Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0480/З |
Дугаар | 128/ШШ2023/0633 |
Огноо | 2023-08-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2023/0633
2023 08 21 128/ШШ2023/0633
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би Ш.Үдэнбор нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Үдэнбор нарын нэр бүхий 5 иргэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бид 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр дээрх захирамжуудын холбогдох хэсгийг цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган, 06 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган хүргүүлж байсан.
Иргэдийн зүгээс Нийслэлийн Засаг даргад хандан "Нийслэлийн Засаг даргын 2015, 2019 оны А/378, А/791 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, гараашнуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий тохижилт хийлгэж өгөх тухай оршин суугчдын гарын үсэг бүхий жагсаалттай өргөдөл хүсэлтийг өгсөн.
Мөн Монгол улсын ерөнхий сайд, Нийслэлийн газрын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар зэрэг холбогдох төрийн байгууллагууд руу хүсэлт, шаардлагаа хүргүүлж байсан.
Харин Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр "Иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн тухай" 01/570 тоот дугаартай акт гаргасан бөгөөд уг актын дүгнэлт нь барилга барих норм дүрэм хангагдахгүй байгааг нотолсон байсан.
Ингэснээр Нийслэлийн газрын алба нь тухайн газар олголтын асуудлыг эргэн авч үзэж, газар олголтыг цуцлуулах саналаа Нийслэлд хүргүүлснээр, 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн засаг даргын А/839 тоот дугаартай "Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамж гарсан.
Иймд бид гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс Ш.Үдэнбор нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/378 тоот захирамжийн Б.Доржсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/791 тоот захирамжийн Б.Доржсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч иргэдээс Ш.Үдэнбор нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт тус иргэдээс гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна... хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар Ш.Үдэнбор нарын нэр бүхий 5 иргэнийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ш.Үдэнбор нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/378 тоот захирамжийн Б.Доржсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/791 тоот захирамжийн Б.Доржсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ш.Үдэнбор нарын нэр бүхий 5 иргэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Тэмүжинд даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ