн явж байдаг. Ихэвчлэн толгой хэсэг рүү нь цохидог юм шиг байна лээ надад эмнэлгээс явуулсан зодуулсан байдалтай зурагнууд нь байгаа эмнэлэгт үзүүлээд гарсан эмнэлгийн бичгүүд байгаа О*******лын ээж нь өөртөө байлгаж байгаад надад өгсөн. Э******т зодуулсан талаараа бүх зүйлээ хэлдэггүй бүр болохоо байсан үедээ л хэлдэг. Тэр болгонд бид нар очиж салгаж байсан. Нэг удаа манай дүү О*******л намайг гурилын модоор цохисон гэхээр нь гурилын модыг нь харсан чинь битүү цус болсон байсан. Түрүүн О*******й ярилцахад Э******р намайг зүрхэнд чинь дүрдэг байж тэгвэл амар байхгүй юу гэж хэлсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 тал/,
Гэрч Д.Э*****н өгсөн: “..Э******р нь О******аа архинд оруулсан юм шиг байна лээ тэгээд хүмүүсээс сонсоход байнга О*******лыг нөхөр Э******р нь дарамталдаг зоддог юм байна лээ. Тэгээд О*******лтай таарах үед нүд ам нь хөхөр ч улайсан явж байдаг. Би О*******лд чи наад нэг юмнаасаа зугтаад явчихад яадаг юм гэхэд зугтаж үзсэн тэгээд баригдчихдаг гэж ярьж байсан. Манай дүү О*******л нь Э******ртай сууснаас хойш архинд орж архины хамааралтай болсон. Хүнд гэмгүй юм шиг харагддаг. Өөр айлуудаар орж агсам тавиад байхгүй хүн амьтантай зодолдож агсан тавьсан гэж их сонсогдохгүй, харин эхнэрээ л их зодож дарамталдаг юм байна лээ. Манай дүү О*******н толгой тархи нь хавдаж хөхөрсөн явж таардаг. Тэгэхээр нь би чи юу болов гэхэд Э******р зодсон гэдэг хааяа зодуулсан талаараа нуудаг, ер нь бол нөхрөөсөө их айдаг байсан учраас нь хэлдэггүй байсан байх. О*******лын ээж нь амьд сэрүүндээ О*******а Э******с салгачих юмсан гэж ярьдаг байсан. Ээжийгээ амьд байх үед л зодуулсан талаараа ярьдаг байсан юм. Нас барснаас нь хойш хэлэх хүнгүй болсон гээд нуудаг болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Гэрч Б.Д*******н өгсөн: “...тухайн өдөр гэртээ байж байтал эмнэлгийн групп чатанд эмнэлэг дээр хүнд хүн ирсэн байна гэх мэдээлэл тавигдсан байхаар нь сувилагч руу залгаж асуухад хэвлий зүүн талд хутгалуулсан хүн цус алдсан байдалтай эмнэлэг дээр ирсэн гэсэн тэгэхээр нь би эмнэлэг дээр очиход манай сувилагч цус тогтоох тариа хийсэн байсан. Шархан дээр нь цусыг тогтоох даралттай боолт хийж өгсөн. Биеийн байдлыг нь үзэхэд хүндэвтэр амин үзүүлэлт хэвийн байсан. Намайг боолт хийсний дараа Б*********н эмч ирж үзээд дотуур цус алдалтгүй эход харуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Би тухайн өдөр биеийн байдлыг нь харахад зүүн талын хөмсөг нь халцарсан байсан. Тэгээд хэвлий хэсгийн зүүн талд ойролцоогоор 2 см хутганы шархтай байсан. Биеийн байдлыг асуухад хэвлий хэсгээр өвдөж байна гэхээс өөр зүйл дуугараагүй 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дараагийн шатлал буюу Мөрөн сум руу очиж онош тодруул гэж зөвлөсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
Гэрч Б.П******н өгсөн: “..Би 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр энэ ажлыг аваад өмнөх нийгмийн ажилтан надад архины хамааралтай айл өрхүүдийг хэлж тэд нартай ажиллаарай гэж хэлж байсан. Тэгээд тэр гэр бүл дунд Э******х байсан бөгөөд анх сумын цагдаа Э*******н хамт тэднийд гэр эргэлтээр очиж байсан. Ер нь би гэлтгүй сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш, сэтгэлзүйч нар тэднийд тогтмол гэр эргэлт хийж ажилладаг. Ер нь хоёулаа архи хэрэглэдэг согтуу хүмүүс гэрээр нь цуглардаг хүүхдүүд нь хичээл завсардах магадлалтай. Би тэр тухай сонсож байгаагүй мөн харж байгаагүй О*******н ам нь хөхөрчихсөн явж харагдаж байсан тэгээд юу болсон гэж асуухад өөрөө уначихдаг байсан гэдэг байсан. Энэ хутгалсан гэх асуудал болох үед би суманд байгаагүй тухайн үйл явдлыг утсаар мэдэж байсан. Нийгмийн ажилтны хувьд хэлэхэд энэ гэр бүлийн гурван хүүхдийн ирээдүйн амьдрал хэцүү харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 тал/,
Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 14 тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай: “..Шинжилгээнд ирүүлсэн хутганы нийт урт нь 22,5 см бариул хэсгийн урт нь 11 см ажлын хэсгийн урт нь 11,5 см урттай байна. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 523 дугаартай: “...Д.О********н биед зүүн хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт уруулд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэвлийн шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. О*******н биед учирсан зүүн хөмсөг болон хэвлийд шарх гэмтэл нь тус тусдаа болон нийлээд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-65 тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 тал/,
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны А/611 тоот тушаалаар батлагдсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 өвчний түүх, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 64-65 тал/,
Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 92-100 тал/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, эдэлсэн тухай мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт /хх-ийн 119, 121, 125 тал/,
Шүүгдэгч Б.Э******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр /О*******л/ бид хоёр манай сумын авто тээврийн 100 жилийн ойн арга хэмжээний цуваанд оролцоод дэлгүүрээс эхнэр бид хоёр нэг шил архи аваад гэртээ харьсан хариад нөгөө нэг шил архиа хөдөөнөөс ирсэн Б***р ахад өгөөд Б******р ах бид хоёр дээрээс нь хоёр, хоёр татаад Б***р ах архиа аваад явсан. Эхнэр бид хоёр хажуу талын айлд ороход гэрийн эзэн Б**р нэг шил архи гаргасан түүний эхнэр бид дөрөв юм ярингаа хувааж уугаад дуусгасан. Манай эхнэр дэлгүүрээс нэг шил архи нэмж аваад мөн ууж дуусгасан айлд сууж байхад манай эхнэр хажуу талаас гэртээ харьяа гэхээр нь байж байгаад харья гэсэн чинь наанаа юугаа хийдэг юм бэ? гэртээ харьяа гэж дахин дахин хэлээд байсан надад төвөгтэй санагдсан тэгээд би эхнэрийг дагаад гэр рүү алхсан эхнэр урд гараад явсан гэрт орж ирээд би ширээн доогуур байсан хуванцар савтай үхрийн махыг аваад хэд огтолж байсан чинь эхнэр хажууд суугаад мах авч идэнгээ чи энэ айл руу байнга орж архи дарс уудаг чи тэр айлдаа байгаараа гэж хэлэхээр нь айлгах санаатай хальт хутагтай гараараа хэвлий рүү нь чичсэн чинь хутаг орсон байсан. Би өөрийн гаргасан үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж байна. Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. О*******л бид хоёр 2013 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон дундаасаа 3 гурван хүүхэдтэй Хэрүүл хийгээд үглээд байхаар нь айлгах зорилгоор биед халдсан юм. Би 2025 оны 5 дугаар сард О*******г архи уугаад гэртээ ирэхгүй гадуур яваад байхаар нь нэг алагдаж нэг цохисон. Өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Тухайн үйл явдлын дараа би Д.О********с уучлалт гуйсан бид хоёр одоо цуг амьдарч байгаа надаас мөнгө төгрөгтэй холбоотой нэхэмжлэл гараагүй. Би өөрийн буруутай үйлдлээ зөвшөөрч байна. Мөн хохиролоо бүрэн барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга зэргийг шинжлэн судалснаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан санал дүгнэлтдээ: “...Б****н Э******р нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ** дугаар нутаг дэвсгэрт гэрт байх гэртээ 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.О********ай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.О*******н мэдүүлэг болон гэрч Д.Н****л, Б.Д****н нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ө****н 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Б.Э******н үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э******р нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.О*******н өгсөн мэдүүлэг, гэрч Д.Н***л, Б.Д****н нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 56-57 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 523 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны А/611 тоот тушаалаар батлагдсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 өвчний түүх, эмчийн үзлэгийн тэмдэглэл, хохирогч Д.О********н Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, эдэлсэн тухай мэдээлэл, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг хутга, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Э******р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.О********й маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь хутгалж, биед нь зүүн хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Э******н хохирогч Д.О********н биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э******р нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.О********н бие эрх чөлөөнд нь халдаж, нүүрэн тус газарт нь цохиж, хэвлийн тус газарт нь хутгалж, биед нь зүүн хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлыг хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 523 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Э******н үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.О********н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Э******н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Э******р нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.О********н бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Э******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О********н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 523 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О********л иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй хохирогч Д.О********л мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “..надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх тайлбар /хх-ийн 128 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Э******г хохирогч Д.О********д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 258,890 төгрөг / хх-ийн 119, 121, 125 тал/ нэхэмжилж баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 258,890 төгрөгийг шүүгдэгч Б.Э******с нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Э******р нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 258,890 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 143 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Э******г иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э******н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “..шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Э******р нь хэрэг хариуцах чадвартай малчин ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан боловч гэм буруугаа ухамсарлаагүй, хохирол, төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохирно гэж үзэж шүүгдэгч Б.Э******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогч Д.О********л нь хохирол, төлбөр нэхэмжлэхээр баримт гаргаж ирүүлээгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 258,890 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.Э******р нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх, шүүгдэгч Б.Э******р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргасан нэг ширхэг сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч Б.Э******р хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э******р өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй..” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Э******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э******р нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Б.Э******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг нь 10-15 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х*****д овогт Б*******н Э******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б******н Э******г 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******т оногдуулсан 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Б.Э******р нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Э******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг нь 10-15 см хэмжээтэй 1 (нэг) ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 (нэг) ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН