| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2023/00504/И |
| Дугаар | 147/ШШ2024/00087 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 147/ШШ2024/00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг, “Бадрах” гэх газар оршин суух Хавхчин овогт *******ы,
Нэхэмжлэлийн шаардлага: “хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1968 онд аав Лхамжавын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Тухайн үед яагаад тэгснийг мэдэхгүй 1985 онд 16 нас хүрч иргэний үнэмлэх авахад ээжээр минь овоглож Роозойгийн Амартайван гэж иргэний үнэмлэх олгосон байсан. 1984 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн гишүүн болж, малчнаар томилогдоход хөдөлмөрийн дэвтэрт аав Лхамжаваар овоглосон, 1987 онд цэргийн албанд татагдахад мөн ааваар овоглосон, Хилийн цэргийн 0146-р ангид малчнаар ажилд томилогдоход ааваар овоглосон, цахим иргэний үнэмлэх олгоход ээжээр овоглосон байна. Ийнхүү бичиг баримтын овог зөрүүтэйн улмаас тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад байгаа тул 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн Лхамжавын Амартайван нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс Роозой овогтой Амартайваны иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (Лхамжав овогтой Амартайваны 1985-1987 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), П.Лхамзав, Р.Розой нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох”-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлээс 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн Лхамжавын Амартайван нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... Би 1968 онд аав Лхамжавын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. 1985 онд 16 нас хүрч иргэний үнэмлэх авахад ээжээр минь овоглож Роозойгийн Амартайван гэж иргэний үнэмлэх олгосон байсан. 1984 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн гишүүн болж, малчнаар томилогдоход хөдөлмөрийн дэвтэрт аав Лхамжаваар овоглосон байсан. Тухайн үед яагаад тэгснийг мэдэхгүй гэх, Роозой овогтой Амартайваны иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (Лхамжав овогтой Амартайваны 1985-1987 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), Амартайваны эцэг П.Лхамжав, эх Р.Роозой нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
5. Гэрч Л.Б-ийн шүүхэд өгсөн: “...Амартайваны аавыг нь Лхамжав, ээжийг нь Роозой гэдэг юм. Эднийх 7-8 хүүхэдтэй айл байх. Бид Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид нэг суурьт малчнаар хамт ажиллаж, айл саахалт явсан улс болохоор би сайн мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч О.А-ийн шүүхэд өгсөн: “....Амартайваны аавыг нь Лхамжав, ээжийг нь Роозой гэдэг юм. Эднийх 4 хүүхэдтэй айл юм, хоёр хүү, хоёр охинтой. Хамгийн том охин нь Ууганаа, хүү Энхрийдорж, Даваадорж, бага охиныг нь Отгон гэдэг юм. Хөдөлмөрийн дэвтэр нь ааваараа овогтой, бусад бичиг баримт нь ээжээрээ овогтой юм билээ. Манай хоёр гэр ойрхон айл саахалт байсан болохоор би Амартайваны талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлээс 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн Лхамжавын Амартайван нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлээс 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн (Лхамжав овогтой Амартайваны 1985-1987 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий) бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА