Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 205/МА2019/00012

 

Ү.Үн-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 149 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пү-гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн иргэн Бугат овогт Со-ийн Пү- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Энхболдод 70-41 УБС улсын дугаартай тоёота Аллион маркийн автомашины өмчлөгч У.Баасандэмбэрэл тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэн өгснөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Цагаан давааны Бааюут гэх газарт зам тээврийн осол гарч үүний улмаас Ч.Үн-ын жолоодож явсан 23-09 УБО улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашинд 2,727,200 төгрөгийн хохирол, энэ осолтой холбоотойгоор олох ёстой ашгаа олж чадаагүй, Архангай аймаг Улаанбаатар хотын хооронд удаа дараа ирж очсноос үүдэн гарсан зардал зэрэгтэй холбоотой хохирлууд учирсан. Ч.Үн- нь өөрийн эзэмшлийн дээрх машиныг Монголын Санхүүгийн групп ББСБ-с зээлээр худалдан авч такси үйлчилгээнд явах үйл ажиллагаа эрхэлж олсон ашгаас зээл хүүг төлж, ар гэр амьдрал ахуйдаа зарцуулдаг байсан. Машин осолд орж эвдэрч 6 сарын туршид Ч.Үн- нь үйл ажиллагаа явуулж, олох ёстой ашгаа олж чадаагүй бодит хохирол учирсан. Үйл ажиллагаа зогсож, олох ашиггүй болсноос тэр түрээслэн суудаг байрны түрээс, гэрэл цахилгааны мөнгө, машин худалдан авахад зориулж ББСБ-аас авсан зээл хүүгийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Улмаар бусдаас хүүтэй мөнгө зээлж, зээл хүүгийн төлбөр төлсөн.

Энэ талаар зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Энхболд, тээврийн осол гарах үед уг машины өмчлөгч эзэмшигч байсан У.Баасандэмбэрэл нар сайн мэдэж байгаа боловч хохирлыг төлөх, иргэнийг хохиролгүй болгох талаар ямар ч санаачлага гаргахгүй байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар 70-41 УБС услын дугаартай Тоёота Аллион маркийн машины өмчлөгч эзэмшигч У.Баасандэмбэрэлээс гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ талаар 2018 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 14 тоот шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон ба итгэмжлэлд гарсан зөрчлийг арилгаж нэхэмжлэлийг дахин гаргаж байгаа болно.

У.Баасандэмбэрэлээс Архангай аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Архангай аймгийн хооронд ирж очсон тээврийн зардал 418,000 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан бол олох ёстой ашиг болох машин засвартай зогсож байх үед Монголын санхүүгийн групп ББСБ-д төлсөн зээлийн хүүгийн төлбөр 3,090,000 төгрөг, ахуй амьдралдаа зарцуулах зайлшгүй шаардлагаар иргэнээс зээлсэн мөнгөний төлбөр 2,000,000 төгрөг, нийт 5,508,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Баасандэмбэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ч.Үн-аас надад холбогдуулан гаргасан 70-49 УБС улсын дугаартай Тоёота Аллион маркийн машины өмчлөгч, эзэмшигч У.Баасандэмбэрэлээс зам тээврийн осол гарсантай холбоотойгоор Архангай аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Архангай аймгийн хооронд ирж очсон тээврийн зардал 418,000 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан бол олох ёстой ашиг болох машин засвартай зогсож байх үед Монголын санхүүгийн групп ББСБ-д төлсөн зээл хүүгийн төлбөр 3,090,000 төгрөг, ахуй амьдралдаа зарцуулах зайлшгүй шаардлагаар иргэнээс зээлийн мөнгөний төлбөр 2,000,000 төгрөг нийт 5,508,000 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг зам тээврийн ослын улмаас Ч.Үн-ын машинд учирсан хохирлыг тухайн үед даатгалын компани төлж барагдуулан түүнийг хохиролгүй болгосон юм. Зам тээврийн ослын улмаас Ч.Үн-ын машины ар тал нь хонхойсон бөгөөд харин явах эд ангид гэмтэл учраагүй юм. Өөрөөр хэлбэл Ч.Үн- нь осол болсоны маргааш нь буюу 2017 оны 07 сарын 01-ний өдөр машинаа асаагаад хөлөөр нь өөрөөр нь Улаанбаатар хот руу аваад явсан.

Ч.Үн- нь 2017 оны 08 сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 сарын 27-ны өдрийн хооронд Улаанбаатараас Архангай аймаг, Архангай аймгаас Улаанбаатар хот хооронд явсан зардлаа нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зам тээврийн осол гарснаас хойш 2-3 сарын дараа Ч.Үн- энэ хооронд ямар ч ажлаар явсан байж болно. Үүнийгээ зам тээврийн осолтой холбон хамаатуулж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайлбал тэрээр 2017 оны 08 сарын 07-ны өдөр Архангай аймаг руу яваад 2017 оны 08 сарын 25-нд буцсан баримт байна. Энэ 18 хоногийн хугацаанд тэрээр Архангайд удаан хугацаагаар ажлаар очсон болж таарч байна.

Нэхэмжлэгч Ч.Үн- нь өөрийн хариуцах ёстой зээлийн гэрээний үүргийг надаар гүйцэтгүүлэхээр нэхэмжилжээ. Түүний нэхэмжилсэн Монголын Санхүүгийн групп ББСБ байгууллагад төлөх ёстой зээлийн төлбөр хүүгийн хамт гэх 3,090,000 төгрөг нь түүний олох ёстой байсан орлого биш, харин түүний биелүүлэх ёстой үүрэг нь байна.

Мөн ахуй амьдралдаа зарцуулахаар иргэнээс зээлсэн гэх 2,000,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь осол гарсан ч гараагүй ч байсан хүн амьдарч л байгаа хойно ахуй амьдралын зайлшгүй зардал гарч л таарна. Гэтэл үүнийгээ осолтой холбон, осол гарснаас болж мөнгө зээлж амьдралдаа зарцуулсан гэж байгаа нь ямар ч шалтгаант холбоогүй гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Ч.Үн-ын машины ар талын хэсэг нь хонхойсон боловч явах эд ангид гэмтэл учраагүй, мөн ослын маргааш нь машин нь зүв зүгээр асаад хөлөөр нь Улаанбаатар хот руу авч явсан зэргээс үзэхэд түүний машин ийм олон сараар хөдлөөгүй байх учиргүй гэж үзэж байна.

Мөн би Ч.Үн-ын машинд учирсан бодит хохирол болох 3,0 сая гаруй төгрөгийг Практикал даатгал ХХК-д төлж барагдуулсан болно.

Гэтэл тэрээр ослоос үүдэн өөрт нь баахан зардал гарсан, ийм ийм зээл гэж хоорондоо ямар ч шалтгаант холбоогүй зүйлүүдийг осолтой холбон надаас баахан мөнгө нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пү- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Үн-ын итгэмжлэлээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч Ч.Үн- нь 2017 оны 06-р сарын 30-ны өдөр зам тээврийн осолд орсны улмаас Монголын Санхүүгийн групп банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 06-р сарын 23-нд зээлийн гэрээний барьцаанд тавьж авсан Тоёота Приус маркийн 23-09 УБО дугаарын машинд тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл авсан. Ч.Үн- таксины үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Осол болсноос хойш гурван сарын хугацаанд ямар ч ажил төрөл эрхлээгүй. Хариуцагч тал бодит хохирлыг Практикал даатгал төлсөн учраас энэ нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх боломжгүй гэсэн. Мөн энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн байна. Гэхдээ Ч.Үн- гэдэг хүн таксины үйчилгээ олон жил эрхэлж байгаа. Таксины үйлчилгээг эрхэлснийхээ үр дүнд ар гэрийнхээ амьдралыг залгуулж явдаг мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан өр зээлээ төлдөг. Осол болсны улмаас бий болсон олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх эрх Ч.Үн-ад байгаа юм. Гэм хорыг төлөх үүрэг бүхий этгээд олох ёстой орлогыг төлөх ёстой гээд хуулинд заагаад өгсөн байдаг. Нэхэмжлэгч маань таксинд явахгүй байсан хугацааны орлогыг төлж өгөөчээ гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Ч.Үн-ын тухайд хариуцагч талтай харилцан ярилцая, тохиролцъё бас тодорхой хэмжээгээр буулт хийе гэж хэлсэн учраас би өнөө өглөө хариуцагч Баасандэмбэрэлтэй утсаар холбогдсон. Гэтэл хариуцагч Баасандэмбэрэл эвлэрэх хүсэлгүй байна гэдгээ хэлсэн. Өнөөдрийн нэхэмжлэлийн гол агуулга бол такси үйчилгнээнд явж олох ёстой байсан орлого мөн Архангай аймгаас Улаанбаатар хот хоёрын хооронд ирж очсон замын зардал гаргуулахыг хүссэн. Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагын талаар бүгдийг тодорхой тайлбарлан бичиж өгсөн байгаа учраас энэ бүгдийг давтаж хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч У.Баасандэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зам тээврийн осол болсон нь үнэн. Тухайн ослын улмаас бий болсон хохирлыг Практикал даатгал төлсөн. Уг төлбөрийг тухайн үед өөрийнхөө даатгуулсан даатгалын компаниар төлүүлэх гэж үзсэн. Гэтэл осол болох үед тухайн машиныг өөр жолооч барьж явж байсан учраас төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа Ч.Үн-ад хэлсэн. Гэтэл Ч.Үн- их л уурлаж надруу муу муухай үгээр давшиж байсан. Тухайн үед намайг янз бүрийн үгээр хэлж доромжилж байсан. Би тэр үйлдлийг нь тоогоогүй. Ч.Үн- хүнээс зээлсэн хоёр сая төгрөг, мөн таксинд явж байсан бол ийм мөнгө олох ёстой байсан гээд нэхэмжлээд байгаа. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад өөрийнхөө амьдралын хэрэгцээнд хэрэглэсэн мөнгөө надаас нэхэмжлээд байгааг нь би үнэндээ гайхаж байна. Би урьд нь хүнд машинаа ингэж шүргүүлж байсан гэхдээ хүнээс ингэж мөнгө нэхэмжилж үзээгүй. Тухайн үед Архангай аймаг Улаанбаатар хот хоёрын хооронд явах зардалд нь бэлэн мөнгө өгч байсан. Мөн ирж очих зардлыг нь нэлээн хэд хэдэн удаа өгсөн. Осол гарахад хамт явж байсан жолоочоос бас зардлын мөнгө авч байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хариуцагч У.Баасандэмбэрэлийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч тайлбараа сайн гаргаж чадахгүй байгаа учраас би дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Энэ зам тээврийн осол 2017 онд Архангай аймгийн шороон зам дээр болсон. Осол болох үед хариуцагч У.Баасандэмбэрэл маань хамт явж байсан Энхболд гэдэг хүнд би машиныг чинь жаахан бариад явъя гээд гуйгаад байхаар нь өөрийн машины жолоогоо шилжүүлсэн байдаг. Тэгээд жолоогоо шилжүүлчихээд гараа амрааж амсхийх үед нь энэ осол болсон гэж ярьдаг. Иргэний хуульд заасны дагуу жолоо шилжүүлсэн жолооч өөрөө гэм буруутайд тооцогдож учирсан хохирлыг тухайн жолооч өөрөө арилгах ёстой байдаг. Тухайн үед зам тээврийн осолд орсон Тоёота Приус маркийн авто машинд учирсан хохирол болох 3,011,700 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Үн-ын жолоочийн хариуцлагын даатгалыг хийсэн Практикал даатгал нэхэмжлэгч Ч.Үн-ад төлсөн. Практикал даатгал компани нь Ч.Үн-аас нэхэмжлэх эрхийг шилжүүлж авсаны дагуу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан 3,011,700 төгрөгийг 2018 оны 05-р сард У.Баасандэмбэрэлээс нэхэмжилсэн. У.Баасандэмбэрэл жолоогоо шилжүүлсэн байсан нь миний буруу гэж үзээд Практикал даатгалын 3,011,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2018 оны 08-р сард 3.011.700 төгрөгийг Практикал даатгалд төлсөн юм. Осол болох үед У.Баасандэмбэрэл өөрийнхөө даатгуулсан даатгалын компанид хандахад тухайн даатгалын компаниас нь та жолоогоо бусдад шилжүүлсэн байна. Манайх энэ хохирлыг төлөх боломжгүй гэж хэлснийг сая өөрөө тайлбарласан. Тийм учраас тухайн үед Ч.Үн- гэдэг хүний даатгуулсан Практикал даатгал компани ослын улмаас учирсан хохирлыг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 5,508,000 төгрөг нь үндэслэлгүй байна.

Учир нь осол болсноос болоод хувь хүнээс 2,0 сая төгрөг зээлээд амьдрал ахуйгаа залгуулсан гээд байгаа. Осол болсон ч бай болоогүй ч бай хүний амьдрал явж л байдаг. Зарлага гарч л байдаг. Тухайн хүн идэж, ууж, амьдарч байгаа юм чинь амьжиргааныхаа зардлыг зарцуулж төлж явах ёстой. Яагаад энэ зардлыг осолтой холбож үзээд байгаа юм бэ, мөн машинаа засуулалгүй удсан гээд байна. Даатгалын компани 2017 оны 09-р сард хохирлыг барагдуулсан юм бол машин засуулсан баримт нь хаана байгаа юм бэ, ямар засварын газар хэдэн сарын хэдний өдөр засуулсан юм бэ, тухайн осол болсны дараа Ч.Үн- эхнэр хүүхдээ Улаанбаатар хотруу замын унаанд суулгаад явуулсан. Тухайн үед У.Баасандэмбэрэл Улаанбаатар хот орох зардлыг нь гаргаж байсан гэсэн. Мөн Ч.Үн- осол болсон газраас машинаа асаагаад бензин тос, замын зардлаа У.Баасандэмбэрэл болон Энхболд хоёроор хийлгэж аваад Улаанбаатар хот орж байсан. Тэгээд Улаанбаатар хотод очоод машинаа хувиараа засуулсан ч байж болно эвсэл даатгалаар засуулсан ч байж болно. Харин хэдэн сарын хэдний өдөр машинаа засуулсан юм бэ, үнэхээр 9 сар хүртэл машин нь зогссон байсан юм уу гэдэг талаар баримтаа гаргаж өгөөгүй байна.

Мөн Ч.Үн- нь такси үйлчилгээнд явдаг гэсэн байна. Зам тээврийн осолд орсон машинаас өөр машин буюу 36-00 УНХ гэсэн AVANTA маркийн машиныг 2015 онд Очиржамц гэдэг компанитай түрээсийн гэрээ байгуулж таксинд явдаг байсан талаарх гэрээ л хэрэгт авагдсан байгаа. Гэтэл осолд орсон Тоёота Приус маркийн 23-09 УБО машинаар таксинд явж байсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч тал Дорнод аймгаас гэрч гээд юу хийдэг нь мэдэгдэхгүй хүмүүсийг гэрчээр асуулгасан байдаг. Бид нар тухайн хүмүүсийг жолоо барьдаг, таксинд явдаг гэж мэдэхгүй. Гэрчийн мэдүүлэгт тухайн хүмүүсийн таксинд явдаг, хувиараа аж ахуй эрхэлдэг талаар ямар нэгэн байгууллагын тодорхойлолт байхгүй байсан. Мөн тухайн жолооч нар таксинд яваад сард 1,5 саяас 2,0 сая төгрөг олдог л гэнэ. Тэгвэл Ч.Үн- гэдэг хүн осолд орсон Тоёота Приус маркийн 23-09 УБО машинаараа осол болохоос өмнө сар бүр 1,5 саяас 2,0 сая төгрөгийг олдог байсан гэдэг баримтуудаа гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал энэ талаарх баримтуудаа гаргаж өгөөгүй. Тиймээс энэ хүн таксинд явж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан нь нотлогдохгүй байна. Ийм үндэслэлгүй зүйл дээр хүнийг ингэж чирэгдүүлж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл авто тээврийн осол дээр нэмээд хүний эрүүл мэнд хохирсон бол өөр асуудал. Эдийн бус гэм хор буюу хүний эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Эд хөрөнгөнд учирсан хохирлыг бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд 510.1-д зааснаар гэм хор учирхаас өмнөх байдалд сэргээж оруулах, сэргээж оруулах боломжгүй бол адил нэр төрлийн бараа бүтээгдэхүүн эд хөрөнгөөр сольж өгөх, сольж өгөх боломжгүй бол учирсан хохирлыг нь мөнгөөр төлөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр олох ёстой байсан ашиг орлогыг төлөх ёстой гээд байна. Гэтэл олох ёстой байсан ашиг орлогыг гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд гэм хорыг арилгах хариуцлага хүлээдэг. Тэгэхээр энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хамгийн сүүлд нэмж хэлэхэд У.Баасандэмбэрэл учирсан хохирлыг төлөхгүй гээд яваад байгаа юм биш ээ. Жолоо шилжүүлсэн нь миний буруу гээд тухайн үед Улаанбаатар хот руу явж байсан төлбөр мөнгийг нь төлж байсан. Мөн Энхболд гэдэг хүн тодорхой хэмжээгээр төлбөр мөнгө төлж байсан гэж хэлж байна. Мөн Практикал даатгалын нэхэмжилсэн мөнгийг хариуцагч энэ бол миний буруугаас болж бий болсон гээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд төлсөн байгаа. Мөн тухайн үед жолоо барьж явсан Энхболдоор төлүүлэх боломжтой байхад өөрөөсөө гаргаад төлсөн байгаа.

Тийм учраас эд хөрөнгөд учирсан гэм хорыг бүрэн арилгасан. Эдийн бус гэм хорыг нэхэмжилье гэж байгаа бол үнэхээр тийм ашиг орлого олдог гэдгээ нэхэмжлэгч тал нотлох ёстой. Гэтэл энэ хэргээс тийм зүйл харагдахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: 1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар зам тээвэрийн осол гарсны улмаас Архангай аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Архангай аймаг хооронд ирж очсоны тээвэрийн зардал 418,000 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан бол олох ёстой ашиг болох машин засвартай зогсож байх үед Монголын санхүүгийн групп ББСБ-д төлсөн зээл, хүүгийн төлбөр 3,090,000 төгрөг, ахуй амьдралдаа зарцуулах зайлшгүй шаардлагаар иргэнээс зээлсэн мөнгөний төлбөр 2,000,000 төгрөг, нийт 5,508,000 төгрөг гаргуулах тухай С.Пү-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107878 төгрөгийг улсын орлого болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй брлохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пү- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 149 дугаартай шийдвэрийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гардаж аваад дараах гомдлыг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Ч.Үн-ын нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ү.Үн- нь осолд орсоноос хойш машин засагдаагүй 3 сар болсон байхад энэ хугацаанд олбол зохих орлого ашгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Мөн оролцогчийн нотлох баримт хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй. Хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгтээ онлайнаар танилцуулсанаас өөрөөр хэргийн материалтай танилцуулаагүй,

Мөн нэхэмжлэгч өөрийн орлого ашгаа олж чадаагүйгээс иргэнээс 2.000.000 төгрөг зээлсэн гэж ашгаа олоогүй алдагдалд орсоноо нотолж иргэнээс авсан зээлийн гэрээг гаргаж өгсөн. Гэтэл үүнийг ахуй амьдралдаа зарцуулах зайлшгүй шаардлагаар зээлсэн мөнгө гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн.

Хариуцагчийн учруулсан гэм хороос үүдэлтэй хийх ёстой ажлаа хийж чадаагүйгээс олох байсан ашгаа нэхэмжлэл гардуулахаар нэхсэн боловч үүнд шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, зөвхөн хариуцагчийн эрх ашигт нийцүүлэх хэргийг шийдвэрлэсэн.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Осол анх Архангай аймгийн Баюут гэдэг газар болсон байгаа. Энэ осол нь У.Баасандэмбэрэл бусдад жолоогоо шилжүүлсний улмаас гарсан гэж прокурорын тогтоол дээр үндэслэгдсэн. Тийм учраас У.Баасандэмбэрэлийн тухайд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч тухайн осол болох үед Улаанбаатар хот руу явах бензин, замын зардлуудыг газар дээр нь бэлнээр төлсөн. Практикал даатгалаас Ү.Үн- гэдэг хүний машинд учирсан 3 сая гаруй төгрөгийг шинжээчийн үнэлгээний дагуу төлж хохиролгүй болгосон. Эргээд Практикал даатгал нь У.Баасандэмбэрэлээс 3 сая гаруй төгрөгөө Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжилсэн. Энэ автомашинд учирсан гэм хор буюу шууд учирсан хохирлыг У.Баасандэмбэрэл Практикал даатгалын нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 3 сая гаруй төгрөгийг төлж хохиролгүй болгосон байгаа. Үүнээс хойш автомашинд учирсан хохирлыг төлсний дараа Ү.Үн- нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан У.Баасандэмбэрэлээс Монголын санхүүгийн байгууллагад төлөх ёстой 3 сая төгрөг, хувь хүнээс зээлж авсан 2 сая төгрөг, Улаанбаатар, Архангай хоёрын хооронд явсан 418.000 төгрөг гээд нийт 5 сая гаруй төгрөгийг нэхэмжилдэг. Ингэж нэхэмжлэхдээ ямар үндэслэлээр гэм хорын мөнгийг нэхэмжлээд байгаа юм. Энэ осолтой ямар холбоотой гэдгээ тайлбарладаггүй. С.Пү- гэдэг хүн Архангай аймагт байдаг. Өмгөөлөгч 2 удаа итгэмжлэлээр орж байгаа. Өөрийг нь шүүхэд дуудахад ирдэггүй шүүгчийн туслахууд дуудаад ирэхгүй байгаа учраас утсаар, мэйл хаягаар гэх мэтчилэн боломжтой хэлбэрээр нь хэргийн материалтай танилцуулдаг. Гэтэл энэ С.Пү- гэх хүн өөрөө өмгөөлөгч хүн байж хуульд заасан эрх үүргээ мэдэхгүй байгаа юм шиг зүйл ярьдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй энэ үүргээ өөрөө огт биелүүлдэггүй. Осол гарснаас хойш хүнээс 2 сая төгрөг зээлээд хэрэглэчихсэн, осол гарснаас болоод зээлийн төлбөрөө төлж чадаагүй, таксинд явдаг зэргээ нотлоогүй, хэзээ машиндаа засвар хийлгэснээ нотлоогүй. Гэрч нарын мэдүүлгээр таксинд явсан нь нотлогдоно гэдэг Дорнод аймгаас гэрч нар асуулгасан тэр хүмүүс нь юу хийдэг нь тодорхойгүй өөрсдөө мэдүүлгээрээ таксинд явдаг гэж хэлсэн болохоос биш юу хийдэг талаар өөр бичгийн баримт байхгүй. Хүмүүсээс мэдүүлэг авахуулаад сар болгон таксинд яваад 1.500.000-гаас 2.000.000 төгрөг олдог гэх мэтчилэн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох баримтуудаа огт гаргаж өгөөгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Үн- хариуцагч У.Баасандэмбэрэлд холбогдуулан гэм хорын хохирол 5.508.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсаны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх... нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Мөн шүүх Ч.Үн-ын нэхэмжлэлтэй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр захирамж гаргасан атлаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С.Пү-гийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 149 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пү-гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР